Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 898

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00898

 

 

 

Ш.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00840 дүгээр шийдвэртэй Ш.Д-ийн нэхэмжлэлтэй Ц.Б-д холбогдох, гэм хорын хохиролд 12 258 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Д , түүний өмгөөлөгч Х.С , хариуцагч Ц.Б , түүний өмгөөлөгч Д.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 127а тоотод оршин суудаг. 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед хажуу айл болох Ц.Б ийн гэрээс гал гарсны улмаас манай гэр бүхлээрээ шатсан. Хажуугийн айлын хүн болох н.Б  “... танай хажуу айлаас гал гарч байна, гараад ир” гэж дуудсан. Тухайн үед гэртээ ганцаараа унтаж байсан, гэрээсээ хөл нүцгэн гарч харахад Ц.Б ийн гараашаас утаа уугаад гал авалзахад бэлэн байдалтай болсон байсан. Тэр үед Ц.Б ийнд 3 хүн засвар хийж байхад нь “танай гараашид гал гараад байна” гэж хашхирахад тэр 3 гараашийн хаалгыг онгойлгоход өөдөөс нь гал хүчтэй тургин авалзсан. Гал жорлон руугаа авалцаж манай хашаа руу орсон. Үнэлж болох тавилга зэргээ үнэлээд, гэрт байсан хувцас хунар, мөнгө төгрөг гээд үнэлж болохооргүй зүйлсээ хасч үнэлүүлэхэд 12 258 000 төгрөг гэсэн боловч 10 032 860 төгрөгөөр үнэлгээний байгууллага үнэлсэн. Ц.Б ийг өөрийн гэм бурууг ухамсарлахгүй байна. Хүнийг гэр орон, өмсөх хувцасгүй болгож хохироочихоод 3-4 хашааны цаана байгаа н.Д  гэх айлд бүх бурууг тохож, цаг хугацаа хожиж, хэргийг замхруулах санаа агуулж байгаад нь гомдолтой байна. Олон хүн тэр гараашаас нь гарсан галыг харсан. Мөн энэ хүн гараашдаа цахилгаан хөрөө гэх мэт зүйл хийж үйлдвэрлэл явуулдаг байсан. Иймд Ц.Б ээс гэм хорын хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд Бөмбөгөрийн ойролцоо ажилтай явж байхад манайд засвар хийж байсан залуу над руу утсаар ярьж “...гал гараад байна, яаралтай ир” гэсний дагуу 16 цаг 20 минутын орчимд очиход гал команд аль хэдийнээ ирчихсэн, галыг унтраагаад дуусч байсан. Гарааш, гараашийн зүүн талын жорлон, амбаар шатсан. Гэртээ засвар хийж байсан болохоор бүх хувцас хунараа гараашид хийчихсэн байсан. Ренж ровер маркийн автомашин маань гараашид багтахгүй байсан болохоор үүдэнд нь тавьчихсан байсан. Зүүн талд Ш.Д-ийн гэр байдаг ба, дунд талын хашаа шатсан байдалтай байсан.

Энэ хашаа байшин гарааш зэрэг эд хөрөнгөө 2000 оноос хойш эзэмшиж, амьдарсан. Хавтаст хэргийн 5 дугаар хуудас дээр авагдсан галын байцаагчийн дүгнэлтээр гараашийн баруун урд булангийн дээврийн хөндийн дотор талаас гал эхлэн гал түймэр гарсан байна гэсэн. Мөн фото зураг хавсарган өгсөн 2 дахь зураг дээр 129, 128, 127а, 127б гэдэг айлуудыг тэмдэглээд эдгээр айлын кабелийн явсан байдлыг тэмдэглэн харуулсан. Зурагт улаанаар тэмдэглэсэн нь галын эхэлж гарсан газар юм. Улаанаас эхлээд шар талруугаа салхины чиглэлийг зааж өгсөн. Шар нь Ш.Д-ийн гэр шатаад дууссан байдлыг харуулж байгаа юм. Шүүх бүрэлдэхүүн газар дээр нь очиж үзлэг хийгээд 129 тоот н.Д ын кабелийн утас 2 залгаатай байгааг харсан. Тэр нь манай гараашийн доод хэсэг буюу 7-ын 114 тоот айлын шийднээс хойшоо яваад манай хашааруу явдаг хэсэг дээр залгаас нь ирж байгаа, түүнээс баруун тийш салаалаад манай хашааны булан дээр нөгөө нэг залгаас нь ирдэг. Энэ гал гарахад өөр кабелийн утас шатаагүй, 128 тоот болон манайх 2 галын яг голомт дээр нь байсан. Тэгсэн хирнээ гал гарахад тог тасраагүй, яагаад гэхлээр энэ 2 айлын кабел норм дүрмийн дагуу газар доогуур булаастай байдаг болохоор шатаагүй. Харин н.Д ынх кабелийн утсаа булахаас залхууран манай хашаан дээгүүр дэрлүүлээд татаад явчихсан байдаг байсан. Дараа нь би гараашаа барихдаа ар талд нь хана хийхгүйгээр шууд хашаандаа тулгаад хашаагаа гараашны ар талын хана болгоод дээвэр хийж, гараашаа барьсан болохоор н.Д ын утас манай гарааш дотор явж байсан тухайн үед авсан зураг дээр дэлгэрэнгүй байдаг. Манай хашааны дотор талаар дай модон дээгүүр утас нь явж байгаад шатсан зураг хэрэгт байгаа. Тэр нь манай урдаас ороод баруун тийшээ буюу баруун урд булангаараа харагддаг. Баруун урд талын дээврийн хөндийн булангаас гал гарсан байна гэдгээс өөр тайлбар байхгүй. Манай кабел болон өөр тэр хавийн ямар ч кабел тэнд байхгүй. Гал гарсан өдөр болон маргааш нь ч манайд тог тасраагүй, ажиллаж байсан талаар н.О  гэрчилдэг. Мөн 217 дугаар хуудсанд байгаа 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болсон шүүх хуралдааны үеэр гэрч н.Д аас гал гарсан кабелийн утас хэнийх вэ гэж асуухад гэрч н.Д  манайх гэж хариулсан мөн цахилгаанчин ирэхгүй байсан тул манай нөхөр очиж кабелийн утсыг залгасан гэж хэлсэн. Үзлэг хийлгэсэн си ди /хуурцаг/ дээр сүүлийн хэсэгт н.С  манай хашаанд орж ирээд тэр кабелийн утас чинь тасарчихсан байсныг би өөрөө залгасан гэж хэлж байгаа нь харагдсан. Үүгээрээ Н.Д ын хэлсэн мэдүүлгийг нотлоод байна. Гамшиг судлалын төвийн дүгнэлтэд тухайн цахилгааны утас дээр үзлэг хийхэд богино холбоо, хэт ачаалал зэргээс болж үүссэн. Өөрөөр хэлбэл, цахилгааны гэмтлээс болж гал түймэр гарсан нь лабораторийн шинжилгээний дүгнэлтээр нотлогдож байна гэсэн. Богино холбоо, эсхүл хэт ачаалал үүссэн учраас тэдний кабел утаснаас гал гарч манай гарааш болон энэ айл шатсан. Хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд үзлэгээр хашааны баруун урд талын хүчдэлээс баруун талаас орсон цахилгааны утаснаас дээж авч эд мөрийн баримтаар хураан, тэмдэглэлд тусгав гэсэн байна. Энэ нь тухайн үед шатсан зургаар нь нотлогдож байгаа. Мөн шүүгч үзлэгээр очих үедээ ч зургийг нь авсан тэр хэвээрээ байгаа. Одоо бол хашааны ёроолоор явж байгаа болохоос биш гал гарах үед хашааны дээгүүр явж байсан. Хавтаст хэрэгт авагдсан зургаас харахад шатсаны дараа хогоо цэвэрлэхэд н.Д ын кабелийн утас тасарсан байдалтай ил гараад ирчихсэн байсан. Гал гарсан утасны эзэн н.Д д холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б ээс 10 032 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Д д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 922 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 211 078 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б ээс 175 470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Д д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Б  давж заалдах гомдолдоо: 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд шүүхээс хуулийн дагуу хурлын бэлтгэлийг хангаагүй, иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралд оролцох ач холбогдол, хуулийн заалтыг тайлбарлалгүйгээр иргэдийн төлөөлөгчгүйгээр хурал хийх үү гэж асууж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн нь процессийн ноцтой алдаа болсон. Энэ хэрэг олон жил шүүхээр явж байгаа хэл ам ихтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан ил тод байдал, шударга ёсыг баримталж иргэдийн төлөөлөгчийг оролцуулах ёстой байсан.

Нотлох баримтыг үнэлэлгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Баянзүрх Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 41119 тоот захирамж, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 038385 тоот захирамжаар гал түймрийн шалтгааныг тогтоолгохоор Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхайн удирдлагын төвийг тус тус томилсон. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 14357 тоот захирамжаар, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 28992 тоот захирамжаар гал түймрийн шалтгаан нөхцөлийн тодруулахтай холбоотойгоор нарийн мэргэжлийн мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт хэрэгтэй байсан учир  тодорхой асуулттайгаар мэргэжлийн шинжээчийг томилсон.

Хавтаст хэргийн 102-103 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтээс харахад “цахилгааны гэмтлээс (богино холбоо, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м)-ээс болж өөрөөр хэлбэл, цахилгааны гэмтлээс үүдэлтэйгээр галт түймэр гарсан нь лабораторийн шинжилгээний дүгнэлтээр гарсан” гэдгийг тус тус тогтоосон. Мөн шинжээчийн дүгнэлтэд шүүхийн шийдвэрт бичигдсэн бидний барьсан гарааш нь ямар нэг байдлаар хүчил төрөгч дутагдсан ч юм уу гал түймрийн шалтгаан болсон талаар нэг ч үг, үсэг байгаагүй. Нэхэмжлэгчийн эд хөрөнгийг шатаасан гал манай гараашаас эхэлсэн талаар хэн ч маргаагүй харин уг манай гараашаас эхэлсэн гал нь ямар шалтгаантай гарсан бэ гэдэг нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан ч шүүх нотлох баримт, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Шүүхээс гараашны эзэн уг, гарааш нь доголдолтой, шинж байдлын хувьд дутагдалтай байсан учир хэмээн хавтаст хэрэгт авагдсан ямар ч нотлох баримтаар батлагдаагүй дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл, уг гараашийг барьснаар бусдын эд хөрөнгөнд аюул учруулах, гал түймэр гарах эрсдэлийг бүрдүүлсэн талаар, уг гарааш нь ямар нэг доголдолтой талаар ямар ч дүгнэлт мэдүүлэг байхгүй. Харин ч удаа дараагийн  шинжээчийн дүгнэлтээр гал түймэр нь гарааш барьснаас бус цахилгааны богино холбоо, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл зэрэг шалтгаантай цахилгааны гэмтэлээс болсон нь тодорхой байхад шүүх хэргийг шударгаар үнэн зөвөөр шийдэхэд хамгийн чухал ач холбогдол бүхий (хавтаст хэргийн 83-89, 102-103, 196 дугаар хуудас) баримтуудад ямар нэг дүгнэлт хийгээгүй.

2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр болох шүүх хуралд н.Д-ыг  гэрчээр оролцуулахгүй байх хүсэлийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан. Учир нь тухайн гал эх үүсвэр болсон кабелийн эзэн мөн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа ба одоо энэхүү байдал нь шүүхээр тогтоогдвол өөрөө энэхүү галд өртсөн айлуудын хохирлыг хариуцах хэрэгтэй болно гэдгээ мэдсэн. Иймээс шүүх хуралд өөртөө ашигтайгаар худал гэрчийн мэдүүлэг өгөх боломжтой. 215 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гал гарсны дараа авсан фото зураг болох 15 хуудаст багтаасан 23 ширхэг фото зураг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Хэрэглэгчидэд үйлчлэх төвийн техник үйлчилгээний инженер н.Мөнгөнцэцэгийг ирж газар дээр нь үзлэг хийх үеэр бичсэн видео буюу 1 ширхэг Си ди-г нотлох баримтаар өгсөн. Си ди болон фото зургаар галын эх үүсвэр болсон кабель манай кабель биш болохыг нотлох юм. 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр болох шүүх хуралд проектор, чанга яригч хэрэглэх хүсэлтэй байна. Уг шүүх хурлын үеэр хэргийг үнэн зөв шийдэхэд хэрэг болох бусад фото зураг, бичлэгүүдийг үзүүлэх хүсэлтэй байна.” гэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй.

Уг гал түймрийн эхлэл болсон кабелийн эзэн болох н.Д  шүүх хуралд орж өөртөө ашигтай гэрчийн мэдүүлэг худал өгсөн. Нотлох баримтаар өгсөн Си ди дээрх бичлэгийг шүүх хуралд суусан шүүгч болох Л.Э, Д.З нар үзээгүй. Уг Си ди дээрх бичлэгт уг галын эхлэл болсон кабель нь манайх мөн гэдгийг иргэн н.Д  удаа дараа хэлж байгаа, мөн галын дараах үнс нурам хогийг цэвэрлэсний дараа кабелийн тасархайгаа н.Д ын нөхөр С  нь би өөрөө залгасан хэмээн хэлж байгаа нь тодорхой байдаг. Уг шүүх хуралд орсон : шүүгч нарын олонх нь уг бичлэгийг үзээгүйгээс хэргийг буруу шийдвэрлэх үндэс болсон. Шүүх хурал дээр проектор, чанга яригч хэрэглэх хүсэлтийг хангаагүйгээс болж би дээрх баримтууд болох Си ди дээрх бичлэг, гал түймрийн үеэр болон гал түймрийн дараах уг хэрэгтэй холбоотой фото зургуудыг сайтар үзүүлж тайлбарлаж чадаагүй нь хэргийг буруугаар шийдэх үндэс болсон.

Шийдвэрийн 7 дугаар хуудсанд “Хариуцагч Ц.Б ийн эзэмшлийн эд хөрөнгөнд үүссэн галын улмаас нэхэмжлэгч Ш.Д-ийн эд хөрөнгөнд хохирол учирсан үйл баримт зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон” хэмээн бичсэн байгаагаас харахад Ц.Б  миний гараашид гал үүссэн мэтээр тайлбарласан байгаа нь үндэслэлгүй юм.  Гал түймэр нь кабелиас шалтгаалсан хэмээн 2015 оны оны 5 дугаар сарын 29-ний өдөр гарсан 385/2129 тоот шинжээчийн дүгнэлт, 6 дугаар сарын 25-ны өдөр Онцгой байдлын газраас гаргасан Түймэр гарсан тухай 282/1747 тоот актад: 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гарсан 9/201 тоот шинжээчийн дүгнэлтэд уг гал түймэр нь цахилгааны кабелиас болж гарсан хэмээн мэргэжлийн байгууллагууд нотолсон байхад түүнийг зориудаар үнэлэлгүй Ц.Б ийн гараашид гал түймэр гарсан хэмээн үзэж байгаа нь шүүгч нар уг хэргийг хэт нэг талыг баримтлан шүүсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгчийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлд “2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 389/2122 тоот шинжээчийн дүгнэлтээр гал гарах болсон шалтгаан нь цахилгаан дамжуулагчид хэт ачааллын эсэргүүцэл үүсэж улмаар дамжуулах утаснуудын болон төхөөрөмжүүдийг тооцоолж тохируулсан ачааллаас хэтрүүлж ачааллах үед халалт бий болсноос тоног төхөөрөмж халж гал түймэр гарсан шалтгаан болно” гэжээ. Тэгвэл “Ц.Б  нь гараашдаа тоног төхөөрөмж ажиллуулсны улмаас гал гарч манайд 12 258 000 төгрөгийн хохирол учруулсан тул уг мөнгийг яаралтай Ц.Б ээс гаргуулж өгнө үү” гэсэн буюу цахилгааны кабелиас үүссэн гал түймэрт учирсан хохирлыг барагдуулахаар нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх шийдвэрлэхдээ “Ц.Б ийн өмчлөлийн гараашид үүссэн гамшгийн улмаас Ш.Д-ийн хохирлыг Ц.Б ээр төлүүлэхээр хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2 удаа Баянзүрх дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг 2 удаа шинжээчээр томилж, уг шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зүгээс 3 удаа шүүхэд хариу ирүүлэхдээ бүгдэд нь худал хариулт ирүүлж байсныг холбогдох дээд байгууллага болох “УЦТС ” ТӨХК-д гомдол гарган шалгуулахад Баянзүрх дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь дүгнэлтийг хуурамчаар гаргаж байсан болох нь нотлогдсон шийдвэр 2019 оны 04-р сарын 05-нд буюу шүүх хурлаас хойш гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, эс бөгөөс анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д  давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлан хэрэглэж маргаан бүхий үйл баримтыг хуулийн зүйл хэсэгт зөв нийцүүлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Тодруулбал, Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас бус харин түүний эс үйлдлээс буюу өмчлөлийн зүйлс болох объектоос учруулсан гэм хорыг нэхэмжилж байна гэж зөв дүгнэлт хийсэн атлаа тухайн объектын улмаас гэм хор учирсан эсэх, өөрөөр хэлбэл, гал түймэр гарах болсон шалтгаан нөхцөл нь тэрхүү объект биш байгааг анхаараагүй. Аливаа этгээдийн эзэмшил болон өмчлөлд байгаа объект буюу барилга байгууламжийн улмаас бусдад гэм хор учруулсан харилцааг Иргэний хуулийн 500 дугаар зүйлээр, харин орчин тойрондоо аюул учруулж болох барилга байгууламжийн улмаас бусдад гэм хор учруулсан харилцааг мөн хуулийн 502 дугаар зүйлээр зохицуулсан.

Дээрх хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б ийн эзэмшлийн гараашийг бусдад хохирол учруулж болохуйц барилга байгууламжид тооцож, бусдад гэм хор учруулсан гэх үндэслэлээр эрсдэлийг хариуцуулсан нь тухайн болсон үйл баримтыг дээрх хуулийн зүйл хэсэгт нийцүүлж субсумци хийхдээ хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэл болохын зэрэгцээ “тодорхой хөрөнгө нь доголдолтой болон шинж байдлын хувьд дутагдалтай байснаас бусдын хөрөнгөнд хохирол учруулсан гэх нөхцөл байдлыг Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт зохицуулсан” гэж тухайн хуулийн зүйл хэсэгт заагаагүй урьдач нөхцөлийг зохиомлоор бий болгож тайлбарласан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт заасан “...эсхүл түүнд байрлуулсан буюу дамжуулан оруулсан эрчим хүч”-ний улмаас бусдад гэм хор учирсан тохиолдолд уг эрчим хүчийг ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл уг зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж ойлгохоор байна.

Гэтэл Ц.Б ийн эзэмшиж байсан гарааш гал түймэр гарах шалтгаан нөхцөл болоогүй, цахилгааны гэмтлийн улмаас /богино холбоо, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл гэх мэт/ гал түймэр гарсан нь галын шинжээч, Онцгой байдлын ахмад Ч.Н , Геологийн төв лаборатори, Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээч нарын дүгнэлтээр тус тус тогтоогдсон бөгөөд гал түймрийн эх үүсвэр болсон цахилгааны утас нь хариуцагч Ц.Б ийн эзэмшлийн гараашийг эрчим хүчээр хангаж байгаагүй, тэрээр өөрийн гараашдаа уг цахилгааны утсыг ашиглан эрчим хүч дамжуулж оруулаагүй, харин иргэн Н.Д ын Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 7-129 тоотод байрлах байшинг эрчим хүчээр хангадаг болохыг анхаараагүй төдийгүй шүүхийн шийдвэрт “маргааны оролцогч бус, гэм буруутай байж болох бусад этгээдүүдийн хувьд гэм буруутай үйлдэл, эс үйлдэл байгаа эсэхэд дүгнэлт хийх боломжгүй” гэсэн нь учир дутагдалтай юм. н.Д  нь цахилгааны утсаа холбогдох барилгын норм дүрмийн дагуу газар доогуур дамжуулан оруулалгүй хууль зөрчин Ц.Б ийн хашааны дай мод болон 128 тоот айлын хашааны дай модон дээгүүр дамжуулан гэр лүүгээ оруулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон, энэхүү хууль бус үйлдлийн улмаас гал түймэр гарч хариуцагч Ц.Б ийн автомашин болон гараашид байсан эд зүйлс бүхэлдээ устаж үгүй болсон атал тухайн гарааш анх шатсан болохоор тэр объектын эзэмшигч эрсдэлийг хариуцна гэж шүүх шийдвэрлэж байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцнэ. Хариуцагч Ц.Б  нь н.Д д холбогдуулан гэм хорын хохирлоо шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг энд дурдах нь зүйтэй. Нөгөөтээгүүр Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...хэргийн баримтад авагдсанаар цахилгааны кабелиас болж гал түймэр гарсан нь тогтоогдож байгаа тохиолдолд тухайн кабель эзэмшигчийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой...” гэж дүгнэн хэргийг шударгаар шийдвэрлэх чиглэлийг зөвтгөн тодорхойлсон байхад анхан шатны шүүх дахин хэргийг шийдвэрлэхдээ кабель утасны эзэмшигч хэн болоход ач холбогдол өгөөгүй, холбогдох нотлох баримтыг зөв үнэлэлгүйгээр адилхан бусдын эзэмшлийн доголдолтой кабель утаснаас өөрийнх нь эд хөрөнгөнд үлэмж хэмжээний хохирол учирсан Ц.Б ийг буруутгасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн зарим нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.Д  нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 12 258 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 127 тоотод байрлах Б-ийн  гараашаас 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд гал гарч Ш.Д-ийн 5 ханатай гэр, эд хогшил, хувцас, эдлэл шатаж 10 032 500 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан үйл баримт хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /1хх-ийн 5,12-10 дугаар тал/

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч Ч.Н ын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 389/2122 дугаар дүгнэлтийн 1-д “... гал түймэр гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагчид хэт ачааллын эсэргүүцэл үүсэж улмаар дамжуулах утаснуудыг болон тоног төхөөрөмжүүдийг тооцоолон тохируулсан ачааллаас хэтрүүлж ачаалах үед тэнд хор уршиг үүсэж болохуйц халалт бий болсноос төхөөрөмж халж гал түймэр гарсан байна.” гэж, Гамшиг судлалын хүрээлэн гамшигийн туршилт, шинжилгээний төвийн шинжээч нарын дүгнэлтэд “...Геологийн төв лабораторийн шинжилгээний дүнд лаб 3851-д хүчилтөрөгчийн агууламж 0.96 хувь, лаб 3852-т хүчилтөрөгчийн агууламж 0.97 хувь байгаа нь тухайн цахилгааны утаснуудад үүссэн бөмбөлөгүүд нь цахилгааны гэмтлээс/богино холбоо, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м/ болж үүссэн байна. Өөрөөр хэлбэл цахилгааны гэмтлээс үүдэж гал түймэр гарсан байгаа нь лабораторийн шинжилгээний дүнгээр нотлогдож байна.” гэж тус тус тогтоожээ./1хх-ийн 5,102-103 дугаар тал/

Анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 16667 дугаар захирамжаар АТП-2591 транспорматораас тэжээгдэж буй шит 32-т холбогдсон шатсан цахилгааны утас хэнийх болохыг тогтоолгохоор УБЦТС ХК-ийн харьяа Баянзүрх дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг шинжээчээр томилсон. Тухайн шинжээч хуульд зааснаар дүгнэлт гаргах үүргээ биелүүлээгүй, албан бичгээр хариу ирүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасныг зөрчсөн.

Хэрэгт авагдсан баримтаар цахилгааны утаснаас болж гал түймэр гарсан болох нь тогтоогдож байгаа тохиолдолд тухайн утасны эзэмшигчийг тодруулах нь талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд  ач холбогдолтой, уг асуудлыг тодруулсан шинжээчийн дүгнэлт зайлшгүй шаардлагатай байх бөгөөд Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7  дугаар сарын 06-ны өдрийн 1580 дугаар магадлалд энэ талаар болон хариуцагчийн гэм буруу тогтоогдоогүйг тодорхой заасан атал биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болно./2хх-ийн 31-36 дугаар тал/

Мөн хариуцагчийн  өмгөөлөгч дээрх асуудлыг тодруулах, шинжээч томилуулах хүсэлтийг 2018 оны 09 сарын 03-ны өдөр гаргасныг  шүүх хангаж шийдвэрлэн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 16170 дугаар захирамжаар “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг шинжээчээр томилсон. /2хх-ийн 43-46 дугаар тал/  Хэргийн 2 дугаар хавтасны 49-51 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд шинжээч гэх Б.М нь хуульд заасан эрх үүрэг, холбогдох хууль, журамтай танилцжээ. Гэтэл шинжээчийн дүгнэлтийг зохих ёсоор гаргаагүй 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрүүдэд дахин албан бичгээр хариу өгч дүгнэлт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг зөрчсөн байна. /2хх-ийн 52-53 дугаар тал/ хариуцагч түүний өмгөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Хариуцагчийн тайлбараас үзэхэд тэрээр шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан эсхүл тухайн шинжээчээр  дүгнэлт гаргуулахаас татгалзаж буйн аль нь болох нь тодорхойгүй, шүүх энэ талаар лавтай сайн тодруулаагүй атлаа дахин шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан гэх дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 389/2122 дугаар дүгнэлтэд цахилгаан дамжуулагчид хэт ачааллын эсэргүүцэл үүсэж улмаар дамжуулах утаснуудыг болон тоног төхөөрөмжүүдийг тооцоолон тохируулсан ачааллаас хэтрүүлж ачаалсан, халалт бий болсноос гал түймэр гарсан гэж дүгнэсэн. Энэ нь ямар шалтгаан нөхцөлийн улмаас болдог, үүнд хэрэглэгч хангагч нар эрх үүргээ хэрхэн хэрэгжүүлсэнтэй холбоотой эсэх талаар талуудыг хангалттай мэтгэлцүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, кабаль утас нь шатсан нь хэрэглэгчийн буруутай үйлдэл байгаа эсэх эсхүл хангагчийн нэг эх үүсвэрээс авсан холболтуудаас хамааралтай эсэхийг тодруулах нь ач холбогдолтой.

 Харин шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч ирээгүй, түүний эзгүйд шүүх хуралдаан явуулахыг зохигч зөвшөөрсөн болох нь 2 дугаар хавтас хэргийн 163, 164 дүгээр талд авагдсан баримтаар нотлогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг шүүх зөрчөөгүй байх тул хариуцагчийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй юм.

Хэргийн нөхцөл байдал дээрх байдлаар тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1,168.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00840 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 175 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                

                               ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Б.НАРМАНДАХ