Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00787

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00787

 

 

ЖМН ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24ий өдрийн 102/ШШ2022/00360 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ЖМН ХХК-ийн хариуцагч ММ.К ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 67,536,496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ЖМН ХХК нь ММ.К ХХК-тай харилцан тохиролцож 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Ихтамир амралтын усан бассейны тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх болон суурилуулах гэрээ байгуулан гэрээний төлбөрт захиалагч тал нь гэрээний 3.2-т зааснаар 90,000 ам долларыг гэрээний 4.1, 4.2, 4.3-т заасны дагуу төлөх, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй мөнгөн дүнгээс сарын 0.5 хувийн алданги тооцохоор гэрээний 4.5-д зааж хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан. Гүйцэтгэгч ЖМН ХХК нь гэрээний дагуу заасан хугацаанд Myrtha Pool системийн Renov Action Skimmer Mosaic Glass загварын эмчилгээний зориулалттай усан бассейны тоног төхөөрөмжийг нийлүүлэн, улмаар зураг төслийн дагуу угсран суурилуулж дуусган захиалагч ММ.К ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хоёр тал байлцан туршилт хийн шалгаж үзээд акт үйлдэн гарын үсэг зурж хүлээлгэн өгсөн. Гэтэл захиалагч нь гэрээний 4.3-т заасан төлбөрийн 20 хувь болох 18,000 ам доллар, мөн гэрээний 7.2-т заасан тоног төхөөрөмжийг Итали улсаас Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэлтийн зардал 6,385 ам долларыг төлөх үүргээ биелүүлэхгүй манай компанийг маш ихээр чирэгдүүлж хохироож байна. Бид төлбөрөө төлүүлэх талаар өнөөдрийг хүртэл нэхэмжлэл бичих, утсаар ярих, мессеж бичих, биеэр очиж уулзах, мэдэгдэл өгөх зэргээр удаа дараа шаардахад өгнө гэж хуурч явсаар өдийг хүргэсэн. Иймд гэрээний төлбөрт 18,000 ам доллар буюу тухайн өдрийн ханш 1,778.93 төгрөгөөр тооцон 32,020,740 төгрөг, тээвэрлэлтийн зардалд 6,385 ам долларыг 2,849.22 төгрөгөөр тооцон 18,192,269 төгрөг, нийт 50,213,009 төгрөг, мөн гэрээний дагуу төлөгдөөгүй дүнгээс сарын 0.5 хувиар алданги тооцоход 17,323,487 төгрөг, нийт 67,536,496 төгрөгийг ММ.К ХХК-аас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компани гэрээний дагуу 82,000 ам доллартай тэнцэх хэмжээний төлбөрийг төлсөн боловч нэхэмжлэгч ажлаа хийж дуусгалгүй 2014 оны 05 дугаар сараас эхлэн утсаа салган зугтан алга болсон. Өнөөдрийг хүртэл гэрээнд заагдсан ажлаа ЖМН ХХК хийж дуусгалгүй орхиж явснаас усан бассейн ажиллаагүй зэвэрч устаж гэмтэх аюулд орсон. Урьд өмнө нь нэхэмжлэгч тал нэг ч удаа мөнгө төгрөг шаардаж хариуцагч талтай холбогдож байгаагүй бөгөөд 2021 оны 05 дугаар сард иргэн С.Эрдэнэ дээр очиж хэрүүл маргаан болсон сураг сонсогдож байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль болон гэрээнд нийцнэ гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ММ.К ХХК-аас 67,536,496 төгрөг гаргуулах тухай ЖМН ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 495,632 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь анхаарч үзэлгүй зөвхөн хариуцагчийн талд анхаарал хандуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл халуун хүйтэн ус холбогдоогүй, усан бассейныг усны хоолойгоор бус гаднаас усаар дүүргэсэн байсан нь гар утасны фото зурагт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна гэж үзсэн нь шүүх хэтэрхий хайнга, буруу ойлгож дутуу дүгнэжээ гэж үзэж байна. Мөн манай компани 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр очиж бассейны хэвийн ажиллагааг шалгахад суурилуулсан тоног төхөөрөмж хэвийн ажиллаж бассейныг усаар дүүргэсэн, ямар нэг доголдол байхгүй байсан учир би утсандаа баримтжуулж авсан. Уг баримтаа шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх хариуцагчийн талд миний өгсөн баримтанд худал дүгнэлт хийж усыг хоолойгоор бус, гаднаас усаар дүүргэсэн нь тогтоогдож байна гэсэн нь ойлгомжгүй байна. Мөн шүүх төлбөрийн нэхэмжлэхүүдийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, мэдэгдсэн болох нь тогтоогдохгүй, төлбөрийн нэхэмжлэхийн хүлээн авсан хэсэгт гарын үсэг зурагдаагүй, нэг талын гаргасан баримт байхын зэрэгцээ бусад байдлаар нотлоогүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан. Гэтэл нэхэмжлэгч талаас гэрээний үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж хэд хэдэн удаа нэхэмжлэх өгсөн баримтаа шүүхэд өгсөн. Нэхэмжлэх дээр хоёр тал, төлбөр төлөгч тал тэр болгон гарын үсэг зураад байдаггүй. Мөн 2021 оны 08 дугаар сард манай компаниас нэхэмжлэх болон мэдэгдэл дахин бичиж компаний ерөнхий нягтлан бодогч Оюунбатад хүлээлгэж өгөхөд мөн л гарын үсэг зуралгүй нэхэмжлэхийг хүлээн авлаа гэж хэлээд авсан юм. Энэ бичлэгийг шүүхэд хүсэлт гаргаж үзлэг хийлгэж нотлох баримтаар өгсөн боловч шүүх энэ бүх үнэн бодитой байдлыг тал бүрээс нь анхаарч үзээгүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхисон байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгсөн. 2014 оны 11 дүгээр сард ажил хүлээлцэх акт үйлдсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Талуудын хооронд холимог шинжийг агуулсан гэрээ байгуулагдсан. Эд хөрөнгө буюу тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөөд хаяад алга болсон. Гэрээний үнийн дүн нь 90,000 ам.доллар бөгөөд 82.000 ам.долларыг төлсөн. Гэтэл 7-8 жилийн дараа гэнэт үлдэгдэл төлбөр гэж нэхэмжилсэн. Хэрэгт авагдсан баримтаас харахад 2017 онд нэг нэхэмжлэх өгсөн ба түүнд хариуцагч тал гарын үсэг зураагүй учраас хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үүссэн гэж тайлбарладаг. Гэтэл уг нотлох баримтыг нэхэмжлэгч тал дангаар үйлдсэн байсан учраас үнэлэх боломжгүй байсан. Ашиглаж байсан хуучин орос бассейныг орчин үеийн итали загвартай болгосон байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Бассейн ажиллахгүй байгаа гэдэг нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Нэхэмжлэгч тал бассейн ажиллаж байсан, захиалагч тал цэвэр бохир усны шугамд холбож өгөөгүй гэсэн тайлбар гаргасан учраас үзлэг хийсэн. Уг тоног төхөөрөмжийг тусгай мэргэжлийн хүн суурилуулж ажиллуулах ёстой. Хариуцагч тал ажиллуулах боломжгүй учраас 8 жилийн турш хүлээсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч тал ямар нэгэн байдлаар холбогдож байгаагүй нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсэдэг. Нэхэмжлэгч тал 2021 оны үйл явдлыг ярьж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр С.Эрдэнэ гэх хүнтэй холбогдуулан мөнгө нэхэмжилсэн. Гэтэл ММ.К ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хуулийг зөв хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ЖМН ХХК нь хариуцагч ММ.К ХХК-д холбогдуулан ажлын хөлсөнд 32,020,740 төгрөг, тээвэрлэлтийн зардалд 18,192,269 төгрөг, алдангид 17,323,487 төгрөг, нийт 67,536,496 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ЖМН ХХК нь хариуцагч ММ.К ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ЖМН ХХК нь Ихтамир амралтын газарт 3 сарын хугацаанд усан бассейны тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх болон суурилуулах, хариуцагч ММ.К ХХК нь нийлүүлэх тоног төхөөрөмж болон угсралтын ажлын хөлс 90,000 ам долларыг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 10-13-р тал/

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь зөв байна.

 

4. Нэхэмжлэгч ЖМН ХХК-ийн нийлүүлж суурилуулсан усан бассейныг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч ММ.К ХХК хүлээн авчээ. /хх-ийн 14-17-р тал/

Нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 72,000 доллар авсан гэж үлдэгдэл 18,000 долларыг тээврийн зардал болон алдангийн хамт гаргуулахаар шаардсан ба зохигчдын хооронд байгуулсан гэрээнд 18,000 долларыг ажил гүйцэтгэж дууссаны дараа төлөхөөр талууд тохиролцсон байх тул ажлыг гүйцэтгэж дууссан 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс нэхэмжлэгчийн шаардах эрх үүснэ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дууссан байна.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 2021 оны 08 дугаар сард манай компаниас нэхэмжлэх болон мэдэгдэл дахин бичиж компаний ерөнхий нягтлан бодогч Оюунбатад хүлээлгэж өгөхөд мөн л гарын үсэг зуралгүй нэхэмжлэхийг хүлээн авлаа гэж хэлээд авсан гэж тайлбарлан энэ байдлыг нотлох зорилгоор тухайн үйл явцыг баримтжуулсан дүрс бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт шүүхэд гаргаж, шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2021/17022 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. /хх-ийн 49-50-р тал/

Дүрс бичлэгт хийсэн үзлэгээр хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон болон тасалдсныг нотлох нөхцөл байдал илрээгүй байна.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шүүх төлбөрийн нэхэмжлэхүүдийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, мэдэгдсэн болох нь тогтоогдохгүй, төлбөрийн нэхэмжлэхийн хүлээн авсан хэсэгт гарын үсэг зурагдаагүй, нэг талын гаргасан баримт байхын зэрэгцээ бусад байдлаар нотлоогүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй гэх боловч хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаархи баримтыг нэхэмжлэгч ЖМН ХХК нь шүүхэд гаргаагүй, мөн ЖМН ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 14, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрүүдийн нэхэмжлэх хэрэгт авагдсан байх боловч эдгээр нэхэмжлэхэд хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй, хариуцагч талд хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24ий өдрийн 102/ШШ2022/00360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495,632 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал гарч байна. шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй, үнэлгээчин зохих журмын дагуу үнэлгээ хийгдсэн, үнэлгээг хийх эрхтэй буюу ажилтанд нь эрх үүрэг тайлбарласан гэдэг нь компанийг ямар нэг ашиг сонирхолын зөрчил үүсгэсэн гэж үзэхгүй, иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн маг гарч байна.