Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2022/01297

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2022/01297

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х ХХК /РД:0000000/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.М 0000-д холбогдох,

 

1,796,160 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Г.А нар оролцож, нарийн бичгийн дарга А.А тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х нь 1,796,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Мд холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай Х нь 2012.04.23-ны өдөр үүсгэн байгуулагдаж, мөн өдрийн хурлын 12/01 тоот шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасныг тус тус үндэслэн сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд сар бүр 95,280 төгрөг байхаар Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн дараах байдлаар баталсан. Үүнд:

-нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн засварын зардалд 1 м.кв 150 төгрөг

-лифт - 8,250 төгрөг

-харуул хамгаалалт - 32,500 төгрөг

-цэвэрлэгээ -12,750 төгрөг

-хог - 4680 төгрөг,

-цалин хөлс -18,500 төгрөг бөгөөд одоог хүртэл өөрчлөлт ороогүй. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасны дагуу Х нь Төрийн банктай 2012.08.15-ны өдөр №275 тоот Хамтын ажиллагааны гэрээг байгуулсан ба тус гэрээгээр Төрийн банк нь Х-оос ирүүлсэн СӨХ-ны төлбөрийг сууц өмчлөгч иргэдээс нэхэмжлэн, хураан авч, тус банкин дахь Х-ны харилцах дансанд төвлөрүүлж байхаар харилцан тохиролцсон. Ингээд 2012 оноос хойш Хөх тэнгэр хотхоны оршин суугчид СӨХ-ны төлбөрийг Төрийн банканд зохих ёсоор төлсөөр ирсэн болно. Гэтэл тус Х-ны 46Б байрны 01 тоотод оршин суугч С.М нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2019 оны 9 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлх нийт 19 сарын хугацаанд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөр болох 1,796,160 төгрөгийг төлөөгүй тул Н.Мөнхзулаас гаргуулж, Х-г хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус дүүргийн шүүхэд 2021.03.11-ний өдөр хариуцагч С.Маас Х-ны 2021 оны 9 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх нийт 19 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөр болох 1,796,160 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд иргэн С.М нь уг хотхонд оршин сууж СӨХ-ны хамгаалалт, засвар, үйлчилгээг авсаар байгаа хэдий ч 2021 оны 4 дүгээр сараас одог хүртэлх буюу 2021 оны 11 дүгээр сар хүртэлх нийт 8 сарын СӨХ-ны төлбөр болох 763,440 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул үйлчилгээний төлбөрт 763,440 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 2,558,400 төгрөгийг хариуцагч С.Маас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х-ны нэхэмжилж байгаа СӨХ-ны төлбөр болох 1,796,160 төгрөгийг өгөхгүй байгаа шалтгаан нь орцны хог, гадна хог, цэвэрлэгээ маш муу болохоор өгөхгүй. Манай хотхоны 200 гаруй оршин суугч бүгд СӨХ-гоо татан буулгах тал дээр тэмцээд ихэнх айл нь өгөхгүй байгаа. Мөн манай байр 179 м.кв-аар бодож СӨХ нь 2013 оноос хойш 8 жил гаран хугацаанд төлбөрөө тооцож авч байсан бөгөөд үнэн хэрэгтээ 150.6 м.кв манай байрнаас илүү 28.6 м.кв-ын хөлс илүү бодож авч байсныг мэдээд байгаа билээ. Тиймээс өдийг хүртэл хуримтлагдан илүү төлсөн мөнгөө хасуулаад одоо 2021 оны 4 сарын байдлаар СӨХ-нд 600,000 орчим төгрөгийн өртэй гэж үзэж байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгчээс төлбөрийн үлдэгдлийн хүснэгт, Х-ны гэрчилгээ, 2012.04.23-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2012.04.23-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2013.02.28-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2019.04.27-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2020.04.21-ний өдрийн хурлын тэмдэглэл, СӨХ-ны төлбөрийн тариф, СӨХ-ны дүрэм зэрэг баримтыг,

 

Шүүгчийн захирамжаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нотлох баримтаар тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч Х хариуцагч С.Мд холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч С.Мд холбогдох Х-ны гаргасан 2,558,400 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х нь 2019 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар, 2020 оны 1-12 сар, 2021 оны 1-11 дүгээр сарын орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 2,558,400 төгрөгийг 46Б дугаар байрны 01 тоотын эзэмшигч буюу хариуцагч С.Маас гаргуулахыг хүссэн байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд Х нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар байгуулагдсан болох нь 2018.06.18-ны өдрийн 18/133 тоот гэрчилгээ, 2012.04.23-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тус СӨХ-ны бүх гишүүдийн 2012.04.23-ны өдрийн тогтоол зэргээр тогтоогджээ. /х.х-6, 7, 8 хуудас/

 

Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Х, Зайсангийн тойруу 46б байрны 1 тоот орон сууцыг Франц улсын иргэн Алвксис Луис Роландаас хариуцагч С.М худалдан авч, уг орон сууцыг эзэмшилдээ шилжүүлэн өмчлөгч болсон болох нь тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 808 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч хариуцагчаас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг шаардах эрхтэй байна. /х.х-ийн 84-86, 90-92 хуудас/

 

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлж байхаар, харин уг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон байх тул Х шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн гэж үзлээ.

 

Хариуцагч С.М нь 2019 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар, 2020 оны 1-12 сар, 2021 оны 1-11 дүгээр сарын орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 2,558,400 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар, төлбөрийн талаарх дээрх хугацааны Х-ны нэхэмжлэл, тус СӨХ-ны бүх гишүүдийн 2012.04.23-ны өдрийн 12/01 тоот хурлын тэмдэглэл, бүх гишүүдийн хурлын тогтоол, 2019.04.27-ны өдрийн СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, 2020.04.21-ний өдрийн СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, Х-ны айл өрх бүрээс тооцон авах төлбөрийн тариф зэргийг үндэслэн нийтдээ 2,558,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... орцны хог, гадна хог, цэвэрлэгээ маш муу, манай хотхоны 200 гаруй оршин суугч бүгд СӨХ-оо татан буулгах тал дээр тэмцээд ихэнх айл нь өгөхгүй байгаа гэж тайлбарладаг боловч Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй, мөн холбооны үйл ажиллагаа болон засвар үйлчилгээний талаар холбогдох газарт хандаагүй байна.

 

Түүнчлэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Х, Зайсангийн тойруу 46б байрны 1 тоот орон сууцны талбайн хэмжээ 179 м.кв талбайтай болох нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч уг талбайн хэмжээгээр зардлыг тооцон хариуцагчаас нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй болно./х.х-ийн 48 хуудас/

 

Иймд Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч С.М нь шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ биелүүлдэггүй, шүүн таслах ажиллагаанд удаа дараа саад учруулсан тул түүнийг албадан ирүүлэх шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Хариуцагчийг албадан ирүүлэх тухай 3417 дугаар захирамж гарч, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулсан. Тэрээр оршин суугаа хаягаа шүүхэд Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 46б-1 тоот гэж тодорхойлж өгсөн, шүүх уг хаягаар ажиллагаа хийж, бичиг хүргэгч шүүх хуралдааны тов хүргэсэн боловч хүлээн аваагүй, оршин суугаа хаягаа шүүхэд өөрчилсөн талаар мэдэгдээгүй тул түүний эзгүйд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно./х.х-ийн 101 хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч С.Маас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,558,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,688.56 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Маас улсын тэмдэгтийн хураамжид 43,688.56 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.О