Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2022/02587

 

 

 

 

 

 

 

    2022 оны 09 сарын 06 өдөр

          Дугаар 182/ШШ2022/02587

             Улаанбаатар хот

 

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЕФФ ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилласан хугацааны цалинд 400,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч З.А,

Хариуцагчийн төлөөлөгч А.О, өмгөөлөгч Ц.М,

Гэрч О.Б, Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2021.11.24-ний өдөр ЕФФ  ХХК-ийн түгээлтийн жолоочийн албан тушаалд 1 сарын туршилтын хугацаатайгаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингэхдээ өөрийн эзэмшлийн 53-** УБН  улсын дугаартай, Тоёота Эстима маркийн автомашинаа албаны хэрэгцээнд ашиглахаар, байгууллага сар бүр 50,000 төгрөг нэмж олгож байхаар тохиролцсон. Улмаар 2022.01.17-ны өдөр тус албан тушаалдаа жинхлэн томилогдсон бөгөөд ажлын байрны тодорхойлолтын дагуу эмийн бүтээгдэхүүнийг компанийн төв агуулахаас авч, Улаанбаатар хотод байрлах 10 салбарт нь хүргэх ажлыг өөрийн өмчлөлийн Тоёота эстима маркийн 53-01 УБН улсын дугаартай автомашиныг ашиглан хийж байсан. Байгууллага миний хувийн машиныг компанийн ажилд ашигласныхаа төлөө сард 50,000 төгрөгийн элэгдэл хорогдлын мөнгө өгнө гэж тохирсон. Ийнхүү би өөрийн эзэмшлийн машинаар ажил үүргээ гүйцэтгээд явж байтал 2022.01.27-ны өдөр миний машины мотор цохиж, эвдэрсэн. Би тэр даруй байгууллагын удирдлагад хэлсэн, яаралтай засуул гэсэн, тэгээд би нийт 2,850,000 төгрөгөөр машинаа засуулсан. Өөрөөр хэлбэл, байгууллагаас машины элэгдэл, хорогдлын мөнгөө урьдчилан тооцуулж 550,000 төгрөг авсан, өөрийн нагац ах Ш.Энхболдоос 2.000.000 төгрөг зээлсэн, үлдэгдэл 300,000 төгрөгийг хувиасаа гаргасан. Тэгээд би энэ засварын мөнгийг байгууллагаас гаргуулах тухай хүсэлтийг 2022.01.31-ний өдөр гаргасан боловч удирдлагын зүгээс хүсэлтийг хүлээж аваагүй. Тийм учраас би 2022.02.09-ний өдөр тээврийн хэрэгслийн засварын төлбөр төлүүлэх тухай өргөдлөө дахин гаргасан. Тэгээд дэд захирал Ц.А надтай уулзаж, нагац ахаас зээлсэн 2,000,000 төгрөгийг компанийн зүгээс чамд зээлнэ, тэгээд намайг графикийн дагуу цалингаасаа төл гэсэн учир би аргагүйн эрхэнд зөвшөөрсөн. Ингээд компани надад 2022.02.15-ны өдөр 2.000.000 төгрөгийн зээл олгосон бөгөөд энэ маргаан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа.

Миний бие анх ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээгээ огт танилцаагүй байсан учраас байгууллагаас гэрээг авсны дараа танилцаж үзэхэд компанийн зүгээс намайг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай багаж хэрэгслээр хангахаар заасан байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.6, 126 дугаар зүйлд ажил олгогч нь ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх, эсхүл ажил олгогч ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай багаж хэрэгслээр хангаагүйгээс ажилтан хувийн багаж хэрэгсэл, эд зүйлээ ашигласан, эсхүл ажилтны багаж хэрэгсэл, эд зүйлийг хэрэглэхээр харилцан тохиролцсон бол ажил олгогч гарах зардлыг нөхөн төлнө гэж заасан байсан. Энэ бүгдийг мэдсэний дараа 2022.03.10-ны өдөр компанид гомдол гаргаж, хууль гэрээний дагуу тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний зардлыг 100 хувь ажилтнаар хариуцуулж байгаа нь буруу болохыг дурдаж, цалингаас дахин суутгал хийхгүй байхыг мэдэгдэж, эдгээр зөрчил асуудлуудыг шийдвэрлэхгүй бол зохих ёсны байгууллагуудад гомдол гаргахыг мэдэгдсэн. Харин байгууллагын зүгээс намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1‑д заасныг үндэслэн, намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж бичээд, 2022.03.10-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан.

Миний бие өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг албан ёсоор гаргасан зүйл байхгүй. Харин 2022.02.09-ний өдөр компанийн удирдлагад хандан тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний зардал төлүүлэх асуудлаар гаргасан өргөдөлдөө ...компани энэ асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол би ажлаасаа гарч, шийдвэрлэх газраар нь шийдүүлнэ... гэсэн зүйл бичсэн байсан. Гэтэл компани нь миний өргөдөл дээрх дээрх үг өгүүлбэрийг ашиглан намайг өөрийн хүсэлтээр ажлаас гарсан мэтээр тушаал гаргаж, ажлаас хууль бусаар халж байгааг зөвшөөрөхгүй. Миний үндсэн цалин 1,000,000 төгрөг, үүнээс суутгалаа төлөөд урьдчилгаа 400,000 төгрөг, сүүлд 400,000 төгрөг гэж цалингаа хоёр хувааж авдаг. Би өөрөө 3 сарын 14‑ний өдрийг хүртэл ажилласан гэж үзэж байгаа, байгууллага миний урьдчилгаа 400,000 төгрөгийн цалинг олгоогүй. Хариуцагч байгууллага дээр Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, улмаар Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дэргэд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байна. Иймд шүүхэд шууд хандсан бөгөөд, намайг түгээлтийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, ажилласан хугацааны цалинд 400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.А  нь ЕФФ  ХХК-нд 2021.11.24-ний өдрөөс туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно. Ингэхдээ өөрийн эзэмшлийн 53-** УБН  улсын дугаартай, Тоёота Эстима маркийн автомашинаа албаны хэрэгцээнд ашиглахаар, байгууллага сар бүр 50,000 төгрөг нэмж олгож байхаар тохиролцсон гэдэг. Ер нь жолооч өөрийнхөө автомашины бүрэн бүтэн байдлыг шалгах үүрэгтэй, харин автомашины тос маслыг нь солиогүйгээс мотор нь цохиж, эвдэрсэн гэдэг. Ингээд энэ автомашины асуудлаа шийдвэрлэж өгөхийг байгууллагаас удаа дараа хүссэн, шийдэж өгөхгүй бол ажлаасаа гарна гэдгээ өөрөө илэрхийлж байсан байдаг. Ингээд байгууллага автомашиныг засаж өгөх боломжгүй, харин цалингийн зээл аваад, сар бүр цалингаасаа суутгуулж болохыг хэлсэн, үүнийг нэхэмжлэгч З.А  өөрөө зөвшөөрч, байгууллагаас 2 сая төгрөгийн зээл авч, цалингаасаа суутгуулж эхэлсэн байдаг. Энэ 2 сая төгрөгийн зээлийн асуудлыг З.А д холбогдуулж тусад нь манай байгууллагын зүгээс Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхэд хэрэг үүсгэн ажиллагаа явагдаж байгаа учраас автомашины засвар, үйлчилгээтэй холбоотой 2 сая төгрөгийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа учир дахин хөндөх шаардлагагүй гэж үзэж байна.

Тийм учраас нэхэмжлэгч З.А ийн ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориг, өргөдлийг үндэслэн түүнийг ЕФФ  ХХК-ийн захирлын 2022.03.10-ны өдрийн Дугаар 01/28 тоот тушаалаар 2022.03.10-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Ажилтны өргөдөл гэдэгт өөрийн хүсэл зоригийг илэрхийлсэн, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч З.А  нь өмнөх шүүх хуралдааны явцад өөрийн хүсэл зоригийн дагуу, байгууллага түүний машины эвдрэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй болохоор гомдсондоо өргөдөл бичсэн гэдгээ хэлсэн нь тэмдэглэлд туссан байна лээ. Түүнийг байгууллагын зүгээс шахсан, дарамталсан, өргөдөлд хүчээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Иймд З.А ийн 2022.02.09-ний өдрийн өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, мөн хуулийн 79.2 дахь хэсэгт Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно гэж заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Энэхүү тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул түүнийг ажилгүй байсан гэж үзэх боломжгүй тул цалин хөлс гаргуулах шаардлага үндэслэлгүй юм.

Ажлаас чөлөөлсөн тушаал дээр нэхэмжлэгч З.А тэй өр, авлагын тооцоо хийх талаар тусгасан байгаа бөгөөд тэрээр 3 сарын 10‑ны өдрийг хүртэл ажилласан, 14‑ний өдрийг хүртэл ажилласан байх боломжгүй. Урьдчилгаа цалин гэж үзэхгүй. Яагаад гэвэл ажлаас чөлөөлөгдсөн өдрөөр тасалбар болж цалин, хөлсний тооцоо хийгдэх учиртайн. Цалин хөлсний баримтаас үзвэл түүнд 597,513 төгрөг бодогдсныг зээлийн өрөнд суутгасан байгаа. Тиймээс байгууллага зээлсэн 2 сая төгрөгөөс энэ суутгасан үнийн дүнг хасаж, 1,500,000 төгрөгийг нэхэмжилж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан, тус шүүхэд ажиллагаа явагдаж байгаа болно. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлага мөн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч тал, иргэний үнэмлэх, 2021.11.24, 2022.01.17‑ны өдрүүдийн хөдөлмөрийн гэрээ, 2022.03.10‑ны өдрийн 01/28 дугаартай ажлаас чөлөөлсөн тухай тушаал хуулбар, 2022.03.10, 2022.01.31, 2022.02.09‑ний өдрүүдийн өргөдлүүд, Худалдаа, хөгжлийн банкны дансны хуулга гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

 

4.Хариуцагч тал, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.01‑ний өдрийн 5787 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, 2022.03.10‑ны өдрийн 01/28 дугаартай ажлаас чөлөөлсөн тухай тушаал, нэхэмжлэгч З.А ийн ажлаас чөлөөлөгдөх тухай 2022.02.09‑ний өдрийн өргөдөл /цохолттой/, 2021.11.24‑ний өдрийн ажилд авах тухай тушаал, 2022.01.17‑ны өдрийн үндсэн ажилтнаар ажиллуулах тухай тушаал, 2017.03.16‑ны өдрийн 25/01 дүгээр тушаалын хавсралт болох хөдөлмөрийн дотоод журам, З.А ийн 2022.02.15‑ны өдрийн 2 сая төгрөгийн зээлтэй холбоотой өргөдөл, төлбөрийн буюу И‑баримтууд, харилцагчийн гүйлгээний дэлгэрэнгүй тайлан, 2021.11.24, 2022.01.17‑ны өдрүүдийн хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ХААН банкны шилжүүлгийн баримтууд, Хүний нөөцийн бүрдүүлэлт, ажилтан сонгон шалгаруулах журам, журмын хавсралт, Хүний нөөцийн менежер Л.Даваахүүгийн ажлаас чөлөөлөгдсөн тойрох хуудас, түүний ажлаас чөлөөлөгдөх тухай 2022.01.08‑ны өдрийн хүсэлт, 2022.01.31‑ний өдрийн ажлаас чөлөөлсөн тухай тушаал гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

5.Тус шүүхийн 2022.06.02-ны өдрийн 7471 дүгээр шүүгчийн захирамжаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгч З.А ийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, 2022.02.01‑ний өдрөөс 2022.03.14‑ний өдрийг хүртэл цалин хөлс олгосон тухай баримт, тус хугацааны ажлын ирцийн бүртгэл зэрэг баримтуудыг шүүхийн журмаар тус тус бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч З.А  нь хариуцагч ЕФФ  ХХК‑нд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилласан хугацааны цалинд 400,000 төгрөг гаргуулах, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний зардалд 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус шүүхийн 2022.06.02-ны өдрийн 7471 дүгээр шүүгчийн захирамжаар тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний зардалд 2,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

             2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ажлаас халсан хариуцагчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй, би ажлаас гарах хүсэл зоригоо илэрхийлээгүй байсан, байгууллага эвдэрсэн автомашиныг засварлаж өгөхгүй байсан, мөн хөдөлмөрийн гэрээнд ажлын багаж хэрэгслээр байгууллага хангах үүрэгтэй байхад энэ үүргээ биелүүлээгүй, мөн намайг ажлаас чөлөөлөхдөө ажилласан хугацааны 400,000 төгрөгийг олгоогүй, миний эрхийг зөрчиж байна гэж тайлбарлав.

 

             Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн, өргөдлөө бичгээр өгсөн, үүнд ямар нэгэн дарамт шахалт байхгүй, гаргасан өргөдлийг нь үндэслэн 30 хоногийн дотор чөлөөлсөн тушаалыг гаргасан, тушаал хууль зүйн үндэслэлтэй, ажлаас чөлөөлөгдсөн тушаалд зааснаар бодогдсон цалин хөлсийг зээлийн өр төлбөрт суутган авсан учир ажилласан хугацааны цалин шаардах боломжгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

             3.Нэхэмжлэгч З.А  нь 2021.11.24-ний өдөр хариуцагч ЕФФ  ХХК-нд түгээлтийн жолоочийн ажилд туршилтын 3 сарын хугацаагаар ажилд орж, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасантай нийцүүлэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан, тэрээр 2022.01.17-ны өдөр үндсэн ажилтнаар томилогдон, хөдөлмөрийн гэрээг дахин байгуулсан байх боловч зохигчид хөдөлмөрийн гэрээгээр зохицуулаагүй асуудал буюу нэхэмжлэгч З.А  нь өөрийн өмчлөлийн 53‑01 УБН улсын дугаартай, Тоёота Эстима маркийн автомашинаа албаны хэрэгцээнд ашиглах, байгууллага сар бүр үндсэн цалин дээр нь 50,000 төгрөгийг автомашины элэгдэл, хорогдлын мөнгө нэмж олгохоор амаар тохиролцсон байна. Үүний зэрэгцээ зохигчдын хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагджээ.

 

          Нэхэмжлэгч З.А  нь ийнхүү өөрийн өмчлөлийн 53‑01 УБН улсын дугаартай, Тоёота Эстима маркийн автомашинаар, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан, хариуцагч ЕФФ  ХХК нь үндсэн цалин дээр, автомашины элэгдэл, хорогдлын 50,000 төгрөгийг олгож байжээ. Харин нэхэмжлэгч З.А  нь 2022.01.27-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэн явж байхад түүний автомашины мотор цохиж, эвдэрсэн байх бөгөөд энэ талаар удирдлагадаа танилцуулж, удирдлагын зүгээс автомашиныг яаралтай засуулах үүрэг өгсөн байна.

 

          4.Ийнхүү нэхэмжлэгч З.А  нь автомашиныг богино хугацаанд, бусдаас зээл авч, өөрөөсөө зохих мөнгийг гарган засварлуулахад 2,500,000 төгрөг болсон гэх ба энэхүү зардалд байгууллагын зүгээс туслалцаа үзүүлэх, элэгдэл, хорогдлын мөнгийг нэмэгдүүлэн олгохыг хүссэн агуулга бүхий өргөдлийг 2022.01.31-ний өдөр байгууллагадаа гаргасан.

 

          Харин хариуцагч ЕФФ  ХХК нь нэхэмжлэгч З.А ийн дээрх өргөдөлд “боломжгүй” гэсэн хариуг өгсөн гэх ба, нэхэмжлэгч З.А  нь 2022.02.09-ний өдөр ажлаас гарах тухай өргөдөл гэсэн гарчигтай, “...байгууллага миний гаргасан автомашины эвдрэлтэй холбоотой элэгдэл, хорогдлын мөнгийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөөгүй, боломжгүй гэсэн хариу өгсөн, нөгөө талаар илүү цагийн хөлсийг шийдвэрлэж өгөөгүй учир миний бие байгууллагадаа хоёргүй сэтгэлээр, тууштай ажиллах боломжгүй, итгэл үнэмшилгүй болсон тул ажлаас гарах өргөдлөө өгч байна, яаралтай шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий өргөдлийг дахин өгчээ.

 

          5.Улмаар хариуцагч ЕФФ  ХХК-ийн удирдлагын зүгээс нэхэмжлэгч З.А ийн өгсөн дээр дурдсан 2022.02.09-ний өдрийн өргөдлийг хүлээн авч, уг өргөдлийн зүүн доод буланд “...хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалин хөлс, ашиглалтын зардлыг байгууллага чирэгдэлгүйгээр цаг хугацаанд нь олгож байсан болно. Жолооч өөрийн үүрэг хариуцлагын хүрээнд техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. Иймд З.А ийн нөхцөл байдлыг харгалзан үзээд ажлаас гарах өргөдлийг хүлээн авья...” гэсэн бичилтийг хийжээ.

 

          Үүний дараа нэхэмжлэгч З.А  нь 2022.02.15-ны өдөр байгууллагад дахин өргөдөл гаргаж, 2,000,000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхийг хүсэж, сар бүр цалингаасаа суутгуулахыг зөвшөөрсөн байх бөгөөд үүнийг хариуцагч ЕФФ  ХХК-ийн удирдлага хүлээн авч, хүсэлтийг үндэслэн урьдчилж зээл олгон, цаашдаа автомашины бүрэн бүтэн байдлыг нэхэмжлэгч З.А  өөрөө 100% хариуцахыг амлаж, 2 сараас эхлэн 7 сарыг дуустал сар бүр 333,333 төгрөгөөр төлөлт хийхээр тохиролцсон байна.

 

          6.Хариуцагч ЕФФ  ХХК нь нэхэмжлэгч З.А д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 1,569,150 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгч З.А ийн өмчлөлийн 53-** УБН улсын дугаартай, Тоёота эстима маркийн автомашины засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 2,000,000 төгрөг нэхэмжилсэн шаардлага нь тус нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамааралтай гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар дээр нэгэнт дүгнэсэн.

 

          Нэхэмжлэгч З.А  нь хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг үндэслэн байгууллага ажлын байр, тоног төхөөрөмж, ажлын хэрэгцээний багаж хэрэгслээр хангах үүргээ биелүүлээгүй, надаар өөрөөр маань хариуцуулж байна гэж дахин гомдсоноор зохигчдын хооронд үл ойлголцол бий болж, хариуцагч ЕФФ  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.03.10-ны өдрийн 01/28 тоот тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасныг удирдлага болгон “...түгээлтийн жолооч ажилтай З.А ийн 2022.02.09-ний өдрийн өөрийн гаргасан хүсэлтийн дагуу...” гэсэн үндэслэлийг зааж, 2022.03.10-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгч З.А ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өр, авлагын тооцоо хийх талаар дурдсан байна.

 

          7.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4, 83.6-д зааснаар хариуцагч ЕФФ  ХХК нь дээрх тушаалын нэг хувийг нэхэмжлэгч З.А д гардуулан өгч, түүнтэй холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон бусад баримт бичиг, цалин хөлсний тооцоог хийх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу хариуцагч ЕФФ  ХХК нь тушаалыг зохих журмын дагуу нэхэмжлэгч З.А д гардуулан өгсөн байх ба, түүний цалин хөлсөнд 597,513 төгрөг бодогдсон байх боловч үүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын хоёр дахь заалтыг үндэслэн түүнд олгосон 2,000,000 төгрөгийн зээл болон бусад шимтгэлд суутган авсан болохоо хариуцагч тал тайлбарлав.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилан цуцлах эрхтэй”, 79.2-т “ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно”, 79.3-т “хуулийн 79.2-т заасан хугацаанаас өмнө хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно” гэж,

         

          Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.3-т “ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах бол хуанлийн 30 хоногийн өмнө харьяа нэгжийн удирдлагаар уламжлуулан, хүний нөөцийн менежерт хүсэлт гаргана” гэж тус тус зохицуулжээ.

 

          8.Тодруулбал, хариуцагч ЕФФ  ХХК нь хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6, 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар ажилтныг ажлаар хангах, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх, ажилтны хувийн багаж хэрэгсэл, эд зүйлийг хэрэглэхээр тохиролцсон бол гарах зардлыг нөхөн төлөх үүрэгтэй байх бөгөөд ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд ажилтан эрхээ хамгаалуулах зорилгоор зохих газарт гомдол гаргах эрхтэй байтал энэ эрхээ хэрэгжүүлээгүй, харин оронд нь ажлаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийг гаргаж, ажлаасаа чөлөөлөгдсөний дараа асуудлыг шийдвэрлүүлнэ гэж бодсон тухайгаа нэхэмжлэгч тайлбарлаж байна.

 

          Хууль болон хөдөлмөрийн дотоод журмын дээр дурдсан зохицуулалтаар ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг санаачилан цуцлах эрхтэй байх бөгөөд энэхүү эрхээ бичгээр гаргасан өргөдлийг үндэслэн хэрэгжүүлэх учиртай. Бичгийн өргөдөлд ажил олгогчийн ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр тухайн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр чөлөөт байлаар гаргасан бичгийн хүсэлт байхыг ойлгоно.

 

          9.Нэхэмжлэгч З.А  нь 2022.02.09-ний өдрийн ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлөө өөрийн сайн дурын үндсэн дээр, хариуцагч ЕФФ  ХХК-ийн удирдлагын зүгээс ямар нэгэн шахалт, дарамтгүйгээр бичсэн болохоо шүүх хуралдааны явцад зөвшөөрсөн бөгөөд, энэ талаар гэрч О.Б, Б.Б нар давхар мэдүүлж байгаа, тэрээр байгууллага миний автомашины засвар, үйлчилгээний зардлыг шийдэж өгөхгүй, гаргасан өргөдлүүдийг шийдэж өгөхгүй байсан учир би гомдсондоо ажлаас гарах өргөдлөө өгсөн гэж тайлбарлаж байгаагаар түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориг өөрийнх нь байсан гэдгийг илэрхийлж байна.

 

          Иймд хариуцагч ЕФФ  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.03.10-ны өдрийн 01/28 тоот “З.А ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх тул нэхэмжлэгч З.А ийн гаргасан түгээлтийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс гаргуулах тухай шаардлагыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

          10.Нэхэмжлэгч З.А  нь өөрийгөө 2022.03.14-ний өдрийг хүртэл ажилласан, ажилласан хугацааны урьдчилгаа цалинд 400,000 төгрөг өгөөгүй гэж тайлбарлаж байх боловч тэрээр 2022.03.10-ны өдрийг хүртэл ажилласан, 2022.03.14-ний өдөр тушаалаа бичгээр авсан болох нь гэрч Б.Б-н гаргасан “...З.А  нь 2022.03.10-ны өдөр удирдлагуудтай уулзаад ирсэн бөгөөд араас нь захирал залгаж, наад хүнийг чинь ажлаас нь чөлөөлсөн, дахин ажиллуулах шаардлагагүй гэж хэлсэн, би энэ талаар өөрт нь хэлсэн боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа бичгээр авч байж явна гээд явахгүй байсан...” гэх агуулга бүхий мэдүүлэг, хариуцагч ЕФФ  ХХК-ийн цалингийн хүснэгт, цагийн хяналтын баримтаар давхар нотлогдсон.

 

          Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч З.А  нь 1,000,000 төгрөгийн үндсэн цалин хөлстэй байх бөгөөд, 2022 оны 02 сард урьдчилгаа 400,000 төгрөг, бусад суутгалд 383,333 төгрөг, сарын эцэст 279,830 төгрөгийн цалин авчээ. Тодруулбал, хариуцагч ЕФФ  ХХК нь ажлаас чөлөөлсөн тушаалын 2 дахь заалтын дагуу нэхэмжлэгч З.А ийн 2022.03.01-ний өдрөөс 2022.03.10-ны өдрийг хүртэлх цалин хөлс, ээлжийн амралт, суутгалын тооцоог хийсэн байх бөгөөд, энэхүү тооцооллоос үзвэл нэхэмжлэгч З.А  нь 176 цаг ажиллахаас 72 цаг ажилласан, бодогдсон цалин 409,090 төгрөг, ээлжийн амралт 265,973 төгрөг, бусад нэмэгдэл 50,000 төгрөг, нийт цалин 725,063 төгрөг байх ба, цалин, ндш 641,681 төгрөг, ндш-ххоат хөнгөлөлт 20,000 төгрөг, бодогдсон 597,513 төгрөг, бусад суутгал 597,513 төгрөг, гарт олгох нь 0 төгрөг гэсэн байна.

 

          Эндээс үзвэл нэхэмжлэгч З.А д цалин хөлс, ээлжийн амралтын цалин нийт 597,513 төгрөг олгогдохоор бодогдсон байх боловч хариуцагч ЕФФ  ХХК нь энэхүү 597,513 төгрөгийг 2,000,000 төгрөгийн зээлд суутган авсан болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч З.А  нь ажилласан хугацааны цалин хөлсөнд 400,000 төгрөг шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

          11.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч З.А  нь 2022.02.09-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо нэгэнт илэрхийлж, өргөдлөө бичгийн хэлбэрээр гаргасан, хариуцагч ЕФФ  ХХК нь түүний хүсэлтийг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т заасан 30 хоногийн хугацаа өнгөрмөгц 2022.03.10-ны өдөр түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байна гэж үзсэн тул ЕФФ  ХХК-нд холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилласан хугацааны цалинд 400,000 төгрөг гаргуулах тухай З.А ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

          Хариуцагч талын гарган өгсөн хүний нөөцийн бүрдүүлэлт, ажилтан сонгон шалгаруулах журам, журмын хавсралт, Хүний нөөцийн менежер Л.Даваахүүгийн ажлаас чөлөөлөгдсөн тойрох хуудас, түүний ажлаас чөлөөлөгдөх тухай 2022.01.08‑ны өдрийн хүсэлт, 2022.01.31‑ний өдрийн ажлаас чөлөөлсөн тухай тушаал гэсэн баримтуудыг хэргийн үйл баримтад хамааралгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдаж байна.

 

          12.З.А ийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал тэрээр 2022.03.15-ны өдөр тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн байх тул уг 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч З.А д олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 83 дугаар зүйлийн 83.6-д зааснаар ЕФФ  ХХК-нд холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилласан хугацааны цалинд 400,000 төгрөг гаргуулах тухай З.А ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.А  нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, түүний тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч З.А д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Т.ЭНХТУЯА