Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/02087

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/02087

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2022/02453 дугаар шийдвэртэй

 

 

Нэхэмжлэгч С ХХК-ийн

Хариуцагч О т холбогдуулан гаргасан

 

Үл хөдлөх эд хөрөнгийн хууль бус эзэмшлээс хариуцагчийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч О , өмгөөлөгч О.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: С ХХК нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туул ван 29 дүгээр байрны 000 тоот, 87,81 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Эм Ар И Эм ХХК-аар дамжуулан Б.Ганбилэг гэх хүнтэй орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Гэтэл О ямар ч гэрээгүйгээр тус орон сууцанд амьдарч байгаа тул түүнийг уг байрнаас албадан гаргаж өгнө үү. Байр чөлөөлөх мэдэгдлийг О т удаа дараа бичгээр болон амаар мэдэгдэж байсан гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: О нь Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороо, Туул ван, 29 дүгээр байрны 000 тоот, 87.81 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг худалдана гэсний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр н.С гэх хүнтэй бусдаар дамжуулан уулзаж түүнд 90,000,000 төгрөг өгч залилуулсан. н.С нь С ХХК-ийн олон орон сууцыг хөлсөлсөн талаар сүүлд мэдсэн. Нэг байрыг худалдаж авна гэж 30 гаруй хүн залилуулснаас үзэхэд С ХХК, Мон зууч ХХК, н.С нар хоорондоо холбоотой гэж ойлгож байна. С ХХК бусдыг залилах боломжийг бий болгосон, н.Солонгын намайг залилсан хэрэг шалгагдаж дуусаагүй ба уг эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж хэн гэм буруутай болох нь тодорхой болбол байрыг чөлөөлж өгөхөд бэлэн байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр байрны 000 тоот хаягт байршилтай, 87.81 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206084526 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг хариуцагч О ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Хариуцагч тус байрыг худалдан авахтай холбоотой бусдад залилуулсан асуудлаар нотлох баримт бүрдүүлээгүй атлаа хариуцагчийн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хэрэгт ач холбогдолгүй, нэхэмжлэгч нь тус эрүүгийн хэргийн оролцогч биш, эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэх нь өмчлөгчийн шаардах эрхэнд хамааралгүй, тус иргэний хэргийг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

4.2. Эрүүгийн журмаар шалгах ажиллагаа дуусаагүй байхад С ХХК, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нарыг уг хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тус хэрэгт холбоотой этгээдүүдийг эцэслэн тогтоогоогүй тул иргэний журмаар хэргийг шийдвэрлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, хариу тайлбар ирүүлээгүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч С ХХК нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр байрны 000 тоотод орших, 87.81 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хариуцагч О ын эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Маргааны үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй байхад Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан орон сууцны эзэмшил О т үүсээгүй гэж анхан шатны шүүх дүгнэн түүнийг маргаан бүхий орон сууцнаас албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

4. Зохигч орон сууцны өмчлөлийн талаар маргаагүй боловч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх нь хариуцагчийн эзэмшил хууль бус байх урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд хэрэгжих боломжтой.

5. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд маргаан бүхий орон сууц нь Б.Ганбилэгийн эзэмшлээс хариуцагч О ын эзэмшилд хэрхэн шилжсэн, хөлслөгч Б.Ганбилэгийн эзэмшил дуусгавар болсон эсэх болон нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг хариуцагч эзэмшиж байгааг мэдсэн боловч үргэлжлүүлэн эзэмшүүлж хөлс авсан эсэх, хариуцагчтай тодорхой хэлцэл хийсэн зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх харьцуулан дүгнээгүй, хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэхийг зөв тодорхойлоход шаардлагатай үйл баримт тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. /хх 9-14/

6. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн Монзууч төвөөр дамжуулан хөлслөгч Б.Ганбилэгтэй Орон сууц хөлслөх гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 05, 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус тус байгуулжээ. Хариуцагч О ын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн зууч Эм Ар И Эм ХХК (Мон зууч) болон нэхэмжлэгчээс хариуцагч О т 2021 оны 01, 02, 04, 05 дугаар саруудад хүргүүлж байсан мэдэгдэх хуудас, тооцоо нийлсэн баримтуудаас үзэхэд хөлслөгч Б.Ганбилэг нь хөлслөх гэрээний хугацаанд н.С, О нарт орон сууцны эзэмшлийг хэлцлээр шилжүүлсэн болон Б.Ганбилэгийн хийсэн гэрээ хүчинтэй эсэхийг тодруулах, түүнчлэн нэхэмжлэгчийг төлөөлөн н.С, О нараас орон сууцны хөлсийг авч байсан, хөлсийг бүрэн төлж үргэлжлүүлэн хөлслөх эсхүл байрыг чөлөөлөх мэдэгдлийг хариуцагчид хүргүүлж байсан зуучлагч Эм Ар И Эм ХХК (Мон зууч) нь нэхэмжлэгчийг төлөөлж орон сууц хөлслөгчтэй харилцах эрхтэй эсэхийг тус тус тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн шаардах эрх, хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэхийг тогтооход зайлшгүй ач холбогдол бүхий, хэрэгт хамааралтай үйл баримт гэж үзнэ. /хх2-3, 37-38/

7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2022/02453 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЭНЭБИШ