Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/436

 

 

 

 

      2021           4           29                                         2021/ДШМ/436

 

Х.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг

шүүгдэгч Х.Эын өмгөөлөгч М.Батмөнх,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/212 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Х.Эт холбогдох 2008031930017 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х.Э нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо “Дүүхээ-2” төвийн баруун талын замд “Тоёота Приүс-30” загварын 79-67 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг зөрчсөний улмаас Л.Нын жолоодон явсан “Тоёота Приүс-30” загварын 48-45 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн улмаар Л.Нын эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Ө.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Л.Нын эд хөрөнгөд 1.457.000 төгрөг, зорчигч Ө.Оийн эд хөрөнгөд 1.070.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Х.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шарынхан овогт Халтарын Х.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Эт оногдуулсан найман сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Эаас 457.000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Нт олгож, хохирогч Ө.Оээс ажилгүй байсан хугацааны цалин 630.000 төгрөг, бариачид бариулсан 150.000 төгрөгийн нэхэмжлэлийг шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, тэрээр гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ө.От төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Х.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Э давж заалдах гомдолдоо: “...Би 4-13 насны 3 хүүхэдтэй, нөхөр Отгонням нь хүнсний түгээлтийн жолооч ажилтай. Миний бие 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхдээ бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүйн улмаас 8 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэхээр шийтгүүлсэн. Миний бие өөрийн буруутай үйлдлээс болж бусдад хохирол учруулсан гэм буруугаа ойлгож, маш их харамсаж байна. Би үлдэгдэл хохирол болох 457.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.

Дэлхий нийтийг хамарч буй цар тахлын аюултай үед бага насны 3 хүүхэд минь эрсдэлтэй нөхцөлд байгаа учир надад оногдуулсан хорих ялыг гэмшиж байгаа байдал болон бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан байдал зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Миний бие дахин гэмт хэрэгт холбогдохгүй, хүүхдүүдийнхээ сайн ээж, Монгол улсын хариуцлагатай иргэн байх болно. ...” гэжээ.

Шүүгдэгч Х.Эын өмгөөлөгч М.Батмөнх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан дараахь хөнгөрүүлэх нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

            1. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. /хх 134 ялгүй гэсэн тодорхойлолт/,

            2. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн /гомдолд хавсаргаж өгөв. 2021 оны 3 дугаар сарын 15-нд хохирогч Л.Нын дансанд 457.000 төгрөг төлсөн баримт/. Х.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хувийн байдлын тухайд нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг /хх 191/ 2 бага насны хүүхэдтэй /хх 192, 193 талд төрсний гэрчилгээгээр нотлогдож байна/. Иймд дээрх хөнгөрүүлэх болон хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилгүй. Шүүгдэгчийн бусдад учруулсан гэм хор, гэмт хэрэгт хандаж байгаа байдал, хохирол төлбөрийг төлсөн зэргийг харгалзан үзэж ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс хохирол, төлбөрийг төлөх эсэх талаар тодруулахад одоогоор ажилгүй байгаа учраас төлөх боломжгүй гэдэг байдлаар хандсан. Иймд анхан шатны шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Х.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгээ мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон. Гэмт хэрэг гарсны дараагаар хохирол, төлбөрийг төлөх талаар санаачлага гаргаагүй зэрэг байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс түүнд тохирсон ялыг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг илтэд зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Х.Э нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01.10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо “Дүүхээ-2” төвийн баруун талын замд “Тоёота Приүс-30” загварын 79-67 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг зөрчсөний улмаас Л.Нын жолоодон явсан “Тоёота Приүс-30” загварын 48-45 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн улмаар Л.Нын эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Ө.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Л.Нын эд хөрөнгөд 1.457.000 төгрөг, зорчигч Ө.Оийн эд хөрөнгөд 1.070.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-5, 101-106/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 6-7/, техникийн тодорхойлолтууд /хх 17, 81/, хохирлын баримтууд /хх 82-86, 141-143/, зээлийн гэрээнүүд /хх 87-89, 90-96/, хохирол төлсөн баримт /хх 160-161, 195/, Х.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан талаарх цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт /хх 162/ зэрэг нотлох баримтууд болон,

“...Х.Эын биед зүүн хөхний дотор дээд хэсэгт цус хуралт, цээжний зүүн урд доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 12542 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 12-14/,

“...Л.Нын биед өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны цууралт, таславчийн муруйлт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12400 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 20-22/,

“...Ө.Оийн биед ахар сүүлний 2-р нугалмын хугарал, зөөлөн эдийн няцрал, хэвлийн зөөлөн эдийн няцрал, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12401 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 25-27/,

“...Тоёота Приус-30 загварын 76-67 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл, ерөнхий өнгө, үзэмж зэрэг үзүүлэлтээр тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлагын хангахгүй байна. ...” гэх 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 888135 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх 50-57/,

“...Тоёота Приус-30 загварын 79-67 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Халтар овогтой Х.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота Приус-30 загварын 48-45 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Лхагва овогтой Норжинноров нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэх 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 216 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх 76-77/,

“...Тоёота Приус-30 48-45 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 905.000 төгрөгийн хохирол учирсан байна. ...” гэх 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан /хх 128-131/,

“...Шарынхан овогт Халтарын Х.Э нь 79-67 УНД улсын дугаартай Тоёота Приус-30 загварын суудлын автомашиныг барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан зээл авсан байна. ...Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1, 2.3.2 дахь заалтуудын үүрэг гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгөтэй холбоотой бүхий л асуудлыг өөрөө хариуцдаг бөгөөд манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20/739 дугаартай албан тоот,

хохирогч Ө.Оийн “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 30 минутын орчим найз Норжинноров бид хоёр түүний гэрээс буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Толгойтын Баруун салаанаас түүний Тоёота Приус-30 маркийн 48-45 УНД улсын дугаартай машинтай гараад, явж байсан юм. Тухайн үед би жолоочийн хажууд суудалд хамгаалах бүсээ зүүгээд Норжинноров бид 2 Ханын материалын буудлын хажуугаар замын 2 дугаар эгнээгээр явж байтал баруун талын автобусны буудлаас нэг машин шууд зүүн гар тийшээ дараад буцаж эргэх гээд бид хоёрын машины ирж зогсоод тэр машинтай мөргөлдсөн. ...” /хх 35-37/,

хохирогч Л.Нын “...2020 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжин шөнийн 00 цаг өнгөрч байхад найз Ө.Оийн хамт өөрийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 48-45 УНД улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машинтай найзыгаа хүргэж өгөх гээд Ханын материалын буюу Дүүхээ-2 төвийн баруун талын замаар хойноосоо урагшаагаа чиглэлд замын хоёрдугаар эгнээгээр явж байтал Давхарын автобусны буудлаас нэг машин гэнэт хөдлөөд урдуур дараад тоормослоод урд зогссон. Би тоормосоо гишгээд, гишгээд зогсож амжилгүй тэр машины зүүн талыг мөргөөд зогссон. ...” /хх 39-42/,

иргэний нэхэмжлэгч Ж.Тгийн “...Тоёота Приус-30 загварын 48-45 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн зээлдэгч Л.Н нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай Неткапитал Финанс” ххк-тай зээлийн гэрээ хийгээд уг машиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлээд худалдан авсан. Одоогоор уг машин нь манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа. Ослын улмаас уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг зээлдэгч Л.Н нь өөрөө нэхэмжилж байгаа. Манай байгууллагаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. ...” /хх 154-156/,

яллагдагч Х.Эын “...Би 2020 оны 6 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл барьж яваад жолоодох эрхээ хасуулсан юм. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр намайг гэртээ байхад манай найз намайг дуудаад “ирж мах ав” гэхээр нь би өөрийн эзэмшлийн Тоёота Приус-30 загварын 79-67 УНД улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ буюу Баруун салааны зээлээс гараад урагшаагаа явсан. Тэгээд би Дүүхээ-2 худалдааны төвийн баруун талын урагшаагаа явдаг автобусны буудал дээр найзтайгаа уулзаад махаа авчихаад зүүн гар тийш дохиогоо өгөөд араас ирж байгаа машиныг хараад 2 машиныг өнгөрүүлсэн. Надтай мөргөлдсөн машин нь хойно байсан явган хүний гарцны цаана буюу нүдэн баримжаагаар 250-300 орчим метрийн цаана ирж байсныг хараад дохиогоо өгөөд давхар шугам даваад иргэх гэтэл урдаас буюу эсрэг талын урсгалаас 2 машин 50 метрийн зайд ирж харагдсан. Тэгэхээр нь би урдаас ирж байсан 2 машиныг гаргачихаад эргэе гэж бодоод зогсож байтал араас ирж байсан машин ирээд мөргөсөн. ...” /хх 150-151/ гэсэн мэдүүлгүүдээр тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Э болон түүний өмгөөлөгч М.Батмөнх нараас “...хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, бусдад хохирол учруулсан гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байгаа, мөн бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг тул эдгээр нөхцөл байдлын харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

            Анхан шатны шүүхээс Х.Эт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохиролд 457.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Нт олгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Х.Э нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулж, хохирол төлсөн баримтаа давж заалдах шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, мөн Х.Э нь бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг болох нь хавтас хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбаруудаар /хх 192-194/ тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.Эын эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно. ...” гэх заалтад тохирч байх тул шүүгдэгч Х.Э болон түүний өмгөөлөгч М.Батмөнх нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Х.Эт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/212 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 8 /найм/ сарын хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг  “...Халтарын Х.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Эт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Х.Эт сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Эт оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. ...” гэх нэмэлт заалт оруулсугай.

3. Х.Э нь 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийт 59 хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, нэн даруй сулласугай. 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ        

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ