Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 899

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00899

 

 

 

 

 “ГБ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00386 дугаар шийдвэртэй  “ГБ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э ” ХХК болон “НМ ” ХХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 67 605 083.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О , Н.О , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Э ” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ЗГ2105116294 тоот зээлийн гэрээг “ГБ ” ХХК-тай байгуулж 100 000 000 төгрөгийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар авсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр БГ2105116294 тоот ипотекийн гэрээгээр “НМ ” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206052639 дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15- р хороо Стадион оргил Махатма ганди гудамж 36 байр 902 тоот хаягт байршилтай 70.5 мкв талбайтай 3 өрөө орон сууц барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 7 сарын 27-ны өдөр дууссан боловч “Э ” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 56 328 814.03 төгрөг, зээлийн хүү 9 451 203.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 825 065.88 төгрөг, нийт 67 605 083.19 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болно. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ. Иймд “ГБ ” нь “Э ” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 67 605 083.19 төгрөгийг гаргуулж,  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ипотекийн гэрээгээр барьцаалсан “НМ ” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206052639 дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Стадион оргил Махатма ганди гудамж 36 дугаар байр 902 тоот хаягт байршилтай 70.5 мкв талбайтай 3 өрөө орон сууцаас хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: “ГБ ” ХХК, “Э ” ХХК-ийн хооронд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Шуурхай зээлийн гэрээ”-г үндэслэн “Э ” ХХК-д 100 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 35.4 хувийн хүүтэй олгожээ. “ГБ ” ХХК нь шуурхай зээл нэрийдлээр “Э ” ХХК-нд өнөөгийн банкны системд хамаарал бүхий арилжааны 14 банкны алинд нь ч үйлчилдэггүй өндөр хүү буюу банк бус санхүүгийн байгууллагад мөрдөгддөг хүү, шимтгэлийн нөхцөл болох жилийн 35.4 хувь, сарын 3 хувийн хүүтэй зээлийг хариуцагчийн санхүүгийн мэдлэггүй байдал, түүнд үүссэн мөнгөний хэрэгцээ шаардлагыг далимдуулан ашгийн төлөө хэт улайрч, илтэд нэг талын хүсэл сонирхлыг илэрхийлсэн хэлцлийн үндсэн дээр зээл олгосон байна. Тус компанийн бизнесийн үйл ажиллагааны доголдлоос болж төлбөрийн чадвар муудсан, мөн зээлийн барьцаанд бариулсан орон сууцыг худалдан авсан иргэд нь ипотекийн 8 хувийн зээл авахаар банканд хандсан боловч санхүүжилт дууссан шалтгаанаар зээл олгогдохгүй удааширсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаануудын улмаас төлбөрийг хуваарийн дагуу төлж чадаагүй ба зээлийн хүүнд нэг удаа 3 000 000 төгрөг төлсөн.

Хариуцагч нь нэхэмжлэгч банкны шаардлагаар 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Ипотекийн гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 36 дугаар байрны өөрийн өмчлөлийн 45.5 м.кв талбай бүхий 901 тоот 1 өрөө шинэ орон сууцыг гэрээний талуудын харилцан тохиролцсон үнэлгээ болох 90 000 000 төгрөгөөр, мөн 70.5 м.кв талбай бүхий 902 тоот 3 өрөө шинэ орон сууцыг гэрээний талуудын харилцан тохиролцсон үнэлгээ болох 140 000 000 төгрөгөөр тус тус үнэлж барьцаанд бариулжээ. “Рапид” хороолол гэж нэрлэгдсэн тус хотхонд шинэ орон сууцны 1 м.кв талбайн зах зээлийн үнэ ханш 2 600 000 төгрөгөөр худалдагдан борлогддог. Барьцааны гэрээгээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тохиолдолд зах зээлийн үнээс харьцангуй доогуур буюу даруй 600 000 төгрөгөөр худалдан борлуулахаар талууд харилцан тохиролцсон болох нь гэрээний нөхцөлөөр тодорхойлогдсон байна.

Гэтэл нэхэмжлэгч тал буюу банк гэрээний үүргийг зөрчиж, барьцаа хөрөнгө болох 45.5 м.кв талбай бүхий 901 тоот 1 өрөө шинэ орон сууцыг 1 м.кв талбайг нь 1 644 000 төгрөгөөр худалдан борлуулж зээлийн төлбөрөөс 74 8000 000 төгрөгийг хассан болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч энэ талаар нэхэмжлэлдээ огтхон ч дурдаагүй байна. Иймд нэхэмжилсэн төлбөрөөс гэрээний талууд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах талаар харилцан тохиролцсон үнэлгээ болох 90 000 000 төгрөг, уг барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнэ 74 983 000.08 төгрөгийн зөрүү болох 15 016 992.92 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцох үндэслэлтэй. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд зээлийн хүү тооцож нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль 22 дугаар зүйл. Зээлийн гэрээ 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгө хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэхдээ зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу “ГБ ” ХХК, “Э ” ХХК-ийн хооронд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Шуурхай зээлийн гэрээ-ний хавсралт төлбөрийн хуваариар тогтоосон 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд төлөгдөх нийт зээл, хүүгийн төлбөр болох 123 676 392 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй ба 77, 892,589.08 төгрөг нь төлөгдсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 67 605 083.19 төгрөгөөс үндэслэлгүйгээр нэхэмжилсэн тул дараах дүнг хасуулах үндэслэлтэй. Барьцаа хөрөнгийг Ипотекийн гэрээнд заасан үнээс доогуур борлуулснаас үүссэн 15 016 992.92 төгрөг, зээлийн гэрээний хугацаа 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дууссанаас хойш хугацааны “Хүү тооцооллын хүснэгт”-д зааснаар 7 812 266.36 төгрөгийн үндсэн хүү, 1 562 451 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү бүгд 9 374 719.64 төгрөг байна. Иймд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэлийн дүн нийт 24 391 712.56 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “Э ” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 57 746 780 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ГБ ” ХХК-нд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 9 858 303 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Э ” ХХК нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Махатма Ганди гудамжны 36 дугаар байрны 902 тоот, 70.5 мкв, 3 өрөө /Ү-2206052639/ орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 566 175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Э ” ХХК-иас 446 683 төгрөг, хариуцагч “НМ ” ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ГБ ” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б  давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг шүүх үндэслэлгүй хангаж шийдвэрлэсэн тухайд: Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хавтаст хэргийн 49 дүгээр талд авагдсан “ГБ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар Бизнес, шуурхай, бичил бизнесийн зээлүүдийн нөхцөл, шаардлагыг баталжээ. Тус тушаалын хоёрдугаар хавсралтад Улаанбаатар хотын нийт салбар, тооцооны төвүүд нь 100 000 000 төгрөг хүртэл хэмжээний зээлийг сарын 2.95 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар олгох эрх хэмжээтэй болохыг дурдсан байна”. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг эрх олгогдоогүй этгээд төлөөлөн байгуулсан гэж үзэх хууль зүйн боломжгүй байх ба дээр дурдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “...банкны зээлийн гэрээ байна.” гэсэн дүгнэлтийг доорх үндэслэлүүдээр няцааж байна.

Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хуулийн үндэслэлтэйгээр маш дэлгэрэнгүй тайлбарласан боловч шийдвэрт энэ талаар тусгагдаагүй, зөвхөн шүүхэд бичгээр гаргасан тайлбарыг хуулж бичжээ. /Шүүх хуралдааны тэмдэглэл, аудио бичлэгт тэмдэглэгдэн үлдсэн/

Хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд авагдсан бичгийн нотлох баримт болох “Хүү, шимтгэлийн нөхцөл”-ийг хариуцагч талаас хүсэлт гаргаж, нэхэмжлэгчээс хэрэгт баримтаар гаргуулсан ба уг баримт нь “ГБ ” ХХК-ийн салбар, нэгжийн зээлийн нөхцөл буюу эрхлэх үйл ажиллагааны хязгаарыг тогтоосон хэм хэмжээ юм. Хариуцагч тал зээлийн нөхцөлийн талаар маргаагүй. Харин талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан №ЗГ2105116294 дугаар гай “Шуурхай зээлийн гэрээ”- г “ГБ ” ХХК-ийн талаас төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан учраас хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн. Иймээс хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагаас 57 746 780 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

“Шуурхай зээлийн гэрээ”-нд “ГБ ”-ийн 120 мянгат салбарын захирал Б.Э , ахлах банкир Д.Ц , банкир Т.Т нар гарын үсэг зурсан байх ба “ГБ ” ХХК-ийг төлөөлөх эрхийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 -д “банк” гэж /хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг /, 3.1.13-т “банкны нэгж” гэж банкны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэрэг хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг ойлгоно” гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Банк, түүний салбар байгуулах, гадаад улсад банк, банкны салбар байгуулахад Монголбанкны зөвшөөрөл авна.” гэж,

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох. Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх /тодорхой зориулалт, хүү, хугацаа, 1 эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид “зээлдэгч” гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох/цаашид “зээл” гэх/ гэнэ” гэж тус тус заасан.

Монголбанкны Еренхийлөгчийн 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-99 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны нэгжийн журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.1; 2.2; 2,3; 2.4; 2.5; 2.7 дахь хэсгүүдэд банкны салбар, тооцооны төв байгуулахад Монголбанкнаас тухайн банкинд ерөнхий зөвшөөрлийг нэг жилд 2 удаа, тус бүр 6 cap хүртэлх хугацаагаар олгох, банк нь нэгж байгуулахдаа тухай бүр шийдвэр гаргаж 3 хоногийн дотор харилцагчдад мэдээлэх ба Монголбанкинд албан бичгээр ирүүлж бүртгүүлэх, салбарын мэдээллийг банкны гэрчилгээний хавсралтад тэмдэглүүлэн баталгаажуулах тухай журамлагджээ. “Шуурхай зээлийн гэрээ”-г байгуулсан “ГБ ” ХХК-ийн 120 мянгат салбар нь хуулийн дээрх заалтуудын шаардлага болох зээл олгох хуулийн этгээдийн эрхгүй этгээд бөгөөд банкны салбарын эрх зүйн байдлын талаар зохицуулсан Монголбанкны журмын шаардлагыг хангасан баримтаар төлөөлөх эрхээ нотлоогүй учраас уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй буюу төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус хэлцэл мөн.

Шударга ёсны зарчмын үүднээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу дээрх хүчин төгөлдөр бус хэлцлээр тус компанид шилжсэн 100 000 000 төгрөгөөс 77 892 589.08 төгрөг нь нэхэмжлэгчид буцаан олгогдсон ба зөрүү 22 107 411 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагыг шүүх үндэслэлгүй хангаж шийдвэрлэсэн тухайд: “Шуурхай зээлийн гэрээ”-ний хавсралт №2 БГ2105116294 дугаартай “Ипотекийн гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.2-т “Энэ гэрээний дагуу үүссэн барьцааны эрх нь Зээлийн гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдэд нэгэн адил хамаарах бөгөөд энэхүү гэрээ нь Зээлийн гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлтүүдийн гэрээний салшгүй хэсэг байна.” гэж заасан байх ба уг гэрээнд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөлөөр байгуулж байгаа, зээлийн гэрээний салшгүй хэсэг буюу үндсэн гэрээний хамт хүчинтэй байх нөхцөл тусгагдсан. Ийнхүү үндсэн гэрээ хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус байх хэлцэл учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл" гэж заасны дагуу үндсэн гэрээний хавсралт №2 “Ипотекийн гэрээ” дангаараа хэлцлийн агуулгыг илэрхийлэхгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдоно. Дээрх үндэслэлээр барьцааны зүйл буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 36 дугаар байрны 70.5 м.кв талбай бүхий 902 тоот 3 өрөө шинэ орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хангасан шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт хуулийн үндэслэлгүй болно.

Зээл, хүүгийн тооцооллын талаар: Шүүх “Шуурхай зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнээд уг гэрээний хавсралт №1 “Төлбөрийн хуваарь”-ийг үндэслэж зээл, хүүгийн тооцоолол хийхдээ алдаа гаргаж, нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны зээлийн хүүг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрэв “Шуурхай зээлийн гэрээ” хүчин төгөлдөр хэлцлийн хуулийн шаардлагыг хангасан байсан бол Иргэний хуулийн 451 дүгээр зүйл. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үгт ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд Зээлийн гэрээ 1. “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж тус тус заасны дагуу “Шуурхай зээлийн гэрээ”-ний хавсралт №1 “Төлбөрийн хуваарь”-т заасан хугацаа буюу 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүүг гаргуулах нь хуульд нийцнэ. Гэтэл зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй байхад шүүх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт буюу хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, зээлийн хүүг 4 cap 20 хоногоор илүү тооцож 3 032 800 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Түүнчлэн, нэхэмжлэгч зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 825 065.88 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх 2 633 805 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээр шаардсан дүнгээс илүү шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 825 065.88 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх 2 633 805 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээр шаардсан дүнгээс илүү шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдлын талаар буюу нэхэмжлэгч тал хариуцагчийг хохироосон нотлох баримтуудыг дутуу үнэлсэн. Нэхэмжлэгч зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 36 дугаар байрны өөрийн өмчлөлийн 45.5 м.кв талбай бүхий 901 тоот 1 өрөө шинэ орон сууцыг гэрээний талуудын харилцан тохиролцсон үнэлгээ болох 90 000 000 төгрөгөөр, мөн 70.5 м.кв талбай бүхий 902 тоот 3 өрөө шинэ орон сууцыг гэрээний талуудын харилцан тохиролцсон үнэлгээ болох 140 000 000 төгрөгөөр тус тус үнэлж барьцаалсан.

“Рапид” хороолол гэж нэрлэгдсэн тус хотхонд шинэ орон сууцны 1 м.кв талбайн зах зээлийн үнэ ханш 2 600 000 төгрөгөөр худалдагдан борлогддог судалгаа байдаг. Барьцааны гэрээгээр барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тохиолдолд 1 м.кв талбайн үнийг 2 000 000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс 600 000 төгрөгөөр доогуур үнээр худалдан борлуулахаар талууд харилцан тохиролцсон. Гэтэл банк барьцаа хөрөнгө болох 45.5 м.кв талбай бүхий 901 тоот 1 өрөө шинэ орон сууцыг 1 м.кв талбайг нь 1 644 000 төгрөгөөр тооцон 80 000 000 төгрөгөөр “ГБ ” ХХК-ийн 120 мянгат салбарын ахлах банкир Д.Ц  өөрийн танилдаа зах зээлийн үнэ болон барьцааны гэрээгээр харилцан тохиролцсон үнээс илтэд доогуур үнэ санал болгон үүнийгээ хариуцагчид тулгаж худалдах, худалдан авах гэрээ хийлгэн борлуулж хариуцагчийг 10 000 000 төгрөгөөр хохироосон нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагддаг ба зээлийн төлбөрөөс 74 800 000 төгрөгийг хорогдуулж, 5 000 000 төгрөгийг банкны ажилтан завшсан болох нь С.Л-ийн мэдүүлэг болон түүний дансны хуулгаар нотлогддог.

Дээрх үндэслэлүүдээр “ГБ ” ХХК-ийн 120 мянгат салбар, “Э ” ХХК-ийн хооронд 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан №ЗГ2105116294 дугаартай “Шуурхай зээлийн гэрээ”, ГБ ны 120 мянгат салбар, “НМ ” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Шуурхай зээлийн гэрээ”-ний хавсралт №2 БГ2105116294 дугаартай “Ипотекийн гэрээ” нь тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч “ГБ ” ХХК нь хариуцагч “Э ” ХХК-д холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 56 328 814.03 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 9 451 203.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 825 065.88 төгрөг, нийт 67 605 083.88 төгрөг гаргуулах, хариуцагч “НМ ” ХХК-нд холбогдуулан барьцааны зүйл болох “НМ ” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206052639 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Махатма ганди гудамж 36 дугаар байр, 902 тоот хаягт байршилтай, 70.5 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

“ГБ ” ХХК нь “Э ” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ЗГ2105116294 дугаартай шуурхай зээлийн гэрээний дагуу 100 000 000 төгрөгийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Мөн өдөр “ГБ ” ХХК нь “НМ ” ХХК-тай БГ2105116294 дугаар ипотекийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож “НМ ” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Махатма Ганди гудамжны 36 дугаар байрны 902 тоот, 70.5 мкв, 3 өрөө байр /Ү-2206052639/, мөн байрны 901 тоот, 45.2 мкв 1 өрөө байр /Ү-2206050949/-уудыг тус тус барьцаалсан үйл  баримт хэрэгт авагдсан зээлийн болон ипотекийн гэрээгээр тогтоогдсон. /хх-ийн 9-15 дугаар тал/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

Хариуцагч “Э ” ХХК болон “НМ ” ХХК нь нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “... барьцааны зүйлийг хариуцагч бус нэхэмжлэгч худалдан борлуулсан, ... барьцааны зүйлийг гэрээнд заасан үнэлгээнээс хэт доогуур үнээр борлуулж хариуцагчийг хохироосон, ... худалдан борлуулаад олсон орлого нь 80 000 000 төгрөг болсон боловч зээлийн эргэн төлөлтөөс 75 000 000 төгрөгийг тооцож хассан, 5 000 000 төгрөг яасан нь мэдэгдэхгүй алга болсон”, ... 75 000 000 төгрөгөөр зээлийн эргэн төлөлт хийхдээ Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан дараалал зөрчиж эхлээд хүүгийн төлбөрүүдийг суутгасан нь буруу” гэж тодорхойлсон.

“НМ ” ХХК-ийн захирал Г.Пнь С.Л-д 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “НМ ” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Махатма Ганди гудамжны 36 дугаар байрны 901 тоот, 45.2 мкв 1 өрөө орон сууцыг 80 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан үйл баримт хэргийн 124 дүгээр талд авагдсан баримтаар нотлогдож байх тул дээрх орон сууцыг банкны зүгээс бусдад худалдсан гэх үндэслэлгүй байна.

Хэргийн 165-167 дугаар талд авагдсан гэрч С.Л-ийн мэдүүлэгт “... орон сууцыг худалдан борлуулсны орлогоос дутсан 5 000 000 төгрөг банкны эрх бүхий албан тушаалтанд шилжсэн” гэснээс үзвэл хариуцагчийн барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсны орлогыг дутуу тооцсон нь нотлогдсон болно. Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт, тооцоо зөв юм.

Орон сууцыг худалдан борлуулсны орлогыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зээлийн төлбөрт тооцсон байх бөгөөд тухайн үед гэрээний үүргийг биелүүлэх хугацаа дуусаагүй байсан. Иймээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг зөрчөөгүй.

Хариуцагч “... “ГБ ” ХХК-ийн талаас төлөөлөх эрхгүй этгээд зээлийн гэрээг байгуулсан учраас хүчин төгөлдөр бус хэлцэл” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

“ГБ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 97 тоот тушаалын 2 дугаар хавсралтад “... тооцооны төвүүд нь 100 000 000 төгрөг хүртэл хэмжээний зээлийг олгох эрхтэй” гэж заасан бөгөөд эрх олгогдоогүй этгээд дээрх гэрээг байгуулсан гэж үзэхгүй.

Хариуцагч “Э ” ХХК-иас үндсэн зээлд 22 300 000 төгрөг, зээлийн хүүнд 32 812 975 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 633 805 төгрөг нийт 57 746 780 төгрөгийг гаргуулсан анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй юм.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд, шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасанд нийцсэн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00386 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 516 883 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                

                               ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Б.НАРМАНДАХ