Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2022/02453

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч: С  ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд БНХАУ-ын иргэн Ю.Ч /,

 

Хариуцагч: О.Г,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С ,

Хариуцагч О.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.        

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С ХХК нь О.Г-т холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Манай компанийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ... өдөр үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Э.А.И.Э ХХК-иар дамжуулан Б.Г гэдэг хүнтэй орон сууц хөлслөх гэрээг байгуулсан юм. Гэтэл О.Г  нь ямар ч гэрээ хийлгүйгээр амьдарч байгаа тул О.Г-ыг тус байрнаас албадан гаргаж өгнө үү. Хариуцагч О.Г-т тус байрыг чөлөөлөх талаар мэдэгдлийг удаа дараа бичгээр болон амаар мэдэгдэж байсан” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр н.Солонго гэдэг хүнтэй бусдаар дамжуулан уулзаж 87.81 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг худалдана гэсний дагуу түүнд нийт 90 000 000 төгрөг өгч, залилуулсан. Гэтэл н.Солонго нь С ХХК-ийн нэлээд олон байрыг хөлсөлсөн гэдгийг сүүлд мэдсэн. Одоогийн байдлаар 6 хүн хохирсон гэж байгаа боловч нийтдээ 30 гаруй айл байгаа. Ийнхүү 1 байран дээр 30 гаруй хүн залилуулсан байхаас харвал С  ХХК, М.З ХХК, н.Солонго нар нь хоорондоо холбоотой гэж харагдаж байна. Учир нь С  ХХК нь бусдыг залилах боломжийг бий болгож өгсөн. н.Солонгын залилангийн асуудлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд дээрх үндэслэлээр тус байрыг чөлөөлж өгөхгүй байгаа юм. Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж, хэн гэм буруутай болох нь тодорхой болбол тухайн байрыг чөлөөлж өгөхөд бэлэн байна” гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, М.З үл хөдлөх хөрөнгийн газар, Б.Г нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан дугаартай орон сууц хөлслөх гэрээ, хаягт байршилтай, 87.81 м.кв талбайтай, гал тогооны тавилгатай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн акт, Э.А.И.Э ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 09, 4 дүгээр сарын 07, 5 дугаар сарын 12-ны өдрүүдийн мэдэгдэх хуудас, М.З үл хөдлөх хөрөнгийн газар, Б.Г нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан дугаартай орон сууц хөлслөх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч талаас, О.Г ын Хаан банк дахь  тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч С  ХХК дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Манай компанийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн  87.81 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг бид 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Э.А.И.Э ХХК-иар дамжуулан Б.Г гэдэг хүнтэй орон сууц хөлслөх гэрээг байгуулсан юм. Гэтэл О.Г  нь ямар ч гэрээ хийлгүйгээр амьдарч байгаа тул О.Г ыг тус байрнаас албадан гаргаж өгнө үү. Хариуцагч О.Г т тус байрыг чөлөөлөх талаар мэдэгдлийг удаа дараа бичгээр болон амаар мэдэгдэж байсан” гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр н.Солонго гэдэг хүнтэй бусдаар дамжуулан уулзаж, 87.81 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг худалдана гэсний дагуу түүнд нийт 90 000 000 төгрөг өгч, залилуулсан. Гэтэл н.Солонго нь С  ХХК-ийн нэлээд олон байрыг хөлсөлсөн гэдгийг сүүлд мэдсэн. 1 байран дээр 30 гаруй хүн залилуулсан байхаас харвал С  ХХК, М.З ХХК, н.Солонго нар нь хоорондоо холбоотой, С  ХХК нь бусдыг залилах боломжийг бий болгож өгсөн. н.Солонгын залилангийн асуудлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд дээрх үндэслэлээр тус байрыг чөлөөлж өгөхгүй байгаа юм. Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж, хэн гэм буруутай болох нь тодорхой болбол тухайн байрыг чөлөөлж өгөхөд бэлэн байна” гэв.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасан байна.

 

Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцөлүүд бүрдэх ёстой.

 

5. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаар гэрчилгээгээр маргаан бүхий, хаягт байршилтай, 87.81 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь С  ХХК болох нь тогтоогдох тул тус компани дээрх шаардлагыг гаргах эрхтэй, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч байна.

 

Хариуцагч О.Г  “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр н.Солонго гэдэг хүнээс маргаан бүхий орон сууцыг худалдаж авахаар 90 000 000 төгрөг өгч залилуулсан, энэ талаар эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж, гэм буруутай нь тодорхой болбол тухайн байрыг чөлөөлж өгөхөд бэлэн байна” гэж тайлбарласан бөгөөд хэргийн баримтаар О.Г аас тоот дансны эзэмшигч рүү 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 1 800 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 7 000 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 6 000 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6 000 000 төгрөг, 1 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдох боловч хариуцагч О.Г-т өмчлөл үүсээгүй, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан шаардлагыг хангаагүй байна.   

 

Түүнчлэн, хариуцагч О.Г-ын гаргасан эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт нь хэрэгт ач холбогдолгүй, нэхэмжлэгч С  ХХК нь тус эрүүгийн хэргийн оролцогч биш байх тул дээрх эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэх нь өмчлөгчийн шаардах эрхэнд хамааралгүй, тус иргэний хэргийг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй байна.

 

6. Иймд хариуцагчид Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хууль ёсоор эзэмшил үүсээгүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Хан-Уул дүүргийн тоот хаягт байршилтай, 87.81 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцыг хариуцагч О.Г ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С  ХХК-ийн өмчлөлийн   тоот хаягт байршилтай, 87.81 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг хариуцагч О.Г ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.   

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ