Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 533

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
 
Нэхэмжлэгч: ...ХХК
 
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, ...тоотод оршин суух, овогт Ш.О/регистрийн дугаар: КЛ.../
 
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, ...тоотод оршин суух, овогт Г.Х/регистрийн дугаар: КЛ.../
 
Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7.580.026 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Г-..., Ү-... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ш.О, Г.Х, нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
 
Нэхэмжлэгч ...ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ХХК нь иргэн Шараа овогтой О, Ганхуяг овогтой Х нартай 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр №3Г/2032002047 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 9 000 000 төгрөгийн зээлийг гэр бүл ахуйн хэрэглээнд зориулалтаар 24 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн, жилийн 28.8 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 2-р багийн Хан-Уулын 24-6 тоотод байрлах Г-... улсын бүртгэлийн дугаартай 704 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-...улсын бүртгэлийн дугаартай 48 мкв талбайтай гражийн барилга, 5 ханатай гэр бүрэн тавилга зэргийг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төлөлт хийх болсон боловч Ш.О, Г.Х нар нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй ба одоо 5 311 383 төгрөгийн үндсэн зээл, 1 140 365 төгрөгийн зээлийн хүү, 228 073 төгрөгний хуримтлагдсан хүүг төлөөгүй ...ХХК нь Ш.О, Г.Х нарын хооронд байгуулсан № ЗГ/2032002047 тоот Зээлийн гэрээ-8.3.1 дах заалтуудыг тус тус зөрчин банкинд хүндрэл учруулаад байна. Ш.О, Г.Х нь үндсэн зээл 5 311 383 төгрөг, зээлийн үндсэн хүү 1 140 365, нэмэгдүүлсэн хүү 228 073 төгрөг, нийт 6 679 821 төгрөгийг зээлийн барьцаа хөрөнгө болох Г-..., Ү-...хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд тус мөнгөн хөрөнгө болон барьцаа хөрөнгийг хариуцагч Ш.О, Г.Х нараас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нь Ш.О, Г.Х нартай 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зээлийн 2032002047 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 9 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай сарын 2.4 хувь, жилийн 28.1 хувийн хүүтэйгээр зээл олгосон байгаа. Зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Өмнөговь аймгийн 2 дугаар баг Хан-Уул 24-6 тоотод байрлалтай 704 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 48 мкв талбайтай грашийн барилга, 5 ханатай гэр зэргийг тус тус барьцаалсан байгаа. Зээлдэгч нараас төлөөгүй байгаа нийт 7 580 026 гаргуулж Шүүхийн шийдвэрийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд түүний Т11052046, Ү11052857 улсын бүртгэлийн дугаартай барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээлийг бүрэн барагдуулж өгнө үү. Үлдэгдэл нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн байдлаар 7.451 175,77 төгрөг байгаагаас үлдсэн сарууддаа хуваагаад нэг харилцагч 3.725.587,88 төгрөг төлөхөөр байгаа юм. 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш хариуцагч Ш.Огийн үндсэн зээлээс төлсөн мөнгө нь 1.161.222,45 төгрөг, хариуцагч Г.Х нь 1.217.972,11 төгрөг төлсөн. Одоо төлөх ёстой нь хариуцагч Ш.О 2. 564.365,43 төгрөг, хариуцагч Г.Х 2.507.615,77 төгрөг ногдож байгаа. Манай нэхэмжилж буй хугацаа маань 2017 оны 08 дугаар сараас эхлэн зээлдэгч нар огт төлөлтөө хийгээгүй, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 451 хоног хугацаа хэтэрсэн гэж үзээд хүүгээ нэхэмжилж байгаа гэв.
 
Хариуцагч Ш.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Капитал банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсны дараа нөхөр Г.Хтай таарч тохирохгүй Г.Х ******* гэдэг эмэгтэйдээ сууж, би хүүтэйгээ тусдаа амьдрах болсон. Зээлээ хэн нь яаж төлөх талаар хэрүүл болж, сүүлдээ банкин дээр тус тусдаа дуудагдаж уулзсан. Г.Хын гэрт банкны 2 эдийн засагч, жолоочтойгоо очиж уулзаад Г.Х сондгой тоотой сарын мөнгийг төлөх талаар амаар тохиролцсон байсан. Ингээд намайг дуудаж тэгш тоотой сарын мөнгийг та төл гэсэн. Энэ тохирсон ёсоор би төлж ирсэн. Тохирсон ёсоор бол би 2014 оны 12, 2015 оны 02, 04, 06, 08, 10, 12, 2017 оны 02, 04, 06, 08 цап буюу нийт 11 сарын зээл төлөх ёстой. Сард төлөх зээл 495.143 төгрөг байсан. Ингээд бодоход 11 сар 495.143 төгрөгөөр төлөхөд нийт 5.446.673 төгрөгийг гэрээний дагуу төлөхөөс би 2017 оны 04, 06, 08 дугаар сарууд буюу нийт 3 сарын 1.485.430 төгрөг төлөөгүй. Бусад 3.961.148 төгрөгийг төлсөн. Гэтэл банк намайг 3.453.295,48 төгрөг төлсөн гэсэн тооцоо гаргаж өгсөн байна. Би бодохдоо Г.Хын төлөөгүй сарын зээлийн хүүнд миний төлсөн мөнгөнөөс суутгасан болов уу гэж бодож байна. Бид нар гэр бүлээ шүүхээр салгуулсан. Энэ үед ч би банкин дээр очиж бид нар шүүхдэлцээд байна. Танайх одоо бид хоёрыг шүүхэд өгч өр зээлээ шийдүүлье, хашаа газраа би хүүгийнхээ нэр дээр болгох гээд байна гэдгээ банкинд хэлэхэд тохирсон ёсоор төлж бай гээд шүүхэд өгөөгүй. Ийм учраас би нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй төлөх ёстой мөнгөө харин ч банкны шаардсан ёсоор төлж ирсэн, Би банкинд зээл хугацаанд төлж чадахгүй байдалд хүрлээ, шүүхдээд өгөөч гэж удаа дараа гуйж байсан. Тийм учраас би одоо илүү мөнгө төлсөн гэж бодож байгаа гэжээ.
 
Хариуцагч Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл төлөгдсөн тохиолдолд барьцаа хөрөнгөөр заавал зээлийг төлөхгүй гэдэгтэй би санал нийлж байна. Мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Банкийг хохиролгүй болгох нь үнэн. Гэхдээ үл хөдлөх хөрөнгөө хураалгахгүй дээр нь нэмээд нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 01 дүгээр сарын 19-нд Г.Х дээр очиж тэгш, сондгой тоотой сараар хувааж төлнө гэж аман гэрээ хийсэн байдаг. Энэ үеэс эхлээд банкны зээлийн хувиар хүчингүй болсон гэж үзэж байгаа. Сарын хэдэн төгрөг гэж Г.Хтай тохирсон боловч надтай тохироогүй. Яг Г.Хыг авч ирээд гарын үсэг зуруулсан тохиолдолд би зөвшөөрнө, энэ хүнээс гарын үсэг ав гэж би банкныханд хэлсэн. Аман гэрээ хийхэд нэмэгдүүлсэн хүүний талаар гэрээ хийгээгүй, зүгээр л сард хэдэн төгрөг төлөх талаар мөнгөн дүн яригдсан болохоос биш үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар бичгээр хийгдээгүй учраас би зөвшөөрөхгүй байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр миний зээл хэдэн төгрөг үлдсэн байна вэ, түүнээс хойшхи мөнгийг Г.Х бид хоёр тэгш хувааж төлнө гэж үзэж байгаа юм. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийтдээ 3.453.000 төгрөг төлсөн байдаг юм. Үүнийгээ 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш хэдийг төлсөн байна түүнийг үзээд зээлийн үлдэгдлийг тэгш хоёр хуваагаад миний төлөх энэ дүн гарч ирж байгаа үзэж байна. 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар мөнгөн дүнг би сонслоо. Г.Х 3 сая гаруй төгрөг төлсөн, Ш.О 3 сая гаруй төгрөг төлсөн. Би зээлийн журам өөрчлөгдсөн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл аман гэрээ хийсэн байсан. Гэр бүлийн харилцаа сонин болсон үеэс эхлээд банкинд хандаж шүүхдээрэй гэж хэлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг асуугаад байдаг учир нь юу вэ гэвэл энэ хугацаанд би хугацаа хэтэрсэн зээл байгаагүй. 2017 оны 02 дугаар хойш би зээлээ төлөөгүй. Тэгш, сондгой сараар Капитал банк, Г.Хтай гэрээ хийсэн байсан. Тухайн үед би тэгш тоотой саруудад зээлээ хугацаандаа төлөөд явж байсан. Хариуцагч Г.Х мөнгөө төлөхгүй байж байж байгаад л бөөнөөр нь хийдэг байсан. Хариуцагч Г.Х бид хоёрын төлсөн мөнгө үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү гэдэг зүйл яваад байсан. Үндсэн зээлээс хамгийн түрүүнд үндсэн зээлээс хасах ёстой байтал үндсэн зээлээс жоохон хасаад л хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасахаар чинь бид хоёрын төлсөн мөнгө юу ч болохгүй байсан. Нэмэлт журам гаргах шаардлагагүй гэдгийг би сая сонсож байна. Капитал банкны захирал, мэргэжилтэн, жолооч гурав хамт очиж Г.Хтай аман гэрээ хийж хоорондоо тохиролцсон байдаг юм. Ийм шийдвэр гарсан гэж надруу утсаар яриад хүрээд ир гэж хэлсэн. Ийм асуудал болно гэдгийг би сайн мэдэж байсан учраас 2017 оныг хүртэл зээлээ хугацаандаа төлөөд явсан. Гэтэл оны эцсээр зээлээ төл гэж хэлсэн. Би хугацаандаа зээлээ төлж байгаа гэж хэлсэн боловч хариуцагч Г.Х зээлээ төлөөгүй гэж хэлсэн. Би зээлээ төлнө гэсэн сэтгэл маш их байсан. Би ...дээр очоод зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулаач намайг шүүхдээд өгөөч би танай банкийг хохиролгүй болгоё, би байнга хичээл ороод төвөөр явж байдаг хүн танай банкны хажуугаар гарахад яс хавталзаж байна гээд 2015 оны 11 дүгээр сараас эхлээд захиралд нь удаа дараа хэлж байсан. Гэвч 2017 онд намайг шүүхэд өгсөн. Бүтэн жил гаруйн дараа шүүхдэж хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн дарамтанд намайг оруулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр уншиж сонсгосон хэсэг надад маш чухал байсан юм. Би сар сардаа төлсөн, Г.Х ч мөн адил төлсөн байдаг боловч үндсэн зээлд ороогүй хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцогдож байсан гэв.
 
Хариуцагч Г.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Х би 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 9.000.000 төгрөгийн зээлийн Капитал банкнаас Ш.О нь гаргуулж авсан. Би хамтран зээлдэгчээр нь орсон. Би энэхүү зээлийн мөнгөнөөс авч хэрэглээгүй бөгөөд энэ мөнгийг юунд зарцуулсан болохоо Ш.О өөрөө мэдэж байгаа. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Капитал банкны мөнгийг хувааж төлөхөөр тогтсон. Миний төлөх 3.966.794 төгрөг гарсан. Үүнээс миний төлсөн 3.350.000 төгрөг байгаа. Одоо үлдэгдэл 617.000 төгрөгийг төлнө. Иймд Капитал банкнаас нэхэмжилж байгаа мөнгийг би төлж чадахгүй. Энэхүү зээлийн барьцаанд байгаа эд хөрөнгө нь Ш.Огийн мэдэлд байгаа гэв.
 
Хариуцагч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Аваад хэрэглэсэн хүмүүс нь өөрсдөө мөнгөө төлөх байх. Би төлж чадахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Банкны 4 000 000 төгрөгийн зээл байсныг сунгаад 9 000 000 төгрөг болгосон байсан гэв.
 
Нэхэмжлэгч ...ХХК 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Капитал банкны зүгээс Ш.О, Г.Х нарт холбогдуулан зээлийн төлбөрт 6.679.821 /Зургаан сая зургаан зуун далан есөн мянга найман зуун хорин нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсантай холбоотойгоор нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш бодогдсон үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалт, мөн зээлдэгчтэй байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №3172032002047 тоот зээлийн гэрээний 3.1.3 хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг 150.872 /Нэг зуун тавин мянга найман зуун далан хоёр/ төгрөгөөр нэмэгдүүлж нийт 6.830.693 /Зургаан сая найман зуун гучин мянга зургаан зуун ерэн гурван/ төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
 
Нэхэмжлэгч ...ХХК 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Капитал банкны зүгээс Ш.О, Г.Х нартай холбогдуулан зээлийн төлбөрт 6.830.693 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж Давж заалдах шатны шүүхээс буцан анхан шатны шүүх рүү шилжсэн тул нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш бодогдсон үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т заалт, мөн зээлдэгчтэй байгуулсан 2015 оны 08 сарын 13-ны өдрийн №ЗГ/2032002047 тоот зээлийн гэрээний 3.1.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг 749 333 /долоон зуун дөчин есөн мянга гурван зуун гучин гурван төгрөг/ төгрөгөөр нэмэгдүүлж нийт 7 580 026 /долоон сая таван зуун наян мянга хорин зургаан төгрөг/ төгрөг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.
 
Хариуцагч Ш.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ш.О миний бие нь Капитал банкнаас гаргасан нэмэгдүүлсэн хүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээгээ амаар Г.Хтай тохирч зөвшилцсөн. Энэ тохиролцооных нь дагуу би зээлээ цаг тухай бүрд нь төлж явсан. Г.Хын төлөөгүй хугацааных нь хүүг би төлж байснаа мэдээгүй. Банкнаас Г.Х бид хоёрын төлж байсан. Мөнгийг мөн гэрээгээ өөрөө зөрчсөнийг нотлох банкнаас гаргасан тамга бүхий хоёр хуудас материал хавсаргав. ...нь иргэн Г.Х бид 2-оос зээлийн гэрээний дагуу зээлээ төлөөгүй гэж мөнгө, бас зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж нэхэмжпэл гаргасан. Энэ хэрэг анхан шатны шүүхээр шийдэгдээд, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд дахин шийдүүлэхээр ирээд байгаа. ...дахин мөнгөө нэмэгдүүлсэн байна. Би аль ч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь: Би банкин дээр очиж шүүхдээд өгөө, зээлээ төлж чадахгүй боллоо гэдгээ гэр бүлийн маргаан болсон үеэс эхэлж, дараа нь шүүх хурал дуусангуут, шүүхийн шийдвэр бичигдээд ирэхэд шийдвэрээ бариад шууд очиж хэлж байсан. Мөн миний олон удаагийн гуйлтаар банк шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж боддог. Гэтэл банк шүүхэд өгөлгүйгээр өөрийнхөө санаачлагаараа тэгш, сондгой сараар төлүүлнэ гэж Хтай 2016 оны 1 сарын 19-ний өдөр гэрт нь очиж тохирсон байсан. Энэ үйлдэл нь банкны өөрийнх гаргаж өгсөн Ш.Огийн зээл төлөлтийн хураангуй гэсэн нэртэй, тооцоо хийсэн Б.Б гэсэн баримтаар нотлогдож байгаа. Тиймээс 2016 оны 01 сарын 19-ний өдрөөс зээлийн гэрээгээ банкийг өөрийнхөө санаачлагаар цуцалсан гэж үзэж байгаа. Гэрээний гэрээ дуусгавар болох гэсэн хэсэгт ч төлөх боломжгүй нөхцөл үүссэн бол банк санаачлагаараа цуцлах гэж байгаа. Иймд энэ өдөр хүртэл төлөх ёстой байсан мөнгөө гүйцэд төлсөн. Банк зээлийн гэрээг бичгээр хийсэн байтлаа өөрчлөлт оруулж Х бид 2-ыг цап сараар төлүүлэхээр шийдсэн байгаа нь анхны зээлийн гэрээ цуцлагдсан болохыг давхар нотолж байгаа. Хэрвээ цуцлаагүй бол анхны гэрээний дагуу үндсэн зээлдэгч намайг зээлээ төл гэж шаардах байсан. Гэтэл бид 2-оор тэгш сондгой тоотой сараар төлүүлэхийг шаардаж байсан. Банк өөрөө Хтай тохирсон үеэс эхлээд зээл төлөлтийн хугацаа хэтэрч, маргаан үүсч эхэлсэн. Энэ өдөр хүртэл би зээлийг өөрөө хариуцаж төлж байсан учраас ямарч хугацаа хэтэрсэн асуудал байхгүй байсан. Иймээс энэ тайлбартайгаа холбогдуулж дараах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Банкнаас 2016 оны 01 сарын 19-ний өдөр зээлийн үлдэгдэл хэдэн төгрөг байсан тооцоог гаргуулж өгнө үү. Учир нь би энэ өдрийг хүртэл төлөх байсан зээлийн үлдэгдлийг хоногоор тооцох боломжгүй байна. Мөн энэ өдөр хүртэл хугацаа хэтэрсэн зөрчил гаргаагүй байсан. Энэ бүхнийг энэ тооцоо нь нотлох ач холбогдолтой юм гэжээ.
 
Хариуцагч Г.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Харлаг овогт Ганхуяагийн Х миний бие Капитал банкнаас нэхэмжилж байгаа 7 580 026 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл шүүхэд нэхэмжлэл өгсөн өдрөөс эхлэн зээлийн хүү зогссон гэж ойлгож байсан. Ийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 10 сард гэрлэлт цуцлах шүүх хурлаар капитал банкны зээлийг Ш.Отой хувааж төлөх шүүхийн шийдвэр гарч 3 966 794 төгрөгийг би төлөхөөр болсон. Энэ хугацаанаас хойш би боломж бололцоогоороо төлсөөр ирсэн. Уг нь төлсөн банкны хуулгийг түрүү шүүх хуралд өгсөн байлаа. Одоо үлдэгдэл 617 000 төгрөгийг би төлж барагдуулна гэжээ.
 
Шүүх хуралдаанаар талуудын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/466 дугаартай итгэмжлэл, ...ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-2032002047 дугаартай зээлийн гэрээний хуулбар, барьцааны гэрээний хуулбар, 2015-333 дугаартай барьцаалбарын хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зүйл, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулагчид өгөх мэдээллийн маягтын загвар, 000125837 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 000318124 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээл хүсэгчийн өргөдлийн хуулбарууд, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-уулын 2 дугаар багийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолтын хуулбар, хүү тооцооллын хүснэгт, мемориалын баримт, төлбөрийн баримт, хариуцагч Г.Хын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хариу тайлбар, Депозит дансны харилцагчийн монгол хуулга, хариуцагч Ш.Огийн 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хариу тайлбар, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, хүү тооцооллын хүснэгт, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 182687 дугаартай өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эвлэрлийн гэрээ, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2016/00474 дугаартай шийдвэрийн хуулбар, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 16-ны 278 дугаартай тэмдэглэл, 143/ШШ2018/00228 Шийдвэр, Ш.Огийн давж заалдах гомдол, дипозит дансны хуулга, Ш.Огийн хүсэлт, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, 203/ШТ2018/00016 шүүхийн тогтоол, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, 203/МА2018/00028 дугаартай Магадлал, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ...ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2 хуудас хүү тооцоололын хүснэгт, хариуцагч Г.Х, Ш.О нарын гаргасан хариу тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарын хүснэгт, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Ш.Огийн гаргасан хариу тайлбар, хүсэлт, Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, Зээлийн мэдээллийн сан, Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаал 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А-193/228 дугаартай тушаал, Активыг чанарын үзүүлэлтээр ангилах ерөнхий хүснэгт зэргийг шинжлэн судлаад,
 
ҮНДЭСЛЭХ НЬ:
 
Нэхэмжлэгч ...ХХК нь Ш.О, Г.Х нарт холбогдуулж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7 580 026 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Г-..., Ү-... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
 
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ...ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Ш.О 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр /хх-28/, хариуцагч Г.Х 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр /хх-27/, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч Ш.О 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр /хх-67/, хариуцагч Г.Х 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр /хх-58/, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч Ш.О 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр /хх-145/, хариуцагч Г.Х 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр /хх-146/ тус тус хүлээн авч хариу тайлбар гаргажээ.
 
2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ...ХХК-ийн Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч *******, зээлдэгч Ш.О, Г.Х нар харилцан тохиролцож ЗГ/2032002047 дугаартай зээлийн гэрээ, БГ/2032002047 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж, 9.000.000 төгрөгийг сарын 2.40 хувь, жилийн 28.80 хувь байхаар 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэг, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж гэрээг хуульд нийцүүлж хийсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хавсралт 1-т банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарьт Г.Х, Ш.О нар нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл үндсэн зээл 9.000.000 төгрөг + хүү 2.883.447 төгрөг 06 мөнгө = 11.883.447 төгрөг 06 мөнгийг ...ХХК-д төлөхөөр тохиролцжээ.
Нэхэмжлэгч ...ХХК нь Ш.О, Г.Х нарыг зээлийн гэрээний 4.2.1-т зааснаар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй нь гэрээний үүргийн зөрчил гэж үзэж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 7 580 026 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Ш.О, Г.Х нар нь зээлийн гэрээний үүрэг, түүний гүйцэтгэлийн талаар тус тус тайлбар гаргаж маргана.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь ...хариуцагч Ш.О үндсэн зээлээс 1.844.968 төгрөг, үндсэн зээлийн хүү 1.589.605 төгрөг, үндсэн зээлийн нэмэгдүүлсэн хүү 34.555 төгрөг 84 мөнгө нийт 3.469.129 төгрөг төлсөн. Хариуцагч Г.Х үндсэн зээлээс 1.220.916 төгрөг 35 мөнгө, үндсэн зээлийн хүү 1.858.532 төгрөг 32 мөнгө, үндсэн зээлийн нэмэгдүүлсэн хүү 155.734 төгрөг нийт 3.235.182 төгрөг 53 мөнгө төлсөн... гэсэн тайлбарыг гаргасан ба хариуцагч нар энэ үнийн дүнд маргахгүй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь зээлдэгч гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.
Харин зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хувиараар зээлдэгч нар гэрээний хугацаа буюу 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл үндсэн зээл 9.000.000 төгрөгнөөс хариуцагч Ш.Огийн төлсөн 1.844.968 төгрөг + хариуцагч Г.Хын төлсөн 1.220.916 төгрөг 35 мөнгийг хасч тооцон = нийт 3.065.884 төгрөг, хүүгийн төлбөр 2.883.447 төгрөг 06 мөнгө төлөхөөс ёстой байснаас хариуцагч Ш.Огийн төлсөн 1.589.605 төгрөг + хариуцагч Г.Хын төлсөн 1.858.532 төгрөг 32 мөнгийг хасч тооцон = 3.428.137 төгрөг төлсөн байх ба хариуцагч нарын нийт төлсөн хүү 3.428.137 төгрөгнөөс зээлийн эргэн төлөх хуваариар төлөх ёстой хүү 2.883.447 төгрөг 06 мөнгийг хасч тооцоход = 544.690 төгрөг байна.
Үүнээс үндсэн зээл 9.000.000 төгрөгнөөс үндсэн зээлд хариуцагч нарын төлсөн 3.065.884 төгрөгийг хасч тооцоход = 5.934.116 төгрөгөн дээр + хариуцагч нарын илүү төлсөн хүү 544.690 төгрөгийг нэмбэл = 5.389.426 төгрөг байна. Түүнчлэн талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.3-т зааснаар төлөгдөөгүй үндсэн зээлийн дүн 5.389.426 төгрөгийн үндсэн хүүний 20 хувь болох 388.038 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, мөн хуулийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан ба нэхэмжлэгч нь бичгээр тохиролцоогүй хүүгийн төлбөрийг шаардах эрхгүй, өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших, тохиролцоогүй хүүгийн төлбөрийг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1.802.562 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Хариуцагч Ш.О нь ... Банк зээлийн гэрээг бичгээр хийсэн байтлаа өөрчлөлт оруулж Г.Х бид 2-ыг цап сараар төлүүлэхээр шийдсэн байгаа нь анхны зээлийн гэрээ цуцлагдсан болохыг давхар нотолж байгаа. Хэрвээ цуцлаагүй бол анхны гэрээний дагуу үндсэн зээлдэгч намайг зээлээ төл гэж шаардах байсан. Гэтэл бид 2-оор тэгш сондгой тоотой сараар төлүүлэхийг шаардаж байсан. Банк өөрөө Хтай тохирсон үеэс эхлээд зээл төлөлтийн хугацаа хэтэрч, маргаан үүсч эхэлсэн. Энэ өдөр хүртэл би зээлийг өөрөө хариуцаж төлж байсан учраас ямарч хугацаа хэтэрсэн асуудал байхгүй байсан ... гэсэн тайлбарыг гаргажээ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна, мөн хуулийн 242.11 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3-т Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасныг зээлдэгч Ш.О нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул хариуцагч Ш.Ог зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.
Харин Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2016/00474 шийдвэрээр Г.Хаас зээл, зээлийн хүү, үлдэгдэл төлбөр 3.966.794 төгрөг гаргуулж Ш.Од олгохоор шийдвэрлэж, дээрхи шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба хариуцагч нарын зээлийн гэрээний үүрэг 5.777.464 төгрөг - 3.966.794 төгрөг /шүүхийн шийдвэрээр тогтоогдсон/ = 1.810.670 төгрөгийг хариуцагч нарт ижил тэнцүү хувааж тооцвол 905.335 төгрөг болох ба үүнээс хариуцагч Ш.Огоос 3.966.794 төгрөг + 905.335 төгрөг = 4.872.129 төгрөг, хариуцагч Г.Хаас 905.335 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Г-..., Ү-... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2016/00474 шийдвэрээр Г.Хаас улсын бүртгэлийн Г-..., Ү-...дугаартай барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг Ш.Од олгохоор шийдвэрлэжээ.
Зохигчдын хооронд 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний 3.2.11-т барьцаалуулагч нь барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрх, уг хөрөнгөтэй холбоотой шүүхээс хэрэг үүсгэн барьцаалагчийг хамтран хариуцагчаар татсан бол энэ тухай банкинд нэн даруй мэдэгдэх , 3.2.13-т барьцаалуулагчийн буруутай ажиллагаанаас үүдэн ... барьцааны зүйлтэй холбоотой ямар нэгэн хууль, эрх зүйн зөрчил, маргаан илэрсэн тохиолдолд энэхүү гэрээ болон зээлийн гэрээний дагуу банкны өмнө хүлээсэн үүргээс барьцаалуулагч чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд банктай харилцан тохиролцсоны үндсэн дээр банкны шаардлагыг хангах өөр бусад хөрөнгөөрөө хангах, банкинд нэмж хөрөнгө барьцаалах, үүнээс үүдэн гарах бүх хохирлыг бүрэн хариуцах гэж талууд харилцан тохиролцсон бөгөөд барьцаа хөрөнгийн талаар шүүхийн шийдвэр гарсан талаар хариуцагч нар нь банкинд удаа дараа мэдэгдсэн гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн үед байсан банкны удирдлагууд хэрхэн шийдвэрлэснийг мэдэхгүй гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан бөгөөд энэ талаар хариуцагч нар банкинд мэдэгдээгүй гэдгийг нотлож чадаагүй болно.
Иймд нэхэмжлэгч нь барьцааны зүйлтэй холбоотой маргаан шийдвэрлэснийг мэдсэн, мэдэх боломжтой байсан атал барьцааны гэрээний 3.2.13-т заасныг хэрэгжүүлээгүй байх тул дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/5772 дугаартай итгэмжлэл, ...ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-2032002047 дугаартай зээлийн гэрээний хуулбар, барьцааны гэрээний хуулбар, 2015-333 дугаартай барьцаалбарын хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зүйл, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулагчид өгөх мэдээллийн маягтын загвар, 000125837 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 000318124 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээл хүсэгчийн өргөдөлийн хуулбарууд, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2016/00474 дугаартай шийдвэрийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт хамааралтай байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ба үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зүйл, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулагчид өгөх мэдээллийн маягтын загвар, 000125837 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 000318124 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-уулын 2 дугаар багийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолтын хуулбар зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, депозит дансны харилцагчийн монгол хуулга, хүү тооцооллын хүснэгт, зээлийн мэдээллийн сан, Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаал 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А-193/228 дугаартай тушаал, Активыг чанарын үзүүлэлтээр ангилах ерөнхий хүснэгт зэрэг нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
 
1.   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Огоос 4.872.129 төгрөг, хариуцагч Г.Хаас 905.335 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ...ХХК-д олгосугай.
2.   Нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1.802.562 төгрөг гаргуулах, төлбөр төлөөгүй тохиолдолд ... дугаартай, ...дугаартай улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149.537 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Хаас 26.278 төгрөг, хариуцагч Ш.Огоос 92.904 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ...ХХК-д олгосугай.
 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
 
 
 
 
 
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                                   Л.УГТАХБАЯР