Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01435

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01435

 

А СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/01604 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А СӨХ

Хариуцагч: Ш.Ад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 2,848,886 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ш.А нь Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Хүннү-2222 хороолол, 106 дугаар байр, 904 тоотод оршин суудаг бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, СӨХ-ны болон нийт оршин суугчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож, 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөр болох 2,848,886 төгрөгийг төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйл, 148 дугаар зүйлийн 148.2.3, 149 дүгээр зүйлийн 149.1.1, 149.1.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д заасны дагуу Ш.Ааас СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөрт нийт 2,848,886 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11/767 тоот албан бичигт хариуцагч Ш.Аы амьдарч буй Хүннү-2222 хорооллын 106 дугаар байр нь тус хотхоны Хүннү-2222 СӨХ-д бүртгэлтэй эсэх тухай баримт байхгүй талаар дурдсан. Өөрөөр хэлбэл, Хүннү-2222 хорооллын 106 дугаар байранд албан ёсоор СӨХ байгуулагдаагүй, түүнчлэн энэхүү СӨХ-ны гишүүн болж ороогүй гэдэг нь баримтаар тогтоогдож байгаа. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно гэж заасан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд бүх гишүүдийн хурал нь тухайн сууц өмчлөгчдийг оролцуулсан дээд хэмжээний хурал байна гэж заасан бөгөөд Хүннү-2222 хорооллын 106 дугаар байрны оршин суугчид бүх гишүүдийн хурал хийж, тус СӨХ-д нэгдье гэсэн тогтоол, албан ёсны гишүүдийн гарын үсэг зурагдсан тохиолдолд уг төлбөрийг төлөх үндэслэл бий болно. Нэхэмжлэгч талын СӨХ-ны гэрчилгээнд Хүннү-2222 хотхоны 101-118 дугаар байрууд хамрагдана гэж байсан. Гэхдээ энэхүү гэрчилгээг заавал баримтаар баталгаажуулах ёстой. Иймд СӨХ-ны гишүүнээр нэгдээгүй байхад энэхүү төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Ааас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,848,886 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хүннү-2222 СӨХ-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 72,535 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хүннү-2222 СӨХ-д олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу орон сууцны нэг байшинд амьдарч буй сууц өмчлөгчид зэрэгцээ оршиж буй орон сууцуудтай хамтран, эсхүл дангаараа СӨХ байгуулж болохоор хуульчилсан боловч хэрэгт Хүннү-2222 хорооллын 106 дугаар байр нь Хүннү-2222 СӨХ-д нэгдэх зорилгоор бүх гишүүдийн хурал хийсэн баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.4, 5 дугаар зүйлийн 5.4-т тус тус заасны дагуу Хүннү-2222 хорооллын 106 дугаар байр нь Хүннү-2222 СӨХ-д нэгдсэнтэй холбоотой бүх гишүүдийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт огт байхгүй боловч шүүхээс Хүннү-2222 СӨХ-д 106 дугаар байр нь нэгдсэн гэж дүгнэлт хийсэн нь нотлох баримтад үндэслээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Мөн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11/767 дугаар албан бичигт хариуцагч Ш.Аы амьдарч буй Хүннү-2222 хорооллын 106 дугаар байрны СӨХ үүсгэн байгуулахтай холбоотой, Хүннү-2222 СӨХ-д нэгдэхтэй холбоотой бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоол Хан-Уул дүүргийн Засаг даргын архивт огт байхгүй болохыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас маш тодорхой тодорхойлсон боловч шүүхээс тус баримтыг огт үнэлээгүй. Нөгөөтээгүүр, Хүннү-2222 хорооллын 106 дугаар байрны оршин суугчид зайлшгүй Хүннү-2222 СӨХ-д нэгдэхгүйгээр бие даан СӨХ байгуулан үйл ажиллагаа явуулж болохоор хуульчилсан боловч шүүхээс тус эрхийг нь зөрчиж Хүннү-2222 СӨХ-д Хүннү 106 дугаар байр нэгдсэн гэдэг дүгнэлт хийж байгаа нь оршин суугчдын бие даан СӨХ байгуулах эрхэнд ноцтой халдаж байна. Иймд шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу үндэслэлгүй гарсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт бүхэлд нь өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: 106 дугаар орон сууц нь А СӨХ-д нэгдэн орох талаар хөршүүдийн хурал хийгдээгүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Учир нь шүүх нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргаагүй. Хэрэгт Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газрын Нийтийн аж ахуй удирдлагын газраас 106 дугаар орон сууц нь нэгдсэн эсэх талаар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээс захирамж гарсан. Уг захирамжийн дагуу лавлагаа авахаар хүсэлт хүргүүлсэн боловч А СӨХ-ны бүртгэгдсэнтэй холбоотой баримт бичиг байхгүй талаар 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдэгдсэн. Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газраас архивт хадгалагдаагүй талаар мэдэгдсэн. Уг баримт нь А СӨХ хороолол нь 106 дугаар орон сууцад нэгдэж бүртгэсэнтэй холбоотой хурал болсон талаар нотлох баримт бус Засаг даргын тамгын газрын архивт байхгүй талаар нотолсон баримт. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч А СӨХ нь хариуцагч Ш.Ад холбогдуулан 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 2,848,886 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ...Хүннү-2222 хорооллын 106 дугаар байранд албан ёсоор СӨХ байгуулагдаагүй, түүнчлэн энэхүү СӨХ-ны гишүүн болж ороогүй... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

3.1. Хариуцагч нь Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Хүннү-2222 хороолол, 106 дугаар байр, 904 тоотод оршин суудаг, мөн хариуцагч нь СӨХ-ны үйлчилгээг авдаг үйл баримтын талаар зохигч маргаагүй.

3.2. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөх үүргийг хуулиар хүлээх тул нэхэмжлэгч А СӨХ хариуцагч Ш.Ааас СӨХ-ны төлбөрийг шаардах эрхтэй.

3.3. Нэхэмжлэгч А СӨХ-ны 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 05 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нэг сарын 25,000 төгрөг, 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэг сарын 35,000 төгрөг байхаар тогтоосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасанд нийцжээ. /хх 31/

3.4. Нэхэмжлэгч А СӨХ нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, Хүннү хорооллын байруудыг хамруулан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус СӨХ-г эрх бүхий байгууллага анх 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэн гэрчилгээ олгож, улмаар 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрчилгээний хугацааг 2 жилийн хугацаатай сунгасан байна. /хх 3/

3.5. А хотхоны оршин суугчид 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж, 73 хувийн ирцтэйгээр Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын хувьсах зардлыг 1 м.кв тутам 600 төгрөгөөр тогтоосон нь хэрэгт авагдсан А СӨХ-ны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн удирдах зөвлөлийн тогтоол, үүсгэн байгуулах хурлын протоколоор тус тус тогтоогдож байна. /хх 29-32, 37-55/

3.6. Мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газрын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгээр ...Хүннү-2222 хорооллын Хүннү-2222 СӨХ нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдаж, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 101-118 дугаар байрыг хариуцан, үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн болно гэжээ. /хх 83/

3.7. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11/767 дугаар албан бичгээр ... А СӨХ-ны холбогдох бичиг баримт дүүргийн архивд хадгалагдаагүй болно гэсэн байх боловч мөн Засаг даргын тамгын газрын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09/803 дугаар албан бичиг, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 09/1110 дугаар албан бичгээр А СӨХ-д 106 дугаар байр хамрагдаж байгаа талаар дурдсан байна. /хх 83, 130/ Иймд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын архивд тус СӨХ-ны холбогдох бичиг баримт хадгалагдаагүй байгаа нь тус СӨХ-д 106 дугаар байр хамаарахгүй гэж үзэх, мөн хариуцагчийг тухайн СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/01604 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

М.БАЯСГАЛАН