Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01843

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01843

 

 

ОӨГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/02164 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ОӨГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Э-д холбогдох,

Хохиролд 31,739,389 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Э.Э- нь 2018 онд ОӨГ-ын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар зохиогчийн хэлтсийн дарга Э.М-ийг ажлаас нь халсан. Э.М- нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0680 дугаар захирамжаар “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн. Уг захирамжид “...Э.М-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бүрэн олгож, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийх” нөхцөл тусгасан бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлж Э.М-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 31,739,389 төгрөгийг байгууллагаас олгосон байна. Энэ явдлаас хойш ОӨГ-ын 2020 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газрын ээлжит шалгалт орж 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08/АО170051 САГ-2021/218/СТА-ТШЗ дугаартай албан шаардлага өгсөн. Тус албан шаардлагад “...Э.М-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 31,739,389 төгрөг олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаас нөхөн төлүүлнэ” гэсэн заасны дагуу 31,739,389 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх Э.М-ийн нэхэмжлэлтэй, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ОӨГ-ын даргад холбогдох “Ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан үеийн цалин урамшуулал гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэсэн. Тус хэргийг анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0857 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 158 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 172 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхэд хэрэг дахин хэлэлцүүлэхээр буцаагдаж ирснээс хойш нэхэмжлэгч, хариуцагч тал харилцан буулт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар, эвлэрч шийдвэрлэснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 0680 дугаар захирамжаар баталгаажуулсан байна. Миний бие 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ОӨГ-ын даргаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл миний бие ОӨГ-т ажиллаж байхдаа Э.М-той эвлэрээгүй, эвлэрлийн гэрээнд гарын үсэг зураагүй, Э.М-ийг ажлаас халсан тушаал хууль бус гэж шүүх шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан. Дээрхээс үзвэл миний бие гэм буруутай албан тушаалтан биш байна. Иймд ОӨГ-ын нэхэмжлэлтэй Э.Э-д холбогдох “Байгууллагад учруулсан 31,739,389 төгрөг төгрөгийг нөхөн төлүүлэх тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Э-гээс төрд учруулсан хохиролд 31,739,385 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ОӨГ- төрийн байгууллага /төрийн сангийн данс/-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ОӨГ- төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.Э-гээс улсын тэмдэгтийн хураамжид 316,646 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.б. Э.М-ийг ажлаас халсан 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/32 дугаар “Төрийн албанаас халах тухай” тушаал нь одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээр бөгөөд тушаалыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байхгүй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж зааснаас үзвэл гэм буруутай албан тушаалтан гэдгийг шүүхээс тогтоосон байх ёстой.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай захирамжид Э.Э- миний гаргасан тушаал хууль бус талаар дүгнэсэн шүүгчийн захирамж гараагүй байгааг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэгэнт “Төрийн албанаас халах тухай” Б/32 дугаар тушаалд шүүхээс дүгнэлт, шийдвэр гараагүй байхад төрд учирсан хохирлыг Э.Э- миний бие барагдуулах нь хуульд нийцэхгүй.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 103.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж хуульчилж өгсөн атал Оюуны өмчийн газраас хохирлыг нэхэмжилж иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэрээр хариуцагч Э.Э-г төрд учруулсан хохирол буюу 31,000,000 төгрөгийг ОӨГ-т олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Оюуны өмчийн газраас Э.Э- нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдсөн байсан учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Э.Э- албан тушаалаас чөлөөлөгдсөн нь өмнө нь гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээхгүй байх үндэслэл болохгүй. Эвлэрлийн гэрээнд Э.Э-гийн ажлаас халсан тушаалыг хүчингүйд тооцоогүй бөгөөд тухайн үед Э.М- нь тэтгэвэрт гарахад 5 сарын хугацаа дутуу байсан. Тухайн үед өөр албан байгууллагаас шилжүүлэн ажиллах талаар албан тоот ирснийг үндэслээд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгохгүйгээр шилжүүлэн өөрчилсөн. Иймд Э.Э-гийн гаргасан тушаал үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч ОӨГ-, хариуцагч Э.Э-д холбогдуулан гэм хорын хохиролд 31,739,389 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ОӨГ-ын даргын үүрэгт ажлаасаа гарсан байсан, эвлэрлийн гэрээг би байгуулаагүй гэж маргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт “анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.

 

2.а. Э.М-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 31,739,389 төгрөгийг Оюуны өмчийн газраас олгосонтой холбоотойгоор, Э.М-ийг төрийн албанаас халах тухай шийдвэрийг гаргасан тухайн үед ОӨГ-ын даргаар ажиллаж байсан Э.Э-гээс 31,739,389 төгрөгийн гэм хорын хохирлыг шаардсан байхад шүүх тус хэргийг шүүгч дангаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байна.

 

3. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0680 дугаар захирамжаар хариуцагч Оюуны өмчийн газраас хэдэн төгрөг гаргуулж Э.М-ид олгохоор эвлэрсэн болох нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг талуудаас ирүүлээгүй, уг гэрээг хийсэн этгээдүүд нь тодорхойгүй байгааг тэмдэглэж байна./хх 68-71/

 

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/02164 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,647 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД

 

                                                       ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ