Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2022/01758

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2022/01758 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Об даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Б/,

 

Нэхэмжлэгч: Ч.Н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, туул гол гудамж, 56Е байр, 4 тоот хаягт оршин суух Цагаан боржигон овогт Дашзэвэгийн Мөнх-Эрдэнэ /РД:ЧО70111010/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах, орон сууцны ашиглалтын зардал 1,342,685 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б,

Хариуцагч Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга:

 

А.Б, Ч.Н бид нар иргэн Д.Мд 2019.12.26-ны өдрөөс эхлэн өөрсдийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг 2020.05.07-ны өдрийг хүртэл сарын 500,000 төгрөгөөр хөлсийг тохирч хөлслүүлсэн. Хөлслөх гэрээ дуусгавар болсон ч амаар тохиролцон гэрээг сунгасан. Орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг эхлээд 8,000,000 төгрөгийг өгсөн тул 2020.01.01-ээс 2021.04.01 хүртэлх төлбөрт тооцон авсан. Ингээд 2021 оны 5 сараас төлбөрөө төлөх болоход Д.М манай байранд 5 сая төгрөгөөр засвар хийсэн гэсэн тул уг засварын 5 сая төгрөгт 2022.03.01-ний өдрийг хүртэл суулгахаар тохирсон. Ингээд уг тохиролцоонд байранд суусан хэдий ч тохирсон хугацаандаа бидний орон сууцыг чөлөөлж өгөөгүй болно. Иймд бидний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Хавай таун хотхоны туул гол гудамж, 56Б байрны 40 тоот 1 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхийг Д.Мд даалгаж, мөн 2022 оны 3 сарын орон сууц хөлслөх гэрээний төлбөр 500,000 төгрөгийг гаргуулж өгч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Б, Ч.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2022.03.21-ний өдөр гаргасан нэхэмжлэл дээр үндэслэн орон сууцны урсгал төлбөр болон 3 сарын түрээсийн төлбөр болох нийт 2,842,685 төгрөг нэхэмжилж байна /өмнөх нэхэмжлэлийн 500,000 төгрөг тооцсон/. Түрээслэгч Д.М 2020 оны 01 сараас А.Б, Ч.Н нарын өмчлөлийн байранд түрээсээр оршин сууж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл гэрээнд заасан орон сууцны урсгал зардлын төлбөрөө огт төлөөгүй болно. 2020.03.01-ний өдрийг хүртэлх хугацаанд орон сууц чөлөөлөх байсан боловч маргаан үүсэж өнөөдрийг хүртэл чөлөөлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна. Нэхэмжлэх төлбөрийн задаргаа:

Контор: 516,876 төгрөг,

СӨХ:823,500 төгрөг,

Цахилгаан: 2309 төгрөг. Мөн 3 сарын 01-ээс 5 сарыг дуустал нийт 3 сарын түрээсийн төлбөр 1,500,000 төгрөг. А.Б миний нэхэмжлэлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 12 сарын 27-ны өдөр бид түрээсийн гэрээ байгуулж үүний дараа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Би байраа зарах мэдээллийг үнэгүй.мн сайтад тавьж, хариуцагч тал тус мэдээллийг хараад надтай холбогдсон. Хариуцагч тал 2020 оны 05 сарын 01-ний өдөр гэрээний дагуу төлбөрөө дуусгана гэж хэлж гэрээ байгуулсан. Хариуцагч төлбөрөө төлөх болохоор үргэлж хойшлуулдаг, би олон удаа хугацаа өгч, боломж олгосон. Би засварын ажлын төлбөр 5,000,000 төгрөгийг болон урьдчилгаа 8,000,000 төгрөгийг буцаан өгч байраа авах талаар Д.Мд хэлж байсан. Надад 8,000,000 төгрөг өгснөөс хойш нэмж нэг ч удаа төлбөр төлж байгаагүй. Засвар 5,000,000 төгрөгөөр хийсэн гэх үнийн дүнгийн хэмжээгээр түрээсийн төлбөрийг тооцоход татгалзах зүйлгүй. Энэ 13,000,000 төгрөгийг байрны түрээсийн төлбөрт оруулж тооцон, үлдсэн 500,000 төгрөг мөн миний орон сууцыг чөлөөлж өгөхийг хариуцагчаас нэхэмжилж байна. Хэрэв хариуцагч ашиглалтын зардлыг төлсөн баримт гаргаж ирсэн тохиолдолд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Мөнх-Эрдэнийн татгалзлын агуулга:

 

Иргэн А.Б болон Ч.Н нарын нэхэмжлэлтэй танилцлаа. Тэдний гаргасан нэхэмжлэлд үнэнийг нуун дарагдуулсан дүр эсгэсэн зүйлс нь давамгай байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй үүднээс доорх тайлбарыг хийж байна. 2019 оны 12 дугаар сард Үнэгүй.мн сайт дээр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туул гол гудамж, 56Б байрны 40 тоот 1 өрөө байрыг зарна гэсэн зарын дагуу би анх очиж үзэн 60,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар иргэн А.Бтэй аман хэлцэл хийн түлхүүрийг нь хүлээн авч засварлаж эхэлсэн байдаг юм. Бид байрны төлбөрийг хувааж хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Тэр дагуугаа ч би гэрээний урьдчилгаа болох 8,000,000 төгрөгийг 2019.12.27-ны өдөр шилжүүлсэн. Би тухайн байранд гэрээ байгуулалгүйгээр орж засвар хийж эхэлсэн байсан бөгөөд энэ тухайгаа А.Бд хэлэн байж 2019.12.26-ны өдөр анх уулзаж гэрээ байгуулахаар болсон. А.Б Хан-Уул дүүргийн нотариатч Золзаяа дээр хүрээд ир гэж утсаар хэлсэн. Би тэр дагуу нь очиход А.Б нь байр түрээслэх гэрээ бэлтгэсэн байсан бөгөөд ах мөнгөө авчихаар би нэрийг асуудалгүй шилжүүлчихнэ гэж хэлээд тухайн гэрээг батлуулсан. Гэхдээ би чи бид хоёр худалдах, худалдан авахаар тохирсон тул үүнийгээ гэрээнийхээ ард баталгаажуулж бичье гэж хэлээд гараар бичин гарын үсэг зуралцсан. 2020 оны 5 сард төлбөрийг бүрэн барагдуулж дуусгах тохироотой байсны дагуу би мөнгийг хэсэг хэсгээр таслан хийхийг санал болгосон ч та зүгээр бөөн хийчих нэг мөр гэсээр хэсэг хугацааг өнгөрүүлсэн. 2021 он гарсаар А.Б нь байраа зарахаа болилоо гэж над руу удаа дараа ярих болсон. Яагаад вэ гэхээр өндөр настай аавыгаа байлгах боллоо гэдэг тайлбарыг хэлдэг байсан ч энэ нь худлаа байсан бөгөөд байр зуучлалын албаар дамжуулан 85,000,000 төгрөгөөр зарахаар зарлуулж зуучлалын гэрээ байгуулсан байсан. Зуучлалын агентын утас 88327777.

А.Б нь эхнээсээ байраа зарахгүйгээр надаар засварлуулж аваад дахин үнэ хүргэж зарах сонирхолтой байсан нь дээрх халхавчилж хийсэн дүр эсгэсэн түрээсийн гэрээ болон намайг хагаслаад 5-10 саяар нь төлбөрийг хийе гэхэд цааргалан хүлээлгэж байснаас нь харагдаж байгаа болно. Мөн надаас авсан болон засварын зардалд нийт 13,000,000 төгрөгийг тооцож байгаа тохиолдолд би 2020.02.15-аас уг байранд засвар хийж дуусган орсон болохоор нийт 26 сар суух эрхтэй гэж тооцоход 2022.04.15-ыг хүртэл байх эрхтэй гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Иймд шүүхээс А.Бий дүр халхавчлан хийсэн түрээсийн гэрээг хүчингүй болгож бидний худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулан өгч А.Бий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нараас иргэний үнэмлэхийн хуулбар, Ү-2206018446 дугаартай улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2019.12.26-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, 2019.12.24-ний өдрийн итгэмжлэл зэрэг нотлох баримтыг,

 

Хариуцагчаас 2019.12.27-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, 2019.12.26-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, Ү-2206018446 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2019.12.26-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2019.12.24-ний өдрийн итгэмжлэл зэрэг нотлох баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч А.Б, Ч.Н нар хариуцагч Д.Мд холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2.-д зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Д.Мд холбогдох А.Б, Ч.Н нарын Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах, орон сууцны ашиглалтын зардал 1,342,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А.Б, Ч.Н нар хариуцагч Д.Мд холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах, орон сууцны ашиглалтын зардал 1,342,685 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч Д.М Байр зарна гэсэн зарын дагуу утсаар яриад худалдаж авахаар тохиролцсон. 2020 оны 5 сарын 01-ний өдөр үлдсэн төлбөрөө өгөх ёстой байсан ч би авах ёстой байсан авлагуудаа авч чадаагүй, мөн Ковидын улмаас миний төлбөрийн чадвар муудснаас орон сууц худалдан авсан төлбөрөө төлж чадаагүй. Би орон сууцанд засвар хийсэн энэ талаар яах вэ гэж асуухад засварын төлбөрийг түрээсийн төлбөрт тооцно гэж хэлж байсан. Би анх яагаад түрээсийн гэрээ байгуулж байгаа юм бэ гэж асуухад нэхэмжлэгч мөнгөө бүрэн дуусгасны дараа таны нэр дээр тус байрны гэрчилгээг шилжүүлнэ гэж надад хэлсэн. Анхнаасаа түрээсийн гэрээ байгуулах зорилгогүй агуулаагүй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

А.Б, Ч.Н нараас Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Хавай таун хотхон, туул гол гудамж, 56Б байр, 40 тоот хаягт байрлах 35.26 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 60,000,000 төгрөгөөр хариуцагч Д.М худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гэрээний төлбөрт 8,000,000 төгрөгийг хариуцагч худалдагч нарт төлж, үлдэх төлбөрийг 2020.05.01-ний дотор төлж барагдуулахаар хэлцэл байгуулсан байна. /х.х-ийн 18 хуудасны ар/

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ, 112.2-т Өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нт төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийг өмчлөгч нь ердийн элэгдэл, хорогдлыг эс тооцон өөрч учирсан бодит хохирол алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ биелүүлээгүй талаас шаардах эрхтэй гэж тус тус заасан байна.

 

Зохигчид Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Хавай таун хотхон, туул гол гудамж, 56Б байр, 40 тоот хаягт байрлах 35.26 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдах, худалдах авах хэлцэл байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлж, уг хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч тал хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн хэлцэл, зохигчдын тайлбараа тогтоогдож байна. /х.х-ийн 18 хуудасны ар/

 

Гэвч хариуцагч Д.М худалдах, худалдан авах гэрээний дагуу гэрээний төлбөр төлөх үүргээ гэрээгээр тохиролцсон хугацаанд нь биелүүлээгүйгээс орон сууцны өмчлөлийг хуульд зааснаар олж аваагүй байх бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан шаардлагыг худалдах, худалдан авах гэрээ хангаагүйгээс мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл болсон байна.

 

Иймээс хариуцагч худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууц худалдан авах гэрээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул нэхэмжлэгч хариуцагчийг маргаан бүхий орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардсан нь хуульд нийцжээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл байхаар хуульд заасан байх тул зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэх Орон сууц хөлслөх гэрээ мөн хүчин төгөлдөр бус хэлцэл болсон байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол гэж зааснаар нэхэмжлэгч өөрийн орон сууцаа түрээсэлж олох байсан орлогын хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх тул 2019.12.26-ны өдрөөс 2022.05.31-ний өдрийг хүртэл 29 сарын төлбөр 14,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй юм. Уг төлбөрөөс хариуцагч нэхэмжлэгчийн орон сууцанд 5,000,000 төгрөгөөр засвар хийсэнд нэхэмжлэгч маргаагүй, орон сууц худалдан авахад урьдчилгаа төлбөрт төлсөн 8,000,000 төгрөг нийт 13,000,000 төгрөгийг хасаж орон сууц хөлсөлсний төлбөрт 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Харин нэхэмжлэгч ашиглалтын зардалд нийт 1,342,685 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг шаардлагаа өөрөө нотлоогүй тул шүүх уг шаардлагын хэмжээгээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мэс 109,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б, Ч.Н нарт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Хавай таун хотхон, туул гол гудамж, 56Б байр, 40 тоот хаягт байрлах 35.26 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаас хариуцагч Д.Мөнх-Эрдэнийг чөлөөлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 1,500,000 төгрөгийг хариуцагч Д.Мэс гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардал 1,342,685 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мэс 109,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б, Ч.Н нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОБ