Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2022/01340

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2022/01340 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  С.О /РД:00000000/-д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.У /РД:00000000/,

 

Хариуцагч: А.У /РД:000000000/

 

Хариуцагч: И ХХК /РД:00000000 нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны эзэмшил, ашиглалтыг шилжүүлэхийг А.Уд даалгаж, түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: С.О,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ж.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Э,

Гэрч: Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: С.О миний бие А.У 2019.09.25-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон, Туул гол гудамжны 24/3 байр, 9 тоот хаягт байрлах 0000000 дугаартай, №000178080 тоот гэрчилгээний дугаартай 67.88 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдсан. Ингэхдээ орон сууцны нийт төлбөрөөс 65,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, үлдэх 35,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд, хүүгүй, нийт 12 удаа төлж барагдуулахаар гэрээнд заасан. Гэрээ байгуулсан өдрөөс эхлэн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа ба өөрөөр хэлбэл орон сууцанд А.У нь амьдарч ашиглаж байгаа. Тус орон сууц нь Хан-Уул дүүрэгт хотын А зэрэглэлд байрладаг орон сууц ба 67.88 м.кв-ыг 100,000,000 төгрөгөөр тооцож худалдан авсан гэвэл 1 м.кв нь 1,473,188 төгрөг буюу байршил, талбайн хэмжээ зэргийг тооцоход зах зээлийн ханшаас маш бага үнээр худалдсан байгаа юм. Тухайн үед худалдан авагч А.У нь намайг төөрөгдөлд оруулж миний байрыг хямд үнээр худалдан авч намайг хохироосон. Мөн нэхэмжлэгч нь И-ийн агент, тус компанитай хөдөлмөрийн харилцаатай бөгөөд энэ талаараа огт надад мэдэгдэлгүй гэрээ байгуулж, хууль зөрчсөн хэлцэл байгуулсан болно. Иймд 2019.09.25-ны өдөр А.У байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууцны эзэмшил, ашиглалтыг С.Од шилжүүлж, ашигласан хугацааны түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөгийг хариуцагч А.Уас гаргуулах, И-иас 2,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хариуцагч А.У татгалзлын агуулга:

 

Нэхэмжлэгч С.Оын 2020.10.07-ны өдөр А.У миний биед холбогдуулан гаргасан 2019.09.25-ны өдөр А.У байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг, орон сууцыг С.Од шилжүүлэх, түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. А.У миний бие анх тус байрыг 1 м.кв нь 1,600,000 төгрөг /нийт 108,610,000 төгрөг/-өөр, 1 жилийн хугацаатай хувь лизинг болон бартер оролцуулж худалдана гэсэн зарын дагуу /зарыг хавсаргав/ нэхэмжлэгчтэй холбогдсон. Тухайн үед уг байр нь 1 жил гаруйн хугацаанд зарагдаагүй байсан гэсэн бөгөөд 3 давхарт байршилтай, бүх өрөөний цонх хойшоо харсан, доод давхарт учраас нар үздэггүй гэсэн шалтгаанаар үнийн дүнг бага зэрэг буулгах хүсэлт тавьсан. Худалдагч уг саналыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр үнийг 8,610,000 төгрөгөөр буулгаж, 100,000,000 төгрөг болгохоор тохиролцон зөвшилцсөний үр дүнд гэрээ байгуулсан. Анх санал болгосон үнийн дүн нь 108,610,000 төгрөг байсан байрыг 100,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсоныг худалдагчийг хэрхэн төөрөгдөлд оруулсан шалтгааныг үнэхээр их гайхаж байна.

 

2. Миний бие гэрээгээр тохирсон хуваарийн дагуу 1 жилийн хугацаанд төлбөрөө аль болох нэг ч хоног хэтрүүлэхгүйг хичээж бүрэн төлж барагдуулж дууссан. Уг нь гэрээний үүргийн дагуу худалдагч тал 2020.10.05-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний нэр рүү шилжүүлэх үүрэгтэй байсан. Гэвч 2020.09 сард утсаар холбогдож 2020.10.05-ны өдөр эцсийн төлөлтөө хийгээд төлбөрөө бүрэн төлж байгаа тул гэрчилгээгээ шилжүүлэх талаар сануулсан. Гэтэл худалдагч тал ковид-19 гарсантай холбоотой ажил нь доголдсон тул гэрчилгээг одоогоор шилжүүлэх боломжгүй гэж тайлбарласан. Тэгэхэд нь бидэнд ч бас ковид19-тай холбоотой нөлөөлөл байсан ч хугацаандаа төлбөрөө бүрэн төлсөн байхад яагаад гэрчилгээ шилжүүлэхгүй гэж байгаа юм гээд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэх алдангийн төлбөрт орохгүйн тулд цаг хожиж байгаа үйлдэл гэж ойлгохоос өөр аргагүй байна.

 

3. Нэхэмжлэлд ...А.У намайг төөрөгдөлд оруулж, хямд үнээр худалдан авч хохироосон байх ба гэрээ нь нэг талд хэт хохиролтой гэрээ болсон гэжээ. Миний зүгээс нэхэмжлэгчийн бүтэн жилийн хугацаанд зарагдаагүй байсан, 108,610,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай хувь лизинг болон бартер оролцуулж худалдахаар санал болгосон байрны зарын дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн шинж чанар, давхрын байршил, нарны гэрэл тусдаггүй зэрэг нөхцөл байдлуудтай нь холбогдуулж үнээ буулгах санал гаргасан бөгөөд талууд 100,000,000 төгрөгөөр тус байрыг худалдахаар харилцан тохиролцсон. Үүнд ямар нэгэн байдлаар худалдагчийг төөрөгдүүлсэн, эсхүл түүнийг хохироосон зүйл байхгүй ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага илт үндэслэлгүй, бодит байдалтай нийцэхгүй байна.

4. Иймд миний зүгээс гэрээгээр тохирсон хугацаа, хуваарийн дагуу төлбөрийг бүрэн барагдуулж дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч А.У шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулга:

 

А.У миний бие С.Отай 2019.09.25-ны өдөр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон, Туул гол гудамж, 24/3 байр 9 тоотод байрлах 67,88 м.кв орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан. Тус гэрээний дагуу худалдан авагч тал гэрээ байгуулсан өдөр 65,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэгдэл 35,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсоны дагуу тогтоосон хугацаанд төлбөрөө бүрэн төлсөн болно. Ийнхүү төлбөр төлж дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор орон сууцны гэрчилгээг Худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх, уг хугацаанд гэрчилгээний нэрийг шилжүүлээгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөх үүргийг хүлээсэн. Гэвч худалдагч С.О дээрх гэрээний үүргээ биелүүлэхгүй миний эрх ашиг сонирхлыг хохироож байна. Иймд гэрээнд заасны дагуу алданги 50,000,000 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон, Туул гол гудамж, 24/3 байр 9 тоотод байрлах 67,88 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, Улсын бүртгэлийн газарт эд хөрөнгийг бүргэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Оын сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарын агуулга:

 

Худалдагч тал өөрт илт хохиролтойгоор хуурч мэхлэгдэн хийгдсэн гэрээг цуцалж, орон сууцны эзэмшил, ашиглалтыг С.Од шилжүүлэх үндсэн шаардлагыг шүүхэд гаргасан байх тул сөрөг нэхэмжлэлд дурьдсанчлан үүрэг үүсэхгүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.О гэрээ цуцлахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээний үүрэг үүсэхгүй. Иймээс сөрөг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч И-ийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Манай компани нь хариуцагч А.У хамтран ажиллах гэрээний үндсэн дээр тодорхой зорилгын төлөө хамтарч бизнесийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бидний хооронд Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.7.4-т заасан хөдөлмөрийн гэрээний болон албан тушаалын харилцаа хамаарал байхгүй болно. Иймд нэхэмжлэгч С.О нь манай компанитай хамтран бизнес эрхэлдэг этгээдтэй харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед бизнес хамтрагчийн харилцааны талаар түүнд урьдчилан мэдэгдэх үүрэггүй бөгөөд энэ байдлаар зуучлуулагчийн эрх ашгийг хохироох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл А.У манай компани зөвхөн нэг төрлийн бизнесийн үйл ажиллагааг хамтарч хийдэг бөгөөд нэхэмжлэгч С.О нь үл хөдлөх эд хөрөнгөө А.Уд худалдсантай холбоотой манай компанид ямар нэгэн ашигтай байдал бий болохгүй, тухайн үл хөдлөх ямар ч үнээр худалдагдсан тохиолдолд бид зөвхөн С.Отай байгуулсан зуучлалын гэрээнд заасны дагуу хөлс төлөхийг шаардах эрх үүсдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.О хариуцагч А.Уд холбогдуулан 2019.09.25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24/3 байр, 9 тоот орон сууцыг нэхэмжлэгч С.Оын эзэмшил ашиглалтад шилжүүлэхийг даалгах, орон сууц ашигласан хугацааны түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөгийг хариуцагч А.Уас гаргуулах, хариуцагч И-нд холбогдуулан зуучлалын хөлс 2,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мэтгэлцэв.

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн А.У, И нарт холбогдох С.Оын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий байрны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны гэрчилгээг А.У нэр дээр шилжүүлэхийг даалгах, алданги 50,000,000 төгрөг гаргуулах хариуцагч А.У сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан тайлбар мэдүүлэгтээ ...зуучлагч компани нь бүтэн жилийн хугацаанд борлуулалт хийж өгөөгүй ба зориуд үнэ унагаж 100,000,000 төгрөгөөр, төлбөрийн нөхцөл зээлээр худалдаж, зуучлалын хөлсөнд 2,200,000 төгрөгийг авч, өөрийн хамаарал бүхий этгээд буюу И-ийн удирдлагад ажилладаг өөрийн агент А.Уд орон сууцыг худалдаж, энэ талаар зуучлуулагч буюу нэхэмжлэгч талд мэдэгдээгүй нь Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.7.4-т ...зуучлагч болон гуравдагч этгээд хоорондоо албан тушаалын болон хөдөлмөрийн харилцаатай байсан гэж, 411.8-д ...Зуучлагч гуравдагч этгээдтэй гэрээ байгуулахаас өмнө зуучлуулагчид энэ хуулийн 411.7-д заасан нөхцөл байдлыг урьдчилан мэдэгдсэн бол хөлс, шагнал авах буюу гаргасан зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж, 411.10-т Энэ хуулийн 411.7, 411.8-д заасан журмыг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан тул 2019.09.25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24/3 байр, 9 тоот орон сууцыг нэхэмжлэгч С.Оын эзэмшил ашиглалтад шилжүүлэхийг даалгах, орон сууц ашигласан хугацааны түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөгийг хариуцагч А.Уас, И-иас зуучлалын хөлс 2,200,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

Хариуцагч А.У нь ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, маргаан бүхий хоёр өрөө орон сууцны 1 м.кв-ыг 1,600,000 төгрөгөөр, нийт 108,610,000 төгрөгөөр хувь лизинг болон бартер оролцуулж худалдана гэх Vivo home shop фейсбүүк группт тавигдсан зарын дагуу тухайн орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Урьдчилгаа 65,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр С.Оын данс руу шилжүүлж, үлдэх 35,000,000 төгрөгийг графикийн дагуу 12 сарын хугацаанд төлж дууссан, нэхэмжлэгчийн бүтэн жилийн хугацаанд зарагдаагүй байсан, 108,610,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай хувь лизинг болон бартер оролцуулж худалдахаар санал болгосон байрны зарын дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн шинж чанар, давхрын байршил, нарны гэрэл тусдаггүй зэрэг нөхцөл байдлуудтай нь холбогдуулж үнээ буулгах санал гаргасан бөгөөд талууд 100,000,000 төгрөгөөр тус байрыг худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцсон. Үүнд худалдагчийг төөрөгдүүлсэн, эсхүл хохироосон зүйл байхгүй, И-тай хөдөлмөрийн харилцаа байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага илт үндэслэлгүй, бодит байдалтай нийцэхгүй байна... гэж маргадаг.

 

Нэхэмжлэгч С.О нь улсын бүртгэлийн 0000000 дугаарын гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон /17041/, туул гол гудамжны 24/3 дугаар байрны 9 тоот хаягт байрлах, 67.88 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 2019.09.25-ны өдөр А.Уд 100,000,000 төгрөгөөр худалдаж, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Талууд гэрээ байгуулсан өдрөө урьдчилгаа төлбөр 65,000,000 төгрөгийг С.Оын дансанд шилжүүлж, үлдэх 35,000,000 төгрөгийг гэрээний хавсралтад заагдсан графикт хугацаагаар төлөхөөр, график төлөлт бүрэн төлөгдсөний дараа өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч А.У нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /1-р хх-6-7/

 

Хариуцагч А.У нь гэрээний урьдчилгаа төлбөрийг 2019.09.25-ны өдөр нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг 12 сарын хугацаанд графикт зааснаар төлсөн энэ талаар зохигч маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

С.О нь 2018.10.27-ны өдөр маргаан бүхий орон сууцыг худалдах зорилгоор И-тай Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах 3 сарын хугацаатай, 122,184,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулж, гэрээнд зуучлагчийг төлөөлж гүйцэтгэх захирал О.Очир-Эрдэнэ, агент Д.Ганжаргал нар гарын үсэг зурж, зуучлалын хөлсөнд 2,200,000 төгрөгийг И-д нэхэмжлэгч буюу зуучлуулагч С.О тушаасан байна. /1-р хх-146-150/

Хариуцагч А.У нь И-нд зуучлагч агент болох талаар зохигч маргаагүй бөгөөд гэрч Д.Ганжаргал шүүхэд өгсөн мэдүүлэгтэй .....С.Оыг танина, А.У хамт Ивээл консолтинг ХХК-нд ажилладаг, төрөл садны холбоогүй, өс хонзон байхгүй... гэж мэдүүлэг өгчээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар И-ийн агент Д.Ганжаргал 2019.01.04-ний өдөр өөрийн Gan Jargal фейсбүүк хаягаас Vivo home shop пейж хуудсанд маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулах зарын мэдээлэл оруулсан болохыг 2021.06.10-ны өдрийн CD-нд үзлэг хийсэн баримт, түүний шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэргээр нотлогдож байна. /1х.х-ийн 79 хуудас/

 

С.О нь 0000000 дугаарын гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон /17041/, туул гол гудамжны 24/3 дугаар байрны 9 тоот хаягт байрлах, 67.88 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 2019.09.25-ны өдөр А.Уд 100,000,000 төгрөгөөр худалдахаар хариуцагч А.У 2019.09.25-ны өдөр хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний шинжтэй нийцэж байгаа боловч хууль зөрчсөн хэлцэл болжээ гэж шүүх дүгнэлээ./1х.х-ийн 146 хуудас/

 

Учир нь Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.7.4-т зуучлагч болон гуравдагч этгээд хоорондоо албан тушаалын болон хөдөлмөрийн харилцаатай байсан бол мөн хуулийн 411.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохоор заасан бөгөөд худалдан авагч А.У нь Ивээл консолтинг ХХК-ийн агентын хувьд зуучлагч байгууллагад албан тушаалын харилцаатай гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.О Ивээл консолтинг ХХК-иар 9 тоот орон сууцыг худалдан борлуулахаар зуучлалын гэрээ байгуулсан байхад зуучлагч компанитай албан тушаалын харилцаатай А.У маргаан бүхий орон сууцыг худалдан авсан нь хууль зөрчиж хийсэн хэлцэл болсон байна.

 

Нөгөөтээгүүр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж шилжүүлж өгөхөөр заасан тул худалдагч С.О орон сууцны төлбөрт авсан 100,000,000 төгрөгийг худалдан авагч А.Уд, шилжүүлж авсан маргаан бүхий орон сууцаа А.У нэхэмжлэгч С.Од шилжүүлэхээр хуульд заасан байна.

 

Иймээс 2019.09.25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэлцлийн үр дагавар болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24/3 байр, 9 тоот орон сууцыг нэхэмжлэгч С.Оын эзэмшил ашиглалтад шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т ... хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар хариуцагч А.У орон сууцыг шилжүүлэн авсан хэлцэл хүчин төгөлдөр бус болсон байх тул нэхэмжлэгчийн орон сууцыг ашигласан төлбөрийг түрээсийн төлбөрөөр тооцон нэхэмжилсэн 15,000,000 төгрөгийг хариуцагч А.Уас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож, өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээн гэж заасан. Хариуцагч И нь нэхэмжлэгч С.Оын маргаан бүхий 9 тоот орон сууцыг худалдан борлуулах зуучлалын үйлчилгээг үзүүлэхээр 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зуучлалын гэрээ байгуулж, уг гэрээний төлбөрт 2,200,000 төгрөгийг авсан нь хуульд нийцээгүй гэж шүүх үзэж, хариуцагчаас 2,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов. Учир нь зуучлагч И нь өөрийн хамаарал бүхий агент А.Уд уг орон сууцыг борлуулсан нь хуульд нийцээгүй байна.

 

Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон /17041/, туул гол гудамжны 24/3 дугаар байрны 9 тоот хаягт байрлах, 67.88 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 2019.09.25-ны өдөр А.Уд 100,000,000 төгрөгөөр худалдахаар хариуцагч А.У 2019.09.25-ны өдөр хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон гэж шүүх дүгнэсэн байх тул уг маргаан бүхий 9 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг А.У нэр дээр шилжүүлэхийг даалгах, мөн гэрээний 3.6-д заасан төлбөрийн тооцоо дууссаны дараа ажлын 5 хоногийн дотор гэрчилгээний нэр шилжүүлэхээр, заасан хугацаанд гэрчилгээний нэр шилжүүлээгүй тохиолдолд 0.5 хувийн алданги буюу 50,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 411.10, 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2019.09.25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 0000000 дугаарын гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон /17041/, туул гол гудамжны 24/3 дугаар байрны 9 тоот хаягт байрлах, 67.88 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг нэхэмжлэгч С.Оын эзэмшил ашиглалтад шилжүүлэхийг А.Уд даалгаж, орон сууц ашигласан хугацааны түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөгийг хариуцагч А.Уас, зуучлалын хөлс 2,200,000 төгрөгийг И-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Од олгосугай.

 

2. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар 0000000 дугаарын гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон /17041/, туул гол гудамжны 24/3 дугаар байрны 9 тоот хаягт байрлах, 67.88 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг А.У нэр дээр шилжүүлэхийг даалгах, 50,000,000 төгрөг гаргуулах хариуцагч А.У сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 732,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Уас улсын тэмдэгтийн хураамжид 732,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Од, хариуцагч А.Уас шинжээчийн зардалд 200,000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-нд олгож, хариуцагч И-иас улсын тэмдэгтийн хураамжид 50,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Од тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.О