Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2020/00755

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/00625 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1096 дугаар магадлалтай,

*******ын нэхэмжлэлтэй

“Т Б”ХХК-д холбогдох

“Т Б”ны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаал, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 тоот тушаалуудыг тус тус хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, А.Энхсанаа нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбадрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, Ц.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оноос хойш “Т Б”ХХК-д Хуулийн газрын захирал, Ард бизнес төвийн захирал, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар тус тус ажиллаж байгаад 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс Хан-Уул дүүрэг салбарын захирлаар томилогдсон. Улмаар Гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 тоот хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалын дагуу Хан-Уул дүүрэг салбарын захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Тушаалд дурдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, “Т Б”ны Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.28.3, 5.28.4, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.5, 7.4.6 дахь заалтууд, Хүний нөөцийн хорооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 63 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн. Тушаалд доор дурдсан зөрчлүүдийг хамааруулсан. Үүнд: Салбарын харьяа Дунд гол тооцооны төвийн захирал Л.Гүнсэнмааг харилцагч Л.Отгонцэцэгт 13 000 000 төгрөгийг зээлдүүлж улмаар кредит карт олгох замаар өөрийн 5 000 000 төгрөгийн зээлийг төлүүлсэн үйлдэлд салбарын харьяа 120 мянгат тооцооны төвийн теллер М.Алтанбекийн харилцагч Л.Пинугийн 60 000 төгрөгийн халамжийн мөнгийг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр, харилцагчийг өөрийн биеэр банкинд ирээгүй байхад хувьдаа авч ашигласан үйлдэлд 38 зээлдэгчид нийт 389 943 278 төгрөгийн цалингийн зээл олгож банк нийт 20 808 998 төгрөгийн бодит хүүгийн ашиг олох боломжийг алдагдуулсан үйлдэлд салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй, хариуцсан салбар, нэгжүүд нь 2018 оны 1-3 улирлуудад болон 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тус тус алдагдалтай ажиллаж ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн. Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлтэйд тооцогдох хугацаанд сахилгын зөрчлийг давтан гаргасан зөрчлүүдийг хамааруулан үзсэн байна. Дээр дурдсан зөрчил гэх үндэслэл тус бүрт хууль тогтоомж болон “Т Б”инд мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичигт заасан зохицуулалтын хүрээнд доорх тайлбарыг гаргаж байна. Л.Гүнсэнмаагийн зөрчлийн талаар: “Т Б”ны Дунд гол тооцооны төвөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр харилцагч Л.Отгонцэцэгт 5 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт олгосон бөгөөд зээлдэгч тухайн өдөр “Т Б”ны КҮБ-ын ПОС терминал машинаар 4 950 000 төгрөг уншуулан, тухайн КҮБ-ын данснаас 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр тус тооцооны төвийн захирал Л.Гүнсэнмаагийн 343100142543 данс руу 4 900 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Түүнчлэн Л.Отгонцэцэг нь кредит карт авах хүсэлтээ зохих журмын дагуу гаргаж, шаардлагатай материалыг зохих журмын дагуу бүрдүүлж ирүүлсэн байдгаас үзвэл тус кредит картыг олгохтой холбоотой Зээлийн хорооны ажиллах журам, Зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл гаргаагүй байна. Салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтод тооцооны төвийн захирлынхаа “Т Б”ны ёс зүйн дүрэм-ийн хэрэгжилтийг хангахад хяналт тавьж ажиллах талаар заасан заалт байхгүй болно. М.Алтанбекийн зөрчлийн талаар: “Т Б”ны теллерийн системийн багц журам-ын 3 дугаар зүйлийн 3.6.1, 3.6.11, 3.6.22, 3.2.3, 3.2.6-д тооцооны төвийн захирлын үүргийг тус тус тодорхой зохицуулсан. Үүнээс харахад салбарын захирлын хувьд тооцооны төвийн өдөр тутмын гүйлгээний баримтад хяналт тавих үүрэг үгүй бөгөөд ахлах теллер болон тооцооны төвийн захирал нь тухайн нэгжийнхээ өдөр тутмын гүйлгээний баримтад хяналт тавих үүрэгтэй байна. Үүний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн М.Алтанбекийн зөрчилтэй гүйлгээний баримтыг 120 мянгат тооцооны төвийн захирал болон ахлах теллер нь тус тус хянаж, энэ талаараа гарын үсэг зурж, тэмдгээ дарж баталгаажуулахдаа уг зөрчлийг илрүүлээгүй хянасан байдаг. Энэ нь тус тооцооны төвийн захирал болон ахлах теллер “Т Б”ны теллерийн системийн багц журам-д заасан хяналт тавих үүргээ зохих журмын дагуу бүрэн хэрэгжүүлээгүй, ажилдаа хайнга хандсан үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэл бүрэн байна. Гэсэн хэдий ч уг үйлдлийг Салбарын захиралд холбогдуулан зөрчилд тооцож субъектив хандсаныг харгалзан үзэх нь зүйтэй. Хүүгийн ашиг олох боломж алдагдуулсан гэх зөрчлийн талаар: Салбар болон харьяа нэгжийн ажилтнууд нь Зээлийн үйл ажиллагааны журам-ын 3 дугаар зүйлийн 3.4.3.а, 3.4.4 дэх заалтуудыг зөрчиж 38 зээлдэгчид нийт 389 943 278 төгрөгийн цалингийн зээл олгож банк нийт 20 808 998 төгрөгийн бодит хүүгийн ашиг олох боломжийг алдагдуулсан гэх зөрчлийн талаар тушаалд ...салбар болон ... хэмээн дурдсан нь үндэслэлгүй байна. Учир нь Хан-Уул дүүрэг салбарын хувьд хүү бууруулж олгосон нэмэлт цалингийн зээл байхгүй тул салбар хэмээн хамааруулах үндэслэлгүй байна. Цалингийн зээл олгохдоо 120 мянгат тооцооны төв 1 зээлдэгч, Буянт-Ухаа тооцооны төв 6 зээлдэгч, Дунд гол тооцооны төв 24 зээлдэгч, Оргил тооцооны төв 6 зээлдэгч, Номин тооцооны төв 1 зээлдэгч, нийт 38 зээлдэгчид дээрх нэр бүхий 5 тооцооны төвийн олгосон цалингийн зээлүүдийг хамааруулсан байдаг. Дээрх нэр бүхий 5 тооцооны төв эдгээр цалингийн зээлийг олгохдоо “Т Б”ны Гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/188 тоот тушаалаар батлагдсан үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл-д өөрчлөлт оруулсан доорх заалтыг мөрдөж ажилласан. Ийнхүү тус нэгжүүд дээрх 38 зээлдэгчид цалингийн зээлийн хугацаа, хүүг Гүйцэтгэх захирлын 2018 оны 5 сарын 22-ны өдрийн А/188 тоот тушаалын дагуу тооцож олгосон нь “Т Б”ны ЗҮАЖ-ыг зөрчсөн, банк 20 808 998 төгрөгийн хүүгийн ашиг олох боломжийг алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй. Иймээс Салбарын захирлын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй, хүүгийн ашиг олох боломжийг алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Нэгжүүд алдагдалтай ажилласан гэх зөрчлийн талаар: Хан-Уул дүүрэг салбарын хувьд 2018 оны 1-3 дугаар улиралд болон 2018 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар тус тус алдагдалгүй дандаа ашигтай ажиллаж байсан, харин нэгжийн хувьд гэгээнтэн бизнес төв алдагдалтай ажилласан болно. Гэтэл тушаалд ...салбар, нэгжүүд нь... хэмээн дурдсан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн харьяа нэгж нь алдагдалтай ажилласан нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ болон “Т Б”ны Хөдөлмөрийн дотоод журам-д нэрлэн заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчилд хамаарахгүй юм. Сахилгын шийтгэлтэйд тооцох хугацааны зөрчил гэх асуудалд: Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаалаар ХУД салбарын захирал *******т үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тус сахилгын шийтгэлийг ногдуулах зөрчилд тооцсон үйлдлийг тодруулбал, “Т Б”ны бизнес хариуцсан захирлын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 07/08 тоот Нэгжүүд банк дотроосоо эх үүсвэр татахгүй байх тухай албан бичгийг зөрчиж, эх үүсвэрийн зорилтот төлөвлөгөө биелүүлэх зорилгоор нэгж хоорондоо эх үүсвэр шилжүүлж, удирдлагыг хуурамч мэдээллээр хангасан гэж үзэн нэхэмжлэгч ******* надад үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Энэхүү үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг хэт субъектив байдлаар хандаж хууль бусаар ногдуулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т ...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргаж буй энэхүү гомдлын дагуу Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаалыг хүчингүйд тооцох нь хууль, эрх зүйн хувьд бүрэн үндэслэлтэй юм. Түүнчлэн Гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заалтуудыг үндэслэн гаргасан нь мөн хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн хувьд “Т Б”ны хууль, санхүү, дотоод хяналт шалгалтын газрын хяналт шалгалтаар тогтоогдсон мөнгөн хөрөнгөтэй холбоотой ажил олгогчийн итгэлийг алдсан банканд хохирол учруулсан үйлдэл эс үйлдэл үгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэсэн нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд “Т Б”ны Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот *******т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, мөн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг тус тус бүхэлд нь хүчингүйд тооцуулах, ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх талаар гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, Х.Мөнхзул нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ажил олгогчийн гаргасан шийдвэр, тушаал нь хуульд харшилсан зүйлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/00625 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасны дагуу “Т Б”ны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаалыг хүчингүйд тооцож, мөн зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч *******ыг “Т Б”ХХК-ийн Хан-Уул дүүрэг салбарын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 000 000 төгрөгийг хариуцагч “Т Б”ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч *******ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч “Т Б”ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагчаас 158 950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1096 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 182/ШШ2019/00625 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Т Б”ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, А.Энхсанаа нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хянаж өгнө үү. Шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт: “Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийн давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх ажил олгогч ““Т Б”” ХХК нь ажилтан ******* давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь халсан хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.” гэсэн байдаг. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2012 оны 06-р сарын 15-ны өдрийн зөвлөмжид “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал”-ын 2 дүгээр зүйлийн 2.4 “...Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна.” гэж заасан байна. “Т Б”ны *******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн Б/2213 тоот тушаалыг Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч ******* нь хариуцагчийн буруутгаж буй 38 зээлдэгчид 389 943 278 төгрөгийн цалингийн зээл хүү бууруулж, хүү хүүгийн ашиг олох боломж алдагдуулсан болон Хан-Уул дүүрэг салбарт хамаарах тооцооны төвийн, бусад нэгж 8,9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан зөрчлүүдэд нэхэмжлэгч гэм буруутай буюу үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгч ******* нь ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэхээр байна. Учир нь “Т Б”ны Хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд Банкинд мөрдөгдөж буй дүрэм, журмыг зөрчих, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй нь хөдөлмөрийн сахилгын зөрчилд хамаарахаар заасан. Мөн “Т Б”ны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.17 дахь заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.18 дахь заалтад “ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах” үндэслэл болохоор заасан. Мөн *******ын гаргасан зөрчлүүд нь тус тусдаа тогтоогдсон ба дээрх зөрчлүүдэд өмнө нь сахилгын шийтгэл ногдуулаагүй тул Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын 2012 оны 06-р сарын 15-ны өдрийн зөвлөмжийн дагуу нэхэмжлэгч ******* зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлсөн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 тоот тушаал нь дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлтэй нийцэж байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь “Т Б”ХХК-д холбогдуулан үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан “Т Б”ны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаал, ажлаас халсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

“Т Б”ХХК-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2015 тоот тушаалаар нэгжүүд банк дотроосоо эх үүсвэр татахгүй байх тухай зааврыг зөрчиж Төв аймаг салбар, Хэнтий салбараар тус тус дансны салбар солих гүйлгээг холбогдох удирдлагын зөвшөөрөлгүйгээр хийлгүүлж, дансыг нэгж хооронд шилжүүлэн удирдлагыг хуурамч мэдээллээр хангасан зөрчил гаргасан гэж *******т үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтууд,Хүний нөөцийн хорооны 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 63 дугаар хурлын шийдвэрийг баримталж, *******ыг Хан-Уул дүүрэг салбарын харьяа Дунд гол тооцооны төвийн захирлын ажлаас нь чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасан байхад   *******ын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан зөрчилд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр арга хэмжээ авсан нь хуулийг зөрчсөн тул үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хуулийн дагуу болжээ.

*******ыг ажлаас чөлөөлсөн тушаалд тусгасан нийт 4 зөрчил нь хариуцсан тооцооны төвийн үйл ажиллагаа, ажилтны хууль бус үйлдэлд хяналт тавиагүй, хариуцсан нэгжүүд нь 2018 оны 1-3 дугаар улиралд алдагдалтай ажилласан гэсэн агуулгатай байх ба эдгээр зөрчлүүд нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт шууд хамаарахгүй, тооцооны төвийн захирлын албан тушаалын дагуу шууд хариуцсан чиг үүргийг салбар хариуцсан захирлын үүрэгт хамруулах үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурлажээ.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Энэ талаар нотлох баримтыг дүгнэж чадаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч санаачлагаараа хөдөлмөрийн гэрээг цуцалж болохыг заасан боловч “Т Б”ХХК нь *******ыг давтан эсвэл ноцтой зөрчил гаргасан болохыг нотлоогүй тул ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Шүүх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх талаар хэрэглэвэл зохих хуулийг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасан зохицуулалтыг хэрэглэжээ.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/00625 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1096 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА