Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/00360

 

2022 оны 00 сарын 00 өдөр        Дугаар 102/ШШ2022/000000          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 67,536,496 /жаран долоон сая таван зуун гучин зургаан мянга дөрвөн зуун ерэн зургаан/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц....,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б....

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г...., Б....

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.... нэхэмжлэгч ... ХХК-ийг төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

... ХХК нь ... ХХК-тай харилцан тохиролцож 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр А.. амралтын усан бассейны тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх болон суурилуулах гэрээ байгуулан гэрээний төлбөрт захиалагч тал нь гэрээний 3.2-т зааснаар 90,000 ам.долларыг гэрээний 4.1, 4.2, 4.3-т заасны дагуу төлөх, төлбөрийг хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй мөнгөн дүнгийн сарын 0,5 хувийн алданги тооцохоор гэрээний 4.5-д зааж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан. Гүйцэтгэгч ... ХХК нь гэрээний дагуу заасан хугацаанд ...системийн ... загварын эмчилгээний зориулалттай усан бассейн тоног төхөөрөмжийг нийлүүлэн, улмаар зураг төслийн дагуу угсран суурилуулж дуусган, захиалагч ... ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2 тал байлцан туршилт хийн шалгаж үзээд хүлээлцэн, улмаар акт үйлдэн хоёр тал гарын үсэг зурж хүлээлгэн өгсөн. Гэтэл захиалагч нь гэрээний 4.3-т заасан төлбөрийн 20 хувь 18,000 ам.доллар, мөн гэрээний 7.2-т заасан тоног төхөөрөмжийг Итали улсаас Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэлтийн зардал 6,385 ам.долларыг төлөх үүргээ биелүүлэхгүй манай компанийг маш ихээр чирэгдүүлж хохироож байна. Бид төлбөрөө төлүүлэх талаар өнөөдрийг хүртэл нэхэмжлэл бичих, утсаар ярих, мессеж бичих, биеэр очиж уулзах, мэдэгдэл өгөх зэргээр удаа дараа шаардахад өгнө гэж хуурч явсаар өдийг хүргэсэн. Иймд ... ХХК-иас гэрээний төлбөрт 18,000 ам.доллар буюу тухайн өдрийн ханш 1,778.93 төгрөгөөр тооцон 32,020,740 төгрөг, тээвэрлэлтийн зардал 6,385 ам.долларыг 2,849.22 төгрөгөөр тооцон 18,192,269 төгрөг, нийт 50,213,009 төгрөг, мөн гэрээний дагуу төлөгдөөгүй дүнгийн сарын 0,5 хувиар алданги тооцоход /251,065.04 төрөг * 69 сар/ 17,323,487 төгрөг, нийт 67,536,496 төргрөгийг ... ХХК-иас гаргуулахаар шаардаж байна.

Хуульд заасны дагуу ажлаа хийж гүйцэтгээд хүлээлгэж өгсөн. Металл илэрсэн, тоног төхөөрөмж гацсан, зориулалтын инженер, холболт гэж ярьж байна. Б.... гэдэг хүн мэдэж л байгаа. Цоорсон гэвэл цоорсон ч гэсэн янзалж өгье, ... ХХК дансаа хаалгасан байгаа гэж гуйж хэлж байсан. Энэ гэрээнд гарын үсэг зураад, акт үйлдчихээд заавал шүүхийн байгууллагаар явж мөнгөө авах ёстой байдаг юм уу? Би өөрийн биеэр очиж уулзсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэл байхгүй. Удаа дараа шаардаж байсан. Хариуцагч тал мэдэгдэл өгөхөд авлаа, мөнгийг чинь төлнө, байж байгаарай гээд хүлээн зөвшөөрөөд байсан. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.6-д баталгаат хугацаа 10, 15 жил байхаар тогтоож өгсөн. Энэ хугацаа дууссан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохигчид нотлох баримтыг өөрсдөө цуглуулах үүрэгтэй гэж заасан байгаа. Гэтэл 7, 8 жил ажиллаагүй талаар яагаад нотлоогүй вэ, чанарын шаардлага хангахгүй, дутуу орхиод явсан, ажил нь бүрэн гүйцэд хийгдээгүй гэж байгаа юм. Тоног төхөөрөмж нь өөрөө усаа халаагаад цэвэрлээд явдаг. Иргэний хуулийн 349 дүгээр зйүлийн 349.1-т гэрээний үүргээ зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч нь энэ тухай гомдлын шаардлагаа хуульд заасны дагуу, хэрэв хуульд заагаагүй бол 6 сарын дотор гаргана гэж заасан. Хувийн байдлаар хүлээн авах үедээ илрүүлэх боломжгүй дутагдал байсан бол 1 жилийн дотор, барилга байшингийн дутагдлыг ажил хүлээж авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргах хугацааг хуульд зааж өгсөн. Баталгаат хугацаанд уг доголдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацаанд тоолно гэх мэтчилэн хуульд тодорхой хугацаануудыг зааж өгсөн. Энэ хугацаанд ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү...гэв.

2.Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч Б.... шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б...., Г.... нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани тус гэрээний үүргийн гүйцэтгэлийн хүрээнд төлбөр төлөх хугацаанд 82,000 ам.доллартай тэнцэх хэмжээний төлбөрийг төлсөн боловч нэхэмжлэгч 2014 оны 5 дугаар сараас эхлэн утсаа салган ажлаа хийж дуусгалгүй зугтан алга болсон. Өнөөдрийг хүртэл гэрээнд заагдсан ажлаа ... ХХК хийж дуусгалгүй орхиж явснаас усан бассейн ажиллаагүй, зэвэрч устаж гэмтэх аюулд орсон. Урьд өмнө нь нэхэмжлэгч тал нэг ч удаа мөнгө төгрөг шаардаж хариуцагч талтай холбогдож байгаагүй бөгөөд 2021 оны 5 дугаар сард иргэн С.... дээр очиж хэрүүл маргаан болсон сураг сонсогдож байсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль болон гэрээнд нийцнэ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т хууль болон гэрээнд тусгайлан зааж өгөөгүй бол хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэж заасан. Гэтэл энэ харилцаанд тусгайлан зааж өгсөн, гэрээг хүчин төгөлдөр гэж үзээд гэрээний зүйл, заалтыг баримтлан мөнгө нэхэмжилж байгаа. 2017 оны 11 сард нэхэмжлээд байгаа өөрсдөө бичсэн нэхэмжлэх байгаа юм. Түүнд манай талын гарын үсэг байхгүй. ... ХХК хаяг дээрээ байдаггүй, Европын ... компанийн албан ёсны борлуулагч гэдэг ч хайхад олддоггүй байсан. Гэрээнд зааснаар тусгай мэргэжил, мэдлэг эзэмшсэн хүн Итали улсаас авчирсан тоног төхөөрөмжийг ажиллагаанд оруулж, иж бүрэн хүлээлгэж өгөх зохицуулалт байгаа. Гэтэл энэ үүргээ нэхэмжлэгч тал гүйцэтгээгүй. Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан. Гэтэл үр дүн байхгүй. Хамгийн гол үр дүн бол хүмүүс усан бассейнийг хэвийн байдлаар ашиглах байсан. Гэтэл тийм боломжоор ажил гүйцэтгэгч хангаагүй, халуун, хүйтэн ус холбоогүйг Ажил хүлээлцсэн акт дээр заасан. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.3-т тухайн ажил гүйцэтгэгч нь эд зүйлийг хүлээлгэж өгсөн бол худалдах, худалдан авах ажиллагааны журмын дагуу тухайн эд зүйлийг хүлээн авч мөн ажлыг гүйцэтгэнэ, 346.2-т Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж тус тус заасан. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хамгийн сүүлийн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй. Тоног төхөөрөмж хүлээн авсан асуудлаар маргаагүй. Эд хөрөнгө захиалагчийн өмчлөлд шилжүүлж байгаа учраас хүлээж авсан акт дээр гарын үсэг зурна. Дутуу ажил гэвэл халуун, хүйтэн усны холболтууд хийгээгүй байна. Үүнийг тодорхой зааж өгсөн байхад үүнийг та нар хийж гүйцэтгэх ёстой байсан гэдэг байдлаар маргаж байгаа нь тухайн Ажил гүйцэтгэлийн гэрээ хангагдаагүй болохыг нотолж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 74.1, 75.2.1 дэх хэсгийг баримтлан хуулиар тусгайлан зохицуулсан харилцаа байхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт нийцсэн дараах баримтуудыг нотлох баримитаар гаргасан байна. Үүнд:

Хавтаст хэргийн 10-13 дугаар талд 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №01 тоот “А..” амралтын усан бассейны тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх болон суурилуулалтын гэрээний эх хувь;

Хавтаст хэргийн 14 дүгээр талд А.. амралтын усан бассейны тоног төхөөрөмжийг байрлуулж угсарсан 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн актын эх хувь;

Хавтаст хэргийн 20, 21 дүгээр талд ... ХХК-ийн үйлдсэн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 24,385 ам.долларын болон 2017 оны О5 дугаар сарын 24-ний өдрийн №... тоот 24,385 ам.доллар нэхэмжилсэн төлбөрийн нэхэмжлэх эх хувь;

Хавтаст хэргийн 22 дугаар талд ... ХХК-иас ... ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ... тоот албан бичиг эх хувь;

Хавтаст хэрэгт фото зураг, дүрс бичлэг бүхий мэдээлэл агуулсан Флаш диск /хар өнгийн/;

Мөн нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар орчуулуулаагүй хэргийн 15-18 дугаар талд авагдсан баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

4.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа нотлохоор хавтаст хэрэг маргааны зүйлтэй холбоотой нотлох баримт гаргаагүй. Харин хавтаст хэргийн 27-30 дугаар талд компанийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар болон компанийн дүрмийг нотлох баримтаар гаргасан байна.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн .... дугаар захирамжаар нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан дүрс бичлэг бүхий флаш дискэнд шүүхийн журмаар үзлэг хийж бэхжүүлсэн /хх-49, 79-84/, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн .... дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гар утсанд хадгалагдсан фото зурагт үзлэг хийж бэхжүүлэн нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх-91, 92-108/

6.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар захирамжаар маргааны зүйл болох А.. амралтын газрын усан бассейнд үзлэг хийж, фото зургаар бэхжүүлэн нотлох баримтаар бүрдүүлсэн. /хх-53-77/

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх дараах үндэслэлээр ... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.1.Нэхэмжлэгч шаардах эрхээ “Ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж ажлын гүйцэтгэлийг захиалагч талд акт үйлдэн хүлээлгэж өгсөн боловч ... ХХК нь үлдэгдэл төлбөр 18,000 ам.доллар болон тээвэрлэлтийн зардал 6,385 ам.доллар төлөх үүргээ биелүүлээгүй учир уг төлбөрийг үүрэг гүйцэтгэх тухайн өдрийн ам.долларын ханшаар тооцож 50,213,009 төгрөг, алданги 17,323,487 төгрөг, нийт 67,536,496 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу шаардана” гэж тодорхойлон, хариуцагчийг нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй ба гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж мэтгэлцсэн.

1.2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “нэхэмжлэгч ажил гүйцэтгэх үүргээ бүрэн биелүүлээгүй, ажил хүлээлцсэн актад дутуу гүйцэтгэсэн ажлыг дурдсан ба уг дутуу ажлаа хүлээлгэж өгөөгүй, мөн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр үгүйсгэн маргаж байна.

1.3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн №01 дугаартай “А..” амралтын усан бассейны тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх болон суурилуулалтын гэрээ, А.. амралтын усан бассейны тоног төхөөрөмжийг байрлуулж угсарсан акт зэргээр талуудын хооронд 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэж, гүйцэтгэгч ... ХХК нь гэрээнд заасан усан бассейны тоног төхөөрөмжийг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр суурилуулан захиалагч ... ХХК-д хүлээлгэж өгсөн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

 1.4.Талуудын маргааны зүйл нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 18,000 ам.доллар, тээвэрлэлтийн зардлыг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй эсэх, ажлын гүйцэтгэл доголдолтой байснаар төлбөрөөс татгалзах эрхтэй эсэх, мөн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх зэрэгт тус тусын үндэслэл гаргаж маргасан.

Харин зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон урьдчилгаа төлбөр 72,000 ам.долларыг захиалагчаас гүйцэтгэгчид төлсөн, мөн усан бассейны тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулсан талаар маргаагүй болно.

1.5.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсгүүдэд зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба уг гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.

Гэрээний дагуу бассейны тоног төхөөрөмжийг нийлүүлж угсрах үүргээ нэхэмжлэгч, ажлын хөлс 90,000 ам.долларын 80 хувь болох 72,000 ам.долларыг гүйцэтгэгчид төлөх үүргээ хариуцагч тус тус биелүүлж, үлдэгдэл хөлс 18,000 ам.долларыг захиалагчаас ажил гүйцэтгэгчид төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

1.6.Ажлын үлдэгдэл хөлс болон тээвэрлэлтийн зардлыг бүхэлд нь төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг акт үйлдэж ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн боловч доголдолтой буюу халуун, хүйтэн ус холбогдоогүй талаар актын 7 дугаарт “Дутуу хийгдсэн зүйл, түүний шалтгаан” хэсэгт тусгаж, уг ажлыг гүйцэтгэгч тал хийж дуусгаагүй учир үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргахын зэрэгцээ гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэгч төлбөр шаардах эрхгүй гэж тайлбарлан маргаж байна.

1.7.Харин нэхэмжлэгч талын зүгээс Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-6.10 дахь хэсэгт тус тус заасны дагуу нийлүүлсэн тоног төхөөрөмж болон бусад эд анги, мөн засвар эвдрэл гэмтлийг засварлах баталгааг гүйцэтгэгчээс захиалагч талд олгосон ба Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3 дахь хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах хуульд заасан /Иргэний хуулийн 349.1, 349.2/ хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

1.8.Нэхэмжлэгч 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчид ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхөд ажил хүлээлцсэн акт дээр дутуу хийгдсэн зүйл, түүний шалтгааныг талууд “халуун, хүйтэн ус холбогдоогүй” гэж тэмдэглэсэн байх бөгөөд үүнээс хойш 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр дахин очиход усан бассейныг усны хоолойгоор бус гаднаас усаар дүүргэсэн байсан нь шүүхийн журмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гар утсаар авсан фото зурагт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

1.9.Гэрээний зүйлийг захиалагчид хүлээлгэн өгч акт үйлдсэн өдөр болон 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төлбөрийн үлдэгдэл 18,000 ам.доллар, мөн гэрээний 7.2-т заасан тээврийн зардалд 6,385 ам.доллар, нийт 24,385 ам.доллар төлөхийг захиалагч ... ХХК-иас нэхэмжилсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарлан, уг шаардлагын үндэслэлээ нотлохоор төлбөрийн нэхэмжлэхүүдийг нотлох баримтаар гаргасан.

Гэвч дээрх төлбөрийн нэхэмжлэхүүдийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, мэдэгдсэн болох нь тогтоогдохгүй, төлбөрийн нэхэмжлэхийн “хүлээн авсан” хэсэгт гарын үсэг зурагдаагүй, нэг талын гаргасан баримт байхын зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар утсаар болон мессежээр мэдэгдсэн гэх тайлбараа нотлоогүй байна.

1.10.Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3 дахь хэсэгт заасны дагуу баталгаат хугацаа дууссанаас хойш гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбарлан маргах боловч хуулийн уг заалт нь ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар захиалагчаас гомдлын шаардлага гаргах хугацаа буюу ажил гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд захиалагчийн эдлэх эрх хамаарах бөгөөд ажил гүйцэтгэгчийн захиалагчаас хөлс төлөхийг шаардах хугацааг хуульд нарийвчлан заагаагүй учир Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан 3 жилийн хугацаа хамаарна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох ба маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч ... ХХК нь ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолвол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

1.11.Нэхэмжлэгчээс 2017 оны 5 дугаар сарын 24-ний төлбөрийн нэхэмжлэхээр хариуцагчаас үлдэгдэл төлбөрийг шаардсан гэж тайлбарлан төлбөрийн нэхэмжлэхийг нотлох баримтаар гаргасан боловч хүлээн авсан хүний мэдээлэл байхгүй буюу хүлээлгэн өгсөн гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрчээ.

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.12.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 495,632 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ХХК-иас 67,536,496 /жаран долоон сая таван зуун гучин зургаан мянга дөрвөн зуун ерэн зургаан/ төгрөг гаргуулах тухай ... ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 495,632 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА