Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01957

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01957

 

 

,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02587 дугаар шийдвэртэй,

,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй, хариуцагч,,,,,,,, ХХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилласан хугацааны цалинд 400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, ХХК-нд холбогдуулан

1.а.Алтангэрэлийг,,,,,,,, ХХК-ийн Түгээлтийн жолоочийн ажилд эргүүлэн тогтоолгох.

1.б. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажилласан хугацааны 400,000 төгрөгийн цалинг гаргуулах.

1.в. Ажилгүй байсан хугацааны цалинг,,,,,,,, ХХК-иас гаргуулах.

1.г.,,,,,,,, ХХК-ийн эм түгээлтийн ажилд ашиглаж байсан Тоёота-Эстима маркийн 53-01 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний зардал болох 2,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

,,,,,,,, нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр,,,,,,,, ХХК-ийн түгээлтийн жолоочийн албан тушаалд 1 сарын туршилтын хугацаатайгаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус албан тушаалдаа жинхлэн томилогдож, дахин хөдөлмөрийн гэрээ байгуулсан. ,,,,,,,, нь түгээлтийн жолоочийн ажлын байрны тодорхойлолтын дагуу эмийн бүтээгдэхүүнийг компанийн төв агуулахаас авч, Улаанбаатар хотод байрлах 10 салбарт нь хүргэх ажлыг хариуцан гүйцэтгэж байсан.

Хөдөлмөрийн гэрээний 3.3-т Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, болон эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байраар хангуулах эрхтэй гэж заасны дагуу намайг ажил, үүргээ гүйцэтгэхэд шаардагдах ажлын багаж хэрэгсэл буюу тээврийн хэрэгслээр компани хангах үүрэгтэй, би тээврийн хэрэгслээр хангуулах эрхтэй байсан. Гэтэл компанийн зүгээс эмийн бүтээгдэхүүнийг салбаруудад тараах тээврийн хэрэгсэл надад анхнаасаа олгоогүй. Харин ч бүр намайг өөрийнхөө эзэмшлийн тээврийн хэрэгслээр эмийн бүтээгдэхүүний түгээлтийн ажил, үүргээ гүйцэтгэхийг шаардсан. Харин миний хувийн машиныг компанийн ажилд ашигласныхаа төлөө сард 50,000 төгрөгийн элэгдэл хорогдлын мөнгө өгнө гэсэн.

Аргагүйн эрхэнд өөрийн эзэмшлийн Тоёота-Эстима маркийн 53-01 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг компанийн эм түгээлтийн ажилд бүрэн ашиглаж, ажил үүргээ гүйцэтгэж байсан. Ингээд би өөрийн эзэмшлийн машинаар ажил үүргээ гүйцэтгээд явж байтал 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр машины мотор цохиж, эвдэрсэн. Тэр даруй дэд захирал Ц.Амаржаргалд утсаар ярьж, энэ тухайгаа хэлэхэд тэрээр ...иймэрхүү асуудлыг үйл ажиллагааны менежертэй ярь... гэсэн. Үйл ажиллагааны менежертэй ярих гэтэл тэрээр утсаа аваагүй. Тэгэхээр би ерөнхий захирал н.Цогттуяатай ярихад тэрээр ...машинаа 2 хоногийн дотор яаралтай засуул,амжихгүй бол хүний машин ч хамаагүй гуйж ирээд ажлаа хийнэ шүү... гэж хэлсэн. Миний бие аргагүйн эрхэнд машиныхаа моторыг нийт 2,850,000 төгрөгөөр яаралтай засуулсан. Засварын энэ төлбөрийг

1-рт Машины элэгдэл, хорогдлын мөнгөө урьдчилан тооцуулж компаниас 550,000 төгрөг авсан,

2-рт Өөрийн нагац ах Энхболдоос 2,000,000 төгрөг зээлсэн.

3-рт Үлдэгдэл 300,000 төгрөгийг хувиасаа гаргасан.

Ингээд ерөнхий захирал н.Цогттуяагийн өгсөн үүргийн дагуу машинаа 2 хоногийн дотор засаж, ажилд оруулсан. Тээврийн хэрэгслийн засварт зарцуулсан нийт 2,850,000 төгрөгийн зардлыг компаниас хариуцан төлүүлэх тухай хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр компанийн удирдлагуудад хандаж гаргасан. Өргөдлийг дэд захирал Ц.Амаржаргал хүлээн авахаас татгалзсан. Тэгэхэд дахиад 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгслийн засварын төлбөр төлүүлэх тухай өргөдлөө гаргасан. Дэд захирал Ц.Амаржаргал дахин уулзаж, тээврийн хэрэгслийн засварт зориулан нагац ахаасаа зээлсэн байсан 2,000,000 төгрөгийг компаниас зүгээс өөрт чинь зээлнэ. Чи тэр зээлээ цалингаасаа графикийн дагуу төл гэсэн. Тэгэхэд нь би аргагүйн эрхэнд зөвшөөрсөн. Тэр зээлийн мөнгийг нь би ар гэрийнхээ дансанд хийж, тэр даруйд нь нагац ахдаа шилжүүлэн өгсөн. Компани 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний сүүл цалингаасаа 333,000 төгрөгийг зээлд авсан байсан.

Анх ажилд орохдоо болон сүүлд ажилд жинхлэн томилох үед байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүдийнхээ өөрт байх хувийг аваагүй байсан тул компаниас удаа дараа нэхэж байж авсан. Тэгээд гэрээтэй танилцаж үзтэл компанийн зүгээс намайг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай багаж хэрэгслээр хангахаар заасан байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийг уншиж судлахад мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх үүрэгтэй гэж заасан байсан.

Мөн хуулийн 126 дугаар зүйлд Ажил олгогч ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай багаж хэрэгслээр хангаагүйгээс ажилтан хувийн багаж хэрэгсэл, эд зүйлээ ашигласан, эсхүл ажилтны багаж хэрэгсэл, эд зүйлийг хэрэглэхээр харилцан тохиролцсон бол ажил олгогч гарах зардлыг нөхөн төлнө. заасан байсан.

Хөдөлмөрийн хууль сайн мэдэхгүй, улмаар хөдөлмөрийн гэрээтэйгээ сайн танилцаагүй байсны улмаас хөдөлмөрийн харилцаанд өөрийн эрхээ зөрчигдөж байгаа мэдэхгүй яваад байсан юм билээ. Хууль болон гэрээ ёсоор бол намайг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай тээврийн хэрэгслээр хангах үүргийг компани хүлээсэн байтал энэ үүргээ биелүүлэлгүй, улмаар ажилтны хувийн тээврийн хэрэгслийг компанийн үйл ажиллагаанд ашигласан хэр нь засвар үйлчилгээний зардлыг хариуцахаас татгалзаж, харин ч бүр хууль зөрчин надад зээл олгож, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн байна.

Энэ бүгдийг мэдсэний дараа 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр компанид гомдол гаргаж, хууль гэрээний дагуу тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний зардлыг 100 хувь ажилтнаар хариуцуулж байгаа нь буруу болохыг дурдаж, цалингаас дахин суутгал хийхгүй байхыг мэдэгдэж, эдгээр зөрчил асуудлуудыг шийдвэрлэхгүй бол зохих байгууллагуудад гомдол гаргахыг мэдэгдсэн.

Гэтэл дэд захирал Ц.Амаржаргал нь намайг дуудаж уулзаад ...чи яасан их гомдол гаргадаг юм. Чамд манай компани өргүй, Зайл... гэсэн. Тэгээд намайг Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн, намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж бичээд, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан.

Миний бие өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг албан ёсоор гаргасан зүйл байхгүй. Харин 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр компанийн удирдлагад хандан тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний зардал төлүүлэх асуудлаар "гаргасан өргөдөлдөө ...компани энэ асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол би ажлаасаа гарч, шийдвэрлэх газраар нь шийдүүлнэ... гэсэн зүйл бичсэн байсан. Гэтэл компани нь миний өргөдөл дээрх үг өгүүлбэрийг ашиглан намайг өөрийн хүсэлтээр ажлаас гарсан мэтээр тушаал гаргаж, ажлаас хууль бусаар халж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлд Ажил олгогч ажилтныг ажил /үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай багаж хэрэгслээр хангаагүйгээс ажилтан хувийн багаж хэрэгсэл, эд зүйлээ ашигласан, эсхүл ажилтны багаж хэрэгсэл, эд зүйлийг хэрэглэхээр харилцан тохиролцсон бол ажил олгогч гарах зардлыг нөхөн төлнө. гэж заасны дагуу компанийн эмийн бүтээгдэхүүний түгээлтийн ажилд бүрэн ашиглагдаж байсан миний эзэмшлийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн засвар үйлчилгээний зардлыг компани хариуцах үүрэгтэй байна.

Намайг ажлаас халахдаа дахин компанийн хаалгаар оруулахгүй, урьдчилгаа 400,000 төгрөгийн цалинг өгөхгүй гэсэн. Хариуцагч компанид хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ,,,,,,,, нь,,,,,,,, ХХК-нд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно.

Евро фарм фармаси ХХК -ийн захирлын

2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/28 тоот тушаалаар ,,,,,,,,ийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Ажилтны өргөдөл нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлсэн, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хэлбэртэй хүсэлтийг ойлгоно. Ажилтан өргөдөл гаргасны дараа буюу ажлаас халах тушаал гарах хүртэл сарын хугацаанд өргөдлөө буцаан авах талаар компанид ямар нэгэн санал гомдол гаргаж байгаагүй болно.

,,,,,,,,ийн ажилласан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй

Компанийн зүгээс ,,,,,,,,ийн өргөдлийн дагуу зээл олгосон бөгөөд үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлд зааснаар тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 83 дугаар зүйлийн 83.6-д зааснаар,,,,,,,, ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилласан хугацааны цалинд 400,000 төгрөг гаргуулах тухай ,,,,,,,,ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,, нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, түүний тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 1,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилласан,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэгчид олгохоор бодогдсон цалин 597,513 төгрөгийг 2,000,000 төгрөгийн зээлд суутган авсан болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нь 400,000 төгрөгийг шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж буруу дүгнэсэн.

Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: ,,,,,,,, нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өөрийнх нь автомашин гэмтсэн гэх гомдлыг гаргаж, байгууллагаас 2,000,000 төгрөгийн туслалцаа хүссэн. Байгууллагын зүгээс сар болгон тэтгэмж олгож байсан тул боломжгүй гэх хариу өгсөн. Гэтэл нэхэмжлэгч ,,,,,,,, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дахин байгууллагад ажлаас сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдөж байгаа талаар гомдол гаргасан. ,,,,,,,, нь шүүх хуралдааны явцад өөрөө байгууллагатаа гомдсондоо гомдол гаргасан талаар маргаагүй гэж анхан шатны шүүхэд тайлбарласан. Компанийн зүгээс хуульд заасан үндэслэлээр өөрийнх нь өргөдлийг үндэслэж ажлаас халсан. Цалингийн хувьд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. ,,,,,,,,ийн хэрэгт авагдсан баримтаар гарт олгогдох цалин байхгүй. Өөрийнх нь хүсэлтээр 2,000,000 төгрөгийн зээлийн шатлал тогтоож, сар болгон цалингаасаа авах хүсэлтийг нь үндэслэж, суутгасан. Байгууллагаас ,,,,,,,,д олгогдох цалин бодогдоогүй тул олгох үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэж, хууль ёсны шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, ХХК-нд холбогдуулан ,,,,,,,,ийг,,,,,,,, ХХК-ийн түгээлтийн жолоочийн ажилд эргүүлэн тогтоолгох, 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хүртэл ажилласан хугацааны 400,000 төгрөгийн цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах,,,,,,,,, ХХК-ийн эм түгээлтийн ажилд ашиглаж байсан Тоёота-Эстима маркийн 53-01 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний зардал болох 2,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

3.а. Нэхэмжлэгч ,,,,,,,, нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч,,,,,,,, ХХК-д түгээлтийн жолоочийн ажилд туршилтын 3 сарын хугацаагаар орж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн ажилтнаар томилогдсон болох нь хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон./хх1, 7-10, /

3.б. Мөн ,,,,,,,, нь өөрийн өмчлөлийн 53‑01 УБН улсын дугаартай, Тоёота- Эстима маркийн автомашинаа албаны хэрэгцээнд ашиглуулах, хариуцагч сар бүр үндсэн цалин дээр 50,000 төгрөгийг автомашины элэгдэл, хорогдолд нэмж олгохоор амаар тохиролцсон, хариуцагч 50,000 төгрөгийг олгож байжээ.

Зохигчдын хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан байна./хх60-61/

,,,,,,,, нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахад түүний автомашины мотор цохиж эвдэрсэн, энэ талаар удирдлагадаа танилцуулахад яаралтай засварлуулах үүрэг өгсөн талаар нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчид автомашиныг засварлуулахад гаргасан зээл, зардлыг барагдуулахад туслалцаа хүссэн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн өргөдөл, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ...байгууллага миний гаргасан автомашины эвдрэлтэй холбоотой элэгдэл, хорогдлын мөнгийг нэмэгдүүлэх асуудалд боломжгүй гэсэн хариу өгсөн, илүү цагийн хөлсийг шийдвэрлэж өгөөгүй учир тууштай ажиллах итгэл үнэмшилгүй болсон тул ажлаас гарах өргөдлөө өгч байна, яаралтай шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулга бүхий өргөдлийг тус тус гаргажээ./хх14-15/

3.в.,,,,,,,, ХХК-ийн удирдлагын зүгээс ...хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалин хөлс, ашиглалтын зардлыг байгууллага чирэгдэлгүйгээр цаг хугацаанд нь олгож байсан болно. Жолооч өөрийн үүрэг хариуцлагын хүрээнд техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. Иймд ,,,,,,,,ийн нөхцөл байдлыг харгалзан үзээд ажлаас гарах өргөдлийг хүлээн авья гэсэн бичилтийг хийжээ.

3.г. ,,,,,,,, нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч байгууллагад дахин өргөдөл гаргаж, 2,000,000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхийг хүсч, сар бүр цалингаасаа суутгуулахыг зөвшөөрсөн, хариуцагч уг зээлийг олгосон байна.

Хариуцагч,,,,,,,, ХХК нь нэхэмжлэгч ,,,,,,,,д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 1,569,150 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нэхэмжлэгч ,,,,,,,,ийн өмчлөлийн 53-01 УБН улсын дугаартай, Тоёота-Эстима маркийн автомашины засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 2,000,000 төгрөг нэхэмжилсэн нь тус нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамааралтай гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3.д. Еврофарм фармаси ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/28 тоот тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасныг удирдлага болгон түгээлтийн жолооч ажилтай ,,,,,,,,ийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөх тушаал гаргажээ./хх37/

3.е. Нэхэмжлэгч нь ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах,,,,,,,,, ХХК-ийн эм түгээлтийн ажилд ашиглаж байсан Тоёота-Эстима маркийн 53-01 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний зардал болох 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

4. Нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хүртэл ажилласан хугацааны 400,000 төгрөгийн цалинг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.а. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтан санаачлан цуцлах эрхтэй, мөн хуулийн 79.2 дахь хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд гэрээг цуцлагдсанд тооцох талаар зөв дүгнэсэн.

Мөн хууль болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтнаас өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр бичгээр хүсэлт гаргасан гэж зөв дүгнэжээ.

4.б. Харин анхан шатны шүүхээс ажилтны ажлаа хүлээлгэн өгсөн эцсийн хугацаа, тушаалаа гардан авсан хугацааны талаарх нотлох баримтыг буруу үнэлжээ.

Шүүх ажилтан 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тушаалаа бичгээр авсан гэж дүгнэсэн. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Базаррагчаагийн шууд удирдлага дор ажилладаг байх бөгөөд ..,ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа бичгээр авч байж явна гээд явахгүй байсан талаар мэдүүлжээ.

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гардаж авсан, тэр хүртэл ажиллаж байсан гэх тайлбарыг няцаасан баримтыг хариуцагч гаргаагүй.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж, цалинг дараах байдлаар тооцсон болно. Үүнд: сарын цалин 1,000,000 төгрөг, хоногийн цалин 46,511 төгрөг /1,000,000 : 21,5 = 46,511/, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 5 хоногийн цалин 232,558 төгрөг /46,511х 5 хоног = 232,558/-ийг хариуцагч,,,,,,,, ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,д олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02587 шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 83 дугаар зүйлийн 83.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч,,,,,,,, ХХК-аас 232,558 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, ажиллаж байсан хугацааны цалин 167,442 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2. дахь заалтыг олгосугай гэснийг олгож, хариуцагч,,,,,,,, ХХК-аас 7,627 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ,,,,,,,,ээс төлсөн 12,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ш.ОЮУНХАНД