Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 857

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00857

 

 

 

 

“Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.З , Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00870 дугаар шийдвэртэй  “Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ЖКС ” ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32 800 960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Т ” ХХК нь Төв аймгийн Баян суманд шохой, эрдэс нунтаг боловсруулах уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг. “ЖКС ” ХХК нь манай компаниас 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 87 200 960 төгрөгийн шохойн эрдэс нунтгийг худалдан авсан. Худалдан авагч тухайн худалдан авсан барааны төлбөрт 54 400 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 32 800 960 төгрөгийг төлөөгүй. 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “ЖКС ” ХХК-ийн нягтлан бодогч Г.Э-той тооцоо нийлж баримт үйлдсэн бөгөөд тус тооцоо нийлсэн актаар “ЖКС ” ХХК нь “Т ” ХХК-д нийт 32 800 960 төгрөг төлөх ёстойг баталсан. Үүнээс хойш “ЖКС ” ХХК-ийн нягтлан бодогч Г.Э нь өрийн үлдэгдлийн талаар 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр бичгээр тайлбар хийснээс хойш “ЖКС ” ХХК-тай холбогдох боломжгүй болсон. 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хариуцагч эрэн сурвалжлах шүүхийн шийдвэрээр “ЖКС ” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал Б.А-г эрэн сурвалжилж 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хаана амьдарч байгааг нь олж тогтоосон байна. Б.А нь үлдэгдэл төлбөрөө төлнө гээд дахин сураггүй алга болсон.

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр буцаагдсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагчийг эрэн сурвалжлан, хариуцагч “ЖКС ” ХХК-ийн хаяг, холбогдох мэдээллийг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр олж тогтоосон. Ч.А-аас гэрчийн мэдүүлэг авахад хариуцагч компанийн нягтлан бодогч нь мөнгө өгөөд баримт үйлдээд аваад явсан гэж мэдүүлсэн тул манайд үүнтэй холбоотой баримт байхгүй. Үлдэгдэл төлбөрөөс 10 000 000 төгрөг хасагдах ёстой гэж үзэж байгаа бол өөрсдөө нотлох үүрэгтэй. Иймд “ЖКС ” ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 32 800 960 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг үндэслэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З  шүүхэд гаргасан тайлбартаа:  “ЖКС ” ХХК нь нэхэмжлэгч “Т ” ХХК-иас 2013 онд шохойн эрдэс нунтгийг зээлээр авч байсан нь үнэн. Нийт худалдан авсан бараа бүтээгдэхүүнээс үлдэгдэлтэй байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тооцоо нийлэхээс өмнө нэхэмжлэгч компанийн захирлын хэлснээр Ч.А гэх ажилтан цалингийн авлагатай байсан учраас бэлнээр өгөөрэй гэж хүссэний дагуу 10,000,000 орчим төгрөгийг бэлнээр манай компани өгсөн.

  Уг мөнгийг 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлэхдээ оруулаагүй байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас Ч.А-д өгсөн 10 000 000 төгрөгийн баримт харагдахгүй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас 10 000 000 төгрөгийг хасаад үлдэх хэсгийг хариуцах бүрэн боломжтой. Тооцоо нийлэхдээ оруулсан гэх баримтыг нэхэмжлэгч гаргаж өгч, нотлох ёстой. Нотлох баримтын хувьд манайд гэрчийн мэдүүлгээс өөр зүйл байхгүй байна. Тийм учраас тооцоо нийлсэн баримтад 10 000 000 төгрөг ороогүй гэж үзэж байгаа нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэх хэсгийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЖКС ” ХХК-иас 32 800 960 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321 955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЖКС ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 321 955 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З  давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс хариуцагч талыг “Т ” ХХК-ийн ажилтан Ч.А-д 2014 оны 4 дүгээр сард өгсөн 10 орчим сая төгрөгийг үлдэгдэл төлбөрөөс хасч тооцох ёстой, талууд тооцоо хийхдээ энэ төлбөрийг оруулаагүй тооцсон байна гэж маргасан боловч үүнийгээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй” хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэрчээр асуугдсан Ч.А нь “Т ” ХХК-ийн захирлын зөвшөөрснөөр 2014 оны хавар 10 орчим сая төгрөгийг нэхэмжлэгч компанийн нягтлан бодогчоос бэлнээр авсан талаар дурдсан байдаг боловч манай компанид үлдсэн уг баримт нь олдохгүй байгаагаас шүүхэд гаргаж өгөх боломжгүй болсон тул тус шүүх хуралдаан болсон өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс талууд 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлэхэд уг 10 орчим сая төгрөгийг оруулж тооцсон гэж байгаа бол ийнхүү оруулж тооцсон гэдгийг нотлох баримт, тооцооллыг “Т ” ХХК-иас гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүхээс гэрчийн мэдүүлэгт зааснаар хариуцагчид л ганцхан уг баримт байгаа хэмээн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Хэдийгээр цаг хугацааны хувьд ийнхүү 10 орчим сая төгрөгийг Ч.А-д бэлнээр хүлээлгэн өгснөөс хойно буюу 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр талууд тооцоо нийлж, акт үйлдсэн боловч энэ нь сүүлд нийлсэн тооцоонд өмнөх 10 орчим сая төгрөг багтсан гэдгийг нотлох, хөдөлшгүй баримт биш юм. Энэ ч үүднээс нэхэмжлэгч компанийн ажилтанд бэлнээр өгсөн 10 орчим сая төгрөгийг тооцоо нийлэхэд оруулсан эсэхийг нотлох нь нэхэмжлэгч талын ч мөн хүлээх үүрэг юм.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт дурдсанчлан 2 компани тооцоо нийлэхдээ 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд өгч, авалцсан зүйлээ тус компаниудад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж, үлдэгдэл тооцоогоо гаргасан бол нийт төлбөрөөс дээрх хугацаанд төлөгдсөн 87 200 960 төгрөгийн төлөлтийн дэлгэрэнгүй задаргааг тус компанийн нягтлан бодох бүртгэлийн бичилтээс харж, 10 орчим сая төгрөг тооцоонд багтсан эсэхийг тодруулах бүрэн боломжтой юм. Хариуцагчийн зүгээс Ч.А-д бэлнээр мөнгө хүлээлгэн өгсөн төлбөрийн баримтыг үрэгдүүлснээс шүүхэд гаргаж өгөх боломжгүй байгаа тул хэргийн оролцогчид хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд ийнхүү өөрт байхгүй, олж авах боломжгүй баримтыг эсрэг талаас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс хүсэлтийг хангалгүй орхиж, хариуцагчид хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломж олгоогүйд гомдолтой.

Түүнчлэн, хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгт дурдсанаар “Т ” ХХК-ийн зөвшөөрснөөр хариуцагч нь тус компанийн уурхайн дарга байсан Ч.А-д 4  000 000 төгрөгийг монгол төгрөгөөр, үлдэгдэл мөнгийг еврогоор өгч байсан нь нотлогддог бөгөөд тухайн үед гадаад валютаар өгсөн мөнгө хэдэн төгрөгтэй тэнцэх байсныг тодорхойлох боломжгүй байсан ч бэлнээр өгсөн 4  000 000 төгрөгийг нэхэмжилж буй төлбөрөөс хасч тооцох бүрэн боломжтой байтал анхан шатны шүүхээс уг нөхцөл байдлын талаар огт дүгнэлт хийгээгүй буюу нотлох баримтыг зохих журмын дагуу үнэлээгүй.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхэн үед Ч.А манайд хамаагүй, түүнд 10 орчим сая төгрөг төлснийг манайх хариуцахгүй гэж ярьж байсан атлаа анхан шатны шүүх хуралдаан дээр Ч.А-д 10 орчим сая төгрөг бэлнээр өгснийг 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлэхдээ оруулсан, 87 200 960 төгрөгийн төлөлтөд уг 10 орчим сая төгрөгийг багтаасан хэмээн зөрүүтэй, худал тайлбар өгсөн бөгөөд анхан шатны шүүхээс уг байдлын талаар тодруулж, дүгнэлт  хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж байна.

Нэхэмжлэгч “Т ” ХХК нь хариуцагч “ЖКС ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 32 800 960 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Т ” ХХК нь “ЖКС ” ХХК-д 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 87 200 960 төгрөгийн шохойн эрдэс нунтгийг нийлүүлсэн, уг барааны төлбөрт хариуцагчаас 54 400 000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон. Энэ талаар зохигчид маргаагүй болно.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, “ЖКС ” ХХК нь 32 800 960 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталгаажуулжээ. /хх-ийн 16 дугаар тал/

Хариуцагч нь “ 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагын ажилтан Ч.А-аар дамжуулан төлсөн тул нэхэмжилж буй төлбөрөөс хасагдах ёстой” гэж тайлбарласан.

Хэргийн 45-47 дугаар талд авагдсан гэрч Ч.А-ны мэдүүлэгт “... 2014 оны хавар 10 сая орчим төгрөгийг намайг Австри явах үед нягтлангаараа дамжуулан өгсөн... , 4 сая төгрөгийг Монгол мөнгөөр, үлдэгдэл мөнгийг еврогоор өгч байсан ..., “ЖКС ” ХХК-ийн баримт дээр гарын үсэг зурж “Т ”  ХХК-ийн нэр дээр авсан...” гэжээ.

Дээрх гэрчийн мэдүүлгээр зохигчид тооцоо нийлсэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс өмнөх цаг хугацаанд буюу 2014 оны хавар гэрч Ч.А нь 10 сая орчим төгрөгийг хариуцагчаас авсан бөгөөд энэ нь талуудын тооцоо нийлсэн актад тооцогдсон гэж үзэхээр байх тул хариуцагчийн дээрх тайлбар гомдол үндэслэлгүй болно.

“ЖКС ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй өөрийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд холбогдох эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй болно.

Учир нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2 дахь хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гэрээгээр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа төлбөл зохих хүүгийн хэмжээ эсхүл үнийг тодорхойлох журмыг заавал тусгана. Гэтэл талууд гэрээг бичгээр байгуулаагүй, төлбөр төлөхдөө хүү төлөхөөр тохиролцоогүй, хэрэгт энэ талаар баримтгүй байна. Иймээс “Т ” ХХК, “ЖКС ” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй гэж үзнэ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй тул гомдлыг хангах боломжгүй юм. /хх-ийн 79-80 дугаар тал/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00870 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “262 дугаар зүйлийн 262.1-д” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321 960 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

                

                               ШҮҮГЧИД                                    Э.З

 

                                                                                    Б.НАРМАНДАХ