Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/02041

 

 

 

С.О-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Х- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01340 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.О-ын хариуцагч И- ХХК, А.У- нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны эзэмшлийг шилжүүлэхийг даалгах, түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөг болон зуучлалын гэрээний үүрэгт төлсөн 2,200,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах, алданги 50,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч А.У-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч А.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие А.У-тай 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Х- дүүрэг, 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон, Туул гол гудамжны - байр, 9 тоот хаягт байрлах, - талбайтай 2 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдсан. Ингэхдээ орон сууцны нийт төлбөрөөс 65,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, үлдэх 35,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд, хүүгүй, нийт 12 удаа төлж барагдуулахаар гэрээнд заасан. А.У- нь гэрээ байгуулсан өдрөөс эхлэн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд тус орон сууц нь Х- дүүрэгт хотын А зэрэглэлд байрладаг. Орон сууцны байршил, талбайн хэмжээ зэргийг тооцоход зах зээлийн ханшаас маш бага үнээр худалдсан байгаа юм. Тухайн үед худалдан авагч А.У- нь намайг төөрөгдөлд оруулж миний байрыг хямд үнээр худалдан авч намайг хохироосон. Мөн нэхэмжлэгч нь И- ХХК-ийн агент, тус компанитай хөдөлмөрийн харилцаатай бөгөөд энэ талаараа огт надад мэдэгдэлгүй гэрээ байгуулж, хууль зөрчсөн хэлцэл байгуулсан болно. Хууль зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус учраас, хүчин төгөлдөр бус хэлцийн үндсэн дээр хийсэн хэлцэл мөн хүчин төгөлдөр бус юм. Иймд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр А.У-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцны эзэмшил, ашиглалтыг С.О-д шилжүүлж, ашигласан хугацааны түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөгийг хариуцагч А.У-ас гаргуулах, И- ХХК-аас 2,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2.Хариуцагч А.У-ын тайлбар, татгалзлын агуулга: Миний бие зарын дагуу холбогдож, С.О-ын орон сууцыг авахаад болсон. Тус орон сууц нь жил гаруй хугацаанд зарагдаагүй, 3 давхарт байршилтай, бүх өрөөний цонх хойшоо харсан нар үздэггүй гэсэн шалтгаанаар үнийн дүнг бага зэрэг буулгах хүсэлт тавьсан. Худалдагч уг саналыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр үнийг 8,610,000 төгрөгөөр буулгаж, 100,000,000 төгрөг болгохоор тохиролцон зөвшилцсөний үр дүнд гэрээ байгуулсан. Анх санал болгосон үнийн дүн нь 108,610,000 төгрөг байсныг 100,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Миний бие гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Гэрээний дагуу худалдагч тал 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэх үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлээгүй. Би гэрээгээр тохирсон хугацаа, хуваарийн дагуу төлбөрийг бүрэн барагдуулж дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

3.Хариуцагч И- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь хариуцагч А.У-тай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр тодорхой зорилгын төлөө хамтарч бизнесийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бидний хооронд Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.7.4-т заасан хөдөлмөрийн гэрээний болон албан тушаалын харилцаа хамаарал байхгүй болно. Иймд нэхэмжлэгч С.О- нь манай компанитай хамтран бизнес эрхэлдэг этгээдтэй харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед бизнес хамтрагчийн харилцааны талаар түүнд урьдчилан мэдэгдэх үүрэггүй бөгөөд энэ байдлаар зуучлуулагчийн эрх ашгийг хохироох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл А.У-тай манай компани зөвхөн нэг төрлийн бизнесийн үйл ажиллагааг хамтарч хийдэг бөгөөд нэхэмжлэгч С.О- нь үл хөдлөх эд хөрөнгөө А.У-д худалдсантай холбоотой манай компанид ямар нэгэн ашигтай байдал бий болохгүй, тухайн үл хөдлөх ямар ч үнээр худалдагдсан тохиолдолд бид зөвхөн С.О-тай байгуулсан зуучлалын гэрээнд заасны дагуу хөлс төлөхийг шаардах эрх үүсдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

4.Хариуцагч А.У-ын сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие С.О-тай 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хоёр өрөө орон сууцыг худалдан авсан. Тус гэрээний дагуу худалдан авагч тал гэрээ байгуулсан өдөр 65,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэгдэл 35,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсоны дагуу тогтоосон хугацаанд төлбөрөө бүрэн төлсөн болно. Ийнхүү төлбөр төлж дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор орон сууцны гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх, уг хугацаанд гэрчилгээний нэрийг шилжүүлээгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөх үүргийг хүлээсэн. Гэвч худалдагч С.О- дээрх гэрээний үүргээ биелүүлэхгүй миний эрх ашиг сонирхлыг хохироож байна. Иймд гэрээнд заасны дагуу алданги 50,000,000 төгрөг гаргуулах, Х- дүүрэг, 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон, Туул гол гудамж, - байр 9 тоотод байрлах - орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн газарт эд хөрөнгийг бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Худалдагч тал өөрт илт хохиролтойгоор хуурч мэхлэгдэн хийгдсэн гэрээг цуцалж, орон сууцны эзэмшил, ашиглалтыг С.О-д шилжүүлэх үндсэн шаардлагыг шүүхэд гаргасан байх тул сөрөг нэхэмжлэлд дурьдсанчлан үүрэг үүсэхгүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.О- гэрээ цуцлахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээний үүрэг үүсэхгүй. Иймээс сөрөг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 411.10, 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Ү-2206020130 дугаарын гэрчилгээтэй, Х- дүүрэг, 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон /17041/, Туул гол гудамжны - дугаар байрны 9 тоот хаягт байрлах, - талбай бүхий хоёр өрөө орон сууцыг нэхэмжлэгч С.О-ын эзэмшил ашиглалтад шилжүүлэхийг А.У-д даалгаж, орон сууц ашигласан хугацааны түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөгийг хариуцагч А.У-ас, зуучлалын хөлс 2,200,000 төгрөгийг И- ХХК-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч С.О-д олгож, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар Ү-2206020130 дугаарын гэрчилгээтэй, Х- дүүрэг, 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон /17041/, Туул гол гудамжны - дугаар байрны 9 тоот хаягт байрлах, - талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг А.У-ын нэр дээр шилжүүлэхийг даалгах, 50,000,000 төгрөг гаргуулах хариуцагч А.У-ын сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 732,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.У-ас улсын тэмдэгтийн хураамжид 732,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.О-д, хариуцагч А.У-ас шинжээчийн зардалд 200,000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож, хариуцагч И- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 50,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.О-д олгуулахаар шийдвэрлэжээ.

7.Хариуцагч А.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

7.а.Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд зуучлалын гэрээний үндсэн шинжийг, 411 дүгээр зүйлийн 411.7.1-411.7.5-д зааснаар зуучлагч нь зуучлуулагчаас зуучлалын хөлс, шагналаа шаардах эрхээ алдах тохиолдлуудын талаар тус тус зохицуулсан байна. Харин Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.10 дахь хэсэгт энэ хуулийн 411.7, 411.8 дах хэсэгт заасан журмыг зөрчсөн хэлцэл буюу зуучлуулагч нь гуравдагч этгээдтэй үндсэн гэрээ байгуулахаас өмнө зуучлуулагчид 411.7 дах хэсэгт заасан нөхцөл байдлыг урьдчилан мэдэгдэх журмыг зөрчсөн, эсхүл ийнхүү хуульд зааснаас өөр эрх зүйн үр дагавар үүсгэхээр тохиролцсон тухайн зуучлалын гэрээ хүчин төгөлдөр бус байх талаар зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хуулийн дээрх зүйл, заалтыг тайлбарлаж хэрэглэсэн атлаа үл хөдлөх хөрөнгийг худалдахад зуучлах гэрээг бус харин үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг шууд хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл С.О-, А.У- нарын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой харилцаанд Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.7, 411.8, 411.10 дах хэсгүүдэд тус тус заасан зуучлалын гэрээ хүчин төгөлдөр бус байх хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч С Отгонжаргал, И- ХХК-ийн байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийг худалдахад зуучлах гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах боломжит худалдан авагчтай холбон зуучилж өгөх үйлчилгээг үзүүлэх, зуучлуулагч нь тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн мөн гэрээний 1.3-т зааснаар зуучлуулагч нь үл хөдлөх эд хөрөнгөө өөрөө болон бусад гуравдагч этгээдээр дамжуулан худалдан авагчийг олуулах, худалдсан тохиолдолд зуучлагчид ямар нэгэн хөлс төлөхгүй байхаар тохирсон байна. Өөрөөр хэлбэл зуучлуулагч нь зуучлуулагчийн холбон зуучилж өгсөн этгээдтэй өөрөө хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний нөхцөлөө тохирч худалдах, худалдан авах гэрээ байгуулах эсхүл гэрээ байгуулахгүй ч байх боломжтой юм. Хариуцагч А.У- нь зарын дагуу С.О-тай холбогдож, уулзсан ба хойш харсан цонхтой, доод давхарт байрлалтай нар үздэггүй тул үнийг буулгах санал гаргасныг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурцгаасан. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх нөхцөлөөр хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож гарын үсэг зурсан талаар маргадаггүй бөгөөд зөвхөн өөрийн гэрээ байгуулан авсан зуучлалын үйлчилгээтэй холбоотой асуудал буюу И- ХХК-тай хамтран ажиллах гэрээтэй этгээд уг байрыг худалдан авсан гэх үндэслэлээр маргадаг бөгөөд энэ нь зөвхөн тухайн зуучлалын гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой асуудал юм. Тухайн үед С.О-ыг хууран мэхэлсэн, төөрөгдөлд оруулсан, хүч хэрэглэсэн зэрэг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан ямар ч нөхцөл тогтоогдоогүй, энэ талаар маргаагүй байхад шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна.

7.б.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тухайд өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр нь хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр энэ хэрэгт оролцсон. Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн зүгээс хэргийн баримттай танилцаж, талуудын мэтгэлцэх боломжийг тэгш хангуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэргийн үйл баримтын талаар мэтгэлцэх эрхийг зөрчсөн.

7.в.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт шүүхийн шийдвэрийн агуулгын шаардлагыг хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн аль заалтыг баримтлан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсоныг тодорхой заагаагүй байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

8.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Хэлцлийн зүйл нь орон сууц бөгөөд Ивээлт консалтинг ХХК нь зах зээлийн үнээс доогуур үнээр худалдах борлуулахаар жил гаруй хугацааны дараа А.У- гэх хүнтэй холбож өгсөн. Тухайн үед орон сууцыг А.У-д худалдан борлуулахдаа Ивээлт консалтинг ХХК-ийн хамаарал бүхий этгээд гэж мэдээгүй. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус. Ивээлт консалтинг ХХК-тай зуучлалын гэрээг байгуулаагүй байсан бол А.У-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахгүй байсан. Зуучлалын гэрээний дагуу хамаарал бүхий этгээд болох А.У-ыг олж өгч, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээ нь зуучлалын гэрээний үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Анхан шатны шүүх хэргийг нотлох баримтын үндсэн дээр үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Түүнчлэн, хариуцагчаас өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаагүй, шүүх процессын алдаа гаргасан гэж гомдолд дурдсан байна. 2020 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргаж, 2022 оны 05 дугаар сард хэрэг шийдвэрлэгдсэн бөгөөд энэ хугацаанд хариуцагч өмгөөлөгч авах боломжтой байсан. Өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагч өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд өмгөөлөгч хэргийн материалтай хэзээ танилцах эсэх нь өөрийн хувийн зохион байгуулалтын асуудал. Хуулиар олгосон хэргийн материалтай танилцах эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах арга хэрэгсэл болгосон ёс зүйгүй үйлдэл гаргаж байна. Шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 00 минутад товлосон бөгөөд өмнөх шүүх хуралдаан дуусаагүй байсан тул 02 цаг 30 минут хүлээсний дараагаар шүүх хуралдаан эхэлсэн. Хариуцагчийн өмгөөлөгч тухайн үед хэргийн материалтай танилцаж байсан атлаа хэргийн материал танилцсан тухай баримтад гарын үсэг зураагүй орсон. Мөн хариуцагчийн зүгээс хуулийн зүйл, заалт бүрийг дурдах ёстой байсан мэт гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх ноцтой үндэслэл гэж үзэх боломжгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч И- ХХК, А.У- нарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны эзэмшлийг шилжүүлэхийг даалгах, түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөг болон зуучлалын гэрээний үүрэгт төлсөн 2,200,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч А.У- нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах, алданги 50,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч И- ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч И- ХХК нь С.О-ын өмчлөлийн Х- дүүрэг, 15-р хороо, Шинэ мөрөөдөл хотхон, Туул гол гудамж, - дугаар байр, 9 тоот, 67,88 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцыг худалдахад зуучлах, нэхэмжлэгч С.О- нь үйлчилгээний хөлс төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь үйлчилгээний хөлсөнд 2,200,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 147-150, 169-р тал/

4.а.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын байгуулсан гэрээний харилцааг буруу тодорхойлж, зуучлах онцгой эрхийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.1 дэх хэсэгт Зуучлах онцгой эрхийн гэрээгээр зуучлуулагч нь тодорхой хугацааны турш өөр зуучлуулагчийн үйлчилгээнээс татгалзах, ... үүргийг ... хүлээнэ гэж заасан.

Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ-ний 1.3-т гэрээ байгуулагдсанаас хойш зуучлуулагч нь үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө болон бусад гуравдагч этгээдээр дамжуулан худалдан авагчийг олуулах, худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд зуучлагчид ямар нэгэн хөлс төлөхгүй гэж заасан байгаагаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

4.б.Нөгөө талаар, хариуцагч А.У- нь хариуцагч И- ХХК-д ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй, тэдний хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй, харин хамтран ажиллах гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулдагтай холбоотой бичгийн баримт хэрэгт авагдсаныг шүүх анхаараагүйгээр Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.7.4 дэх хэсгийн зохицуулалтад шууд хамааруулан дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасанд нийцээгүй тул үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. /2хх-ийн 13-18-р тал/

5.Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч А.У-тай 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Х- дүүрэг, 15-р хороо, Шинэ мөрөөдөл хотхон, Туул гол гудамж, - дугаар байр, 9 тоот, 67,88 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдах, хариуцагч А.У- нь орон сууцны үнийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч А.У- нь орон сууцны үнэ болох 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэн авсан болох нь талуудын тайлбар, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 6, 48-55-р тал/

5.а.Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан талаарх шүүхийн дүгнэлт зөв боловч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Нэхэмжлэгч С.О- нь дээрх Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан.

5.б.Нэхэмжлэгч С.О-, хариуцагч И- ХХК-ийн хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй юм.

5.в.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан бөгөөд талуудын тохиролцоог өөрөөр тогтоох эрхийг шүүхэд хуулиар олгоогүй. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ-ний 6.5-д Зуучлалын үйл ажиллагаагаар зуучлуулагч болон худалдан авагчийн хооронд үндсэн гэрээ байгуулагдсаны дараа тэдгээрийн хооронд бий болох харилцаанд энэхүү гэрээ хамаарахгүй гэж заасан, мөн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр талууд өмчлөх эрх шилжүүлэх, үнийг төлөх нөхцөл журмыг нарийвчлан тохиролцож, гарын үсэг зурсан байх тул тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагч И- ХХК, А.У- нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцны эзэмшлийг шилжүүлэхийг даалгах, түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөг болон зуучлалын гэрээний үүрэгт төлсөн 2,200,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч С.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6.Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч А.У- нь Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу орон сууцны үнэ 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.О-д бүрэн төлсөн үйл баримт тогтоогдсон тул Х- дүүрэг, 15-р хороо, Шинэ мөрөөдөл хотхон, Туул гол гудамж, - дугаар байр, 9 тоот, 67,88 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр хариуцагч А.У-ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй.

6.а.Алданги 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд талуудын байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний 3.6-т ... төлбөр тооцоо дууссаны дараа ажлын 5 хоногийн дотор гэрчилгээний нэр шилжүүлэхээр талууд тохиролцов., ... А тал нь заасан хугацаанд гэрчилгээний нэр шилжүүлж өгөөгүй тохиолдолд Б тал нь 0,5 хувийн алданги тооцно гэж заажээ. Нэхэмжлэгч С.О- нь гэрээнд заасан хугацаанд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул хариуцагч А.У- нь хууль буюу гэрээнд зааснаар нэхэмжлэгч С.О-аас алданги шаардах эрхтэй.

6.б.Хэдийгээр гэрээний дагуу алданги төлөх үүрэг нэхэмжлэгч С.О-д үүссэн боловч хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийг багасгах эрхийг шүүхэд хуулиар олгосон. Өөрөөр хэлбэл, ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн байдал хүндэрсэн нийтэд илэрхий нөхцөл байдлыг харгалзан, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар алдангийг багасган, нэхэмжлэгч С.О-аас 15,000,000 төгрөг гаргуулан, хариуцагч А.У-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 35,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах эрхийг зөрчсөн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан байх бөгөөд зохигч дээрх хуульд заасан хугацаанд эрх, үүргээ хэрэгжүүлэх учиртай. Энэ хугацаанд хэргийн материалтай танилцаагүйд шүүхийг буруутгах боломжгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

8.Нэхэмжлэгч С.О- нь улсын тэмдэгийн хураамжид нийт 833,250 төгрөг, хариуцагч А.У- нь нийт 907,950 төгрөг төлсөн байхад шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг буруу бичсэн, мөн хариуцагч А.У-ас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг орхигдуулсан зэрэг алдаа гаргасан байна. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлтийг оруулсан болно. /хх-ийн 3, 27, 37, 123, 155-156-р тал/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01340 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5, 411 дүгээр зүйлийн 411.10 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч И- ХХК, А.У- нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцны эзэмшлийг шилжүүлэхийг даалгах, түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөг болон зуучлалын гэрээний үүрэгт төлсөн 2,200,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч С.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар Х- дүүрэг, 15-р хороо, Шинэ мөрөөдөл хотхон, Туул гол гудамж, - дугаар байр, 9 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020130 дугаартай, 67,88 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр хариуцагч А.У-ыг /РД:УП92040301/ тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг А.У-ын өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэгч С.О-аас алданги 15,000,000 төгрөг гаргуулж, хариуцагч А.У-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 35,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.О-аас төлсөн 833,250 төгрөг, хариуцагч А.У-ас төлсөн 907,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.О-аас 732,950 төгрөг гаргуулж, хариуцагч А.У-д, 200,000 төгрөг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д тус тус олгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч А.У-ас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,211,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Г.ДАВААДОРЖ