Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2019/00866

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 22 өдөр          Дугаар 101/ШШ2019/00866          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Б.Доржийн гудамж, 82 дугаар байр, 38 тоот хаягт оршин суух, Харчин овогт Чулуунбатын Т /РД:ЧЗ73021074/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Цэргийн ангийн 5 дугаар байр, 2 тоот хаягт оршин суух, Лут овогт Мөнхтайваны Е /РД:ЕВ89090915/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1.476.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Т,

Хариуцагч М.Е,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Т би М.Етэй 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 800.000 төгрөгийг 12 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар  2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж баталгаажуулсан. Түүнийг хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй, өөрөө уншиж танилцсан.

Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч М.Е нь зээлийн төлбөрөө огт төлөөгүй, худал хэлсээр өнөөг хүрч байна.

Зээлийн гэрээний хугацааг сунгаагүй. Гэрээ байгуулсны дараа М.Е нь өөрийнхөө 88120504 гэсэн дугаараас Ш.Даваацэрэнгийн ХААН банкны 5029476628 тоот данс руу 700.000 төгрөг, өөрийнхөө Хас банкны 5002246706 тоот данс руу 100.000 төгрөгийг шилжүүл гэсэн мессэжийг миний 88730273 гэсэн дугаар руу ирүүлсэн. Үүнийх нь дагуу ХААН банкинд 700.000 төгрөг, Хас банкинд 100.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. 

М.Е нь гэрээний барьцаанд өөрийн иргэний үнэмлэх, Хас банкны виза картаа тавьсан, түүнээс биш Ш.Даваацэрэнгийн виза картыг аваад түүний цалинг авсан зүйл байхгүй. Ш.Даваацэрэнгийн асуудал тусдаа бөгөөд М.Етэй байгуулсан зээлийн гэрээтэй хамааралгүй юм.

М.Е 2018.10.15-ны өдөр жагсаалын үзлэг болох гээд байна, иргэний үнэмлэхээ өгөөч гэж гуйхаар нь түүнд буцаагаад өгсөн. Хас банкны виза картаа өөрөө хаалгачихсан байсан учир хэрэглэгчийн хүсэлтээр хураалаа гээд АТМ-д хураалгасан. Үүнийг М.Ед хэлэхэд дансаа явуулчих, мөнгийг чинь өгнө гэж хэлдэг байснаа сүүлдээ утсаа ч авахаа больсон.

Иймд М.Еэс үндсэн зээл 800.000 төгрөг, 6 сарын хугацааны хүү 576.000 төгрөг, зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож, 147 хоногийн алданги болох 100.000 төгрөг, нийт 1.476.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Е шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие М.Е нь 2009 оноос одоог хүртэл мөнгө зээлэгч Ч.Т гэдэг хүнтэй мөнгө санхүүгийн асуудлаар харилцан ажиллаж байсан.

 Ч.Т нь сарын 20 хувийн хүүтэй мөнгө зээлдэг нь үнэн болно. Миний бие М.Е нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрийн найз болох Ш.Даваацэрэнд мөнгөний хэрэгцээ гарсан тул Ч.Т гэдэг хүнтэй зуучилж өгч 800.000 төгрөг Ш.Даваацэрэнгийн данс болох /5029476628/ тоот дансанд хийлгэсэн.

Зээлийн гэрээ байгуулаагүй, хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэдгийг Ч.Тын эхнэр хажууд байсан болохоор мэдэх ёстой. Энэ хүнээс мөнгө зээлдүүлээч гэж олон удаа гуйгаагүй, тэр дор нь Ш.Даваацэрэнгийн дансанд мөнгийг шилжүүлсэн. Түүний утас руу явуулсан мессэж бүгд минийх маргах зүйлгүй. Би түүнд 700.000 төгрөгийг Ш.Даваацэрэнгийн дансанд, 100.000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүл гэсэн мессэж явуулсан нь үнэн, би 100.000 төгрөг авсан учир төлнө. Ш.Даваацэрэнгийн виза картнаас сар бүр 160.000 төгрөгийг 6 сарын хугацааны туршид авсан.

Иргэний үнэмлэхээ би буцаагаад Ч.Таас авсан, цалингийн картаа буцааж аваагүй бөгөөд цалингаа мобайлаар авч байгаа.

Иймд Ч.Таас авсан 100.000 төгрөгийг төлнө, бусдыг зөвшөөрөхгүй, түүнтэй тооцоогүй учир шалгаж үзээд хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч М.Ед холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 800.000 төгрөг, хүү 576.000 төгрөг, алданги 100.000 төгрөг, нийт 1.476.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч М.Е нь зээлийн гэрээний нөхцөлтэй танилцаагүй, хоосон цаасан дээр гарын үсэг зурсан, гэрээний дагуу 800.000 төгрөг хүлээн аваагүй, харин хүлээн авсан 100.000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг  зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Ч.Т нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 800.000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл буюу 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй зээлдүүлэх,

Хариуцагч М.Е нь зээлийг, хүүгийн хамт хугацаанд нь эргүүлэн төлөх, 

зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээ байгуулагджээ.

/х.х-ийн 4 дүгээр тал/

 

Зээлийн гэрээний зээлдүүлэгч талд Ч.Т, зээлдэгч талд М.Е гарын үсэг зурсан байх бөгөөд хариуцагч М.Е нь гэрээнд зурагдсан гарын үсэг мөн эсэх талаар маргаагүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч М.Е нь зээлийн гэрээ байгуулагдсан өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшиж буй 88120504 тоот дугаараас нэхэмжлэгч Ч.Тын эзэмшиж буй 88730273 тоот дугаар руу “Ш.Даваацэрэнгийн ХААН банкны 5029476628 тоот дансанд 700.000 төгрөг, Хас банкны 5002246706 тоот дансанд 100.000 төгрөг”-ийг тус тус шилжүүлэхийг хүссэн захидал /мессэж/  явуулсан,

Үүний үндсэн дээр нэхэмжлэгч Ч.Т нь дээрх банкны дурдсан дансанд   800.000 төгрөгийг хуваан шилжүүлсэн болох нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хас банкны орлогын маягт зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Талууд зээлийн гэрээний барьцаанд М.Есөн-Эрдэнийн иргэний үнэмлэх, Хас банкны виза картыг барьцаалсан, тодорхой шалтгааны улмаас хариуцагч нь иргэний үнэмлэхээ нэхэмжлэгч Ч.Таас буцаан авсан, Хас банкны виза карт хэрэглэгчийн хүсэлтээр хаагдсаны улмаас АТМ-д хураагдсан байх ба гэрээний зүйл болох 800.000 төгрөгийг шилжүүлэн авах захидлын /мессэж/ талаар зохигч маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

282 дугаар зүйлийн 282.4-т: “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд талуудын  хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч М.Есөн-Эрдэнийн хүсэлтээр 700.000 төгрөгийг Ш.Даваацэрэнгийн гэх ХААН банкны дансанд, 100.000 төгрөгийг түүний Хас банкны дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. 

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”,

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д: “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээ бичгээр хийгдсэн, үүргээ хугацаандаа биелүүлэхгүй бол анз төлөхөөр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ сунгагдсан талаарх, хариуцагч нь зээлийн эргэн төлөлт хийгдсэн талаарх баримтыг тус тус шүүхэд ирүүлсэнгүй.   

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.Т нь зээлийн гэрээний үүрэгт 6 сарын хугацааны хүү шаардсан шаардлагаа, хариуцагч М.Е нь зээлийн гэрээ байгуулагдаагүй, гэрээний зүйл 800.000 төгрөгөөс 700.000 төгрөгийг хүлээн аваагүй гэх тайлбарынхаа үндэслэлийг тус тус нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

Талуудын хооронд 2018.08.31-ний өдөр 1 сарын хугацаатай, 800.000 төгрөгийг, сарын 12 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч М.Е нь дээрх хугацааны дотор үндсэн зээл 800.000 төгрөг, гэрээгээр тохирсон хугацааны хүү болох 96.000 төгрөгийн хамт зээлдүүлэгч Ч.Тад буцаан өгөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байх тул тэрээр үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага болох алдангид 100.000 төгрөг төлөх үндэслэлтэй байна. 

 

Иймд хариуцагч М.Еэс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 800.000 төгрөг, гэрээний хугацааны хүү 96.000 төгрөг, алданги 100.000 төгрөг, нийт 996.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Тад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 480.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч М.Еэс 996.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Тад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 480.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч М.Еэс улсын тэмдэгтийн хураамжид 28.454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Тад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ЦОЛМОНГЭРЭЛ