Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01910

 

2022.10.19 МАГАДЛАЛ №1910

ТӨСӨЛ

 

А- ХХК, Б.Б-нарын

нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01896 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А- ХХК, Б.Б-нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч И- ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 32,056,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: А- ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2014/0317 дугаартай И- ХХК-тай Үйлдвэрлэлийн зориулалтай байр түрээслүүлэх гэрээ-г 3 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 0000 давхрын 300 м.кв талбайг 1 сарын 3,090,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон, цаашид сунгах эсвэл дуусгавар болгох тухай санал тавихад хариу өгөөгүй. 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 0426/1 тоот албан бичгээр түрээсийн талбайг мөн сарын 25-ны өдөр чөлөөлж, урсгал засвар хийж 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээлж өгөх тухай манайд мэдэгдсэн. Тохирсон хугацаандаа засвараа дуусгаж хүлээлгэж өгөөгүй учир бид өөрсдөө 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тэмдэглэл үйлдэн талбайгаа авсан.

1а.Иймд дутуу орхисон засварын ажлыг гүйцээж хийлгэсэн зардал 4,799,500 төгрөг гаргуулна.

1б.Мөн бидэнд мэдэгдэлгүйгээр 1 давхрын гэрэл сольсон байсан. Бид 1 ширхэг нь 45,000 төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг гэрэлтүүлгийг Тепломонтаж ХХК-иар хийлгүүлсэн учир үнэ 1,950,000 төгрөгийг гаргуулна.

1в.Түрээсийн төлбөр дутуу төлж байсан. Гэрээний үлдэгдэл төлбөр 7,107,000 төгрөг, нийт 13,856,500 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: И- ХХК-ийг Х- ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулахад нь зуучилсан. Энэхүү зуучлалын гэрээний дагуу Х- ХХК-тай байгуулсан гэрээний 2 хувийн ашгийг Б.Б-д төлж байсан боловч 2017 оны 08 дугаар сарын зуучлалын хөлс 11,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард нийлүүлсэн зуучлалын хөлс 7,200,000 төгрөг, нийт 18,200,000 төгрөгийг төлөөгүй учир уг мөнгийг гаргуулан Б.Б-д олгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: А- ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сард дуусгавар болсон бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр түрээслүүлэгч ...2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс НӨАТ оруулсан дүнгээр түрээсийн төлбөрийг 5,200,000 төгрөг болгож байна, цаашид үргэлжлүүлэн түрээслэх эсэх талаарх хариугаа 2021 оны 03 дугаар сарын 20-ны дотор мэдэгдэнэ үү гэсэн. Ингээд бид 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 0319/01 тоот албан бичгээр гэрээг сунгахгүй, мөн 2 сарын дотор түрээсийн зүйлийг суллаж өгөхийг мэдэгдсэн. 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны 1 сарын түрээсийн төлбөр 5,200,000 төгрөгийг төлсөн, мөн гэрээний 4.1.6-д заасны дагуу түрээсийн зүйлд урсгал засвар, үйлчилгээ хийсэн. Түрээсийн зүйлийг анхны байдлаас нь дордуулахгүйгээр хүлээлгэн өгсөн бөгөөд биднийг засвар, үйлчилгээ хийгээд гарсны дараа 2 давхрын түрээслэгч ус алдсаны улмаас доод давхарт засвар хийх шаардлага үүссэн гэдгийг хожим мэдсэн. Түрээсийн зүйлийг 2021 оны 04 дүгээр сарын сүүлээр хүлээлцэхээр тохиролцсон боловч цаг үеийн нөхцөл байдлаас буюу цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хугацаандаа хүлээлгэн өгч чадаагүй. Гэрээ дуусгавар болсны дараа санхүүгээс тухайн компанийн түрээсийн тооцоог нягтлуулахад 4,374,000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэсэн. Тухайн үед 2 давхрын түрээслэгч Органик желато ХХК нь манай байрлах 1 давхар руу ус алдсаны улмаас 2 ширхэг гэрэл ажиллахгүй болсон. Түрээслүүлэгч талын захирал Д.Н-эд мэдэгдэж, гэрлийг солиод түрээсийн төлбөрөөс 190,000 төгрөгийг хасаж шилжүүлсэн. 2020 оны 11 дүгээр сараас эхлэн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрүүдийн хооронд ковид-19 цар тахалтай холбоотой хөл хорионы улмаас нийт 64 хоног манай байгууллага нь үйл ажиллагаа явуулаагүй. Б.Б-болон А- ХХК-д аман болон бичгээр хөл хорионы өдрүүдэд үйл ажиллагаа явуулж чадахгүй болсон тул түрээсийн төлбөрийг бууруулах саналыг удаа дараа хүргүүлснээр 40 хувь хөнгөлөлттэйгөөр түрээслэхээр амаар тохиролцсон. Бид тохиролцсоны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нэг сарын төлбөр болох 3,090,000х60%=1,854,000 төгрөгөөр тооцож 3 сарын хугацаанд нийт 5,562,000 төгрөг төлсөн.

Талуудын хооронд зуучлалын гэрээ-ний харилцаа үүсээгүй тул түрээслүүлэгчид зуучлалын үйлчилгээний хөлс, төлбөр төлөх үүрэг үүсэхгүй юм.

Нэхэмжлэлд дурдсан Х- групп ХХК-тай холбож өгөх тухайд иргэн Б.Б-танилцуулсан нь үнэн боловч түүнд борлуулалт бүрээс зуучлалын хөлс төлөхөөр тохиролцоогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан хариуцагч И- ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,174,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,682,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч И- ХХК-иас зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 315,233 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 18,650 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч И- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 81,734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Б-нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, хавтаст хэргийн 12 дахь талд авагдсан гэрээний нэмэлт өөрчлөлтөд Х- ХХК-ийн эхний ээлжийн санхүүжилтээр зуучлалын гэрээний төлбөрөө хамт бодож авах эрхтэй гэх заалт, мөн мессенжер утсанд хийсэн чат баримтуудыг шүүхийн журмаар үзлэг хийлгэж тогтоолгосон. Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээ нь хамтран ажиллах, ажил гүйцэтгэх болон туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт хамааралтай. Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлал олгосон бүрэн эрхийн дагуу ашиг сонирхлын хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүргийг гүйцэтгэх ёстой. Гүйцэтгэж өгсөн шагнал, хөлс төлөх үүргийг хүлээнэ гэх заалт байгаа. Зуучлалын гэрээг заавал бичгээр байгуулахыг шаарддаггүй, хүний хүсэл зоригийг зуучилж өгч буй холбож өгөх үүргийг гүйцэтгэсэн. 2014 оны 08 дугаар сард Х- ХХК нь И- ХХК-тай хөлсийг тохироогүй гэж маргадаг. Гэтэл 2014 оны 08 дугаар сараас 2017 он хүртэл нийт Б.Б-гийн дансанд 19,600,000 төгрөг зуучлалын гэрээний хөлсийг төлж шилжүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээний 2,2 хувь буюу нийт 18,200,000 төгрөгийн зуучлалын гэрээний хөлсийг төлөөгүй тул маргаан үүссэн. Ажил гүйцэтгэх гэрээний зуучлагч Б.Б-хөлсөө шаардах эрхтэй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал нь хүлээн авч байгуулна. Анхан шатны шүүх хуралдаанд Б.Б-гийн хэлснээр н.Э-ийн хойноос 3,4 сар гүйж, гэрээг байгуулж, өдий зэрэгт хүрэх боломжийг хангаж өгсөн. Нотлох баримтуудаар нотлогдож байхад анхан шатны шүүхээс зуучлалын гэрээний харилцаа үүсээгүй байна гэх дүгнэлтийг хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 18,200,000 төгрөгийг ханган шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: И- ХХК болон Б.Б-нарын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Тухайн зуучлалын гэрээний харилцаатай бөгөөд 18,200,000 төгрөгийг шаардах эрхтэй гэдгийг нотолсон баримт гаргаж өгөөгүй. Хариуцагч талаас тухайн үйлчилгээг үзүүлэх чадамжтай гэдгээ Х- групп компанийн өмнө нотолсон баримт авагдсан. Мөн хариуцагчийн бараа, ажил үйлчилгээг сонгох, зайлшгүй нөхцөл боломж бололцоо байхгүй. Нөхөн төлбөр авах, эд материал шилжүүлэхээр тохиролцсон тохиолдолд зуучлалын гэрээг бичгээр байгуулах ёстой. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Монгол улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосон. Үүний улмаас түрээсийн зүйлийг 3 сар ашиглаж чадаагүй. Тухайн үед түрээсийн төлбөрийг 40 хувиар хөнгөлөх шаардлага тавьсан. Гэрээний 8.1-д зааснаар давагдашгүй хүчин зүйл үүссэн тул түрээсийн зүйлийг ашиглах боломжгүй болсон. Хавтаст хэргийн 103, 104 дүгээр талд нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрийн орлого буюу 1,854,000 төгрөгийг и-баримтад шивсэн байгааг анхаарч үзэх ёстой. Хөнгөлөлт үзүүлээгүй тохиолдолд түрээсийн төлбөрийг нэг бол шивэх эсхүл шивэхгүй байх эрхтэй. 2021 оны 11, 12 дугаар сард түрээсийг дутуу төлж байхад шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Тухайн үед гэрээ цуцлах мэдэгдэл өгөөгүй. Монгол Улсын Засгийн газрын 178, 181, 196, 209, 226 тоот тогтоолуудаар 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 63 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

8.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Түрээсийн гэрээ 2013 онд байгуулагдаж, 2018 онд сунгаж, сунгалт болон түрээсийн гэрээний нөхцөлд түрээсийн төлбөрийг талууд тохиролцсон. Түрээсийн төлбөрийг ихэсгэж, багасгахаа аль аль нь бичгээр байгуулна. Давагдашгүй хүчин зүйл үүсэж, түрээсийг 60 хувиар төлсөн тул нэг талын хүсэл зориг илэрхийлэгдэж байна. Мөн хөл хорионы үед 500 гаруй мянган төгрөгийн тог, цахилгааны төлбөр гарсан. Ажиллаагүй тохиолдолд тог, цахилгааны төлбөр гарахгүй тул ажилласан байна гэж маргаан үүссэн. Төлбөрийг төлсөн хэмжээнд нь тааруулж манай байгууллага и-баримтыг шивсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зохигчдын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагч И- ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,107,000 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол 1,950,000 төгрөг, завсар хийлгэсэн зардал 4,799,500 төгрөг, нийт 13,856,500 төгрөг, нэхэмжлэгч Б.Б-нь хариуцагч И- ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 18,200,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

3.А- ХХК нь И- ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2014/0317 дугаартай Үйлдвэрлэлийн зориулалтай байр түрээслүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч А- ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 0000 давхрын 300 м.кв талбайг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд түрээслэгчийн эзэмшилд шилжүүлэх, түрээслэгч И- ХХК нь 1 сарын түрээсийн төлбөрт 3,090,000 төгрөг төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна./хх 9-11/ Анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээг хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

Зохигчид түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн эсэх талаар маргасан байна. Энэ тохиолдолд нотлох үүргийг хариуцагч тал хүлээнэ.

Хариуцагч И- ХХК 2018 оны 08 дугаар сарын түрээсийн төлбөрөөс 190,000 төгрөг, 12 дугаар сарын түрээсийн төлбөрөөс 176,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын түрээсийн төлбөрөөс 100,000 төгрөг тус тус дутуу төлсөн үндэслэлээ түрээслүүлэгчтэй тохиролцож, 2 гэрэл, хаалга сольсонтой зардлыг суутгасан гэж тайлбарласан боловч баримтаар нотлоогүй. Мөн Ковид-19 цар тахлын улмаас Засгийн газрын тогтоолоор хатуу хөл хорио тогтоосон хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд нэг сарын түрээсийн төлбөрийг 1,854,000 төгрөг байхаар түрээслүүлэгчтэй харилцан тохиролцсон гэж тайлбарлан, маргасан байна. Хэрэгт дээрх үйл баримтыг нотолсон баримт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Талууд гэрээний 8.1-д гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл /тухайлбал: газар хөдлөлт, үер, гал, түймэр, онц аюултай шуурга, халдварт өвчний тархалт ... гэх мэт/-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно гэж харилцан тохиролцжээ. Мөн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч нь давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзвэл гэрээнээс татгалзах эрхтэй байсан ба уг эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иймээс хариуцагчийг гэрээний үндсэн үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэргийн баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоон, хариуцагч И- ХХК-ийг 2020 оны 11, 12 дугаар сар, 2021 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрөөс тус бүр 1,236,000 төгрөг дутуу төлсөн гэж дүгнэж, хариуцагч И- ХХК-аас түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 4,174,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч тал зөвшөөрөлгүй гэрэл сольсон, түрээсийн байрны урсгал засварыг дутуу хийсэн гэх үндэслэлээр эд хөрөнгөд учирсан хохирол 1,950,000 төгрөг, завсар хийлгэсэн зардал 4,799,500 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Анхан шатны шүүх, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2014/0317 дугаартай гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэж дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Энэ шийдвэрт нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байна.

 

4.Нэхэмжлэгч Б.Б-нь хариуцагч И- ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 18,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... гэрээний дагуу эхэн үедээ 2 хувийн ашиг тооцон Б.Б-гийн дансаар 2014 оны 08 дугаар сарын 13-наас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 19,600,000 төгрөг шилжүүлсэн ... гэж тайлбарласан байна.

И- ХХК-аас Б.Б-д шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн гүйлгээнүүдийн утга нь зуучлалын хөлс төлөх гэх агуулгагүй, зээлийн эргэн төлөлт гэж тодорхойлогджээ. /1хх-134-135/

Мөн Д.Н-, И- ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 20140317 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт гэх гэрээний 3 дахь заалтыг нэхэмжлэгч Б.Б-болон хариуцагч И- ХХК-ийн хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй.

Шүүхийн журмаар үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэлд тусгагдсан баримтууд нь талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэх байдлыг эргэлзээгүй нотлохгүй байна.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч И- ХХК-д холбогдуулан гаргасан зуучлалын гэрээний хөлсөнд 18,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01896 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 248,950 төгрөг, хариуцагч талаас төлсөн 81,734 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Ч.ЦЭНД