Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/01537

 

Нэхэмжлэгч: Х ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Н.Б,

 

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, 

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.За нар оролцов.

                                   

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Д ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “....Баянгол дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн тоот шийдвэрээр Х.Д  ХХК-иас 4 540 984 781 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банканд олгохоор шийдвэрлэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас бичигдэж тус компани төлбөр төлөгч болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бүртгэлийн дугаартай, хаягт байршилтай,  73.23 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 179 600 000 төгрөгөөр, бүртгэлийн дугаартай, хаягт байршилтай, 84,6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 193 000 000 төгрөгөөр, улсын бүртгэлийн дугаартай, хаягт байршилтай, 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 386 700 00 төгрөгөөр үнэлсэн А ХХК-ийн үнэлгээг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдсэн. Мөн улсын бүртгэлийн дугаартай, хаягт байршилтай, 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 386 700 00 төгрөгөөр буюу 1 м.кв-ыг 2 270 589 төгрөгөөр үнэлсэн байсан. Үнэлгээг зах зээлийн үнэлгээг гаргахдаа харьцуулсан байрнуудын чанарыг харгалзан үзээгүй тул А ХХК-ийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Одоогийн байдлаар Хан уул дүүрэг дэх байрны дундаж ханш 4 000 000 төгрөг байна. Гэтэл А.Б ХХК нь үнэлгээний эх сурвалж гэж хаяг нэр тодорхойгүй хувь хүний утаснууд тавьсан байсан бөгөөд хүний өмчийг үнэгүйдүүлж маш бага үнээр үнэлсэнд гомдолтой байна. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн А.Б ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн магадлалаар Х.Д  ХХК-иас 4 540 984 781 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хотын банканд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 4 дүгээр 27-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Х.Д  ХХК-ний гүйцэтгэх захирал Ц.Т-д сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа биечлэн өгсөн, энэ хугацаанд 2 942 918 498 төгрөгийг төлж, 1 598 066 283 төгрөгийн төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авахад шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шинжээч томилж үнэлгээ гаргуулсан. Хан-Уул дүүргийн хаягт байрлах, 79.23 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 179 600 000 төгрөгөөр, мөн дээрх хаягт байрлах, 84.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 193 000 000 төгрөгөөр, мөн дээрх байрны хаягт байрлах, 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 386 700 000 төгрөгөөр, мөн дээрх байрны 27 тоот хаягт байрлах, 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 386 700 000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Иймд үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн өнөөдрийн шүүх хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эрүүгийн гэм хорын шүүх хуралдаантай давхацсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХХК тайлбартаа: “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэрээр Х.Д  ХХК-иас 4 540 984 781төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хотын банк ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Х.Д  ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа билээ. Төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлэгдсэн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн,  тоот хаягт байрлах, 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, улсын бүртгэлийн дугаартай, дугаар байрны 1 давхрын А хэсэгт байрлах 170 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд хийгдсэн хөрөнгийн үнэлгээний төвийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна. Төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт давсан үнэлгээг ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, зах зээлийн бодит үнэлгээг тогтоосон. Мөн төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсанд заасан мөнгөн төлбөрийг төлөхөөс зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж удаашруулж байна. Үүнээс шалтгаалж төлбөр барагдахгүй байсаар Худалдаа, хөгжлийн банкны эрх ашиг зөрчигдөж, банканд хохирол учирч байна. Иймд Х.Д  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Нэхэмжлэгч талаас, Х.Д  ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-д хүргүүлсэн хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн, дугаартай мэдэгдэл, мөн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн мэдэгдэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

5. Хариуцагч талаас, Улаанбаатар хотын банк, Х.Д  ХХК нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, мөн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн  шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гүйцэтгэх хуудас, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Х.Д  ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ХХБ-ны тусгай активын газарт хүргүүлсэн дугаартай хүсэлт, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн, 15/18250552, дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл, Х.Д  ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн үнийн санал, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн  дугаартай хүсэлт, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл, мөн өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А.Б ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс, Улаанбаатар хотын банк ХХК болон Х.Д  ХХК нарын хооронд байгуулагдсан 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай зээлийн барьцааны гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр хаягт байршилтай,  73.23 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 179 600 000 төгрөгөөр, хаягт байршилтай, 84,6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 193 000 000 төгрөгөөр, хаягт байршилтай, 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 386 700 00 төгрөгөөр үнэлсэн А.Б ХХК-ийн үнэлгээг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдсэн. Мөн хаягт байршилтай, 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 386 700 00 төгрөгөөр буюу 1 м.кв-ыг 2 270 589 төгрөгөөр үнэлсэн байсан. А.Б ХХК нь зах зээлийн үнэлгээг гаргахдаа харьцуулсан байрнуудын чанарыг харгалзан үзээгүй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Одоогийн байдлаар Хан-Уул дүүрэг дэх байрны дундаж ханш 4 000 000 төгрөг байна. Гэтэл А.Б ХХК нь үнэлгээний эх сурвалж гэж хаяг нэр тодорхойгүй хувь хүний утаснууд тавьсан байсан бөгөөд хүний өмчийг үнэгүйдүүлж маш бага үнээр үнэлсэнд гомдолтой байгаа тул тус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч Х.Д  ХХК-ийн захирал Н.Б-аас олгосон итгэмжлэлийн дагуу Ц.Т хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн бөгөөд шүүхээс Н.Б-ыг итгэмжлэл олгох эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулахаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагааг шаардахад гаргаж өгөөгүй байна.

 

Улмаар шүүх http://opendata.burtgel.gov.mn/ сайт руу нэвтэрч Х.Д  ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдийн мэдээллийг шалгахад 2006 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Н.Б итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэгдсэн байсан тул шүүх тус баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нийтэд илэрхий үйл баримт гэж дүгнэж, Ц.Т нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцуулсан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авахад шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шинжээч томилон үнэлгээ гаргуулсан хаягт байрлах, 79.23 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 179 600 000 төгрөгөөр, мөн дээрх байрны 2 тоот хаягт байрлах, 84.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 193 000 000 төгрөгөөр, мөн дээрх байрны хаягт байрлах, 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 386 700 000 төгрөгөөр, мөн дээрх байрны хаягт байрлах, 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 386 700 000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт давсан үнэлгээг ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, зах зээлийн бодит үнэлгээг тогтоосон. Мөн төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсанд заасан мөнгөн төлбөрийг төлөхөөс зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж удаашруулж, үүнээс шалтгаалж төлбөр барагдахгүй байсаар Худалдаа, хөгжлийн банкны эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Х.Д  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог.

 

Хэргийн баримтаас үзвэл, хаягт байршилтай, 73.23 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хаягт байршилтай, 84,6 м.кв талбайтай, 3 өрөө, хаягт байршилтай, 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн хаягт байршилтай, 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нь Х.Д  ХХК байх бөгөөд Х.Д  ХХК, Улаанбаатар хотын банк ХХК нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгүүдийг барьцаалсан байна.

 

Зээлдэгч Х.Д  ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь шүүхэд хандаж, улмаар шийдвэрээр хариуцагч Х.Д  ХХК-иас 4 540 984 781 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын банк ХХК-д олгож, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл дээрх барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.   

 

Уг захирамжид шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гүйцэтгэх хуудас олгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх гүйцэтгэх баримт бичигт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор А.Б ХХК-ийг шинжээчээр томилж, А.Б ХХК нь дээрх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг 1 146 000 000 төгрөгөөр тогтоосон байна.

 

6. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч, өмчлөгч нар зөрүүтэй үнийн санал өгснөөс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “...Х.Д  ХХК-ийн өмчлөлийн хаягт байршилтай, 73.23 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 179 600 000 төгрөгөөр, хаягт байршилтай, 84,6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 193 000 000 төгрөгөөр, хаягт байршилтай, 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 386 700 00 төгрөгөөр үнэлэгдсэн” талаар 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн мэдэгдлийг төлбөр төлөгч, Х.Д  ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б-д мөн өдрөө буюу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөө гардуулж өгсөн баримт хэрэгт авагдсан байна.   

 

7. Иймд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар тус үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хандаж хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.  

 

9.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасныг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.Д  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ