Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/01604

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч: Хүннү-2222 СӨХ, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Л.А,

 

Хариуцагч: Ш.Х,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 2 848 886 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О ,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.        

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хүннү-2222 нь хариуцагч Ш.Х-нд холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 2 848 886 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Ш.Х нь Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Хүннү-2222 хороолол, 0 дугаар байрны 0 тоотод оршин суудаг бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасныг зөрчиж, СӨХ-ны болон нийт оршин суугчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож, 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны засвар үйлчилгээний төлбөр болох 2 848 886 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйл, 148 дугаар зүйлийн 148.2.3, 149 дүгээр зүйлийн 149.1.1, 149.1.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д заасны дагуу Ш.Х-аас СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөрт нийт 2 848 886 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Хүннү-2222 СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн албан бичигт хариуцагч Ш.Х-ны амьдарч буй Хүннү-2222 хорооллын 106 дугаар байр нь тус хотхоны Хүннү-2222 СӨХ-д бүртгэлтэй эсэх тухай баримт байхгүй талаар дурдсан. Өөрөөр хэлбэл, Хүннү-2222 хорооллын 0 дугаар байранд албан ёсоор СӨХ байгуулагдаагүй, түүнчлэн энэхүү СӨХ-ны гишүүн болж ороогүй гэдэг нь баримтаар тогтоогдож байгаа. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т д орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно гэж заасан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд бүх гишүүдийн хурал нь тухайн сууц өмчлөгчдийг оролцуулсан дээд хэмжээний хурал байна гэж заасан бөгөөд Хүннү-2222 хорооллын 0 дугаар байрны оршин суугчид бүх гишүүдийн хурал хийж, тус СӨХ-д нэгдье гэсэн тогтоол, албан ёсны гишүүдийн гарын үсэг зурагдсан тохиолдолд уг төлбөрийг төлөх үндэслэл бий болно. Нэхэмжлэгч талын СӨХ-ны гэрчилгээнд Хүннү-2222 хотхоны дугаар байрууд хамрагдана гэж байсан. Гэхдээ энэхүү гэрчилгээг заавал баримтаар баталгаажуулах ёстой. Тиймээс СӨХ-ны гишүүнээр нэгдээгүй байхад энэхүү төлбөрийг хариуцагч Ш.Х-аас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, Хүннү-2222 СӨХ-ны гэрчилгээний хуулбар, Хүннү-2222 СӨХ-ны удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирал томилох тухай тогтоол, Төрийн банкны төлбөрийн нэхэмжлэх, Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, шаардах хуудас, Хүннү-2222 СӨХ-ны удирдах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үнэ тариф батлах тухай тогтоол, 2021 оны 5 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны төлбөрийн нэхэмжлэл, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 8 дугаар сарын 26, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

4. Шүүх хариуцагчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Хан- Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс Хүннү-2222 СӨХ бүх гишүүдийн хурлын дагуу үүсгэн байгуулагдсан тухай хурлын тэмдэглэл, тогтоол, Хүннү-2222 СӨХ-ны 2019, 2020 онуудад бүх гишүүдийн хурлын дагуу төлбөр тогтоосон тухай тогтоол, Хүннү-2222 СӨХ 2019, 2020 онуудад бүх гишүүдийн хурлын дагуу төлбөр тогтоосон тухай хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.  

 

2. Нэхэмжлэгч Хүннү-2222 СӨХ нь 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд хариуцагч Ш.Х-нд холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 1 917 368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 931 518 төгрөгөөр ихэсгэж, нийт 2 848 886 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Ш.Х нь Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Хүннү-2222 хороолол, 0 дугаар байрны 0 тоотод оршин суудаг бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасныг зөрчиж, СӨХ-ны болон нийт оршин суугчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож, 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны засвар үйлчилгээний төлбөр болох 2 848 886 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйл, 148 дугаар зүйлийн 148.2.3, 149 дүгээр зүйлийн 149.1.1, 149.1.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д заасны дагуу Ш.Х-аасСӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөрт нийт 2 848 886 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн албан бичигт хариуцагч Ш.Х-ны амьдарч буй Хүннү-2222 хорооллын 0 дугаар байр нь тус хотхоны Хүннү-2222 СӨХ-д бүртгэлтэй эсэх тухай баримт байхгүй талаар дурдсан. Өөрөөр хэлбэл, Хүннү-2222 хорооллын 0 дугаар байранд албан ёсоор СӨХ байгуулагдаагүй, түүнчлэн энэхүү СӨХ-ны гишүүн болж ороогүй гэдэг нь баримтаар тогтоогдож байгаа. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т д орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно гэж заасан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд бүх гишүүдийн хурал нь тухайн сууц өмчлөгчдийг оролцуулсан дээд хэмжээний хурал байна гэж заасан бөгөөд Хүннү-2222 хорооллын 0 дугаар байрны оршин суугчид бүх гишүүдийн хурал хийж, тус СӨХ-д нэгдье гэсэн тогтоол, албан ёсны гишүүдийн гарын үсэг зурагдсан тохиолдолд уг төлбөрийг төлөх үндэслэл бий болно. Нэхэмжлэгч талын СӨХ-ны гэрчилгээнд Хүннү-2222 хотхоны 0 дугаар байрууд хамрагдана гэж байсан. Гэхдээ энэхүү гэрчилгээг заавал баримтаар баталгаажуулах ёстой. Тиймээс СӨХ-ны гишүүнээр нэгдээгүй байхад энэхүү төлбөрийг хариуцагч Ш.Х-аас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна” гэж заасан.  

 

2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хүннү хорооллын ашиглалт үйлчилгээг 2015 оны 3 дугаар сараас хойш хариуцан ажиллаж байсан Х.И ХХК-ийн менежер Ж.Э “...одоогийн байдлаар нийт оршин суугчид 80 хувь хүрсэн тул оршин суугчид өөрсдөө сууц өмчлөгчдийн холбоо байгуулан цаашид ашиглалтын үйл ажиллагааг хариуцан явахыг хүсэж байгаагаа илэрхийлж, тус саналыг оршин суугчдын төлөөлөл оршин суугчдаас санал аван цаашид үйл ажиллагааг хариуцлагатай авч явах шаардлагатай байгаа талаар санал гаргажээ.  

 

Улмаар 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дугаар байрны оршин суугчдаас Хүннү-2222 хорооллын ашиглалтын компани Х.И ХХК-ийг цаашид Хүннү-2222 СӨХ болгон үргэлжлүүлэх үйл ажиллагаа явуулах эсэх асуудлаар тухайн байр тус бүр дээр СӨХ-ны хурал зохион байгуулж, дэмжсэн оршин суугчдаар гарын үсэг зуруулж, Хүннү-2222 Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр  тоот удирдах зөвлөлийн тогтоолоор Л.А-г гүйцэтгэх захирлаар томилж, гүйцэтгэх захирал нь Хан-Уул дүүргийн Засаг даргад “...нийт хорооллын оршин суугчдын 80 хувь байрандаа орж, өөрсдөө СӨХ байгуулан ажиллах нөхцөл бүрдсэн тул СӨХ байгуулах хурлыг ...зарлан хуралдуулсан, ...оршин суугчдын 73 хувиар дэмжүүлж гарын үсэг зурууллаа, ...СӨХ байгуулах оршин суугчдын хүсэлтийг хүлээн  авна уу” гэсэн агуулгатай хүсэлтийг хүргүүлж, Хан-Уул дүүргийн Засаг даргаас Хан-Уул дүүргийн 00 дугаар хороонд Хүннү хорооллын байруудыг хамруулан Хүннү-2222 сууц өмчлөгчдийн холбоог бүртгэн, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрчилгээ олгосон байна.

 

Дээрх үйл баримт болон Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “...Хүннү 2222 сууц өмчлөгчдийн холбоо нь 2018 оноос хойш Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны 00 дугаар орон сууцны байруудыг хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн болно” гэх албан бичгээр Хүннү-2222 СӨХ нь Хүннү хорооллын бүх байрыг хамарч, тус хорооллын нийт оршин суугчдын 73 хувийн саналаар байгуулагдсан болох нь тогтоогдсон, энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэж заасантай нийцсэн, энэ талаар хариуцагчийн гаргасан “...Хүннү-2222 хорооллын 000 дугаар байранд албан ёсоор СӨХ байгуулагдаагүй, түүнчлэн энэхүү СӨХ-ны гишүүн болж ороогүй” гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно” гэж заасныг үндэслэл болгож маргасан боловч тус 000  дугаар байранд тусдаа СӨХ байгуулагдаагүй байхаас гадна хариуцагч Ш.Х 2019 оноос хойш Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Хүннү-2222 хороолол, 000 дугаар байрны 000 тоот хаягт оршин сууж үйлчилгээ авч байгаа талаар маргаангүй гэж тайлбарласан тул тэрээр Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, бүх гишүүдийн хурлаар тогтоосон төлбөрийг төлөх үүрэгтэй юм.

 

5. Иймд Хүннү-2222 СӨХ-ны удирдах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0 дугаар тоот “Үнэ тариф батлах тухай” тогтоолоор өрхөд ноогдох үйлчилгээний төлбөрийг тухайн сууц өмчлөгчийн сууцны м.кв тутамд 600 төгрөг байх, агуулахын үйлчилгээний төлбөр м.кв тутамд 300 төгрөг байх, авто зогсоолын үйлчилгээний төлбөрт 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр 35 000 төгрөг, 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацааны төлбөр 25 000 төгрөг байхаар тус тус тогтоосон, хариуцагч нэхэмжлэлийн шаардаж буй үнийн дүнгийн талаар маргаагүй тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Ш.Х-аас 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2 848 886 төгрөг гаргуулж, Хүннү-2222 СӨХ-д олгохоор шийдвэрлэв. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 72 535 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Х-аас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2 848 886 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хүннү-2222 СӨХ-д олгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 72 535 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хүннү-2222 СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ