Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2022/01757

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2022/01757 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.ОБ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т банк ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ү.У /РД:00000/,

 

Хариуцагч: Б.Э/РД:00000000/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 70,906,409.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т банк ХХК нь хариуцагч Ү.У, Б.Э нарт холбогдуулан 70,906,409.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Зээлдэгч Ү.Ур, Б.Э нар нь 2017.03.16-ны өдөр 105200468510 тоот зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж сарын 2.5 хувь, жилийн 30 хувийн хүүтэйгээр 35,000,000 төгрөгийг Хэрэглээний зээл зориулалтаар ашиглахаар зээл авсан. 2017.03.16-ны өдөр 105200468510 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2101011299 дугаарт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сум 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 20 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц барьцаалсан. Зээлдэгч Ү.Ур, Б.Э нар нь зээл авснаас хойш үндсэн зээлд 7,462,482.76 төгрөг, үндсэн хүүнд 2,386,464.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,750.68 төгрөг, нийт 9,858,698 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27,537,517.24 төгрөг, үндсэн хүү 32,649,293.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,902,364.62 төгрөг, нийт 64,089,175.18 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Банкны зүгээс зээлдэгчтэй удаа дараа уулзаж зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж 2017.07.25, 2017.09.05, 2017.09.15, 2017.10.19, 2017.10.26, 2018.01.18-ны өдрүүдэд зээл төлөх тухай мэдэгдэл, шаардлага хүргүүлж зээл төлөх тодорхой хугацаа өгсөн боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлсэн бөгөөд 2017.03.16-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтын дагуу зээлдэгч Үржинцогт овогтой Уламбаяр, Бөхнуур овогтой Энхжаргал нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 64,089,175.18 төгрөгийг гаргуулж Т банк ХХК-д олгуулж, 2017.03.16-ны өдөр 105200468510 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний дагуу Т банк ХХК-ийн барьцаанд байгаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус шүүхэд зээлдэгч Ү.Ур, Б.Э нарт холбогдуулан 64,089,175.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Тус нэхэмжлэлийн шаардлагыг 2021.03.09-ний өдөр хүртэл хүү, тооцооллоо гаргаж нэхэмжилсэн байна. Тус нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд:

1. 2021.03.10-2021.11.16-ны өдөр хүртэл үндсэн хүү 5,685,556.18 төгрөг,

2. 2021.03.10-2021.11.16-ны өдөр хүртэл нэмэгдүүлсэн хүү 1,131,577.89 төгрөг, нийт 6,817,234.07 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд Т банкны нэхэмжлэлтэй хэрэгт Ү.Ур болон Б.Э нарт холбогдох нэхэмжлэлийн үндсэн тайлбар болон төлбөрийг хүлээн зөвшөөрч, хүүгийн төлбөр болох 32,649,293.2 төгрөг мөн нэмэгдүүлсэн хүү, алданги зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Г.Дашдэжид шүүхэд гаргасан тайлбартаа: Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 20 тоот 29 м.кв хоёр өрөө байр нь Ш.Д миний эзэмшдэг байр юм. Энэ байрыг охин Б.Эын нөхөр Ү.Ур нар нь өөрийн хэрэгцээнд хэрэглэх зорилгоор банкны барьцаанд 2017.03.16-нд тавьж хэрэглээний зээл авахад нь итгэмжлэл өгсөн нь үнэн. Авсан зээлээс авч хэрэглээгүй. Шүүх хуралд биеэр оролцохгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 20 тоотын м.кв хоёр өрөө орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд дүү Б.Э, нөхөр Ү.Ур хоёрт өрхийн хэрэглээнд хэрэглэх зорилгоор зээл авахад итгэмжлэл өгсөн нь үнэн болно. Дүү Б.Э нөхөр Ү.Ур хоёр нь 2017.03.16-нд зээл авсан ба авсан зээлээс авч хэрэглээгүй болно. Иймд шүүх хуралд биеэр оролцохгүй болно гэжээ.

 

Гуравдагч этгээд Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Бөхнуур овогтой Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1 дүгээр хороолол 19 дүгээр байр 20 тоот 29 м.кв-ын хоёр өрөө орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд дүү Б.Э нөхөр Ү.Ур хоёрт өрхийн хэрэгцээнд хэрэглэх зорилгоор зээл авахад нэхэмжлэх өгсөн нь үнэн болно. Дүү Б.Э нөхөр Ү.Ур хоёр нь 2017.03.16-нд зээл авсан ба авсан зээлээс авч хэрэглээгүй болно. Иймд шүүх хуралд биеэр оролцохгүй гэжээ.

 

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс зээл, хүүний тооцооны хуудас, Т банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017.03.16-ны өдрийн 105200468510 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зэрэг баримтыг нотлох баримтаар, 2017.03.16-ны өдрийн 105200468510 дугаартай Барьцааны гэрээ, 2019.01.21-ний өдрийн уулзалтын тэмдэглэл, зээлдэгчийн анкет, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2021.02.26-ны өдрийн мэдэгдэл, мэдэгдэл №1, 2018.01.18-ны өдрийн 01 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2017.10.26-ны өдрийн 208 тоот албан бичиг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2017.02.24-ний өдрийн итгэмжлэл, зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтыг тус тус шүүхэд гарган өгөв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т банк ХХК нь хариуцагч Ү.Ур, Б.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70,906,409.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ү.Ур, Б.Э нар нь зээл авснаас хойш үндсэн зээлд 7,462,482.76 төгрөг, үндсэн хүүнд 2,386,464.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,750.68 төгрөг, нийт 9,858,698 төгрөг төлсөн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27,537,517.24 төгрөг, үндсэн хүү 38,334,849.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,034,042.54 төгрөг, нийт 70,906,409.25 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн 2017.03.16-ны өдөр 105200468510 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний дагуу Т банк ХХК-ийн барьцаанд байгаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү ... гэв.

 

Хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус дүүргийн шүүхэд Т банкны нэхэмжлэлтэй хэрэгт Ү.Ур болон Б.Э нарт холбогдох нэхэмжлэлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, хүүгийн төлбөр болох 32,649,293.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

Т банк ХХК нь Ү.Ур, Б.Э нартай 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр №105200468510 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн, жилийн 30 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагджээ /х.х-12-13-р хуудас/.

 

Хариуцагч Ү.Ур, Б.Э, нэхэмжлэгч Т банк ХХК нар 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан нэхэмжлэгч нь хариуцагчид 35,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нар нь 35,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч, маргаагүй байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нар үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хариуцагч 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн байхаар зээлийн гэрээгээр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримтад хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ.

 

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд Хятад, Сингапур, Тайланд, Америкийн нэгдсэн улс гэх мэт 213 улсад халдвар бүртгэгдсэн тухай, Монгол Улсад 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ковид-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Шадар сайд, Улсын онцгой байдлын дарга Ө.Энхтүвшин мэдээлж байжээ.

 

2019-2021 оныг хүртэл дэлхийн нийтийг хамарсан хөл хорионы улмаас эдийн засгийн хямрал, тэр дундаа иргэдийн төлбөр төлөх чадвар эрс багассан цаг хугацаа таарч байх тул хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь хариуцагч нарын гэм буруугаас бүхэлдээ хамааралтай гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 222.2-т зааснаар шүүх нийт хүүгийн хэмжээг 40 хувь буюу 17,347,556.4 төгрөгөөр багасгаж, үлдэх 53,558,853 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гарын үсэг зурагдсан, хэн аль нь уг гэрээг байгуулсан эсэх талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.

 

Гэвч хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлээ төлөөгүй байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй, хариуцагч нь зээлсэн мөнгийг буцаан төлөх үүрэгтэй болно.

 

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

Зохигчийн байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн зээл, барьцааны гэрээнд зээлийг ашигласны хүү болон үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд зээлийн төлбөрт нийт 9,858,698 төгрөгийг хариуцагч нар төлсөн талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, маргаагүй. Хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 27,537,517 төгрөг, хүү 38,334,849.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,034,042.54 төгрөг, нийт 70,906,409.25 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 20 тоот хаягт байрлах 000502957 тоот гэрчилгээтэй, Ү-2101011299 тоот улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн эрхийг Б.Э, Б.Э, Г.Дашдэжид нараас Б.Эд 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон боловч уг итгэмжлэлийн хугацаа дууссан байна. /х.х-28-р хуудас/

 

Иймд Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 20 тоот хаягт байрлах 000502957 тоот гэрчилгээтэй, Ү-2101011299 тоот улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө буюу барьцааны зүйлийн өмчлөгч Б.Э, Б.Э, Г.Дашдэжид нарыг шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж, эрх үүрэгт сөргөөр нөлөөлж байгааг мэдэгдсэн бөгөөд шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нараас 2017.03.16-ны өдрийн зээлийн гэрээний талаар мэдэж байгаа ба, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай итгэмжлэл олгосон нь үнэн болохыг тайлбартаа дурдсан байна.

 

Нэхэмжлэгч Т банк ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулах этгээдийг өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн процессын уг туйлын эрхийг шүүх хэрэгжүүлэх эрхгүй юм.

 

Хэдий нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан боловч гаргасан шаардлагынхаа хүрээнд хариуцагч нарыг бүрэн хэмжээгээр тодорхойлоогүй, хамтран хариуцагч оролцуулах хүсэлт гаргаагүй. Иймээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 20 тоот хаягт байрлах 000502957 тоот гэрчилгээтэй, Ү-2101011299 тоот улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх хөрөнгө буюу барьцааны зүйлийн өмчлөгч нарыг хариуцагчаар татан оролцуулаагүй тул шүүх барьцаагаар хангуулах шаардлагыг шийдвэрлэх үндэслэлгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

 

Нэхэмжлэгч Т банк ХХК нь хариуцагчаа зөв тодорхойлж барьцаагаар хангах шаардлага гаргахад уг шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672,622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Ур, Б.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 425,744 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ү.Ур, Б.Э нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 53,558,853 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,347,556 төгрөгийг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672,622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Ур, Б.Э нараас 425,744 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                                 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ