Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01397

 

 

 

 

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01397

 

 

 

 

 

                              “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/01365 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х” ХХК-ийн хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 10,000,000 төгрөг гаргуулах үндсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 95,500,549 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Урангуа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярлах, хариуцагчийн өмгөөлөгч Д.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:  “Х” ХХК 2019 оны 10 сард “Э” ХХК-тай .......... конторыг Г58 тоот гаражийн хамт түрээсэлж үйл ажиллагаа явуулахаар хэлэлцэн тохиролцож, “Э групп” ХХК-ийн төлөөлөгч Г.Батзул цахим шуудангаар гэрээний төслийг ирүүлсэн. 2019 оны 10 сард үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг “Э” ХХК-ийн байранд байрлах үйл ажиллагаа явуулдаг ЧС дотор анх байгуулж гарын үсэг зурж баталгаажуулан 11 сард барьцаа төлбөрт 20,000,000 төгрөг төлсөн. Гэрээ байгуулснаас хойш “Э” ХХК-ийн төлөөлөгч Г.Батзул гэрээний “хөлслөгч, хөлслүүлэгч” гэсэн хоёр үгийн байрыг нь солиод бичсэн гэх шалтгаанаар гэрээг засаж, дахин гарын үсэг зуруулсан. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ковид 19 цар тахлын нөхцөл байдал, мөн замын түгжрэлээс шалтгаалан түрээсийн гэрээгээ цуцлах хүсэлт гаргахад “Э” ХХК-аас гэрээний 2.1.4 дэх заалтыг хэлсэн. Цахим шуудангаар ирүүлсэн гэрээний хувилбарт “2.1.4” гэсэн заалт байгаагүй. Иймд уг гэрээ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулна. “Э групп” ХХК-д 2020 оны 5, 6 сарын түрээсийн төлбөрийг төлж НӨАТ-ын баримт шивж өгөхийг шаардахад одоог хүртэл шивж өгөөгүй тул дахин түрээсийн төлбөр төлөөгүй, харин 7, 8, 9, 10, 11 сарын түрээсийн төлбөрт барьцаа төлбөрөөс 10,000,000 төгрөгийг суутган авах боломжтой талаар мэдэгдсэн. Иймд барьцаанд төлсөн 20,000,000 төгрөгөөс суутган төлсөнд тооцож үлдэх 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:  “Х” ХХК-тай үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг байгуулсан ба 2019 оны 12 дугаар сараас эхлэн 2020 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд “Э” ХХК-ийн .................. 308,8 м.кв конторын зориулалттай талбай, 440,75 м.кв гараашийн зориулалттай талбай, 3,293 м.кв газрыг хамтад нь ашиглахаар тохиролцсон. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдах ёстой бөгөөд мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Харин барьцаанд өгсөн 10,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй. Учир нь хэлцлийн дагуу авсан бүх зүйлийг харилцан буцаах тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж үр шимийг хүртэж байсан байдлыг хариуцагчид буцаан олгох боломжгүй улмаас мөнгөн хэлбэрээр буцаан төлөх үүрэг хүлээнэ. 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд ашигласан хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй гэжээ.

 3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талуудын байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн. “Х" ХХК-ийн хувьд 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл хугацаанд “Э” ХХК-ийн өмчлөлийн зүйлийг ашигласан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 12 сар 9 хоногийг түрээсийн гэрээнд заасан нэг сарын үнэ 10,000,000 төгрөгөөр тооцож, нийт 122,900,000 төгрөг болно. Нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр, барьцаанд төлсөн 27,399,450 төгрөгийг хасаж тооцоход "Х" ХХК нь 95,500,549 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул гаргуулж өгнө үү гэжээ.

 4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Талууд 2020 оны 5 дугаар сарын 01-ний  өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөр 2.000.000 төгрөг байна гэж тохирсон. “Э” ХХК-ийн объектод “Х” ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нүүж орсон бөгөөд 2020 оны 12 дугаар сард нүүж гарсан. Гэтэл Э ХХК нь олох ёстой байсан орлого гэж нэг сарын түрээсийн төлбөрийг 10 сая төгрөгөөр тооцно гэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч “Э” ХХК нь “Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэдэгт маргахгүй байгаа бөгөөд “Х" ХХК нь 27.399.450 төгрөг төлсөн гэдэгт маргахгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “Х” ХХК, “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч “Э” ХХК-аас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, хариуцагч “Э” ХХК-ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 95,500,549 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгч “Х” ХХК-аас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 174,950 төгрөгийг, хариуцагч “Э” ХХК-аас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 635,500 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагч “Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

6.1. Нэхэмжпэлийн шаардлагаас хэтрүүлэн шийдсэн тухайд, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “10,000,000 төгрөгийг суутгах авах боломжтой талаар мэдэгдсэн байдаг, иймд барьцаанд төлсөн 20,000,000 төгрөгөөс суутган төлсөнд тооцож үлдэх 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхой бичиж барьцаа гэж өгсөн 20,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан. Гэтэл шүүх “... барьцаанд шилжүүлсэн 27,399,450 төгрөгөөс ашигласан хугацааны төлбөрийг хасаж, 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шүүгч дур мэдэн ихэсгэж цаашид дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу хийгдсэн тохиролцоог хүчинтэйд тооцож хариуцагчид хэт хохиролтой шийдвэрлэсэн. Шийдвэрт “... харин нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний зүйлийг 2020 оны 05 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын хооронд 8 сарын хугацаанд эзэмшиж ашигласан тул “түрээсийн төлбөрийг багасгаж 2,000,000 төгрөг болгосон”-ийг үндэслэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг 16,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэхээр байна.” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэгэнт хүчин төгөлдөр бус болсон хэлцлийн дагуу хийгдсэн тохиролцоог хүчинтэйд тооцон шийдвэрлэж байгаа нь хуульд үл нийцэж байна. “Э” ХХК-аас 2019-2025 оны хооронд хэрэгжих урт хугацаат хөнгөлөлттэй нөхцөлтэй гэрээ байсан, Ковид-19 цар тахал гарсан зэрэг шалтгаанаас түрээсийн төлбөрийг хэсэг хугацаанд /2020 оны 05 дугаар сараас 2021 оны 01 сар хүртэл/ багасгаж 2,000,000 төгрөг болгох бичиг өгсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнээд “гэрээний талууд тохиролцож төлбөрийг багасгасан” гэсэн нь хууль зөрчиж байна. Барилга, газрыг 25,000,000 төгрөгөөр түрээсэлдэг. Талууд гэрээгээр сарын түрээсийг 25,000,000 төгрөгөөр түрээслэхээр байсныг урт хугацаагаар тохиролцож байгаа учир 10,000,000 төгрөг байхаар тохиролцож байгаа талаар дурдсан тул энэ тохиролцсоны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх ёстой. Бусдын барилгыг 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 12 сарыг дуустал бүтэн 1 жилийн хугацаанд эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулж үр шимийг нь хүртсэн атлаа ямар ч төлбөр төлөлгүй, ашиглалтын зардал /ус, дулаан, цахилгаан/-аа хүртэл буцааж авах шударга биш. Гэрээ хүчин төгөлдөр бус боловч бусдын хөрөнгийг үнэ төлбөргүй, хэт бага үнээр ашиглаж болохгүй, шударга бус байна.

6.2. Нотлох баримтад тулгуурлаагүй тухайд, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн хөрөнгийг ашиглахад бэлэн болгож бусад этгээдэд түрээслэхгүйгээр нэхэмжлэгчийн эзэмшилд бүтэн шилжүүлсэн. Гэтэл шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нүүж орсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэж 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын хооронд эзэмшсэн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг шинжлэн судлаагүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 05 дугаар сар хүртэл хугацааны талаар дүгнэлт хийх ёстой. Нэхэмжлэгч нь хариуцагчид түрээсийн гэрээний барьцаа 20,000,000 төгрөгөөс гадна 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 6,500,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 449,450.3 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 450,000 төгрөг нийт 7,399,450.3 төгрөгийг “2020 оны 01-05 сарын дулаан, цахилгаан, ашиглалтын зардал, түрээсийн төлбөр” гэх утгаар шилжүүлсэн. 7,399,450.3 төгрөг шилжүүлсэн баримтаар “Х” ХХК нь 2019 оны 12 дугаар сараас эхлэн ..................од байрлах 749,55 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж ашиглаж байсан нь тогтоогддог. “Х” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулаагүй бол хариуцагч нь хөрөнгөө өөрөө ашиглаж орлого олох бүрэн боломжтой байсан. “Х” ХХК нь өөрсдийн буруугаас хожимдож нүүж орсны хохирлыг хариуцагчид бүтэн оногдуулсан нь үндэслэлгүй. “Х” ХХК-ийг түрээсийн байранд хүчээр нүүж ор гэж хэлэх боломжгүй. Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сараас эхлэн түрээсийн байрыг ашиглаж эхлэхээр тохирч, уг хугацаанаас эхлэн ашиглалтын төлбөрийг төлж байсан баримт байсаар байтал 2020 оны 05 сараас эхлэн ашиглаж эхэлсэн гэж дүгнэснийг ойлгохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж нэхэмжлэгчээс 95,500,549 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд бодитой тооцоолол хийж, нийт өгсөн төлбөр нь түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалтай нийлээд 27,300,000 төгрөг болохыг шүүхийн шийдвэрт дурдсан ч нэхэмжлэлийн шаардлагыг дураараа нэмж, өөрчлөөгүй. Хэлцэл хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд тухайн баримтад үндэслэж, зах зээлийн үнэ ханшийг тооцож төлбөрийг гаргуулах нь зүйтэй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд баримтаа гаргаж өгөх талаар шаардлага гаргасан боловч хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сард гэрээ байгуулсан үеэс эхэлж түрээсийн төлбөрөө нэхэмжилдэг. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэг талын гаргасан тайлбарт үндэслэж дүгнээгүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд талууд мэтгэлцсэн. 12 дугаар сараас хойш засвар, үйлчилгээ хийсэн. Тус объект нь маш хүйтэн бөгөөд нүүж ороход хүн амьдрах боломжгүй байсан. Ашиглалтын зардлаа төлсөн. Ковидтой холбоотойгоор гэрээ цуцлах хүсэлт гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

2. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, түрээсийн төлбөр, барьцаанд шилжүүлсэн мөнгөн дүнгээс ашигласан хугацааны төлбөрийг хасч, 10,000,000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч “Э” ХХК үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 95,500,549 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 3. Х” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Э групп” ХХК-тай .................. контор, Г58 тоот гарааш, нийт 749,55 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээслэхээр тохиролцсон, үл хөдлөх хөрөнгө ашигласны нэг сарын хөлс НӨАТ орсон дүнгээр 10,000,000 төгрөг сар тутамд төлөх, хоёр сарын барьцаа төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөх, хөлслөгч тал гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд суусан хугацаанд хөнгөлсөн буюу зөрүү төлбөрийг тооцон нэхэмжлэх, түрээсийн төлбөрт гараашийн төлбөр орсон байхаар тохиролцжээ. /хх8-15/

Талууд гэрээний хавсралт №1-ийн тусгай нөхцлийн 3, 5-д “түрээс тооцож эхлэх огноог 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, барьцааг 2 сарын түрээсийн үндсэн хөлсний хэмжээгээр 20,000,000 төгрөг” байхаар заажээ. /хх16/

4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр, барьцаанд 27,399,450 төгрөг хариуцагчид шилжүүлсэн, түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрээ хүчин төгөлдөр бус болох талаар маргаагүй болно. Харин түрээсийн зүйлийг хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр эзэмшиж, ашигласан хугацаа, буцаан шаардах шаардлагын талаар маргаантай байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул хариуцагчаас барьцаа төлбөр 10,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Анхан шатны шүүх талуудын 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуулийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр, барьцаанд шилжүүлсэн нийт төлбөрийн дүнгээс 10,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв байна.

5. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь түрээсийн талбайг 8 сарын хугацаанд сар тутамд 2,000,000 төгрөгийн төлбөртэй эзэмшиж ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э” ХХК-ийн нягтлан бодогчийн [email protected] цахим хаягаас Х” ХХК-ийн захирал Г.Хулангийн [email protected] цахим хаяг руу илгээсэн хариуцагч компанийн захирлын гарын үсэгтэй 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 82 тоот “ ... ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн хямрал учирч үндсэн гэрээний дүн болох 10,000,000 төгрөгөөр түрээслэхэд хүндрэлтэй байгааг бид харгалзан үзэж танай хүсэлтийн дагуу одоогийн түрээсэлж байгаа түрээсийн гэрээтэй тэнцэх дүн болох 2,000,000 төгрөгөөр 2020 оны 05 сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл түрээслэхийг зөвшөөрч байна” гэх албан бичигт үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар үзлэгийн тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл болно. /хх126-134/

Талууд гэрээгээр түрээсийн төлбөрийг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож эхэлнэ гэж тохиролцсон, нэхэмжлэгчийн “ковид цар тахалтай холбоотойгоор түрээсийн талбайг 2020 оны 05 дугаар сараас ашиглаж эхэлсэн, 5 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй объект байсан учраас сантехник асуудалтай, ус гоождоггүй, хөлдсөн байсныг хариуцагчаар засвар хийлгэсэн” гэх тайлбар, хариуцагч компанийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн албан бичиг, түрээсийн төлбөрийн нэхэмжлэх, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь түрээсийн талбайг 2020 оны 05 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарыг хүртэл 8 сарын хугацаанд эзэмшиж, ашигласан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1, 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсэгт тус тус зааснаар аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй.

Хариуцагч нь хууль болон гэрээнд заасан  ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан эд хөрөнгө хүлээлгэн өгсөн баримтгүй байна. Мөн нэхэмжлэгчийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн талбайг ашигласан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн “талбайг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эзэмшиж, ашигласан” гэх тайлбарыг няцааж чадаагүй. /хх108-112, 143-144/

Нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарыг хүртэл 8 сарын хугацаанд бусдын өмчлөлийн объектыг бодитойгоор эзэмшиж, ашиглаж 16,000,000 төгрөгөөр /2,000,000*8 сар/ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул энэ хугацааны төлбөрөөс чөлөөлөгдөхгүй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар 493.6 дахь хэсэгт заасны дагуу буцаан шаардах шаардлагад үндэслэлгүй шилжүүлсэн хөрөнгөөс зайлшгүй олох ёстой байсан орлого буюу талбайн ашиглалт хамаарах тул нэхэмжлэгчийн төлсөн 27,399,450 төгрөгөөс 16,000,000 төгрөгийг хасч нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр хариуцагчаас 10,000,000 төгрөг гаргуулах нь зөв.

6. Үндсэн нэхэмжлэлийг дээрх байдлаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагчийн 95,500,549 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн объектыг ашигласан гэж сар тутмын түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөгөөр тооцоолсон нь үндэслэлгүй.

Зохигчид түрээсийн төлбөрийг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төлөхөөр гэрээний хавсралтаар тохиролцсон, түрээсийн төлбөр сар тутамд 10,000,000 төгрөг байх тохиролцоог 2,000,000 төгрөг болгон бууруулсан, мөн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой хөрөнгө хүлээлгэн өгсөн нь баримтаар нотлогдоогүй.

Нэхэмжлэгчийн “ ... тухайн объектод 5 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй байсан учраас сантехник асуудалтай, ус гоождоггүй, хөлдсөн байсныг хариуцагчаар засвар хийлгэсэн” гэх тайлбарыг хариуцагч нотлох баримтаар үгүйсгээгүй зэрэг үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй. /хх16, 134, 143-144/

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримтын үнэлгээ, хууль хэрэглээний талаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/01365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635,500  төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                                  М.БАЯСГАЛАН

                                                                                              А.МӨНХЗУЛ