Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2022/01365

 

 

 

 

 

                     2022           05             04

                                              183/ШШ2022/01365

                  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:   

 

Нэхэмжлэгч: “Х “ ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

           Хариуцагч: “Э ” ХХК-д  холбогдох, 

           

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 10.000.000 төгрөгийг гаргуулах тухай.

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 95.500.549 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Х.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

1. “Х ” ХХК нь “Э ” ХХК-д холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: “Х ” ХХК нь 2019 оны 10 сард “Э ” ХХК-тай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Энхтайваны өргөн чөлөө-57 тоот конторыг Г58 тоот гаражийн хамт түрээсэлж үйл ажиллагаа явуулахаар хэлэлцэн тохиролцож, Э  групп ХХК талаас төлөөлөгч Г.Б  нь миний цахим шууданд гэрээний төслийг ирүүлсэн. Улмаар бид 2019 оны 10 сард Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг Э  ХХК-ийн байранд байрлах үйл ажиллагаа явуулдаг Чойжин Сүйтс дотор анх байгуулж гарын үсэг зурж баталгаажуулан 11 сард барьцаа төлбөрт 20.000.000 төгрөгийг төлж байсан болно. Уг гэрээг байгуулснаас хойш хэдхэн хоногийн дэрээ Э  ХХК-ийн төлөөлөгч Г.Б  нь гэрээний “хөлслөгч, хөлслүүлэгч” гэсэн хоёр үгийн байрыг нь солиод бичсэн гэх шалтгаанаар гэрээг засаж, дахин гарын үсэг зуруулсан. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бид Ковид 19 цэр тахлын нөхцөл байдлын улмаас, мөн замын түгжрэлээс шалтгаалан түрээсийн гэрээгээ цуцлах хүсэлт гаргахад Э  ХХК-аас гэрээний 2.1.4-т “Үл хөдлөх хөрөнгийн үндсэн сарын түрээсийн хөлс нь 25.000.000 төгрөг бөгөөд Хөлслөгч талд 10.000.000 төгрөгөөр хөнгөлөлттэй үнээр түрээслүүлж байгаа болно. Хөлслөгч тал гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд суусан хугацаанд хөнгөлсөн буюу зөрүү төлбөрийг Хөлслүүлэгч тал тооцон Хөлслөгч талаас нэхэмжилнэ” гэж заасныг мэдэж байгаа биздээ гэсэн. Анх цахим шуудангаар ирүүлсэн гэрээний хувилбарт 2.1.4 гэсэн заалт байгаагүй. Иймд уг гэрээ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй" гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Э  групп ХХК болон Хантай хайрхан ХХК-ийн  хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Э  групп ХХК-д 2020 оны 5, 6 сарын түрээсийн төлбөрийг төлж НӨАТ-ын баримт шивж өгөхийг шаардахад одоог хүртэл шивж өгөөгүй учир бид дахин түрээсийн төлбөр төлөөгүй, харин 7, 8, 9, 10, 11 сарын түрээсийн төлбөрт барьцаа төлбөрөөс 10.000.000 төгрөгийг суутган авах боломжтой талаар мэдэгдсэн байдаг. Иймд барьцаанд төлсөн 20.000.000 төгрөгөөс суутган төлсөнд тооцож үлдэх 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 онд “Хантай хайрхан” ХХК болон “Э " ХХК-ийн хооронд “Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ”-г харилцан тохиролцож байгуулсан байдаг. "Хантай хархан” ХХК 2019 оны 12 дугаар сараас эхлэн 2020 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд “Э ” ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөөнд байрлах 308,8 м2 конторын зориулалттай талбай, 440,75 м2 гаражийн зориулалттай талбай, 3293 м2 газрыг хамтад нь ашиглаж ирсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2- т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл хэмээн тодорхойлоод "Үл хөдлөх хөлслөх гэрээ”~г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна, барьцаа гэж өгсөн 10.000.000 төгрөгөө авна гэжээ. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдах ёстой бөгөөд мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.     

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зохицуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс барьцаа болгож өгсөн 10.000.000 төгрөгөө буцаан шаардах эрхгүй гэж үзэж байна. Учир нь хэлцлийн дагуу авсан бүх зүйлийг харилцан буцаах тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж үр шимийг хүртэж байсан байдлыг хариуцагчид буцаан олгох боломжгүй улмаас мөнгөн хэлбэрээр буцаан төлөх үүрэг хүлээнэ. Тиймээс 2019 оны 12 дугаар сараас эхлэн 2020 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд ашигласан хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй юм. Тиймээс 10.000.000 сая төгрөг шаардаж байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.   

 

3. Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Хантай хайрхан” ХХК, “Э ” ХХК-ийн хооронд “Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ” нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.4-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. “Хантай хайрхан" ХХК-ийн хувьд 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл хугацаанд Э  ХХК-ийн өмчлөлийн зүйлийг ашигласан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 12 сар 9 хоногийг түрээсийн гэрээнд заасан нэг сарын үнэ 10.000.000 төгрөг гэж заасны дагуу тооцож, нийт 122.900.000 төгрөг болж байна. “Хантай хайрхан” ХХК нь түрээсийн төлбөр, барьцаанд 27.399.450 төгрөг төлсөнийг 122.900.000 төгрөгөөс хасаж тооцон үлдэх 95.500.549 төгрөгөөр "Хантай хайрхан" ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул 95.500.549 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Талууд 2020 оны 5 дугаар сарын 01-ний  өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөр 2.000.000 төгрөг байна гэж тохирсон. “Э ” ХХК-ийн объектод “Хантай хайрхан” ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нүүж орсон бөгөөд 2020 оны 12 дугаар сард нүүж гарсан. Гэтэл Э  ХХК нь олох ёстой байсан орлого гэж нэг сарын түрээсийн төлбөрийг 10 сая төгрөгөөр тооцно гэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч “Э ” ХХК нь “Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэдэгт маргахгүй байгаа бөгөөд “Хантай хайрхан" ХХК нь 27.399.450 төгрөг төлсөн гэдэгт маргахгүй байна. Иймээс  95.500.549 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчээс “Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ”, Гэрээний хавсралт-1, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Голомт банкны Төлбөрийн баримт, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга гэсэн баримтуудыг, хариуцагчаас “Э ” ХХК-ийн Нэхэмжлэх, Капитрон банкны дансны хуулга гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай баримтыг шүүхээс бүрдүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр цахим хаягаар Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээг файлаар явуулсан талаар, фэйсбүүк хаягаас хоорондоо захидлаар харилцсан талаар үзлэг хийж, тэмдэглэл хөтөлсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Э ” ХХК-ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 95.500.549 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар 2019 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, түрээсийн төлбөр, барьцаанд шилжүүлсэн 27.399.450 төгрөгөөс ашигласан хугацааны төлбөрийг хасаж, 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь түрээсийн гэрээ тул мөн хуулийн 318.4-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нэхэмжлэгч “Х ” ХХК нь манай үл хөдлөх эд хөрөнгийг 12 сарын хугацаанд ашигласан тул 10.000.000 төгрөгийг биднээс шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. “Хантай хайрхан" ХХК нь “Э ” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл хугацаанд эзэмшиж, ашигласан 12 сар 9 хоногийг түрээсийн гэрээнд заасан нэг сарын үнэ 10.000.000 төгрөгөөр тооцон, нийт 122.900.000 төгрөг болно. Үүнээс “Хантай хайрхан” ХХК-ийн  түрээсийн төлбөр, барьцаанд төлсөн 27.399.450 төгрөгийг хасаж тооцон 95.500.549 төгрөгөөр "Х " ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул 95.500.549 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.

 

5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “...талууд түрээсийн төлбөр 2.000.000 төгрөг байна гэж тохирсон. Мөн “Э ” ХХК-ийн объектод “Хантай хайрхан” ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нүүж орсон бөгөөд 2020 оны 12 дугаар сард нүүж гарсан. Гэтэл Э  ХХК нь олох ёстой байсан орлого гэж нэг сарын түрээсийн төлбөрийг 10 сая төгрөгөөр тооцож, 95.500.549 төгрөг гаргуулна гэснийг зөвшөөрөхгүй” гэсэн үндэслэлээр няцаасан.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ”, гэрээний хавсралт-1, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Голомт банкны Төлбөрийн баримт, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, “Э ” ХХК-ийн Нэхэмжлэх, Капитрон банкны дансны хуулга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, үзлэг хийсэн тэмдэглэл гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

“Х ” ХХК, “Э ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх”-ээр “Э ” ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө-57 ба Г58 тоотод байрлах, нийт 749.55 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 3293 м.кв талбайтай газрын хамт 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд шилжүүлэх, “Х ” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө ашигласны нэг сарын хөлсөнд НӨАТ орсон дүнгээр 10.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд зохигчид “...түрээсийн гэрээ байгуулсан, түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл талаар, мөн гэрээний дагуу “Х ” ХХК нь түрээсийн төлбөр, барьцаанд нийт 27.399.450 төгрөгийг “Э ” ХХК-д шилжүүлсэн талаар” маргаагүй болно.

 

Мөн хавтаст хэрэгт авагдсан “Э ” ХХК-ийн Нэхэмжлэх гэсэн баримт, үзлэг хийсэн тэмдэглэлийн “...Э  ХХК-иас Х  ХХК-д хариу хүргүүлсэн албан бичиг” гэсэн нотлох баримтаар Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө-57 ба Г58 тоотод байрлах, нийт 749.55 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь 2020 оны 5 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын хооронд буюу 8 сарын хугацаанд “Х ” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байсан, гэрээний талууд тохиролцож түрээсийн төлбөрийг багасгаж 2.000.000 төгрөг болгосон байна гэж дүгнэв.

 

7. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-т зааснаар “Түрээсийн гэрээ”-г талууд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус байх хэлцэл талаар маргаагүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар уг гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.

 

8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Х ” ХХК нь уг гэрээний дагуу түрээсийн төлбөр, барьцаанд шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг (нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд) хариуцагч “Э ” ХХК-иас буцаан шаардах эрхтэй юм.

 

9. Харин нэхэмжлэгч “Х ” ХХК нь түрээсийн гэрээний зүйлийг 2020 оны 5 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын хооронд буюу 8 сарын хугацаанд эзэмшиж, ашигласан тул “түрээсийн төлбөрийг багасгаж 2.000.000 төгрөг болгосон”-ийг үндэслэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч  “Х ” ХХК-ийг /түрээсийн зүйлийг эзэмшиж, ашигласан хугацаа 8 сарыг 2.000.000 төгрөгөөр тооцоход/ 16.000.000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэхээр байна.

 

10. Гэвч “Х ” ХХК нь түрээсийн төлбөр, барьцаанд нийт 27.399.450 төгрөгийг “Э ” ХХК-д шилжүүлсэн байх тул үндэслэлгүй хөрөнгөжсөн 16.000.000 төгрөгийг хасаж тооцоход нэхэмжлэгч “Х ” ХХК нь 11.399.450 төгрөгийг шаардах эрхтэй хэдий боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч “Э ” ХХК-иас 10.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн “...95.500.549 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Х ” ХХК-иас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 174.950 төгрөгийг, хариуцагч “Э ” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 635.500 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Э ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “Х ” ХХК, “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч “Э” ХХК-иас 10.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, хариуцагч “Э ” ХХК-ийн “...үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 95.500.549 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Х ” ХХК-иас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 174.950 төгрөгийг, хариуцагч “Э ” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 635.500 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Э ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.СЭМЖИД