Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01900

 

 

 

 

 

 

 

 

2022 10 19 210/МА2022/01900

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/02516 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.С-, Г ХХК-д тус тус холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 314,229,826 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагч Б.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Т, М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Г ХХК нь А ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ЗГ000182012 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25,879,500 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ01/2013 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 64,594,000 төгрөг нийт 90,473,500 төгрөгийн зээл авсан. Дээрх 2 зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүй.

Б.С- 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5,000 евро буюу 8,975,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 500,000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 66,552,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 30,000 ам.доллар буюу 41,880,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 5,894,700 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 5,000 ам.доллар буюу 6,875,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 10,000 ам.доллар буюу 13,800,000 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 512,100 төгрөгийг тус тус нэхэмжлэгч А ХХК-аас урьдчилгаа, буцаан төлөгдөх нөхцөлтэй зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл эргүүлж төлөөгүй...

Евро болон ам.долларын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2021 оны 06 дугаар 17-ны өдрийн Монгол банкны гадаад валютын ханшаар тооцсон тул хариуцагч Г ХХК-аас 90,473,500 төгрөг, Б.С-эс 223,756,326 төгрөг, нийт 314,229,826 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Б.С-ийн тайлбарын агуулга:

А ХХК-аас 223,756,326 төгрөгийн зээл аваагүй. Өөрийн үүсгэн байгуулсан ЮБ ХХК-аас хувьцааны ногдол ашгаа урьдчилан зээлж авсан.

А ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн охин Г.Э- нь ЮБ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хувьцааны ногдол ашгийг Бэлэн мөнгөний зарлагын баримтууд дээр гарын үсэг зуруулж олгодог байсан бөгөөд уг баримтууд дээр эргэн төлөгдөх нөхцөлтэй гэх ямар ч өгүүлбэр байдаггүй байсан.

А ХХК болон Г ХХК-уудын хооронд маргаан үүссэний дараа санхүүгийн дээрх баримтууд дээр нөхөн бичилт хийж, миний гарын үсэгтэй баримтуудыг засварлан огт хүлээж аваагүй мөнгөн дүн бүхий баримтыг хуурамчаар үйлдсэн, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

 

3. Хариуцагч Г ХХК-ийн тайлбарын агуулга:

Г ХХК нь А ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ01/2013 дугаартай зээлийн гэрээ байгуулж 64,594,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлж авсан. Энэ талаар маргахгүй. Харин 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 25,879,500 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан боловч гэрээнд заасан хөрөнгийг бодитойгоор хүлээн авсан зүйл байхгүй тул уг мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд заасан 25,879,500 төгрөг нь тухайн өдрөө А ХХК-аас Баянгол дүүргийн газрын алба руу газрын төлбөрт шилжсэн болох нь Баянгол дүүргийн газрын албаны нэхэмжлэх, А ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримт, Голомт банкны гүйлгээний шилжүүлгийн баримтуудаар тогтоогдоно...

Г ХХК нь А ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 64,594,000 төгрөгийг бодитойгоор хүлээн авсан тул уг мөнгийг төлөх үүргийг хүлээх боловч А ХХК-ийн Г ХХК-аас зээлийн төлбөрт нэхэмжилж буй 90,473,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г ХХК-аас 90,473,500 төгрөг, Б.С-эс 223,756,326 төгрөг, нийт 314,229,826 төгрөг гаргуулах тухай А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,729,099 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил өнгөрсөн буюу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгчээс Б.С-д холбогдуулан гаргасан шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт, Г ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 496 дугаар зүйлийн 496.1 -д заасны дагуу тус тус нэхэмжилсэн.

5.б. Б.С- нь А ХХК-аас 223,756,326 төгрөгийг зарлагын баримт үйлдэн олон удаагийн үйлдлээр хүлээн авсан бөгөөд аливаа байдлаар зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй. Б.С- нь дээрх мөнгийг ЮБ ХХК-ийн ноогдол ашиг хэмээн тайлбарладаг боловч бодит байдалд ЮБ ХХК нь зээл гаргах эх үүсвэргүй байсан талаар гэрч нар мэдүүлсэн ба хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар давхар нотлогддог.

Гэтэл анхан шатны шүүхээс талуудын тооцоо нийлсэн өдөр буюу 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг шаардах эрх үүссэн өдөр гэж үзэн уг өдрөөс эхлэн гурван жилийн хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрхийг хэн нэг этгээд тогтоохгүй юм.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан ч уг хугацааг мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог журамтай бөгөөд шүүхээс тооцоо нийлсэн акт үйлдсэнээр шаардах эрх үүссэн гэж тодорхойлсон нь үндэслэлгүй бөгөөд тооцоо нийлсэн акт нь зөвхөн талуудын хоорондын авлагыг тодорхойлсон баримт юм.

5.в. Г ХХК нь Баянгол дүүрэг, 4 хороо, Оросын нефтийн агуулахын хойно байрлах аж ахуйн зориулалттай 6.000 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрын төлбөр болох 25,879,500 төгрөгийг Г ХХК-ийн өмнөөс Баянгол дүүргийн газрын албанд төлсөн бөгөөд энэхүү үйл байдлыг баталгаажуулах үүднээс зээлийн гэрээ байгуулсан ба бодит байдал дээр зээлийн гэрээний дагуу Г ХХК-д 25,879,500 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй ба Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Г ХХК нь өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бөгөөд иргэний эрх зүйн үндсэн зарчмаар хэн ч үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй, хуулийн дээрх зохицуулалтад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 64,594,000 төгрөгийг авсан талаар маргаагүй, тодорхой хуваарь гарган төлөхөө бичгээр гаргасан хариу тайлбараар илэрхийлсэн атал шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байгаа тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч нарын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч Б.С- нь А ХХК-тай зээлийн харилцаа үүсээгүй, ЮБ ХХК-тай холбоотой харилцаа гэдгийг тайлбарлаж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг дүгнэж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дэмжиж байна.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч А ХХК, 2012-2013 оны зээлийн төлбөрт хариуцагч Г ХХК-аас 90,473,500 төгрөг, 2012 оны зээлийн төлбөрт Б.С-эс 223,756,326 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч талаас хариуцагч нарт холбогдох дээрх нэхэмжлэлийг гаргах болсон үндэслэлээ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01462 дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, аж ахуйн зориулалттай 6,000 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газар, 432 м.кв, 473 м.кв талбай бүхий агуулах зэрэг хөрөнгийг манай компаниас буцаан авсан тул дээрх нэхэмжлэлийг гаргасан гэж тайлбарласан байна. /1хх 26-30/

 

2.а. Хэрэгт авагдсан 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/2012 дугаартай Газар түр эзэмшүүлэх гэрээ-нээс үзвэл хариуцагч Г ХХК-аас нэхэмжлэгч А ХХК-д дээр дурдсан газар болон бусад объектуудыг 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл түр хугацаагаар эзэмшүүлж, түр эзэмшигчээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон байжээ./2хх 104/

 

2.б. Дээр дурдсан талуудын хооронд байгуулагдсан хэлцлээс үзэхэд газар болон түүнд дээрх бусад объектуудыг түр хугацаагаар шилжүүлэн эзэмшүүлсэн гэдгийг хэн аль нь мэдэж байсан гэж үзэж байх ба нэхэмжлэгчийн зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэрээр тухайн объектуудын өмчлөх эрхийг шилжүүлснээр гэрээний үүргийг шаардах эрх үүссэн гэж үзэх боломжгүй.

 

2.в. Иймд Б.С-д холбогдох зээлийн төлбөрт нэхэмжилсэн 223,756,326 төгрөгт холбогдох шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасантай нийцсэн байна.

 

3. Хариуцагч Г ХХК, зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн 64,594,000 төгрөгт холбогдох шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байх ба харин уг төлбөрийг нэхэмжлэгчийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж буй Капитал банкны эрх хүлээн авагчид төлөх 597,346,734 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс тодорхой хуваариар буюу 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 65,260,750 төгрөг, нийт 75,260,750 төгрөгийг төлсөн төлбөртөө харилцан тооцох тухай татгалзсан тайлбарыг гаргасан нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна гэж үзлээ.

/2хх118-119/

 

4. Мөн хариуцагч компани 25,879,500 төгрөгийг зээлийн гэрээ хийж нэхэмжлэгчээс авсан гэх боловч бодит байдалд дээр дурдсан газрыг шилжүүлэх үед хариуцагч Г ХХК-ийн 2011 он хүртэлх төлөгдөөгүй байсан газрын төлбөрт Баянгол дүүргийн газрын албанд уг мөнгийг нэхэмжлэгч тал төлсөн болох нь Баянгол дүүргийн газрын албаны 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэх болон Голомт банкны 2012 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн баримтуудаар нотлогджээ. /1хх 11-12/

 

5. Газрын төлбөр төлөх үүрэг нь Газрын тухай хуулийн 35.3 дугаар зүйлийн 35.3.3-т зааснаар газар эзэмшигчийн үүрэг бөгөөд Г ХХК-ийн үүргийг сайн дураар нэхэмжлэгч тал өөрөө мэдэж төлсөн байх бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий хариуцагч компани үүргээсээ чөлөөлөгдсөн гэж үзэхээр байх тул өрийг нь төлсөн этгээд зардлаа нөхөн төлүүлэхээр шаардсан нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасантай нийцэх ба уг нэхэмжлэл нь мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан ерөнхий хугацаа 10 жилд хамаарч байна.

 

5.а. Дээрх үндэслэлээр хариуцагч Г ХХК-аас нэхэмжлэгчийн газрын төлбөрт төлсөн 25,879,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч талд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний болон нотлох баримтыг үнэлэхдээ гаргасан зөрчлийг засаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/02516 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 238 дугаар зүйлийн 238.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г ХХК-аас 25,879,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 64,594,000 төгрөг болон хариуцагч Б.С-д холбогдуулан гаргасан 223,756,326 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн,

 

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч Г ХХК-аас 287,347 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,729,099 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ