Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01795

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01795

 

 

 

 

 

 

 

2022 09 23 210/МА2022/01795

 

Ч.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2022/02276 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.С-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Г-д холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх, 10,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батсүмбэр-Уул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Авзага хийц ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ хийж, 111111 тоотод байрлах, 51.32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 87,244,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдэж, 000000 дугаар гэрчилгээ гарч, би орон сууцны өмчлөгч болсон. Э.Г- нь О.Б-аас байрны эзэмшлийг шилжүүлэн авсан гэж тайлбарладаг. Э.Г- бидний хооронд ямар нэгэн эрх, үүргийн харилцаа үүсээгүй, орон сууцандаа амьдрах зөвшөөрөл олгоогүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэгч эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч бөгөөд уг эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшил нь хууль бус байх хоёр нөхцөлийн аль аль нь бүрдсэн тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Тодруулбал, Э.Г- нь ямар нэгэн тохиролцоо гэрээгүй, олгосон зөвшөөрөлгүйгээр миний өмчлөлийн байранд оршин сууж байгаа ба би 2020 оны 8 дугаар сараас хойш бусдын хууль бус үйлдлийн улмаас өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүйн улмаас 2 хүүхдийн хамт бусдын орон сууц хөлслөн амьдарч, хохирол амсаж байна. Нэг сарын 800,000 төгрөгөөр орон сууц хөлсөлж байгаа бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаас хойших 13 сараар тооцож үзэхэд 10,400,000 төгрөгийг орон сууц хөлслөхөд зарцуулжээ. Иймд Ч.С-э миний өмчлөлийн 111111 тоотод байрлах, 51.32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг иргэн Э.Г-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүйн улмаас учирсан хохирол 10,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дах хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, 111111 тоотод байрлах, 51.32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Э.Г-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Г-д холбогдох өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүйн улмаас учирсан хохирол 10,400,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Хариуцагч 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тайлбараа бичгээр тус Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяагийн туслахад хүргэж өгсөн. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир шүүхэд хандаж хүсэлт гаргасан байхад шүүгчийн туслах нь тайлбар болон хүсэлтийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд гаргаж өгөлгүй өөр хэргийн материалд андуурч хийсэн гэх үндэслэлээр хэргийн оролцогчийн үзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

4.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, мэтгэлцэх зарчмыг хангаж, эрхээ эдэлж, хэрэгжүүлэх боломжийг олгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч Э.Г- нь эхний анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон. Шүүх хуралдааны үед Э.Г- нь өмгөөлөгч авах эрхийг хангаж шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь диспозитив зохицуулалттай буюу талууд тайлбараа өөрөө нотлох, хүсэлт, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, цуглуулах эрх нь талуудын идэвхитэй үйлдлээр илэрдэг. Тухайн хүсэлтийг шүүх хуралдаанд хэлэлцээгүй, шүүхийн шийдвэр гарсны дараа хэрэгт хавсаргасан байсныг өөрийн биеэр давж заалдах шатны шүүхэд 7 хоногийн өмнө ирж танилцсан. Нотлох баримт хүсэлтийг зохих журмын дагуу хэргийн оролцогч шүүхэд гаргаж өгнө гэж заасан. Зохих журам гэдэг нь шүүгчийн туслахад хүсэлтийг өгөхийг хэлэхгүй, мессежээр ирснийг хэлэхгүй, мэдээлэл лавлагааны ажилтнаар дамжуулж өгөхийг хэлнэ. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн тухайн нотлох баримт, бичгийн баримтын ард шүүхийн дардас дарж, огноог бичдэг. Уг нотлох баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлаагүй учраас уг нотлох баримт хууль ёсны дагуу цугларсан, хэрэгт авагдсан гэж үзэх үндэслэлгүй. Тухайн үеийн нөхцөл байдалд шүүгчийн туслах болон миний бие хариуцагч руу залгасан. Гэтэл шүүх хуралдаан болоx өдөр гар утсаа унтраасан байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. 2 жилийн хугацаанд нэхэмжлэгч өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй өрх толгойлсон эмэгтэй, 2 хүүхэдтэй, байр түрээслэн амьдарч байна. Шүүх бүрэлдэхүүн энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Ч.С-э нь хариуцагч Э.Г-д холбогдуулан 111111 тоотод байрлах, 51,32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. 111111 тоотод байрлах, 51,32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ч.С-э нь бүртгэгдсэн байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

5. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан Ч.С-ийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж, 10 хоногийн хугацаагаар хойшлуулсан боловч хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 

6. Хариуцагч нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах зорилгоор хүсэлт, хариу тайлбар гаргасныг шүүгчийн туслах С.С тодорхой хэрэг маргааны талаар хэргийн оролцогчоос бичгээр илүүлсэн гомдол, хүсэлтийг хүлээн авч, танилцуулах, хариу мэдэгдэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 903 дугаар албан бичигт дурджээ.

 

7. Шүүхийн ажилтны хайхрамжгүй байдлаас шалтгаалан хариуцагчийн тайлбар, хүсэлт, итгэмжлэлийг хавтаст хэрэг хавсаргаагүй, энэ талаар мэтгэлцүүлээгүй, шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2022/02276 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР