Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2022/02076

 

 

 

 

 

2022 09 19

181/ШШ2022/02076

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.М,

Нэхэмжлэгч: А.Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХК ,

Хариуцагч: Л.Г нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х ХХК -ийг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: С.М , А.Н , тэдгээрийн өмгөөлөгч Г.Н,

Хариуцагч Л.Г гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов. Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч Б.Л нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа илэрхийлсэн тул талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.М , А.Н нар нь хариуцагч С ХХК, Л.Г нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Монгол улсын иргэн С.М миний бие 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр С ХХК-тай №MA21-в/19-001 дугаар Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээг байгуулж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок-13 давхрын 46.29 м.кв 2 өрөө G айлын орон сууцыг захиалж, худалдах худалдан авах гэрээг байгуулсан.

Монгол улсын иргэн А.Н миний бие 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр С ХХК-тай Ма21-в/23-005 дугаар Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээг байгуулж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок-2 давхрын 46.43 м.кв 2 өрөө L айлын орон сууцыг захиалж, худалдах худалдан авах гэрээг байгуулсан.

Нэхэмжлэгч С.М гийн хувьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок-13 давхрын 46.29 м.кв 2 өрөө G айлын орон сууц, иргэн А.Н гийн Москва Апартмент-II төслийн байрны А блок-2 давхрын 46.43 м.кв 2 өрөө L айлын орон сууцыг өмнө нь иргэн Л.Г С ХХК-ийн хооронд орон сууц захиалгын гэрээ хийгдсэн байсан ба "С " ХХК, иргэн Л.Г бид нар харилцан тохиролцож С ХХК-тай байгуулсан Л.Г гийн Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээг цуцалж "С ХХК-тай С.М гийн хувьд №MA21-в/19-001 дугаар Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээг байгуулж өмнөх орон сууц захиалагч Л.Г гийн Хаан банк дахь 5070501804 тоот дансанд 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр уг орон сууцны үнэ 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм.

Нэхэмжлэгч А.Н гийн хувьд 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр "С " ХХК-тай Ма21-н/23-005 дугаар Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээг байгуулж иргэн Л.Г гийн дансанд нийт 88,217,000 төгрөгийг шилжүүлсэн.

Гэтэл орон сууц ашиглалтанд орох хугацааг 2022 оны 02 дугаар улиралд гэж гүйцэтгэгч компаниас хэлж байгаа боловч орон сууц ашиглалтад орох дөхсөнтэй холбоотойгоор С ХХК нь тодорхой бус шалтгаан хэлж захиалсан орон сууцыг өгөхгүй байх агуулгаар та нар орон сууцгүй болно, хоосон хоцорно гэх зэргээр ойлгомжгүй уйлдэл хийж байгаа тул нэхэмжлэгч нарын эрх хөндөгдөж байгаа учраас зайлшгүй шүүхэд хандах шаардлагатай болсон.

Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээг байгуулсан өдрөө гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн захиалагчийн хувьд тухайн орон сууц нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн Үл хөдлөх хөрөнгө мөн гэж үзэж байгаа бөгөөд хариуцагч С " ХХК нь орон сууц ашиглалтад орох болсонтой холбоотойгоор гэрээнд заагаагүй, тодорхой бус байдлаар орон сууцыг өгөхгүй байх үйлдлийг удаа дараа гаргаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 29 хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок-13 давхрын 46.29 м.кв 2 өрөө G айлын орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр С.М г,

Сонгинохайрхан дүүргийн 29 хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок-2 давхрын 46.43 м.кв 2 өрөө L айлын орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр А.Н ыг тогтоож өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч С ХХК болон Л.Г нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

2.1. Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч Б.Лхагвадоржоос:

...С " ХХК-ийн зүгээс тус бетон зуурмагийн "Х " ХХК-д тавьж буй бидний шаардлага нь хоорондын маргаанаа эцэслэж ирэх, хэн нь компанийн захирал үнэн болохыг нотлож ирэх, шүүхийн эцсийн шийдвэр албан бичгийг манайд өгтөл тухайн байрууд нь А.Н болон С.М нарын нэр дээр бүртгэгдсэн хэвээр байх буюу ямар нэгэн хөндлөнгийн гуравдагч этгээдийн нөлөөлөлт бид автахгүй, орон сууц захиалгын гэрээнд дахин өөрчлөлт, хөдөлгөөн хийгдэхгүй болохыг мэдэгдсэн.

Одоогоор нэхэмжлэгч А.Н болон С.М худалдан авагч нарын нэр дээрх орон сууц захиалгын гэрээ манайд хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж байгаа бөгөөд бид тус худалдан авагчид орон сууцыг нь өгөхгүй гэж огт дурдаагүй, тухайн маргаан нь хуулиар эцэслэгдэж дуустал гэрээнд дахин өөрчлөлт хийгдэхгүй болох тухай иргэнд өөрт нь мэдэгдсэн.

Тиймээс бидний зүгээс худалдан авагч А.Н болон С.М нь бартерийн байр худалдан авсанаар, тухайн бартерийн компаниийн захирлууд хоорондын маргаантай асуудлаас үүдэж иргэн хохирч болохгүй гэх ойлголттой байгаа бөгөөд шүүх болон худалдан авагчдын талд байгаагаа үүгээр дахин илэрхийлж байна.

Иймд цаашид " С " ХХК-ийн зүгээс тус иргэдийн гомдолтой байгаа асуудал, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хариу эцэслэн гартал маргаантай холбоотой дахин шүүхэд дуудахад Очих шаардлагагүй, мөн бид аль нэг талыг харсан үйлдэл гаргахгүй бөгөөд шүүхэд гомдол гаргасан Нэхэмжлэгч А.Н , С.Менхдаваа болон Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрээс татгалзахгүй болохыг мэдэгдэж байна. гэжээ.

2.2. Хариуцагч Л.Г гаас:

...СС " ХХК-иас "Х ХХК-д нийлүүлсэн хайрганыхаа төлбөрт "С ХХК-ийн барьж буй Сонгинохайрхан дүүргийн 29 хороо, Москва Апартмент II төслийн байрны А блок-13 давхрын 46.29 м.кв 2 өрөө 6 айлын орон сууц, Москва Апартмент- II төслийн байрны А блок-2 давхрын 46.43 м.кв 2 ѳрѳѳ L айлын орон сууцыг егсөн бөгөөд Л.Г миний хувьд "СС ХХК-ийн зөвшөөрлийн дагуу хайрганы төлбөрт авах дээрх 2 орон сууцыг тус өөрийн нэр шилжүүлж авсан.

Хариуцагч Л.Г миний бие "С ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр МА21-1/6-2 дугаар "Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээг байгуулж дээрх орон сууцнуудыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

Түүнчлэн маргаан бүхий орон сууцыг "С ХХК, нэхэмжлэгч С.М , А.Н бид нар харилцан тохиролцож Л.Г надтай байгуулсан гэрээг цуцалж нэхэмжлэгч дахин шинээр "С " ХХК нь орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээг байгуулсан учир хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй ба өнөөдрийн байдлаар хуулийн дагуу өмчлөх эрх нэхэмжлэгч С.М , А.Н нарт үүссэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

2.3. Хариуцагч Л.Г гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч нарын шаардлагыг Л.Г гийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Л.Г тай орон сууц захиалгын гэрээ яагаад байгуулах болсон бэ гэвэл С ХХК болон Х ХХК-ийн хооронд бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулагдсан. Ингээд С ХХК-ийн зүгээс бетон зуурмагийн төлбөрт тухайн орон сууцуудыг өгсөн талаарх баримт хэрэгт авагдсан байдаг. Х ХХК нь өөрсдийн бетон зуурмагийн гол түүхий эд болох элс, хайрга зэргийг СС БГБХН-өөс авдаг байсан. СС БГБХН-д өгөх элс, хайрганы төлбөрт С ХХК-иас авсан орон сууцыг шилжүүлж өгсөн. СС БГБХН-өөс олгосон итгэмжлэлийн дагуу Х ХХК-ийн зөвшөөрлөөр С ХХК болон Л.Г нар орон сууц захиалгын гэрээ байгуулж, хоорондын төлбөр тооцоо бүрэн дуусгавар болсон. Энэ талаар нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгө СС БГБХН-ийн зөвшөөрлөөр Л.Г гийн нэр дээр захиалгын гэрээ байгуулсан. Ингэснээр Л.Г нь тухайн орон сууцуудыг хэнээс ч хараат бусаар захиран зарцуулах эрх нь нээгдсэн. Үүний дагуу нэхэмжлэгч нартай харилцан тохиролцож, орон сууц захиалгын гэрээг тэдгээрийн нэр дээр шилжүүлсэн. СС БГБХН, С ХХК, Л.Г , нэхэмжлэгч нарын хэн аль нь төлбөр тооцооны асуудал байхгүй, мөн тооцоо нийлсэн акт нь байгаа. Энэхүү актаар тухайн орон сууцуудыг шилжүүлж өгсөн. Тиймээс нэхэмжлэгч нарын төлбөр тооцоо бүрэн дууссан учир тэд орон сууцыг өмчлөх эрхтэй. Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудал нь энэ хэрэгт хамааралгүй. Х ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/04 дугаартай Захиалгын гэрээ цуцлах тухай албан бичигт гэрээг цуцлах болсон үндэслэлээ төлбөр тооцоогоо дуусгаагүй гэх агуулгаар бичсэн. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагад хандсан шиг хуурамч баримт бичиг үйлдсэн талаар бичээгүй. ... гэсэн.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан тайлбартаа: ...Х ХХК нь бетон зуурмагын үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд С ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр МА21-5/10-1 дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу 10,000 м3 бетон зуурмагийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлсэн болно.

Гэрээний төлбөрийг бартераар тооцохоор тохиролцсоны дотор тус компанийн барьж буй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутагт байрлах Москва Апартмент-II төслийн барилгын А блокоос 45,83 м2-46,82 м2 талбайтай 2 өрөө 5 ширхэг орон сууц /А, К, L, A, G тоот/-ыг төлбөрт тооцон өгөхөөр тохиролцож 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр МА21-6/30-009 дугаартай Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ-г С ХХК-тай байгуулсан юм.

Улмаар манай компани нь С ХХК-иас өгөх бартерийн байрнуудаас худалдан борлуулах зорилгоор иргэн Л.Г гийн нэр дээр дурдсан 2 ширхэг орон сууц захиалгын гэрээ хийх хүсэлтийг С ХХК-д 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 21/107 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Гэтэл Л.Г нь манай компанид ямар нэгэн байдлаар мэдэгдэлгүйгээр 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар болон 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар албан бичгийг хуурамчаар үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок 13 давхрын 46,29 м2 2 өрөө G айлын орон сууцны захиалгын гэрээг С.М гийн нэр дээр шилжүүлэх, мөн байрны 2 давхрын 46,43 м2 2 өрөө L айлын орон сууцны захиалгын гэрээг А.Н ын нэр дээр шилжүүлэх хүсэлтийг С ХХК-д тус тус хүргүүлж С ХХК болон нэхэмжлэгч С.М , А.Н нарын хооронд захиалгын гэрээ байгуулагдсан байна.

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок 13 давхрын 46,29 м2 2 өрөө G айлын орон сууц, 2 давхрын 46,43 м2 2 өрөө L айлын орон сууц нь С ХХК, Х ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн МА21-5/10-1 дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний төлбөрт орж ирсэн Х ХХК-ийн өмч юм. Нэхэмжлэгч С.М , А.Н нараас орон сууц худалдан авсан гэх төлбөр Х ХХК-д орж ирээгүй болно.

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст Х ХХК-ийн захирал У.Анхбаяраас Л.Г гийн хуурамч бичиг баримт үйлдэх замаар манай компанийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг шалгуулахаар өргөдөл гаргаж улмаар тус дүүргийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2209015851432 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Иймд энэхүү эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэх нь уг иргэний хэрэгт нөлөөлөхөөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү. гэж мэтгэлцсэн.

4. Нэхэмжлэгч нараас нотлох баримтаар: С ХХК болон С.М нарын хооронд байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №MA21-в/19-001 дугаар Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ, С.М гаас 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 80.000.000 төгрөгийг Л.Г д шилжүүлсэн талаарх Капитрон банкны төлбөрийн баримт, С.М гийн иргэний үнэмлэхийн хуулбар, орон сууцны барилгын гадна дотно байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, танилцуулга, С ХХК болон А.Н нарын хооронд байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №МА21-в/23-005 дугаар Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ, А.Н гийн иргэний үнэмлэхийн хуулбар, А.Н нь өөрийн болон эхнэр Г.Лхагвасүрэнгийн данснаас нийт 13 удаагийн гүйлгээгээр 88,217,000 төгрөгийг Л.Г д шилжүүлсэн талаарх Голомт, Хаан, Хас банкны дансны хуулгууд, А.Н , Г.Лхагвасүрэн нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 4-34 / зэргийг,

4.1. Хариуцагч нараас нотлох баримтаар: С ХХК-ийн улсын бүртгэлийн 9011082084 дугаар бүхий гэрчилгээ /хувилсан/, Л.Г болон С.М , А.Н нараас С ХХК-д 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн тайлбар, өргөдөл, Х ХХК-иас С ХХК-д хүргүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/04 дугаар Захиалгын гэрээ цуцлах тухай албан бичгийн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 31, 2022 оны 06 дугаар сарын 09, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хариу тайлбар /хх 40-42, 47-49, 121-122/ зэргийг,

4.2. Хариуцагч Л.Г гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримтаар: СС БГБХН-ийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №19 дугаартай Л.Г д гаргасан итгэмжлэл, СС БГБХН-өөс Х ХХК-д хүргүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №83 дугаар хүсэлт, Х ХХК-иас СС БГБХН болон иргэн Б.Намхайжанцан нарт хүргүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 21/102 дугаар Хариу өгөх тухай албан бичгийн хуулбар, СС ББН болон Х ХХК хоорондын 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хугацааны авлага, өглөгийн тооцооны хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан В.Өлзийбаярын мэдүүлгийн хуулбар /хх 106-111/ зэргийг,

4.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нотлох баримтаар: Х ХХК-ийн улсын бүртгэлийн 9011815153 дугаар бүхий гэрчилгээний хуулбар, Х ХХК-ийн дүрэм /хуулбар/, С ХХК болон Х ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №МА21-3/10-1 дугаар Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ, Х ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Анхбаярын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тайлбар /хх 54-73, 86/ зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

4.4. Шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нээсэн 220901585 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргээс Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 220901585 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 92, 118-119/ зэргийг бүрдүүлж хэрэгт хавсаргасан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

6. Нэхэмжлэгч С.М , А.Н нар нь хариуцагч С ХХК болон Л.Г нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК нь тухайн орон сууцууд тус компанийн өмч тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, Л.Г гийн хуурамч баримт бичиг үйлдэх замаар манай компанийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн.

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

С ХХК-ийн барьж буй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва Апартмент-II төслийн байрны барилгын ажилд Х ХХК нь тус компанитай байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн МА21-3/10-1 дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ /хх-ийн 58-67/-ний дагуу 10,000 м3 бетон зуурмагийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн /хх-ийн 52, 86/ гэх бөгөөд С ХХК нь бетон зуурмагийн төлбөрт тооцон уг байрны А блок 13 давхарын 46.29 м2 талбай бүхий 2 өрөө G айлын, 2 давхарын 46.43 м2 талбай бүхий 2 өрөө L айлын ... зэрэг 5 орон сууцыг бартерт шилжүүлж өгөхөөр тохиролцож 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр МА21-6/30-009 дугаартай Орон сууц захиалан, худалдан борлуулах гэрээ /хх-ийн 66-72/-г байгуулжээ.

 

Талууд хөрөнгийг хөрөнгөөр солилцох замаар харилцан өмчлөлд бүрмөсөн шилжүүлэх агуулга бүхий Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан Арилжааны гэрээ-г байгуулсан болон гэрээний үүргийн биелэлтэд маргаагүй.

Арилжааны гэрээний төлбөрт С ХХК нь 5 орон сууцыг өмчлөх эрхийг олж авах захиалгын гэрээг Х ХХК-тай байгуулснаар гэрээ дуусгавар болсон байна.

Х ХХК нь захиалгын гэрээний дагуу өмчлөх эрхийг олж авахаар болсон дээрх байрны А блок 13 давхарын 46.29 м2 талбай бүхий 2 өрөө G айлын, 2 давхарын 46.43 м2 талбай бүхий 2 өрөө L айлын орон сууцыг СС БГБХН-өөс худалдан авсан бетон зуурмагийн түүхий эд болох элс, хайрганы төлбөрт тооцож өгөхөөр тохиролцож, хоорондын өглөг, авлагын тооцоог нийлсэн тухай акт /хх-ийн 109-110/-ыг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үйлджээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална:-ийн 5.1.4-т үнэн зөв байх; гэж,

- 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. ... гэж,

- 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ:-ийн 14.4.3-т бүх өр төлбөр; гэж,

- 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ:-ийн 20.2.5-д дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах; гэж тус тус заасанд үндэслэн шүүх эдгээр байгууллагын нягтлан бодогч нарын гаргасан дээрх тооцоог үндэслэлтэй, үнэн зөв гэж үзэхээр байна.

Энэхүү тохиролцооны дагуу СС БГБХН-д өмчлөх эрхийг шилжүүлэх 2 орон сууцыг тус нөхөрлөлийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зөвшөөрөл /хх-ийн 107/-ийн дагуу Л.Г гийн нэр дээр захиалгын гэрээг шилжүүлэхээр тохирсон нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно. гэж заасанд нийцсэн ба Х ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгээр Л.Г гийн нэр дээр захиалгын гэрээг шилжүүлэх хүсэлт явуулсан /хх-ийн 52, 86/-аар СС БГБХН болон Х ХХК-ийн хоорондын арилжааны гэрээний үүрэг дуусгавар болжээ.

Гэрээний үүрэг дуусгавар болсноос хойших хугацаанд захиалгын гэрээний дагуу тухайн 2 орон сууцны өмчлөх эрхийг өөртөө олж авах эрхтэй болсон Л.Г нь бусдад захиалгын гэрээний үүргийг шилжүүлэх хүсэлтийг С ХХК-д явуулахдаа хуурамч баримт бичиг үйлдсэн эсэх маргаан нь энэ хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй.

Хэрэв шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон нотлох баримт хуурамч ..., хэргийн оролцогчийн уг хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл /эс үйлдэхүй/ эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болохыг дурдах нь зүйтэй.

Л.Г нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар цаашид нэхэмжлэгч С.М , А.Н нартай худалдах, худалдан авах хэлцлийг хийж, тэдний нэр дээр захиалгын гэрээ /хх-ийн 8-11, 22-25/-г шилжүүлэх замаар өмчлөх эрхийг олж авах хууль зүйн үндэслэлийг бүрдүүлсэн, нэхэмжлэгч нар Л.Г д тохирсон төлбөрийг төлсөн нь /хх-ийн 12, 27-33/ баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 29 хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок 13 давхарын 46.29 м2 талбай бүхий 2 өрөө G айлын орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч С.М г, 2 давхарын 46.43 м2 талбай бүхий 2 өрөө L айлын орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч А.Н ыг тогтоож шийдвэрлэв.

8. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.М гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 50 төгрөгийг, хариуцагч С ХХК болон Л.Г нараас тус бүр 278,975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.М д,

нэхэмжлэгч А.Н ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 599,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 65 төгрөгийг, хариуцагч С ХХК болон Л.Г нараас тус бүр 299,517.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Н д тус тус олгохоор хуваарилав.

9. Эцэст нь, шүүх хуралдааны эхэнд шүүх хуралдаан даргалагчаас ирцтэй холбогдуулан гаргах санал хүсэлт болон хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг талуудаас тодруулахад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргах хүсэлт байхгүй гэж хариулсан, мөн хүсэлт шийдвэрлэх үе шатанд гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг нь шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн атал хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш уг хүсэлтийг дахин гаргах, өмгөөлөгч авахаар шүүх хуралдааныг хойшлуулах зэргээр болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр хуулиар тогтоосон журам, шүүх хуралдааны дэгийг зөрчиж шүүх хуралдаан даргалагчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

 

Шүүх уг хүсэлтийг хүлээн авах, цаашлаад Ерөнхий шүүгчээр хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шилжүүлэх зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулах нь хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэг, дараалал, хүсэлт шийдвэрлэх журамд нийцээгүй тул хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч Б.Л нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.М-г Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок 13 давхарын 46.29 м2 талбай бүхий 2 өрөө G айлын орон сууцны өмчлөгчөөр,

нэхэмжлэгч Баянхошуу овгийн А.Н-ыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва Апартмент-II төслийн байрны А блок 2 давхарын 46.43 м2 талбай бүхий 2 өрөө L айлын орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.М гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 50 төгрөгийг, хариуцагч С ХХК болон Л.Г нараас тус бүр 278,975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.М д,

нэхэмжлэгч А.Н ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 599,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 65 төгрөгийг, хариуцагч С ХХК болон Л.Г нараас тус бүр 299,517.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Н д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН