Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01720

 

2022.09.14 МАГАДЛАЛ 1720

 

А.Б-, Ч.Н-нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2022/01758 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Б-, Ч.Н-нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.М-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах, орон сууцны ашиглалтын зардал 1,342,685 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: А.Б-, Ч.Н-нар нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Д.М-тэй орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр өөрсдийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Хавай Таун хотхон, Туул гол гудамж, 0тоот хаягт байрлах, 35.26 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд 1 сарын 500,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон. Энэ гэрээний төлбөрт хариуцагч нь 8,000,000 төгрөг төлсөн. Мөн тус орон сууцанд 5,000,000 төгрөгөөр засвар хийсэн гэсэн тул уг үнийн дүнг гэрээний төлбөрт тооцож, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл орон сууцанд суулгахаар тохиролцсон. Гэвч 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул 3 сарын төлбөр 1,500,000 төгрөгийг гаргуулж, орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, мөн ашиглалтын зардалд конторын төлбөр 516,876 төгрөг, СӨХ-ны төлбөр 823,500 төгрөг, цахилгааны төлбөр 2,309 төгрөг, нийт 1,342,685 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2019 оны 12 дугаар сард Unegui.mn сайт дээр нэхэмжлэлд дурдсан орон сууцыг зарна гэсэн байсан. Энэ зарын дагуу нэхэмжлэгч талтай холбогдож, маргаан бүхий орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, төлбөрийг 2020 оны 05 дугаар сарын дотор бүрэн төлж барагдуулна гээд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр урьдчилгаа төлбөр 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хэрэгт авагдсан орон сууц хөлслөх гэрээг нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний заасан нотариатч дээр очиж байгуулсан. Тухайн үед худалдах, худалдан авах гэрээ байгуулах ёстой гэхэд А.Б- нь гэрээний төлбөрийг бүрэн төлөнгүүт орон сууцны өмчлөх эрхийг асуудалгүй шилжүүлнэ гэсэн. Ингээд орон сууцаа хүлээн авч, засварыг хийсэн. Гэтэл нэхэмжлэгч тал 2021 он гарснаас хойш орон сууцаа худалдахаа больсон, аавыг амьдруулах боллоо гэсэн нь худал байсан. Тэрээр орон сууцаа 85,000,000 төгрөгөөр худалдах гээд зуучлалын компанитай гэрээ байгуулсан байсан. Анхнаасаа Д.М-д худалдах гээгүй, засвар хийлгүүлээд буцаагаад авах сонирхолтой байсан гэж үзэж байна. Учир нь гэрээний төлбөрийг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргах бүрд татгалзаж байсан. Тухайн орон сууцанд засвар хийсээр 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр орсон тул нэхэмжлэгч талд төлсөн 13,000,000 төгрөг ёсоор бол 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл орон сууцыг эзэмших ёстой. Иймд дүр үзүүлэн хийсэн орон сууц хөлслөх гэрээг хүчингүй болгож, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаныг баталгаажуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Хавай таун хотхон, туул гол гудамж, 0тоот хаягт байрлах 35.26 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаас хариуцагч Д.М-нийг чөлөөлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 1,500,000 төгрөгийг хариуцагч Д.М-эс гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардал 1,342,685 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-эс 109,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-, Ч.Н-нарт олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Орон сууцыг нэхэмжлэгч талаас 60,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөр төлсөн учраас өөрийн өмч гэж үзээд засвар хийсэн. Шүүх эдгээр нөхцөл байдлыг анхаарч үзэхгүйгээр гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх дүгнэлт хийж байгаад гомдолтой байна. А.Б- нь анхнаасаа Д.М-нийн хууль, эрх зүйн мэдлэг дутуу байдлыг ашигласан. Гэрээний төлбөрийг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргах бүрд татгалзаж байсан. Гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж, орон сууцаа авах санхүүгийн боломжтой байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд илт худал тайлбар гаргадаг, мөн шүүхэд хандахдаа улсын тэмдэгтийн хураамжийг багаар төлсөн зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Таньдаг нотариаттай байсан гэдэг нь ор үндэсгүй. Бид хамт явж байгаад нотариат орсон. Түрээсийн гэрээнд 2 тал гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байна. Анхнаасаа манай байрыг худалдаж авах гэж орсон. Харин төлбөрөө бэлэн өгч чадахгүй, 5 сарын дараа үлдэгдэл төлбөрийг өгнө гэхээр нь тийм бол манайх худалдах, худалдан авах гэрээ хийх боломжгүй учир 5 сарын хугацаатай түрээсийн гэрээ хийсэн. Энэ хугацаанд 52,000,000 төгрөг өгөөрэй гэж тохиролцож орсон. 2020 болон 2021 онд 2 жилийн хугацаанд хангалттай хүлээсэн. Аргагүй эрхэнд албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч А.Б-, Ч.Н-нар нь хариуцагч Д.М-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Хавай Таун хотхон, Туул гол гудамж, 0тоот хаягт байрлах, 35.26 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, орон сууц хөлслөх гэрээний үүрэг болон хохиролд нийт 1,500,000 төгрөг, орон сууц ашиглалтын зардал 1,342,865 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1-3, 42-44/

3.Талуудын байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч А.Б-, Ч.Н-нар өөрсдийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Хавай таун хотхоны 0 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 07-ноос 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хүртэл 5 сарын хугацаатай, сарын 500,000 төгрөгөөр хөлслүүлэх, хөлслөгч Д.М- нь гэрээнд заасан хугацаанд хөлс төлөх үүрэг тус тус хүлээсэн. /хх-17/

Мөн өдрөө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, А.Б-, Ч.Н-нар дээрх орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Д.М-нийн хувьд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 8,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны дотор 2,000,000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 01-ны өдрийн дотор үлдэх төлбөрийг бүрэн төлж барагдуулах, ингэснээр худалдагч өмчлөх эрхийн бүртгэлийг шилжүүлэх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-18 ар тал/ Энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

4.Нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээний үүрэг шаардсан, хариуцагчийн хувьд орон сууцыг худалдаж авахаар тохирсон, худалдах-худалдан авах гэрээг халхавчилж түрээсийн гэрээ байгуулсан гэх үндэслэлээр татгалзаж, талууд хөлслөх гэрээний хүчин төгөлдөр байдалд маргажээ.

5.Талуудын байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл, уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулсан орон сууц хөлслөх гэрээ мөн хүчин хүчин төгөлдөр бус хэлцэл гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Зохигчдын тайлбар, дээрх хоёр гэрээг харьцуулан үзвэл нэхэмжлэгчийн шаардлага, тайлбар хуулийн үндэслэлтэй. Учир нь талууд анх орон сууцыг худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож, худалдагч нь орон сууцыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн боловч худалдан авагч Б.М-гэрээнд заасан хугацаанд үнэ төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс худалдах-худалдан авах гэрээ хэрэгжээгүй байна. Иймээс нэхэмжлэгч тал орон сууц хөлслөх гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардсан нь зөв. Учир нь талууд орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Хавай таун хотхоны 0 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 07-ноос 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хүртэл хугацаанд сарын 500,000 төгрөгөөр хөлслүүлэхээр харилцан тохиролцсон, хариуцагч Б.М-орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон. Мөн аман хэлбэрээр харилцан тохиролцоод гэрээний хугацааг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан талаар талууд тайлбарласан байна.

6.Эдгээрээс харьцуулан үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч тал орон сууцны хөлс шаардахдаа хариуцагч Б.М-ээс худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 8,000,000 төгрөг, орон сууцны засварын зардал 5,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг хасч тооцсон нь зөв байна.

Хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 13,500,000 төгрөгийн хөлс төлөх үүргээс 13,000,000 төгрөг төлсөн гэж үзэх тул үлдэх 500,000 төгрөгийг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нь шаардах эрхтэй. Харин гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчид буцааж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1, 295.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу орон сууцаа хүлээлгэх өгөхийг мөн өөрт учирсан хохирлоо гэрээгээр тохирсон хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй. Энэ үндэслэлээр 2022 оны 4, 5 дугаар сарын орон сууцны хөлсөд 1,000,000 төгрөг гаргуулах, орон сууцыг буцааж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хангана. Анхан шатны шүүх дээрх хуулийг хэрэглэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй учир давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч нарын нэрийг орхигдуулсныг залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шаардлагад нийцнэ.

Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 170,500 төгрөг төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан хэмжээг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

7.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2022/01758 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.1, 295.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.М-эс 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б-, Ч.Н-нарт олгож, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Хавай Таун хотхон, Туул гол гудамж, 0тоот хаягт байрлах, 35.26 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч А.Б-, Ч.Н-нарт хүлээлгэн өгөхийг хариуцагч Д.М-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,342,865 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас урьдчилан төлсөн 417,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД