Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Ариунаа |
Хэргийн индекс | 102/2019/00143/И |
Дугаар | 102/ШШ2022/00422 |
Огноо | 2022-02-08 |
Маргааны төрөл | Бэлэглэл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2022/00422
2022 оны 02 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2022/00422 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.А
Нэхэмжлэгч: Д.А
Хариуцагч: Ү.Г
Нэхэмжлэлийн шаардлага: “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хаан” банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.А, Д.А нар, хариуцагч Ү.Гад холбогдуулан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч нарын хамаатан болох Ү.Гын ажил, амьдрал, санхүүгийн байдал хүнд байсан тул зээл авахад нь туслах зорилгоор Т.А, Д.А нар “Худалдах худалдан авах гэрээ”, 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ”-г байгуулсан. 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орой 16 цаг 17 минутанд нэхэмжлэгч нарын дансанд 20.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 80.000.000 төгрөг орж ирснийг Ү.Гын дансанд шилжүүлсэн.
Зээлийн хугацаанд хариуцагч зээлээ төлөхгүй, байрыг чөлөөлж өгөхгүй байгаа. Бэлэглэлийн гэрээ, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нар байрыг Ү.Гад шилжүүлэн өгсөн бөгөөд Ү.Га “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр байрыг “Хаан” банкны барьцаанд тавьж, 80.000.000 төгрөгийн зээл авсан боловч зээлээ төлөөгүйн улмаас маргаан үүсэх шалтгаан болсон.
“Худалдах, худалдан авах гэрээ”-г улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулсан. Ү.Га “Бэлэглэлийн гэрээ”-гээр орон сууцны өмчлөлийг шилжүүлж, “Худалдах худалдан авах гэрээ”-г Улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч “Хаан” банктай “Зээлийн гэрээ” хийж зээл авсан. Тиймээс зээлээ төлөхгүй байгаа тул “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгож, байрыг буцаан нэхэмжлэгч нарт буцаан өгөх нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
Банк бус санхүүгийн байгууллага энэхүү хэрэгт яригдах үндэслэлгүй. Ү.Га будилуулахын тулд 20.000.000 төгрөг, 30.000.000 төгрөг ярьж байдаг.
20.000.000 төгрөгийг 16-ны өдрийн 16 цаг 15 минутанд тэр дор нь Т.Аг дуудаад буцаагаад авсан.
Үүнийг Ү.Га банк бус санхүүгийн байгууллагаас барьцаа хөрөнгийг чөлөөлсөн гэж худал тайлбарладаг.
Эхлээд нотариатаар гэрээ хийж, уг гэрээг банк дээр очиж үзүүлсэн.
Дараа нь банк урьдчилгаа хий гэсний үндсэн дээр мөнгийг хийж, буцааж мөнгөө авсан.
“Т к ББСБ” ХХК-ийн тооцоо бүрэн дууссан баримтыг нотлох баримтаар өгсөн. Би банк бус санхүүгийн байгууллагаас 16.753.000 төгрөгийн зээл авч, өөрөө хаасан.
Байрыг би авахдаа “Итгэмжлэл”-ээр авсан. Үүний дараа хариуцагч, нэхэмжлэгч нар дээр ирж “надад мөнгө хэрэгтэй байна” гэж гуйхад тэд “Итгэмжлэлээр ав” гэж хэлсэн боловч Ү.Га “надад их хэмжээний мөнгө хэрэгтэй байна, манай эгч зээл аваад асуудал хүндрээд байна, алтны уурхайд ажиллах хэрэгтэй байна” гэж хэлээд худалдан авах гэрээ байгуулсан.
Маргааш нь Ү.Га “Бэлэглэлийн гэрээ хийгээд өг” гэж хэлсэн тул нэхэмжлэгч нар Ү.Гатай ах дүү нар учраас тусалсан.
Дараа нь 80.000.000 төгрөгийг банкнаас авахдаа хариуцагч бүх мөнгийг өөрийн ах н.Гансүхийн данс руу шилжүүлж авсан.
Нэхэмжлэгч нар мөнгөний шаардлагагүй, зээл авах шаардлагагүй амьдралтай хүмүүс.
Улсын бүртгэлийн лавлагаанаас харахад Улсын бүртгэлд “Худалдах худалдан авах гэрээ”-г бүртгүүлээгүй.
“Хаан” банк ХХК-тай байгуулсан “Зээлийн гэрээ” бүртгэгджээ. Ү.Га зээлээ төлөхгүй байгаад гомдож байна, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нар маргаан бүхий орон сууцыг барьцаалж “Т к ББСБ” ХХК-иас зээл авсан байсан.
Тухайн үед зээлийн хүү өндөр байсан тул бага хүүтэй зээл авмаар байна гэж нэхэмжлэгч нар хэлсэн байдаг. Зээл олгогдохгүй байгаа учир орон сууцыг Ү.Гад шилжүүлж, орон сууцыг “Хаан” банкинд барьцаалж, зээл авсан.
Тухайн үед “Худалдах худалдан авах гэрээ” хийгдсэн бөгөөд татвар бага төлөх зорилгоор “Бэлэглэлийн гэрээ”-г байгуулсан.
“Бэлэглэлийн гэрээ”-г хариу төлбөртэй болон хариу төлбөргүйгээр хийдэг бөгөөд талуудын байгуулсан “Бэлэглэлийн гэрээ” хариу төлбөртэй бэлэглэлийн гэрээ.
“Бэлэглэлийн гэрээ” байгуулагдсаны дагуу “Худалдах, худалдан авах гэрээ”-г дүр үзүүлэх зорилготой хийсэн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.
Тухайн үед худалдах болон гуравдагч этгээдээс зээл авах санаа зорилго нэхэмжлэгч нарт байсан. Үүн дээрээ тодорхой хариулт өгдөггүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Д.Ж нэхэмжлэгч Д.Аийн нөхөр бөгөөд анхнаасаа “Бэлэглэлийн болон худалдах, худалдан авах гэрээ” хийж, татвар бага төлөх санааг гаргасан.
Д.Ж анх “н.Т” гэдэг нэртэй байсан бөгөөд одоо нэрээ сольж Д.Ж болсон.
“Хаан” банкнаас авсан мөнгөө хариуцагч орон сууцыг худалдаж авч байгаа гээд нэхэмжлэгчид мөнгө шилжүүлсэн.
Нэхэмжлэгч нар Ү.Гаас мөнгө авсан гэж тайлбарладаг.
Түүнчлэн Ү.Га, Д.А,Т.А нар хоорондоо ураг садны харилцаа холбоотой хүмүүс. Дээрх мөнгийг Ү.Га байрны төлбөрт бүрэн төлсөн.
Хариуцагч зээл авснаа хүлээн зөвшөөрч, зээлээ төлнө гэдгээ “Хаан” банкинд илэрхийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хаан” банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү хэрэг анхан шатны шүүх дээр 3 удаа хэлэлцэгдэж байна. Давж заалдах болон Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгч нарт боломж олгож, нэхэмжлэлийн үндэслэл, маргааны үндэслэл, хариуцагч 20.000.000 төгрөг авсан эсэхийг тодруул гэж дүгнэсний үндсэн дээр хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан.
Гэвч анхан шатны шүүх хуралдаан 3 удаа хойшлоход нэхэмжлэгч болон хариуцагч нар ямар нэгэн тайлбар, тодорхойлолт өгөөгүй. 2015 онд Ү.Га орон сууцны зориулалтаар маргаан бүхий орон сууцыг “Хаан” банк ХХК-д барьцаалж, бид “Худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу тухайн орон сууцыг шилжүүлж авч байгаа тул бидэнд зээл олгооч гэх хүсэлт гаргасан.
Үүний дагуу банк өмчлөх эрхээ шилжүүл гэх шаардлага тавьсан.
Орон сууцны өмчлөгчөөр Ү.Га бүртгэгдэж ирснийг үндэслэж, “Зээл болон Барьцааны гэрээ” байгуулж, зээлийг олгосон.
Д.А, Т.А, Ү.Га нарын хооронд “Бэлэглэлийг гэрээ” байгуулсан эсэхийг банк мэдэхгүй, заавал шалгах шаардлагагүй. Нэхэмжлэгч “Хаан” банк ХХК-ийн “Барьцааны гэрээ” хүчингүй гэрээ.
Учир нь:
“Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу орон сууц шилжээгүй” гэж тайлбарлаж байна. “Хаан” банк ХХК-ийн “Барьцааны гэрээ”-ний үндэслэл “Зээлийн гэрээ” учраас бид өмчлөх эрх ямар гэрээгээр шилжиж байгааг шалгах шаардлагагүй.
“Барьцааны эрх” гэдэг тухайн барьцаа хөрөнгөд ногдуулсан байдаг тул өмчлөгч өөрчлөгдсөн гээд барьцааны хөрөнгө чөлөөлөгдөх боломжгүй. Нэхэмжлэгч өмчлөгчөөр тогтоогдлоо гэж бодоход ч барьцаа хөрөнгө чөлөөлөгдөхгүй.
Зээлийг төлөх үүрэг, барьцаа хөрөнгө мөн адил хэвээр байна. Хэрэв зээлийг төлөхгүй бол гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрх ч хэвээр. Банкныхаа зээлийг хурдан хаахгүй бол орон сууц барьцаанаас чөлөөлөгдөх боломжгүй.
Талууд “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай тайлбар хэлж байна. Хамгийн сүүлд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бэлэглэгчийг ноцтой гомдоосон учир хүчингүй болгуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлж, буцаан шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон. Өмнө нь “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага яригдаж байсан боловч одоо “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Барьцааны эд хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдөхгүй үндэслэл нь Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага гагцхүү энэ хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар өөр этгээдэд нэгэн зэрэг хамтдаа шилжиж болно гэж заалт. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар барьцаа хөрөнгийн эзэмшигчээр тогтоогдсон тохиолдолд тэд барьцаатай хөрөнгийн эзэмшигчид болно. Мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.6 дахь хэсэгт ипотекийн үр дүнд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирсон бол тухайн этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаж, зээлийн гэрээний үүргийг өөрсдөө барагдуулж, өмчлөх эрхийг шилжүүлж авч болно. Мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.7 дахь хэсэгт гуравдагч этгээд энэ хуулийн 172.6 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан бол холбогдох баримт болон бүртгэлийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардах эрхтэй ипотекийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл зээлийг төлж дуусгаж байж, банкнаас барьцаа хөрөнгийн гэрчилгээг авч, бүртгэлийг өөрчлөх ёстой, гэжээ.
Нэхэмжлэгч нараас Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэгч Т.Агээс З.Мд олгосон “Итгэмжлэл”, 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”, ... дугаартай ...орон сууцны Өмчлөх эрхийн гэрчилгээ, Т.Агийн 2015 оны 04 дүгээр сарын 16-20-ны өдрийг хүртэлх “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Монгол улсын Ерөнхий прокурорын газрын “Хариу мэдэгдэх хуудас”, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Албан бичиг, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШЗ2018/... дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Шүүгчийн захирамж, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн нэхэмжлэгч Д.Аээс З.Мд олгосон “Итгэмжлэл”, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын “Тодорхойлолт”, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Хариу мэдэгдэх хуудас”, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн .. дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” Прокурорын тогтоол, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Прокурорын тогтоол, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай”, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ү.Гын “Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга”, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэгч Т.Агээс Б.Днд олгосон “Итгэмжлэл”, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэгч Д.Аээс Б.Днд олгосон “Итгэмжлэл”, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай”, “Люкс мед” эмнэлгийн “Хэвлий болон бага аарцгийн хөндийн тодосгогч бодистой компьютерт томографикийн шинжилгээний хариу”, Элэгний төвийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хариу, Элэгний төвийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Хариу, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэгч Т.Агээс Д.Жад олгосон “Итгэмжлэл”, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэгч Д.Аээс Д.Жад олгосон “Итгэмжлэл”
Хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Хариу тайлбар”, “Т к ББСБ” ХХК-ийн Зээлийн дансны хуулга, Т.Агийн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Ү.Гын банкны зээл буцаан төлөх графикийн дагуу төлсөн зээл, зээлийн хүүгийн тооцоолол, ОСНААУГ ХҮТ-ийн 11 дугаартай “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан”, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хариуцагч Ү.Гаас Т.Мад олгосон “Итгэмжлэл”
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хаан” банк ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Хэрэгт гуравдагч этгээдээр оролцох тухай” Албан бичиг, “Хаан” банк ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, “Хаан” банк ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Хаан” банк ХХК-иас Ц.Шд олгосон “Итгэмжлэл”, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Хариу тайлбар”, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Хаан” банк ХХК-иас Ц.Шд олгосон “Итгэмжлэл”, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29/13454 дугаартай “Хаан” банк ХХК-иас Ц.Шд олгосон “Итгэмжлэл” зэрэг баримтуудыг гаргаж өгчээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр “Хаан” банк ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/00449 дугаартай тоотын хариу”, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 7/1069 “Хариу хүргүүлэх тухай” Албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 6/431 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” Албан бичиг
Шүүхийн журмаар “Хаан” банк ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/00663 дугаартай тоотын хариу, “Т к ББСБ” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19/501 дугаартай Албан бичиг зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Т.А, Д.А нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ү.Гад холбогдох “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч банкны зээлээ төлөхгүй байгаа тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй ” гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж буй үндэслэлээ “Тухайн үед байрыг худалдах санаа зорилго нэхэмжлэгч нарт байсан. Энэ талаараа тодорхой хариулт өгдөггүй. “Бэлэглэлийн гэрээ”-г “Худалдах, худалдан авах гэрээ”-г халхавчлах зорилгоор дүр үзүүлж хийсэн. Нэхэмжлэгч нар Ү.Гаас байрны мөнгө авсан гэдгээ тайлбарладаг. Хариуцагч банкнаас авсан зээлийн мөнгөө байрны төлбөрт бүрэн төлсөн. Мөн хариуцагч зээл авснаа зөвшөөрч, төлөхөө “Хаан” банкинд илэрхийлсэн” гэж маргаж байна.
Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нар, хариуцагчтай 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ... тоот, .. метр квадрат талбайтай,4 өрөө, 100.000.000 төгрөгийн үнэ бүхий, Улсын бүртгэлийн гэрчилгээний ..., Эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай орон сууцыг хариу төлбөргүйгээр бэлэглэхээр “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г мөн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тухайн орон сууцыг 100.000.000 төгрөгөөр хариуцагчид худалдаж, төлбөрийг 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бүрэн төлөхдөө урьдчилгаа төлбөрийг банкинд байршуулан, үлдэгдэл төлбөрийг “Хаан” банкнаас орон сууцны зээл авч төлөхөөр харилцан тохиролцож “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ү.Га орон сууцны өмчлөгч болсон нь Улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.
Тэрээр өмчлөгчөөр Ү.Га бүртгэгдсэн Улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хаан” банк ХХК түүнд зээл олгосон талаар зохигчид маргахгүй байна.
Талуудын тайлбараас үзэхэд, хариуцагч, нэхэмжлэгч Т.Агийн “Хаан” банкны .... дугаартай дансанд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр урьдчилгаа 20.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “байрны үнэ 80.000.000” төгрөг гэх утгатай нийт 100.000.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт нотлогдож байна.
Харин 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 6/431 дугаартай Улсын бүртгэлийн Ерөнхий газар “талуудын хооронд байгуулсан “Бэлэглэлийн гэрээ”-г үндэслэн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Ү.Гын өмчлөлд маргаан бүхий орон сууц шилжин бүртгэгдэж, “Хаан” банк ХХК-тай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн БГҮ201542278579 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ” бүртгэлтэй байна” гэсэн Албан бичиг ирүүлснээр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” Улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байгаа хэдий ч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар иргэн Ү.Гад өмчлөх эрх шинээр үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон болох нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр батлагдаж байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний талаар маргаагүй бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хариуцагч банкны зээлээ төлөхгүй гомдоож байгаа тул хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа илэрхийлсэн тайлбараар Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.3 дахь хэсэгт бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нь бичгийн баримтаар тогтоогдоогүй, зохигчдын хооронд байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ” орон сууцны өмчлөлийг шилжүүлэх зорилгоор хийгдсэн ба хариуцагчийг зээлээ төлөөгүй шалтгаанд гомдсон нь бэлэглэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд шаардах эрх үүссэнээс хойш нэг жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй байхаар хуульчилсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728.150 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.3 дахь хэсэгт заасныг баримтлан Т.А, Д.А нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ү.Гад холбогдох “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728.150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА