Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00497

 

“К банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2018/00466 дугаар шийдвэр,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 203/МА2018/00037 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “К банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Б-,, Ө.Б-нарт холбогдох,

16 890 601 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Ө.Байгалмаа, А.Б-,, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А.Б-,, Ө.Б-нартай 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр №ЗГ-2032001779 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийн зээлийг жижиг дунд бизнесийн зээлийн зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн, жилийн 25.2 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Хан уулын 5-10 тоотод байрлах 697 м2 талбайтай Г-1105003291 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Хан уулын 5-10 тоотод Ү-1105002523 улсын бүртгэлийн дугаартай 74,9 м2 талбайтай хувийн орон сууцыг барьцаалсан.

Зээлдэгч нарын зээлийн гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон боловч зээлээ төлж барагдуулаагүйн улмаас зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: Зээлийн үлдэгдэл 10 573 466 төгрөг, зээлийн үндсэн хүү 5 264 278 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 1 052 856 төгрөг, нийт төлөх дүн 16 890 601 төгрөг.

Иймээс А.Б-,, Ө.Б-нараас нийт 16 890 601 төгрөгийг гаргуулж шүүхийн шийдвэрийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд түүний Г-1105003291, Ү-1105002523, улсын бүртгэлийн дугаартай барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээлийг бүрэн барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б-, шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн мөнгийг А.Б-, би авч өөрийн бизнесийн ажиллагаанд зарцуулсан боловч бизнес маань бүтэлгүйтэж ашиггүй болсон. Хамтран зээлдэгч болох Ө.Байгальмаа нэг ч төгрөг аваагүй, зээлийг банкинд бага багаар төлөлт хийсэн боловч үндсэн зээлийн үнийн дүнгээс хасагдаагүй зөвхөн хүүнээс хасагдсан байна. Уг гэрээний үндсэн зээлээ А.Б-, миний бие К банкны нэхэмжилж буй өр төлбөрийг бие даан хариуцаж тус банкинд барьцаалсан өөрийн үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшин газар зэргээр зээлийг хааж барагдуулах хүсэлтэй байна.

Харин хамтран зээлдэгч Ө.Байгальмаад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэгэнт миний бие тус банкны зээлийн төлбөрт бэлэн мөнгө өгч чадахгүй тул барьцаа хөрөнгө болох хашаа байшинг банк зах зээлийн ханшаар худалдан борлуулж тус банкны зээл болон хүүгийн төлбөр болох 16 890 601 төгрөгийг аваад үлдэх мөнгийг надад олгож өгнө үү.

Газар хашаа байшин зах зээлийн ханшаар ойролцоогоор 40 000 000 төгрөг болох болов уу гэж бодож байна гэжээ.

Хариуцагч Ө.Б-шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

... А.Б-, нь 2015 оны 02 дугаар сард тус банкнаас хэдэн төгрөг зээлэх гэсэн юм та хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч өөр хүн алга нөхөр эзгүй ажилдаа буцсан учир танаас өөр хүн алга гарын үсгээ л зураад өг зээлийн эргэн төлөлтийг би өөрөө хариуцна гэж гуйсны дагуу мөн урьд нь зээлтэй байсан эсэхийг мэдэхгүй шинэлэх гэж л төгрөг авч байгаа юм байна гэж дүүдээ итгэсэн учир би гарын үсэг зурсан.

... А.Б-,гийн банкнаас зээлсэн мөнгөнөөс миний бие харилцах дансаар болон бэлнээр нэг ч төгрөг аваагүй, зээлийн  мөнгөө юунд зарцуулсныг би мэдэхгүй. Сүүлд Турк яваад надаар дамжуулж 10 удаа төлбөр хийлгүүлсэн.

... Дүү А.Б-, нь өөрийн барьцаанд тавьсан хөрөнгөөр банкны өр төлбөрийг төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн тул Байгальмаа надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2018/00466 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Б-,гаас 15.519.178 төгрөг 02 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “К банк” ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн хариуцагч Ө.Байгальмаагаас 8.445.300 төгрөг гаргуулах, хариуцагч А.Б-,гаас 1.371.422 төгрөг 98 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “К банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.403 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 203/МА2018/00037 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2018/00466 дугаар шийдвэрийн 1, 2 дахь заалтад дор дурдсан өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 451 дүгээр  зүйлийн 451.1” гэсний дараа  “453 дугаар зүйлийн 453.1” гэж,

хариуцагч А.Б-,гаас 15.519.178 төгрөг 02 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “К банк” ХХК-д олгож” гэсний дараа  “нэхэмжлэгчийн хариуцагч Ө.Байгальмаагаас 8.445.300 төгрөг гаргуулах, хариуцагч А.Б-,гаас 1.371.422 төгрөг 98 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай”  гэж нэмж,

“барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж” гэснийг хасаж,

б/шийдвэрийн 2 дахь заалтыг хариуцагч А.Б-, нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох  15.519.178 төгрөг 02 мөнгийг сайн дураар  биелүүлээгүй тохиолдолд  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн барьцаа болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Хан уулын 5-10 тоотод байрлах 697 м2 талбайтай Г-1105003291 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р багийн Хан уулын 5-10 тоотод Ү-1105002523 улсын бүртгэлийн дугаартай 74,9 м2 талбайтай хувийн орон сууцыг албадан худалдахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн  газарт даалгасугай гэж өөрчилсүгэй.

2.Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Д.Батцэцэгийн “нэмэгдүүлсэн хүү 1.371.422 төгрөгийг гаргуулах тухай” давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.893 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11, 12 дахь догол мөрөнд “Зээлийн гэрээний 8.3.3-т “Зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй /энэ нь 60 хоног үргэлжилсэн бол/ гэж тохирсон атлаа банк санаачлагаараа гэрээг цуцлаагүй байх ба гэрээг цуцлах боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь зээлдэгчийн гэрээний үүрэг зөрчиж эхэлсэн хугацаа болох 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны зээлийн гэрээний хүүг нэхэмжлэх үндэслэлгүй байна гэж үзээд хариуцагч  А.Б-,гаас зээлийн үндсэн төлбөр 10 573 466 төгрөг, үндсэн хүү 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 1 371 422 төгрөгийг хасч тооцон зээлийн хүүнд 3 892 856 төгрөг 02 мөнгө, нэмэгдүүлсэн хүүнд 1 052 856 төгрөг, нийт 15 519 178 төгрөг 02 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй" гэж үзсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Учир нь Зээлийн гэрээний 8.3.3-т зааснаар зээлдэгч зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь төлөөгүй нь гэрээг нэг талын санаачлагаар цуцлах үндэслэл байхаар талууд тохирсноос зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлөөгүй бол зээлдүүлэгч буюу банк зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцлах үүрэг хүлээсэн зүйл огт байхгүй юм.

Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн. Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндсэн хүүнд шаардсан 5 264 278 төгрөгийн шаардлагаас 1 371 422 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа нэмэгдүүлсэн хүү нь дээрх хуулиудад заасны дагуу үндсэн хүүгийн 20 хувиас хэтэрч болохгүй байх шаардлагыг зөрчиж 1 052 856 төгрөгийн шаардлагыг хэвээр үлдээсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндсэн хүүгийн шаардлага 5 264 278 төгрөг, гэрээнд заасны дагуу түүний 20 хувийн нэмэгдүүлсэн хүүнд 1 052 856 төгрөг болж байхад шүүх үндсэн хүүгийн шаардлага болох 5 264 278 төгрөгөөс 1 371 422 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож 3 892 856 төгрөг болгосон атлаа нэмэгдүүлсэн хүүнд 1 052 856 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зээлийн үндсэн хүүгийн 27 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болохоор байгааг анхаараагүй орхигдуулсан.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт шаардсан 16 890 601 төгрөгийн зээлийн үндсэн хүүнд шаардсан 5 264 278 төгрөгөөс 1 371 422 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасны дагуу түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасныг зөрчиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасны дагуу шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч “К банк” ХХК нь хариуцагч А.Б-,, Ө.Байгальмаа нараас зээлийн гэрийн гүйцэтгэлд 16 890 601 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч А.Б-, шаардлагыг зөвшөөрч, төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн бол хариуцагч Ө.Байгальмаа зээлийг аваагүй, ашиглаагүй тул хариуцлагаас чөлөөлүүлэх тайлбар гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж, зээлийн гэрээний үүргийн тооцооллыг тодорхойлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг тогтоосон нь буруу биш боловч давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 44.4.-т заасан шаардлагыг нэхэмжлэгчийн гаргасан “хүүгийн тооцоолол” гэх баримтад буруу хэрэглэж, дүгнэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ. Хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 44.4.-т заасан бичмэл нотлох баримтыг нотариатчаар гэрчлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулах зэрэг зохицуулалт нь бичмэл баримтын эх хувьд бус харин хуулбарт хамааралтай тул нэхэмжлэгчийн зүгээс хүүгийн тооцооллын өөрийн гаргасан эх баримтад байгууллагын тамга дарсныг буруутгах үндэслэлгүй болно.

Нөгөө талаар, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хоёр хариуцагчийн нэг нь биелүүлэх үүрэгтэй гэж үзсэн бол нөгөө хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох учиртай. Нэхэмжлэгч өөрийн шаардлагыг хариуцагч нараас хуваарилж шаардаагүй, хоёуланг нь хамтран хариуцагч гэж үзсэн, тухайн зээлийн үүрэг үл хуваагдах шинжтэй байхад шүүх хариуцагч Ө.Байгальмааг зээлийн гэрээний үүргийг хүлээх үндэслэлгүй гэж үзсэн атлаа түүнд холбогдох шаардлагыг бүхэлд нь бус харин нэхэмжлэлийн үнийн дүнгийн тал хувиар хэрэгсэхгүй болгосон учир дутагдалтай, нэхэмжлэлийн үнийн дүнтэй дүйцэхгүй байгааг шүүх анхаараагүй байна.

Дээрх зөрчил нь хариуцагч А.Б-,гийн зээлийн гэрээгээр хүлээх үүргийн хэмжээнд нөлөөлөхгүй учир магадлалд өөрчлөлт оруулаагүй болно.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хээг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 203/МА2018/00037 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 36 893 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН