Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 466

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжпэгч: “К...” ХХК

Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, ...тоотод оршин суух, овогт А.Б /регистрийн дугаар: КЖ.../
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, ...тоотод оршин суух, овогт Ө.Б/регистрийн дугаар: КГ /
16.890.601 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч А.Б, Ө.Б, нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А овогтой Б, Ө овогтой Б нартай 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр №ЭГ-2032001779 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийн зээлийг Жижиг дунд бизнесийн зээлийн зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн, жилийн 25.2 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Өмнөговь аймаг, Даланзадгад сумын ... тоотод байрлах 697м.кв талбайтай Г-1105003291 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Өмнөговь аймаг, Даланзадгад сумын ... тоотод Ү-... улсын бүртгэлийн дугаартай 74,9 мкв талбайтай хувийн орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нарын зээлийн гэрээний хугацаа 2018 оны 2 дугаар сарын 17-ны дуусгавар болсон боловч нь зээлээ төлж барагдуулаагүйн улмаас зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: Зээлийн үлдэгдэл 10.573.46 төгрөг, зээлийн үндсэн хүү 5.264.278 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 1.052.856 төгрөг, нийт төлөх дүн 16.890.601 төгрөг. Иймээс А.Б, Ө.Б нараас нийт  16.890.601    /Арван зургаан сая найман зуун ерэн мянга зургаан зуун нэг төгрөг/ төгрөгийг гаргуулж шүүхийн шийдвэрийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд түүний Г- 1105003291, Ү- ..., улсын бүртгэлийн дугаартай барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээлийг бүрэн барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрөөд, үүргийн гүйцэтгэлээ барьцаа хөрөнгөөр хангуулна гэвэл эвлэрэн хэлэлцэж болно, Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлдэгч А.Бгаас 50 хувийг, хамтран зээлдэгч Ө.Бгаас 50 хувийг гаргуулах хүсэлтэй байна. Манайх зээлийн эрсдэлээ тооцоолж үзсэний үндсэн дээр уг зээл гарсан болохоор хамтран зээлдэгчээсээ татгалзах үндэслэл байхгүй. Иргэн Алтангэрэл овогтой Б, Ө овогтой Б нартай 2015 оны 02 дугаар сарын 17- ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 15000000 төгрөгийн зээлийг жижиг дунд бизнесийн зээлийн зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн, жилийн 25.2 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Өмнөговь аймаг Даланзадгад сумын 2 дугаар баг ...тоотод байрлах 697 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газар, Өмнөговь аймаг Даланзадгад сумын 2 дугаар баг Хан- Уулын 5-10 тоотод 74.9 мкв 60 хувийн гүйцэтгэлтэй хувийн орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нарын зээлийн гэрээний хугацаа дуусахад 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон зээлээ төлж барагдуулаагүйн улмаас зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд зээлийн үлдэгдэл 10.573.466 төгрөг, зээлийн үндсэн хүү 5.264.278 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 1.052.856 төгрөг, нийт төлөх дүн 16.890.601 төгрөг байна. Боломжтой боловч шүүхийн шийдвэр гарахаас өмнө барьцаа хөрөнгийг хувиараа зарсан бол хариуцагч талд ашигтай байх байсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа барьцаа хөрөнгүүдийг зарахад зах зээлийн ханшнаас доогуур 70 болон 50 хувиар худалдан борлуулдаг болохоор таны хүссэн хэмжээнд худалдан борлуулах боломж байхгүй гэдгийг хариуцагчид тайлбарлаж хэлсэн гэв.


Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А.Б, Ө.Б нар нь тус банктай барьцааны зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж жижиг дунд бизнесийн зориулалтаар 15 сая төгрөг авсан болно. Тус банкнаас авсан төгрөгийг А.Б би авч өөрийн бизнесийн ажиллагаанд зарцуулсан боловч бизнес маань бүтэлгүйтэж ашиггүй болсон. Хамтран зээлдэгч болох Ө.Б нэг ч төгрөг аваагүй болно. Тус банкинд баг багаар төлөлт хийсэн боловч үндсэн зээлийн үнийн дүнгээс хасагдаагүй зөвхөн хүүнээс хасагдсан байна. Уг гэрээний үндсэн зээлээ А.Б миний бие К...ны нэхэмжилж буй өр төлбөрийг бие даан хариуцаж тус банкинд барьцаалсан өөрийн үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшин газар зэргээр зээлийг хааж барагдуулах хүсэлтэй байна. Харин хамтран зээлдэгч Ө.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэгэнт миний бие тус банкны зээлийн төлбөрт бэлэн мөнгө өгч чадахгүй тул барьцаа хөрөнгө болох хашаа байшинг банк зах зээлийн ханшаар худалдан борлуулж тус банкны зээл болон хүүгийн төлбөр болох 16.890.601 төгрөгийг аваад үлдэх мөнгийг надад олгож өгнө үү. Миний газар хашаа байшин зах зээлийн ханшаар ойролцоогоор 40 сая болох болов уу гэж бодож байна. Миний бие орх оронгүй оюутан хүүхдийн хамт үлдэж байгаа учир надад банкны төлбөр төлөөд үлдсэн мөнгөөр жижиг гэр авч амьдрах хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би зээлээ аваад Турк улс руу явсан. Эвлэрэх боломжтой. Банкнаас авсан зээлийн үнийн дүн дээр маргаж байгаа зүйл байхгүй. Хаан банкинд 10 сая төгрөгийн зээлтэй байж байгаад К...наас зээл аваад зээлээ төлсөн. Үлдсэн мөнгөөр нь наймаа хийж байсан. Ар гэрийн амьдрал болохгүй хэцүү байхаар нь 2 хүүхдээ орхиод гадагшаа явсан. Гадаад яваад гайгүй ажил хийж цалин мөнгө сайн байх гэж бодсон боловч өөрийн хэрэглээний мөнгөнөөс илүү гараагүй. Саяхан хүүхэд маань нас бараад Монголдоо эргэж ирсэн. Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.
Хариуцагч Ө.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: К... ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна. А.Б нь 2015 оны 02 дугаар сард тус банкнаас хэдэн төгрөг зээлэх гэсэн юм та хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч өөр хүн алга нөхөр эзгүй ажилдаа буцсан учир таниас өөр хүн алга гарын үсгээ л зураад өг зээлийн эргэн төлөлтийг би өөрөө хариуцна гэж гуйсаны дагуу мөн урьд нь зээлтэй байсан эсэхийг мэдэхгүй шинэлэх гэж л төгрөг авч байгаа юм байна гэж дүүдээ итгэсэн учир би гарын үсэг зурсан. А.Бгий банкнаас зээлсэн мөнгөнөөс миний бие харилцах дансаар болон бэлнээр нэг ч төгрөг аваагүй тухайн мөнгөө юунд зарцуулсныг би мэдэхгүй. Тухайн үед битүүний өдөр байсан бөгөөд банк хааж гүйлгээ хаагдлаа хурдан гарын үсгээ зураад өгөөч гэж маш их яаруулж байсныг санаж байна. Үнэндээ би зээлийн гэрээг сайн уншиж танилцаж амжаагүй дүүдээ итгэн гарын үсэг зурсан. Дүү А.Б нь өөрийн барьцаанд тавьсан хөрөнгөөр банкны өр төлбөрийг төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн тул уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй Ө.Б надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.


Хариуцагч Ө.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б миний үеэл байгаа юм. Манай дүү нэхэмжилж байгаа үнийн дүнг өөрөө төлж барагдуулна гэсэн. Би болгоомжгүй байдлаасаа болоод зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Хэрвээ төлүүлэх шаардлагатай бол хариуцагч А.Б төлнө гэсэн байгаа. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээ хангуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би хариуцагч А.Бг хэдэн төгрөгийн зээл авсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Цагаан сарын битүүний өдөр байсан учраас би дүүдээ туслаад зээлийн гэрээтэй ч танилцаагүй хамтран эзэмшигчээр гарын үсэг зурсан. Орой болоод банк хаах гэж байсан. Сүүлд Турк яваад надаар дамжуулж 10 удаа төлбөр хийлгүүлсэн. Барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар заруулаад өрөө төлөх боломж байгаа юу гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан К... ХХК-ийн нэхэмжлэл, К... ХХК- ийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 336 дугаартай Б.Бт олгосон итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2032001779 дугаартай Зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2032001779 дугаартай Барьцааны гэрээ, 069 дугаартай Барьцаалбар, 000205965 дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000222618 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, А.Бгийн хүү тооцооллын хүснэгт, К...ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 379 дугаартай албан тоот, Зээл хүсэгчийн анкет, Ө.Бгийн дансны хуулга, Ө.Бгийн цалингийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хариуцагч А.Б, Ө.Б нарын хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад,


ҮНДЭСЛЭХ нь:


Нэхэмжлэгч К... ХХК нь хариуцагч А.Б, Ө.Б нарт холбогдуулж Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 16.890.601 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
К... ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЗГ-20Э2001779 зээлийн гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийн зээлийг жилийн 25.20 хувь, сарын 2.10 хувийн хүүтэйгээр 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлүүлэхээр А.Бтай тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.
Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгч А.Бд 15.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн нь талуудын тайлбараар нотлогдож, зохигчид энэ талаар маргахгүй байна.
Зээлдэгч А.Б нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй талуудын хооронд маргаан гарч, нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг А.Б, Ө.Б нараас шаардаж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А.Б нь “...Тус банкнаас авсан төгрөгийг А.Б би авч өөрийн бизнесийн ажиллагаанд зарцуулсан боловч бизнес маань бүтэлгүйтэж ашиггүй болсон. Хамтран зээлдэгч болох Ө.Б нэг ч төгрөг аваагүй болно...” гэж,
Хариуцагч Ө.Б нь “...А.Бгий банкнаас зээлсэн мөнгөнөөс миний бие харилцах дансаар болон бэлнээр нэг ч төгрөг аваагүй тухайн мөнгөө юунд зарцуулсаныг би мэдэхгүй...” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “ Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 189.4 дэх хэсэгт “Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй” гэж заажээ. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт “хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар эсхүл, үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ”, 242.11 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” тус тус заажээ.
Хуульд зааснаар гэрээ байгуулж буй талууд гэрээг байгуулахдаа гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, өөрөөр хэлбэл гэрээнд хамтран хариуцагчаар оролцож байгаа тал гэрээний үүргийг ямар тохиолдолд хэдий хэмжээгээр хариуцах талаар харилцан тохиролцох эрхтэй атал хариуцагч Ө.Б гэрээний нэг тал болж хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй, маргаан бүхий зээлийн гэрээг нэг талаас К...ийг төлөөлж Поль овогтой Баярмаа, нөгөө талаас А овогтой Б нар харилцан тохиролцож байгуулсан байна.
Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан Ө.Б нь зээлийн мөнгөн хөрөнгийг аваагүй болох нь хариуцагч А.Бгийн тайлбараар нотлогдож, банк мөнгөн хөрөнгийг зээлдэгч Ө.Бд шилжүүлэх үүргээ биелүүлсэн нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагч Ө.Бг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Талууд зээлийн гэрээний 7.4-т “ Банкны зөвшөөрлийг үндэслэн зээлдэгчийн эрх, үүрэг түүний эрх залгамжлагч /өв залгамжлагч/ -д зээлдэгч эрх зүйн чадамжгүй болох, нас барах, гадаадад удаан хугацаагаар явах, сураггүй алга болох гэх мэт / хууль тогтоомжид заасан үндэслэлээр бүрэн хэмжээгээр шилжинэ”. 8.3.3-т “ Зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй / энэ нь 60 хоног үргэлжилсэн бол/ гэж тус тус тохирсон атлаа банк санаачлагаараа гэрээг цуцлаагүй байх ба гэрээг цуцлах боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь зээлдэгчийн гэрээний үүрэг зөрчиж эхэлсэн хугацаа болох 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойших хугацааны зээлийн гэрээний хүүг нэхэмжлэх үндэслэлгүй байна гэж үзэв.
Иймд хариуцагч А.Бгаас зээлийн үндсэн төлбөр 10.573.466 төгрөг, үндсэн хүү
2016    оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 1.371.422 төгрөгийг хасч тооцон 3.892.856 төгрөг 02 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 1.052.856 төгрөг нийт 15.519.178 төгрөг 02 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн зээлийн хүү 1.371.422 төгрөг гаргуулах, хариуцагч Ө.Бгаас 16.890.601    : 2 = 8.445.300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан К... ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 336 дугаартай Б.Бт олгосон итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2032001779 дугаартай Зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2032001779 дугаартай Барьцааны гэрээ, 069 дугаартай Барьцаалбар, 000205965 дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000222618 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А.Бгийн хүү тооцооллын хүснэгт, орлогын мэдүүлэгүүд, Зээл хүсэгчийн анкет, Ө.Бгийн дансны хуулга, Ө.Бгийн цалингийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага ТОГТООХ НЬ:


1.    Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Бгаас 15.519.178 төгрөг 02 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “К...” ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2.    Нэхэмжлэгчийн хариуцагч Ө.Бгаас 8.445.300 төгрөг гаргуулах, хариуцагч А.Бгаас 1.371.422 төгрөг 98 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “К...” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.403 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бгаас 235.545 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К...” ХХК-д олгосугай.
4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                                                       Л.УРАНЧИМЭГ