Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01463

 

 

 

 

 

 

 

 

 

Д.А, Т.А нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01116 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.А, Т.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ү.Гд холбогдох,

 

Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А, Т.А нар нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6Б байрны 29 тоотод оршин суудаг. Анх нэхэмжлэгч нарын хамаатан Ү.Г нь нэхэмжлэгч нар дээр 2015 оны 4 дүгээр сард ирээд “...уул уурхайн ажил эхлэх гээд байна, танай байрны ордерийг ашиглаад зээл авчхаад удахгүй буцаагаад өгье” гэж хүсэлт тавьсан. Нэгэнт төрөл садангийн хүмүүс учир нэхэмжлэгч нар уг хүсэлтийг зөвшөөрөөд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Учир нь банкны зүгээс зээл авахад заавал ийм гэрээ байгуул гэсэн шаардлага тавьсан байдаг. Ү.Г нь “...худалдах-худалдан авах гэрээ байгуулахаар төлөх татвар нь өндөр байх юм байна, бэлэглэлийн гэрээ хэрэгтэй” гэж хэлсэн. 2015.04.17-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулсан.  Ү.Г нь 20 000 000 төгрөгийг Т.Агийн данс руу байрны урьдчилгаа гэж шилжүүлээд уг 20 000 000 төгрөгийг нь данснаас буцаан Ү.Гд өгсөн. Хаан банкнаас 80 000 000 төгрөгийн зээл орж ирсэн ч уг мөнгийг  Ү.Г ах Ү.Гансүхийнхээ данс руу шилжүүлсэн. Ү.Г нь уг зээлийг аваад буцаагаад богино хугацаанд буцаан төлөөд, байрыг суллаж өгөхөөр амласан боловч уг амлалтдаа хүрээгүй.

Нэхэмжлэгч нар хариуцагчаас болоод мөнгө ч үгүй байр ч үгүй болох дээрээ тулсан учир цагдаагийн байгууллагад хандсан боловч уг асуудлыг шалгаад “...иргэд хоорондын маргаан тул эрүүгийн журмаар шалгахгүй” гэсэн. Байраа буцааж шилжүүлэн авах, эсвэл 100 000 000 төгрөг төлөхийг шаардсан боловч хариуцагч огт хүлээж авахгүй байна. Нэхэмжлэгч нарын зүгээс орон сууцаа бусдад үнэ төлбөргүй бэлэглэх ямар нэгэн хүсэл зорилго анхнаасаа байгаагүй, одоо ч байхгүй. Бодит байдалд байр бэлэглэх хүсэл зориг байгаагүй гэдгийг хариуцагч Ү.Г ч өөрөө зөвшөөрч байгаа.

 Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6Б байрны 29 тоот орон сууц нь банкны барьцаанд байгаа бөгөөд хариуцагч Ү.Г зээлээ төлөхгүй тохиолдолд байр барьцаанд хураагдах бодит эрсдэл нэхэмжлэгч нарт тулгараад байна. Иймд 2015.04.17-ны өдөр талуудын байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, барьцаа хөрөнгийг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Транскапитал” банк бус санхүүгийн байгууллагаас өөрсдөө өндөр хүүтэй зээл авсан, уг зээлээ төлж чадахгүй хураалгах дээрээ тулсан байсан. Ингээд нэхэмжлэгч нар надад “...бид байраа хураалгах дээрээ тулаад байна. Иймд банкнаас бага хүүтэй, урт хугацаатай зээл авахад туслаач” гэж санал тавьсан. Надад ч гэсэн зээл хэрэгтэй байсан учир зөвшөөрсөн. Өмнө нь ах Ү.Гансүхэд энэ хүсэлтээ тавьж, тэд хамтдаа зээл хөөцөлдөж явсан. Гэвч ах Ү.Гансүхийн зээлийн түүх болон эргэн төлөх орлого нь сайнгүй байсан учир уг зээл нь бүтээгүй учир надад хандсан. Ингээд бид урт хугацаатай, хүү багатай зээл болох ипотекийн зээлийг банкнаас аваад хувааж хэрэглэхээр, мөн өөр өөрийнхөө авсан зээлээ өөрсдөө төлж барагдуулахаар харилцан тохирсон.Ингээд бид эхлээд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд байрны урьдчилгаанд 20 000 000 төгрөгийг миний бие Т.Агийн дансанд байршуулсан. Учир нь ипотекийн зээл олгох журмын дагуу өмчлөл шилжүүлэх гэрээ байгуулах, урьдчилгааг орон сууц худалдагч талын дансанд байршуулах шаардлагыг банкны зүгээс тавьсан. Уг мөнгийг нь нэхэмжлэгч нар аваад “Транс капитал” ББСБ-аас авсан зээлээ хаасан. Ингээд Хаан банкнаас 80 000 000 төгрөгийн зээлээ бид авсан. Банкнаас Т.Агийн данс руу 80 000 000 төгрөгийг шилжүүлсэн ба уг мөнгийг нь манай ах Ү.Гансүхийн данс руу шилжүүлсэн. Үүнээс нэхэмжлэгч нар 20 000 000 орчим төгрөгийг авсан. Ингээд үндсэндээ миний бие 60 000 000 төгрөгийг л авсан. Уг нь анх тохирсон ёсоор бид авсан авсан зээл,хүүгээ тус тусдаа төлөх ёстой байсан ч нэхэмжлэгч нар нэг ч төгрөг төлөөгүй. Би зээл авснаас хойш бүх зээлийг хүүтэй нь өөрөө дангаараа төлөөд явж байгаа. Байрыг ашиглаагүй. Хуурч мэхлээгүй. Цагдаагийн байгууллагаар удаа дараа шалгуулсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул 2015.04.17-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6Б байрны 29 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай Д.А, Т.А нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлд орон сууцны зээлд хамрагдах гэсэн шаардлага нэхэмжлэгчийн үг өгүүлбэр утга санаа байхгүй зөвхөн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2-т зааснаар хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага тавьсан. Нэхэмжлэгч нар зээлээс нэг ч төгрөг аваагүй бөгөөд зээл авах шаардлага тухайн үед байгаагүй.  Д.А, А нар нь бэлэглэлийг Ү.Гантулгын ашиг сонирхлын төлөө, түүний үгэнд хууртан зээл авахад нь туслах зорилгоор илт дүр үзүүлсэн хэлцэл байгуулсан.

Энэ тухайд хэн нь ч маргаагүй хүлээн зөвшөөрч байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.Бэлэглэлийн гэрээ хийснээс хойш 2017 оны 8-р сар хүртэл хариуцагч нь холбоотой байснаа больж, харилцаа муудан нэхэмжлэгчдийг улам сэтгэл санаагаар гомдоосон ноцтой үйлдлийг удаа дараа хийсэн. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.А, Т.А нар нь хариуцагч Ү.Гд холбогдуулан “бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг” даалгуулгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгч нарт мөнгөний хэрэгцээ гарч, зээл авахын тулд орон сууцаа шилжүүлсэн. Авсан зээлээ төлвөл сууцыг буцаан шилжүүлнэ” гэж маргажээ. /хх-1, 16/

 

Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар Бичил хороолол, 6б байрны 29 тоот хаягт байрлах 50 м2 талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь улмаар  Хаан банк ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх-5-6, 16, 96, 99 102-112, 140 /

 

Талууд бэлэглэлийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч нар банкны зээлээс мөнгөн хөрөнгө өмчлөлдөө авсан эсэх асуудлаар маргаж байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээс үзэхэд “бэлэглэлийн гэрээг талууд анхнаасаа байгуулах хүсэл зориг байгаагүй, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх” агуулгаар тайлбар гаргажээ. / 1хх1, 158/

 

Талуудын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан эсэх, эсхүл бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл, нөхцөл байдал байгаа эсэх талаар тодруулах, мэтгэлцүүлэх шаардлагатай байжээ.

 

Түүнчлэн барьцаанаас маргаан бүхий орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардаж байгаа тохиолдолд уг орон сууцны барьцаалагч “Хаан банк” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдлын талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, шүүхээс тодруулах ажиллагаа явуулаагүй, маргааны үндэслэлийн талаар талуудыг мэтгэлцүүлээгүй, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх, нөхөн дүгнэх залруулах боломжгүй.

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн зөрчилд хамаарч байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01116 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД