Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2022/02164

 

           

 

 

 

            

 

   2022 оны 07 сарын 05 өдөр

           Дугаар 183/ШШ2022/02164

                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “О ” төрийн байгууллагын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: З овогтой, Э-ын Э-д холбогдох,

          

Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 31.739.389 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “О ” төрийн байгууллага нь Э.Э д холбогдуулан хохирол 31.739.389 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Иргэн  Э.Э  нь 2018 онд О-ын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар Зохиогчийн хэлтсийн дарга Э.М ийг ажлаас нь халсан. Э.М  нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0680 дугаар захирамжаар “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн. Уг захирамжид “...Э.М ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бүрэн олгож, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийх” нөхцөл тусгасан бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлж Э.М ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 31.739.389 төгрөгийг байгууллагаас олгосон байна. Энэ явдлаас хойш О-ын 2020 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газрын ээлжит шалгалт орж 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08/АО170051 САГ-2021/218/СТА-ТШЗ дугаартай албан шаардлага өгсөн. Тус албан шаардлагад “...Э.М ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 31.739.389 төгрөг олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаас нөхөн төлүүлнэ” гэсэн заасны дагуу 31.739.389 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Э.Э  надад холбогдуулж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг О-аас 31.739.385 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэгийн үндэслэх хэсэг болсон О-ын 2020 оны санхүүгийн тайланд “Үндэсний аудитын газрын ээлжит шалгалт орж 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08/АО170051 САГ-2021/218/СТА-ТШЗ дугаартай албан бичгээр “Ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэндийн даатгалын зардал нийт 31.739.385 төгрөгийн нөхөн олговрыг олгохдоо буруутай албан тушаалтнаар төлүүлээгүй байна” гэжээ. Миний гаргасан шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль зүйн хувьд хүчин төгөлдөр тул О-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх Э.М ийн нэхэмжлэлтэй, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг О-ын даргад холбогдох “Ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан үеийн цалин урамшуулал гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэсэн. Тус хэргийг анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0857 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 158 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 172 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхэд хэрэг дахин хэлэлцүүлэхээр буцаагдаж ирснээс хойш нэхэмжлэгч, хариуцагч тал харилцан буулт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар, эвлэрч шийдвэрлэснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 0680 дугаар захирамжаар баталгаажуулсан байна. Миний бие 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл О-ын даргаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл миний бие О т ажиллаж байхдаа Э.М той эвлэрээгүй, эвлэрлийн гэрээнд гарын үсэг зураагүй, Э.М ийг ажлаас халсан тушаал хууль бус гэж шүүх шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан. Дээрхээс үзвэл миний бие гэм буруутай албан тушаалтан биш байна. Иймд О-ын нэхэмжлэлтэй Э.Э д холбогдох “Байгууллагад учруулсан 31.739.389 төгрөг төгрөгийг нөхөн төлүүлэх тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс О-ын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/32 дугаар “Төрийн албанаас халах тухай” тушаал, Үндэсний аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08/А0170051 дүгээр Зөрчил арилгах тухай албан шаардлага, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0680 дугаар “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөрийн хүсэлт гэсэн баримтуудыг, хариуцагчаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 262 дугаар Ажилд томилох тухай тогтоол, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 365 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тогтоол, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 172 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 158 дугаар магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0857 дугаар шийдвэр гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “О ” төрийн байгууллагын хохирол 31.739.389 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Э.Э  нь О-ын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар Зохиогчийн хэлтсийн дарга Э.М ийг ажлаас нь халсан. Э.М  нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0680 дугаар захирамжаар “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу “...Э.М ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 31.739.389 төгрөгийг байгууллагаас олгосон”. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар 31.739.389 төгрөгийн хохирлыг хариуцагч Э.Э гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Э.Э  миний бие О-ын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар “...Э.М ийг ажлаас нь чөлөөлсөн” тушаал нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр юм. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0680 дугаар захирамжаар “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн. Миний бие 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл О-ын даргаар ажиллаж байсан ба би ажиллаж байхдаа Э.М той эвлэрээгүй, эвлэрлийн гэрээнд гарын үсэг зураагүй. Э.М ийг ажлаас халсан тушаал хууль бус гэж шүүх шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй болно. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн О-ын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/32 дугаар “Төрийн албанаас халах тухай” тушаал, Үндэсний аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08/А0170051 дүгээр Зөрчил арилгах тухай албан шаардлага, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0680 дугаар “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөрийн хүсэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 262 дугаар Ажилд томилох тухай тогтоол, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 365 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тогтоол, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 172 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 158 дугаар магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0857 дугаар шийдвэр гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. О-ын дарга Э.Э гийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар “...тус газрын Зохиогийн эрхийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.М  нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн тул 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс төрийн албанаас халсугай” гэжээ.

 

6. Э.М  нь шүүхэд “уг тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг О т холбогдуулан гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай захирамжаар хянан шийдвэрлэжээ.

 

7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай захирамжаар “...нэхэмжлэгч Э.М  нь тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч О  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Э.М ийг төрийн албанаас халах тухай тушаалд өөрчлөлт оруулан төрийн албанд шилжүүлэх болгож, Э.М ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бүрэн олгох...” гэж талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэжээ.

 

8. Э.Э  нь О-ын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар тус газрын Зохиогийн эрхийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э.М ийг хууль бусаар халсан болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай захирамжаар тогтоогджээ.

 

9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай захирамжид “...Э.М ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бүрэн олгох...” гэж заасны дагуу О-аас түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 31.739.385 төгрөгийг Э.М ид олгосон нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж заасны дагуу хариуцагч Э.Э гээс төрд учруулсан хохиролд 31.739.385 төгрөг гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэв.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “О ” төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.Э гээс улсын тэмдэгтийн хураамжид 316.646 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Э гээс төрд учруулсан хохиролд 31.739.385 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “О ” төрийн байгууллага /төрийн сангийн данс/-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “О ” төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.Э гээс улсын тэмдэгтийн хураамжид 316.646 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.СЭМЖИД