Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2022/01896

 

           

 

 

 

            

 

   2022 оны 06 сарын 13 өдөр

           Дугаар 183/ШШ2022/01896

                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “А ” ХХК-ийн нэхэмжлэлтжй,

Нэхэмжлэгч: Б овогтой, Б-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: “И ” ХХК-д холбогдох,

           

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 32.056.500 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Ц,

Хариуцагчийн төлөөлөгч М.Э,

Гэрч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

/Хариуцагчийн хүсэлтээр түүний өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А ” ХХК, Б.Б нар “И ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 32.056.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 150/2 дугаар барилгын 1 дүгээр давхрын 300 м.кв талбайг 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2014/0317 дугаар “Үйлдвэрлэлийн зориулалтай байр түрээслүүлэх гэрээ”-г гурван жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болж, цаашид үргэлжлүүлэх эсвэл дуусгавар болгох тухай саналыг тавихад ямар нэг хариу өгөөгүй. Үүнээс хойш “И ” ХХК нь 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 0426/01 албан тоот албан бичиг ирүүлэхдээ “түрээсийн талбайг 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр чөлөөлж, урсгал засвар хийж 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөх” талаар мэдэгдсэн. Гэтэл 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр манай компани талбайгаа хүлээн авахаар ирэхэд засвар дуусаагүй дутуу, компанийн хашаанд зөвшөөрөлгүй байрлуулсан 40 тонны контейнер, мөн вакум цонхны үлдэгдэл материалууд, 30 ширхэг шуудай материалаа аваагүй байсан. 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр И  ХХК-ийн өмгөөлөгч Б.Г гэх хүн утсаар яриад уулзахад засварыг гүйцээж хийж өгөхөөр болоод протокол хөтлөөд хойшлогдсон. Үүний дараа 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр барилгын хойд талын хаалганы хагарсан шилээ шиллээд бүтэн болгосон, ариун цэврийн өрөөний сан техникийн ус алдаж байсан трубагаа засварласан зэргээр дутуу зарим нэг зүйлийг хийгээд өмгөөлөгч Б.Г нь “Захирал Э-той ярьж засварын дутуу ажлаа дуусгаж өгье” гэсэн ч цаг хугацаа алдаж байгааг нь хэлэхэд 5 дугаар сарын 19-ны өдөр “засварыг гүйцээхэд ямар ажил гүйцэтгэхийг албан бичгээр явуул” гэж захирал М.Э  утсаар хэлсэн гэсэн тул тухайн үед бичгээр ямар ажил хийгдэхийг бичиж өгч байсан. Нэгэнт засвар хийж өгнө гэж тохирсон бол биднээр хэлүүлэлгүй, өөрсдөө зохих ёсоор нь хийгээд хүлээлгэж өгөх ёстой байсан. Ийм байдлаар хүлээцтэй хандсаар байтал түрээсийн байраа хүлээлгэн өгөхгүй байсан тул 2021 оны 5 дугаар сарын 24-ны өдөр өөрсдөө комисс бүрдүүлэн, газар дээр очиж үзэж, тэмдэглэл үйлдэж, байраа авсан. Нийтдээ 7 жил вакум цонхны үйлдвэрлэл хийн түрээсэлж, тэр байтугай вакум цонхоо нийлүүлэх газрыг нь олж өгөөд тасралтгүй ашиг орлоготой байх нөхцөлийг бүрдүүлсэн байтал “И ” ХХК гэрээгээ дүгнэлгүй эд хөрөнгийг хүлээлгэж өгөлгүй алга болсон. Тус гэрээнээс үүдсэн дараах хохирол манай компанид учирсан. 1. Дутуу орхисон засварын зардлын талаар: “И ” ХХК нь засварын ажлаа дутуу хийсэн дараагийн түрээслэх байгууллага нь ирээд хийсэн засварыг голсон тул тус засварын ажлыг гүйцээж хийлгэсэн 4.799.500 төгрөгийн зардал гарсан. 2. Дутагдуулсан хөрөнгийн талаар: 2013 оны 6 дугаар сарын 27-ний өдөр засвар хийхдээ манай компани нь “Т ” ХХК-иар 1 давхрын таазанд 3х18 вт чадалтай флорисцент нэг гэрэлтүүлгийн үнэ 45.000 төгрөг бүхий, нийт 30 гэрэлтүүлгийг 1.950.000 төгрөгөөр хийлгэсэн. Гэтэл түрээслэгч бидэнд мэдэгдэлгүйгээр 1 давхрын гэрлүүдийг сольсон. Ингэхдээ зүгээр ашиглагдаж байсан гэрлүүдийг солиод гадаа хог дээр гаргаж хаясан байсан. Иймээс гэрлүүдийн үнэ болох 1.950.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. 3. Түрээсийн төлбөр тооцооны талаар: “И ” ХХК нь түрээсийн гэрээг дүгнэж, тооцоо хийгээгүй. Гэрээний 3.2-т зааснаар нэг сард 3.090.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн түрээсийн төлбөрт 2.900.000 төгрөгийг төлж, 190.000 төгрөг дутуу төлсөн, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн түрээсийн төлбөрт 2.914.000 төгрөг төлж, 176.000 төгрөг дутуу төлсөн, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 37.080.000 төгрөг төлөхөөс 36.774.400 төгрөг төлж 200.000 төгрөг дутуу төлсөн, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 3.090.000 төгрөг төлөхөөс 2.990.000 төгрөг төлж 100.000 төгрөг дутуу төлсөн, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 3.090.000 төгрөг төлөхөөс 1.854.000 төгрөг төлж 1.236.000 төгрөг дутуу төлсөн, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 3.090.000 төгрөг төлөхөөс 1.854.000 төгрөг төлж 1.236.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацааны нэг сарын түрээсийн төлбөрийг 5.200.000 төгрөг болгосон бөгөөд 16 хоногийн түрээсийн төлбөрт 2.733.000 төгрөг дутуу төлсөн, нийт 7.107.000 төгрөг дутуу төлснийг гаргуулж өгнө үү. 4. Зуучлалын гэрээний төлбөрийн талаар: “И ” ХХК нь 2014 онд “Х ” ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх талаар асуусан тул Б.Б нь “Х ” ХХК-ийн захирлыг таних тул гэрээ байгуулах талаар зуучилж болно гэж хэлсэн. Ингээд Б.Б нь “Х ” ХХК-ийн захиралтай уулзаж, “И ” ХХК нь “Х  групп” ХХК-тай гэрээ байгуулан, тэдний үйлдвэрлэсэн вакум цонхыг авах болсон.  Зуучлалын гэрээний дагуу эхэн үедээ 2 хувийн ашиг гэж тооцон Б.Б гийн дансаар 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр  5.000.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 6.600.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл “Х ” ХХК-д нийлүүлсэн 2017 оны 8 дугаар сарын зуучлалын хөлс 11.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард нийлүүлсэн зуучлалын хөлс 7.200.000 төгрөг, нийт 18.200.000 төгрөгийг төлөөгүй байгаа тул 18.200.000 төгрөгийг гаргуулан Б.Б д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа:  “И ” ХХК нь “А ” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Үйлдвэрлэлийн зориулалттай байр түрээслүүлэх гэрээ”-г 3 жилийн хугацаатайгаар шинэчлэн байгуулсан. Бид түрээсийн гэрээний харилцаатай байсан өнгөрсөн 7 жилийн хугацаанд түрээсийн төлбөрт нийт 263.400.000 төгрөг төлсөн байдаг. Дээрх гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сард дуусгавар болсон бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр түрээслүүлэгч  “...түрээсийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болсон талаар дурдаад НӨАТ төлөгч болж байгаа учир 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс НӨАТ оруулсан дүнгээр түрээсийн төлбөрийг 5.200.000 төгрөг болгож байна, цаашид үргэлжлүүлэн түрээслэх эсэх талаарх хариуцгаа 2021 оны 3 дугаар сарын 20-ны дотор мэдэгдэнэ үү” гэсэн. Хариуд нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 0319/01 албан тоотоор “...түрээсийн төлбөрийг 5.200.000 төгрөг болж байгааг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, 2 сарын дотор түрээсийн зүйлийг суллаж өгөх талаар” мэдэгдсэн. Уг саналын талаар бид ярилцаж дараах шийдэлд хүрсэн байдаг. Түрээсийн төлбөр нэмэх тухай саналыг хүлээн зөвшөөрөөгүй боловч 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны 1 сарын түрээсийн төлбөрийг 5.200.000 төгрөгөөр тооцох, мөн түрээсийн гэрээний 4.1.6-д “Түрээсэлж байгаа байрыг анхны байдлаас нь дордуулахгүй эзэмшиж ашиглана” гэсний дагуу түрээсийн зүйлд урсгал засвар, үйлчилгээ хийхээр тохиролцож улмаар түрээсийн зүйлд урсгал засвар, үйлчилгээ хийсэн бөгөөд нэг сарын түрээсийн төлбөр болох 5.200.000 төгрөгийг төлсөн. 1. Дутуу орхисон засварын зардлын талаар: Түрээслэгчийн хувьд түрээсийн зүйлд арги гамтай, өөриймсөг хандаж, засан сайжруулалт, засвар үйлчилгээг тогтмол гүйцэтгэж байсан болно. Бид түрээсийн зүйлийг гэрээний 4.1.7 болон Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4, 291 дүгээр зүйлийн 291.1, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр тохиролцсон анхны байдлаас нь дордуулахгүйгээр хүлээлгэн өгсөн бөгөөд биднийг засвар, үйлчилгээ хийгээд гарсны дараа 2 давхрын түрээслэгч ус алдсаны улмаас доод давхарт засвар хийх шаардлага үүссэн гэдгийг бид хожим мэдсэн. 2. Түрээсийн зүйлийг хүлээлцсэн эсэх тухайд: Түрээсийн зүйлийг 2021 оны 4 дүгээр сарын сүүлээр хүлээлцэхээр талууд тохиролцсон байсан боловч цар тахлын улмаас улс орныг хамарсан хатуу хол хориог 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл тогтоосон, мөн уг хугацааг 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл сунгасан зэргээс шалтгаалж засварын ажлыг тохиролцсон хугацаанд гүйцэтгэж, хүлээлгэн өгч чадаагүй юм. “Үйлдвэрлэлийн зориулалттай байр түрээслэх гэрээ”-ний 8 дугаар зүйлд давагдашгүй хүчин зүйлийн талаар талууд тохиролцсон байх бөгөөд засвар үйлчилгээг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон талаар түрээслүүлэгчид мэдэгдэхэд тэрээр үл ойшоож, даруй хүлээлгэж өгөхийг шаардаж байсан бөгөөд уг хугацаагаар түрээсийн төлбөр нэхэмжлэх болно гэдгээ илэрхийлж байсан болно. Түрээсийн зүйлийг хугацаандаа хүлээлгэн өгч чадаагүй нь биднээс бус, цаг үеийн нөхцөл байдлаас буюу цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосонтой холбоотой юм. 3. Түрээсийн төлбөр, тооцооны талаар:. Гэрээний 3.2-т гэж заасан сард 3.090.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байсан. Гэрээ дуусгавар болсны дараа санхүүгээс тухайн компанийн түрээсийн тооцоог нягтлуулахад 4.374.000 төгрөгийн тооцоо үлдэгдэл байгаа болно.” гэжээ. Түрээсийн гэрээний харилцаатай байх 7 жилийн хугацаанд бид түрээсийн төлбөрт 263.400.000 төгрөг төлсөн бөгөөд харин өнгөрсөн 7 жилийн хугацаанд түрээслүүлэгч үндэслэлгүйгээр, гэрээнд зааснаас бус байдлаар түрээсийн төлбөрийг нэмэх талаар жил бүр тогтмол санал гаргаж байсан гэдгийг энд онцлон дурдмаар байна. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 3.7-д “түрээсийн төлбөрийг нэмэгдүүлэх үндэслэлийг тодорхой заасан бөгөөд мөн түрээсийн төлбөр нэмэх асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэх, аль нэг тал дангаар нэмэх, өөрчлөх эрхгүй байхаар зохицуулсан байдаг” тул түрээсийн төлбөрийг түрээслүүлэгч дангаар нэмэх эрхгүй гэдгийг тухайн үед түрээслүүлэгчид сануулж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн төлбөр нэхэм тухай асуудлыг хөндөхдөө “...танай компани ашигтай ажиллаж байгаа учраас түрээсийн төлбөр нэмнэ” гэдэг маш бүдүүлэг үндэслэл гаргаж тавьдаг болно. Бидний ашигтай ажиллах, алдагдалтай ажиллах эсэх нь түрээслүүлэгчид огтхон ч хамаагүй зүйл гэдгийг мөн онцлон дурдмаар байна. 2018 оны 08  дугаар сарын 25-ны өдөр 3.090.000 төгрөгийн тооцооноос 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2.900.000 төгрөг төлсөн. Тухайн үед 2 давхрын түрээслэгч “О ” ХХК нь усаа хаалгүй мартаж явснаас болж манай байрлах 1 давхар руу ус алдсан. Үүнээс болж 2 ширхэг гэрэл ажиллахгүй болсон бөгөөд яаралтай засаж янзалж өгөх талаар түрээслүүлэгч талын захирал Д.Н-эд мэдэгдэхэд “Өөрсдөө гэрлээ аваад сольчих, түрээсийн төлбөрөөс хасаад шилжүүлчих” гэсний дагуу түрээсийн төлбөрөөс 190.000 төгрөгийг хасаж шилжүүлсэн. 2019 оны 3 дугаар сард Д ТӨХК-аас ирж дулааны узельд үзлэг хийж “Хуучийн модон хаалгыг яаралтай соль” гэсэн шаардлага тавьсныг Түрээслүүлэгч талын захирал Д.Н эд мэдэгдэхэд “Хуванцар рамтай шилэн хаалга хийх боломжтой бол хамгийн хямд материалаараа танайх хийчих, түрээсийн төлбөрөөсөө хасаад шилжүүл” гэсний дагуу хаалгыг хийн 200.000 төгрөгийг суутган шилжүүлсэн. 2020 оны 11 дүгээр сараас эхлэн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрүүдийн хооронд Ковид-19 цар тахалтай холбоотой хөл хорионы улмаас нийт 64 хоног манай байгууллага нь үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд Б.Б болон “А ” ХХК-д аман болон бичгээр хөл хорионы өдрүүдэд үйл ажиллагаа явуулж чадахгүй болсон тул түрээсийн төлбөрийг бууруулах саналыг удаа дараа хүргүүлснээр 40 хувь хөнгөлөлттэйгөөр түрээслэхээр амаар тохиролцсон. Хэдийгээр 2 сар гаруй хугацаанд хөл хорионд байж, үйл ажиллагаа явуулаагүй ч бид тохиролцсоны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс  2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нэг сарын төлбөр болох 3.090.000х60%=1.854.000 төгрөгөөр тооцож 3 сарын хугацаанд нийт 5.562.000 төгрөг төлсөн байдаг. 4. Зуучлалын төлбөрийн талаар: Талуудын хооронд “зуучлалын гэрээ”-ний харилцаа үүсээгүй тул түрээслүүлэгчид зуучлалын үйлчилгээний хөлс, төлбөр төлөх үүрэг үүсэхгүй юм. Нэхэмжлэлд дурдсан “Х  групп” ХХК-тай холбож өгөх тухайд иргэн Б.Б танилцуулсан нь үнэн боловч түүнд борлуулалт бүрээс зуучлалын хөлс төлөхөөр тохиролцоогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            3. Нэхэмжлэгчээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2014/0317 дугаар “Үйлдвэрлэлийн зориулалттай байр түрээслүүлэх гэрээ”, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 20140317 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт, “А ” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Мэдэгдэл, “А ” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн баримт, “А ” ХХК-ийн 308 дугаар Хүсэлт гаргах тухай, “А ” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн баримт, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Хүсэлт гаргах нь, Ажлын байрны засварын хохирлын нэгтгэсэн дүн, Ажлын байрны засварын ажилд шаардагдах материалын зардал, Ажлын байрны засварын ажлын хөлс, Түрээсийн төлбөрийн тооцоо, “И ” ХХК-ийн Албан бичгийн хариу болон түрээсийн байрны тухай, 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 0426 дугаар мэдэгдэл хүргүүлэх нь, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Түрээсийн талбайг шалгаж авсан тэмдэглэл, Ц.М ийн тодорхойлолт, Барилгын дотор заслын ажлын гүйцэтгэх гэрээ, фото зураг, Т  ХХК-ийн Ажил гүйцэтгэх гэрээ, Зарлагын баримт, “И ” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 0322/02 дугаар Хүсэлтийн хариу, 2014/0317 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт, Вакум цонх, тагтны хаалт нийлүүлэх гэрээ, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 940 дүгээр Гомдлын хариу гэсэн баримтуудыг, хариуцагчаас Зарлагын баримт, “О ” ХХК-ийн тодорхойлолт, Байрны урсгал засварт гарсан тооцоо, цахим гүйлгээний баримт, Хаан банкны шилжүүлгийн баримт, Төлбөрийн баримт, фото зураг, “А ” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр О  ХХК-д хүргүүлсэн Хүсэлт, “А ” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 6 дугаар Мэдэгдэл, Хаан банкны Депозит дансны хуулга, Төрийн банкны харилцагчийн хуулга, “И ” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 0319 дүгээр Албан бичгийн хариу болон түрээсийн байрны тухай, Төлбөрийн нэхэмжлэх, Кассын зарлагын ордер, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

            Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Б гийн гар утас дахь фэйсбүүк программд үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Б-с гэрчийн мэдүүлэн авсан тэмдэглэл гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А ” ХХК-ийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13.856.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Б гийн зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 18.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “И ” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 150/2 дугаар барилгын 1 дүгээр давхрын 300 м.кв талбайг 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2014/0317 дугаар “Үйлдвэрлэлийн зориулалтай байр түрээслүүлэх гэрээ”-ний дагуу 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл түрээсэлсэн. Түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөхдөө урсгал засвар хийж өгөхөөр тохирсон. 1. Түрээсийн талбайд дутуу засвар хийснийг гүйцээж засварын ажил хийлгэсэн 4.799.500 төгрөгийн зардлыг гаргуулж өгнө үү. 2. Нэг давхрын таазанд 3х18 вт чадалтай флорисцент нэг гэрэлтүүлгийн үнэ 45.000 төгрөг бүхий, нийт 30 гэрэлтүүлгийг 1.950.000 төгрөгөөр хийлгэснийг түрээслүүлэгчид мэдэгдэлгүйгээр дээрх гэрлүүдийг өөр гэрлээр сольсон тул гэрлүүдийн үнэ болох 1.950.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 3. Түрээсийн үлдэгдэл төлбөр болох 7.107.000 төгрөгийг төлөөгүй. Иймээс нийт 13.856.500 төгрөг хариуцагч “И ” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож өгнө үү. 4. “И ” ХХК нь 2014 онд “Х ” ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх талаар  Б.Б гаас асуусан тул тэрээр “Х ” ХХК-ийн захирлыг таних тул гэрээ байгуулах талаар зуучилж өгсөн. Үүний дагуу “И ” ХХК нь “Х  групп” ХХК-тай гэрээ байгуулан, тэдний үйлдвэрлэсэн вакум цонхыг авах болсон. Зуучлалын гэрээний дагуу “И ” ХХК нь эхэн үедээ 2 хувийн зуучлалын хөлс гэж тооцон Б.Б д өгдөг байсан боловч “Х  групп” ХХК-д нийлүүлсэн барааны 2017 оны 8 дугаар сарын зуучлалын хөлс 11.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын зуучлалын хөлс 7.200.000 төгрөг, нийт 18.200.000 төгрөгийг төлөөгүй байгаа тул 18.200.000 төгрөгийг “И ” ХХК-иас гаргуулан Б.Б д олгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Гэрээний дагуу 2021 оны 5 дугаар сарын 08-ний өдөр хүртэл хугацаанд түрээсийн талбайг түрээслэн, тохиролцсоны дагуу түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Түрээслэгчийн хувьд түрээсийн зүйлд арги гамтай, өөриймсөг хандаж, засан сайжруулалт, засвар үйлчилгээг тогтмол гүйцэтгэж байсан. Бид гэрээний 4.1.7 болон Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4, 291 дүгээр зүйлийн 291.1, 295 дугаар зүйлийн 295.1-д заасны дагуу гэрээгээр тохиролцсон анхны байдлаас нь дордуулахгүйгээр засвар хийлгэж хүлээлгэн өгсөн. Биднийг засвар, үйлчилгээ хийгээд гарсны дараа 2 давхрын түрээслэгч ус алдсаны улмаас доод давхарт засвар хийх шаардлага үүссэн гэдгийг бид мэдсэн. Иймд засварын зардал нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд “зуучлалын гэрээ”-ний харилцаа үүсээгүй тул түрээслүүлэгчид зуучлалын үйлчилгээний хөлс, төлбөр төлөх үүрэг үүсэхгүй юм. Нэхэмжлэлд дурдсан “Х  групп” ХХК-тай холбож өгөх тухайд Б.Б танилцуулсан нь үнэн боловч түүнд борлуулалт бүрээс зуучлалын хөлс төлөхөөр тохиролцоогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2014/0317 дугаар “Үйлдвэрлэлийн зориулалттай байр түрээслүүлэх гэрээ”, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 20140317 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт, “А ” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Мэдэгдэл, “А ” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн баримт, “А ” ХХК-ийн 308 дугаар Хүсэлт гаргах тухай, “А ” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн баримт, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Хүсэлт гаргах нь, Ажлын байрны засварын хохирлын нэгтгэсэн дүн, Ажлын байрны засварын ажилд шаардагдах материалын зардал, Ажлын байрны засварын ажлын хөлс, Түрээсийн төлбөрийн тооцоо, “И ” ХХК-ийн Албан бичгийн хариу болон түрээсийн байрны тухай, 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 0426 дугаар мэдэгдэл хүргүүлэх нь, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Түрээсийн талбайг шалгаж авсан тэмдэглэл, Ц.М ийн тодорхойлолт, Барилгын дотор заслын ажлын гүйцэтгэх гэрээ, фото зураг, Т  ХХК-ийн Ажил гүйцэтгэх гэрээ, Зарлагын баримт, “И ” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 0322/02 дугаар Хүсэлтийн хариу, 2014/0317 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт, Вакум цонх, тагтны хаалт нийлүүлэх гэрээ, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 940 дүгээр Гомдлын хариу, Зарлагын баримт, “О ” ХХК-ийн тодорхойлолт, Байрны урсгал засварт гарсан тооцоо, цахим гүйлгээний баримт, Хаан банкны шилжүүлгийн баримт, Төлбөрийн баримт, фото зураг, “А ” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр О  ХХК-д хүргүүлсэн Хүсэлт, “А ” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 6 дугаар Мэдэгдэл, Хаан банкны Депозит дансны хуулга, Төрийн банкны харилцагчийн хуулга, “И ” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 0319 дүгээр Албан бичгийн хариу болон түрээсийн байрны тухай, Төлбөрийн нэхэмжлэх, Кассын зарлагын ордер, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гар утас дахь фэйсбүүк программд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Баярмаагийн мэдүүлэг гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. “А ” ХХК, “И ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2014/0317 дугаар “Үйлдвэрлэлийн зориулалтай байр түрээслүүлэх гэрээ”-ээр түрээслүүлэгч “А ” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 150/2 дугаар байрны 1 дүгээр давхрын 300 м.кв талбайг 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч “И ” ХХК нь түрээсийн төлбөрт 1 сарын 3.090.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар, мөн талууд гэрээний хугацааг 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан талаар, мөн уг гэрээний хүчин төгөлдөр талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байна үзэв.

 

Уг гэрээний дагуу түрээслүүлэгч “А ” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 150/2 дугаар байрны 1 дүгээр давхрын 300 м.кв талбайг түрээслэгч “И ” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, түрээслэгч нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн төлбөрт 190.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн төлбөрт 176.000 төгрөг дутуу төлсөн, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн төлбөрт 100.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн түрээсийн төлбөрт 1.236.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн төлбөрт 1.236.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн түрээсийн төлбөрт 1.236.000 төгрөг, нийт 4.174.000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогджээ.

 

Хариуцагч тал “...2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн төлбөрийн 190.000 төгрөгт, мөн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн төлбөрийн 176.000 төгрөгт нь түрээслэгчтэй тохиролцож, ажиллахгүй болсон гэрэл сольсон тул төлөөгүй. 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн түрээсийн төлбөр 1.236.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн төлбөр 1.236.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн түрээсийн төлбөр 1.236.000 төгрөгийн хувьд Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон тул түрээслэгчтэй тохиролцож, түрээсийн төлбөрийг 40 хувиар буюу 1.854.000 төгрөг болгон багасгасан” гэсэн тайлбар гаргасан нь гэрээний талууд харилцан тохиролцож, түрээсийн төлбөрийн хэмжээг 1.854.000 төгрөг болгон багасгасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болж, тухайн өдөр түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр түрээсийн гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 150/2 дугаар барилгын 1 дүгээр давхрын 300 м.кв талбайг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхээр очиход түрээслүүлэгч “...засвар дутуу” гэсэн үндэслэлээр хүлээн аваагүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч “А ” ХХК нь 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 2.733.000 төгрөг шаардах эрхгүй юм.

 

Харин хариуцагчийн “...2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 37.080.000 төгрөг төлөхөөс 36.774.400 төгрөг төлж, 200.000 төгрөгт нь түрээслэгчтэй тохиролцож хаалга сольсон” гэсэн тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул 200.000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасаж тооцов.

 

Иймд хариуцагч “И ” ХХК-иас түрээсийн гэрээний төлбөрт 4.174.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгчийн “...нэг давхрын таазанд 3х18 вт чадалтай флорисцент нэг гэрэлтүүлгийн үнэ 45.000 төгрөг бүхий, нийт 30 гэрэлтүүлгийг 1.950.000 төгрөгөөр хийлгэснийг түрээслүүлэгчид мэдэгдэлгүйгээр дээрх гэрлүүдийг өөр гэрлээр сольсон тул гэрлүүдийн үнэ болох 1.950.000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч “...гэрлүүдийн хувьд цаг хугацаа нь болоод эвдэрч, ажиллахгүй болсон, солих шаардлагатай болсон тул гэрлүүдийг сольсон” гэсэн тайлбар гаргасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.2, 4.2.6-д зааснаар түрээслэгч нь түрээсийн эд хөрөнгө болох гэрлүүдийг өөрийн хөрөнгөөр засаж, урсгал засвар хийж сольсон байх тул нэхэмжлэгч “А ” ХХК нь гэрэлтүүлгийн үнэ 1.950.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

            Гэрээний 4.1.7-д “түрээслэгч нь түрээсийн байрыг гэрээнд заасан зориулалтаар эзэмшиж, ашиглах ба өөрсдийн буруугаас түрээсийн байранд хохирол учруулсан бол өөрийн хөрөнгөөр засварлана”, 4.1.6-д “түрээслэгч нь түрээсэлж байгаа байрыг анхны байдлаас нь дордуулахгүй эзэмшиж, ашиглана” гэж заасан, “И ” ХХК, “А ” ХХК-ийн хооронд байгуулагдсан хэлцэлд “...2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн түрээсийн төлбөр 5.200.000 төгрөгийг шилжүүлнэ. И  ХХК нь түрээсийн байранд урсгал засвар, үйлчилгээг үзүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч “И ” ХХК нь түрээсийн гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 150/2 дугаар байрны 1 дүгээр давхрын 300 м.кв талбайд урсгал засвар хийсэн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5, 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар түрээслэгч нь түрээсэлсэн эд хөрөнгийг гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгасан гэж үзэхгүй юм.

 

            Иймд нэхэмжлэгч “А ” ХХК нь “...дутуу хийсэн засварын зардалд 4.799.500 төгрөг”-ийг хариуцагчаас шаардах эрхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            “И ” ХХК, Б.Б нар харилцан тохиролцож, Б.Б нь “И ” ХХК-иас олгосон бүрэн эрхийн дагуу уг компанийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах “Х  групп” ХХК-тай холбож өгөх, “И ” ХХК нь зуучилсны хөлсөнд “Х  групп” ХХК-тай байгуулсан гэрээний үнийн дүнгийн 2 хувиар тооцож хөлс төлнө” гэж тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл “И ” ХХК, Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний харилцаа үүсээгүй байх тул хариуцагч “И ” ХХК-д холбогдох зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 18.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан хариуцагч “И ” ХХК-иас зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 18.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “И ” ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.174.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.682.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч  “А ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 315.233 төгрөгийг, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 18.650 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “И ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 81.734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан хариуцагч “И ” ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.174.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.682.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “И ” ХХК-иас зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 18.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч  “А ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 315.233 төгрөгийг, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 18.650 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “И ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 81.734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ж.СЭМЖИД