Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 183/шш2022/02276

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2022/02276

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Г-д холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх, 10.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Ч.С  нь хариуцагч Э.Г  холбогдуулан Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх, 10.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Миний бие 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр А  ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ хийж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Х   1402 дугаар байрны 62 тоотод байрлах, 51,32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 87.244.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү-22000000 дугаарт бүртгэгдэж, 00086000 дугаар гэрчилгээ гарч, би орон сууцны өмчлөгч болсон. Барилга ашиглалтад орсны дараа О.Б  гэх иргэн орон сууцыг худалдан авах санал гаргаж, түлхүүр хүлээн авсан бөгөөд хэлцэл буцаж, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй болно. Э.Г  нь О.Б  байрны эзэмшлийг шилжүүлэн авсан гэж тайлбарладаг. Э.Г  бидний хооронд ямар нэгэн эрх, үүргийн харилцаа үүсээгүй, орон сууцандаа амьдрах зөвшөөрөл би олгоогүй. Уг орон сууцыг ашиглалтад орсноос хойш огт танихгүй Э.Г  миний өмчлөлийн орон сууцанд амьдарч, суллаж өгөхгүй эсэргүүцэл үзүүлсээр байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байна. Энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэгч эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч бөгөөд уг эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшил нь хууль бус байх хоёр нөхцөлийн аль аль нь бүрдсэн тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Тодруулбал, Э.Г  нь ямар нэгэн тохиролцоо гэрээгүй, олгосон зөвшөөрөлгүйгээр миний өмчлөлийн байранд оршин сууж байгаа ба би 2020 оны 8 дугаар сараас хойш бусдын хууль бус үйлдлийн улмаас өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүйн улмаас 2 хүүхдийн хамт бусдын орон сууц хөлслөн амьдарч, хохирол амсаж байна. Нэг сарын 800.000 төгрөгөөр орон сууц хөлсөлж байгаа бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаас хойших 13 сараар тооцож үзэхэд 10.400.000 төгрөгийг орон сууц хөлслөхөд зарцуулжээ. Иймд Ч.С  миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү вилла хотхоны 1402 дугаар байрны 62 тоотод байрлах, 51,32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг иргэн Э.Г хууль бус эзэмшлээс чөлөөлж, өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүйн улмаас учирсан хохирол 10.400.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 251.600 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, 0000 дугаар байрны 62 тоотод байрлах, 51,32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн А  ХХК-тай байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 00/00/00-00 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-ний хуулбар зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч.С нь А  хийц ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 19/05/07-00 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, 0000 дугаар байрны 62 тоотод байрлах, 51,32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцныг 87.244.000 төгрөгөөр худалдан авч, өмчлөгч болсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

3. Иймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хариуцагч Э.Г хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзлээ.

4. Харин нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сараас 2022 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд орон сууц хөлслөн амьдарч 10.400.000 төгрөгийн хохирол учирсан хэмээн уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч тэрээр үүнийгээ нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй.

Хэдийгээр хариуцагч Э.Г  нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч танилцаад хуульд заасан 14 хоногийн дотор хариу тайлбар ирүүлээгүй байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан үр дагавар үүсгэх боловч нэхэмжлэгч өөрийн гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Тэгэхээр нэхэмжлэгч Ч.С нь хэнтэй, ямар орон сууцыг, хэдэн төгрөгөөр, хэдий хугацаанд хөлслөн суусан болох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын 10.400.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.С  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г  70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.С  олгоно.

6. Хариуцагч Э.Г  2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдааны товыг биечлэн мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд, хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-22000000 дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, 0000 дугаар байрны 62 тоотод байрлах, 51,32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Э.Г-иин хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар хариуцагч Э.Г  холбогдох Өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүйн улмаас учирсан хохирол 10.400.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.С  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.С  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.600 /хоёр зуун тавин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г  70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.С  олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА