Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 136/шш2022/00317

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 136/ШШ2022/00317

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, * дугаар хороо, Э хотхонд түр оршин суух, А аймаг, Э сум, * дугаар баг, Ц-У сум, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, Мын овогт Мын С /РД:***********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, 4 дүгээр баг, Г гудамж, 3**-** тоотод оршин суух, Ш овогт А А /РД:***********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 11,599,120 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э /цахимаар/

Хариуцагч: А.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч М.Сыг төлөөлж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төлүүлэгч М.Стой хариуцагч А.А нь анх өөрөө утсаар ярьж банкны зээл хаах гэсэн юм. 2-3 хоногийн хугацаатай мөнгө зээлүүлээч ээ, манай энд хувь хүмүүс 1 хувийн хүүтэй мөнгө зээлүүлдэг, тантай энэ хэмжээгээр хүүг нь тооцъё гэж гэрээ байгуулах санал гаргаснаар харилцан тохиролцож А.Ад 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 3 хоногийн хугацаатай 6,400,000 төгрөгийг зээлүүлж мөн өдөр хариуцагчийн 5361097629 тоот дансанд шилжүүлж өгсөн. Хариуцагч тайлбартаа яриад байна л даа О гэдэг бол нэхэмжлэгчийн төрсөн эгч нь юм. О нь Д аймгийн А суманд ажиллаж, амьдардаг. Тухайн зээлийг энэ хүний дансаар шилжүүлж авсан. Тухайн дансыг А нь өөрөө мэдэж байгаа. Гэтэл буцаан төлөх хугацааг хэтрүүлж зээлийг төлөөгүй учраас мөнгө зээлүүлснээс хойш 15 орчим хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээг бичгээр үйлдэж гэрээний гол нөхцөлийг анх утсаар ярьж тохиролцсон ёсоор тусган хариуцагч өөрөө зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээ байгуулж гарын үсэг зурсан байдлаа хариуцагч шүүхэд өгсөн тайлбартаа үгүйсгээгүй. Иргэний хуулийн 222 дугаар дугаар зүйлийн 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, 222 дугаар зүйлийн 1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг болгосон хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна. Харин үүргийг хугацаанд нь гүйцэтгэсэн ч тохиолдох байсан тохиолдлын улмаас үүссэн хохирлыг хариуцахгүй. 222 дугаар зүйлийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Хариуцагч зээлийн гэрээний хугацааг 1 сар 3 хоног хэтрүүлэн 2021 оны 12 дугаар 06-ны өдөр эхний төлөлт 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгчийн хаан банк дахь 51*********** тоот дансанд шилжүүлсэн. Үүнээс зээлийн хүүнд 1,920,000 төгрөг, үндсэн зээлд 508,000 төгрөгийг суутгаж тооцсон. Талууд бичгээр гэрээг харилцан тохиролцож зээл төлөх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс дахин 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл сунгаж мөн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн нэг сарын 30 хувийн 20 хувь буюу 939,200 төгрөг, нэг хоногийн хүүг 0,6 хувь буюу 28,176 төгрөг болгон багасгаж гэрээнд өөрчлөлт оруулсан байна. А нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн дансанд зээлийн 2 дахь төлөлт 3,000,000 төгрөгийг шилжүүлснээс зээлийн хүүд 1,776,000 төгрөгийг, үндсэн зээлд 1,224,000 төгрөгийг суутган тооцоо хийж үндсэн зээлээс 4,696,000 төгрөгийг төлөөгүй үлдсэн. Хариуцагч 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл зээлийн үлдэгдэл мөнгийг огт төлөөгүй. Иймээс анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх өдрийг хүртэл хугацаагаар зээлийн хүү тооцох нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны хүү 1,728,128 төгрөгийг нэмж, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн хүү 7 сар 14 хоногийн 6,903,120 төгрөг, үндсэн зээл 4,696,000 төгрөг нийт 11,599,120 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний бие нэмэгдүүлсэн шаардлагын хүсэлт гаргахдаа техникийн алдаа гаргаж 1,728,128 төгрөгийг нэмэхдээ алдаа гаргаад хүүг нь 6,353,000 төгрөг гэж буруу бичсэн байсан. Гэхдээ тэмдэгтийн хураамж миний нэхэмжилж байгаагаар 1,599,120 төгрөгөөр хоёр удаа төлсөн байгаа. Дээрх техникийн алдаа гаргасан байсан. Нийтдээ 11,599,120 нэхэмжилж байгаа юм. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн хавтаст хэрэгт цугларсан зээлийн гэрээ, зээлийн үлдэгдэл, хариуцагчийн данс, мөн зээлийн төлөлтийн мөнгөн дүнг төлөөлүүлэгч М.Сын дансанд шилжүүлсэн банкны хуулга, А.Агийн гэрээтэй танилцаж зээлсэн мөнгөө бүрэн гүйцэт олгоно, зээлийн гэрээний нэг хувь надад үлдсэн гэх агуулга, түүний өөрийн гараар бичсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага хангалттай нотлогдож байгаа. Хууль зүйн талаас нь тайлбар гаргая. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно. Хэлцэл нь гэрээнээс өргөн хүрээтэй ойлголт, гэрээ болгон хэлцэл, хэлцэл бүхэн гэрээ гэсэн томьёоллоор хэлцлийн агуулга хүрээ маш үндсэн тодорхой ойлгогдоно. Гэрээ нь талуудын хүсэл зориг, тэгш эрх, итгэлцэл, ойлголцол, тохиролцоо дээр байгуулагдана. Тэдгээрийн хоорондын харилцан хамаарлын үйлдлийн дарааллыг тусгайлан тогтоож зохицуулсан баримт бичиг юм. Иймд талууд гэрээ байгуулж хүсэл зоригоо тэгш эрхтэйгээр илэрхийлэх, хуульд үндэслэн гэрээний нөхцөл түүнийг хэрэгжүүлэх журмыг чөлөөтэй тохиролцох боломжтой. Хариуцагч энэ зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хариу тайлбарыг шүүхэд гаргасан байсан. Хуулийг хориглосон заалтыг зөрчсөн эсвэл хуулийн шаардлагыг хангаагүй зөрчсөн бол хэлцэл гэж үздэг. Харин нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм, хэмжээнд харшилж хүмүүсийн аж, амьдрал хүмүүжилд тогтсон ахуйн соёлын хэм хэмжээнд гажиж, ёс бус, хүний эрхийг хязгаарласан, дордуулсан нөхцөлийг ойлгоно. А.А утсаар ярьж төлүүлэгч М.С хүлээн зөвшөөрснөөр хэлцэл хийгдсэн. Гэрээний нөхцөлд хэлцэл хүчин төгөлдөр бус байх, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл, агуулсан заалт тусгагдаагүй. Иргэний хуулийн 281,282, 283 дугаар зүйлд зохицуулсан зээлийн гэрээний шаардлагыг бүрэн хангасан, хуулийн үндэслэл бүхий хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсан тооцно. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т мөн эд хөрөнгийг зээлдэгч шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж хуульчилсны дагуу төлүүлэгч М.С хариуцагчийн дансанд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 6,400,000 төгрөгийг шилжүүлж, А.А хүлээн авснаар гэрээ хүчин төгөлдөр болж хариуцагч мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээсэн. Талууд хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр гарын үсгээ зурж иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдсан тул нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй. Хариуцагч мөнгө зээлэхдээ хүү төлөхөөр огт тохироогүй, Сын шахалт шаардлагаар хүү төлөхөөр гэрээнд тусгагдсан гэж мөн шүүхэд гаргасан тайлбартаа үндэслэл болгон дурдсан байна. Гэтэл хариуцагчийн хүсэлтээр зээлсэн мөнгөний сарын 30 хувийн хүүг 20 хувь, нэг хоногийн 1 хувийн хүүг 0,6 хувь болгож бууруулан гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулан нэхэмжлэгч тал техникчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлж шийдүүлсэн нь А.Агийн тайлбарыг үндэслэлгүй, үгүйсгэсэн нотолгоо болгож байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийн дагуу хариуцагч хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдсөнөө баримтаар нотлох шаардлагатай. Мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана. Мөн 126 дугаар зүйлийн 126.3-т шийдвэрийг анхан шатны шүүх, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах хуулийн зохицуулалтай. Хариуцагч А.А өөрөө татгалзлын үндэслэлээ баталж нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн татгалзлын үгүйсгэл нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй юм гэжээ.

Хариуцагч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг М.С гэх хүнтэй утсаар гэрээ хийж, танаас мөнгө зээлье гэж утсаар ярьсан гэж байна. Энэ бол би С гэх хүнийг анхнаасаа танихгүй. Харин О гэх хүнийг бол танина. Бид хоёр хамт ажилладаг. С гэдэг хүнээс О гэх хүн мөнгө авч надад өгсөн гэдгийг тухайн үедээ би мэдээгүй. Дараа нь нэг сарын ард дээр С гэх хүн утсаар залгаад би эгчдээ мөнгө зээлсэн байсан. Чи хамт ажилладаг хүн нь гэж байна.Одоо мөнгөө авмаар байна гэж ярьсан. Хэрвээ над руу 11 дүгээр сарын 03-ны өдөр тэр хүнтэй холбогдоод ярьсан гэж байгаа бол хэрэг шүүх дээр ирсэн байгаа юм чинь миний дугаарын ярьсан бүртгэлийг шүүх боломжтой. Хэдэн сарын хэдэнд М.Стой ярьсан гэж үзэж байгаа ба тэр өдрийн дуудлагыг шүүлгэж хармаар байна. Миний хувьд тухайн жагсаалтыг нотолгоо болгож өгмөөр байна. Энэ бол нэхэмжлэгч талаас надтай анх гэрээ хийсэн гэж байгаа. Ер нь гэрээг ажил амрах үед буюу 6 дугаар сард С гэх хүн анх манай А суманд ирээд намайг айлын ажил явдал дээр байх үед орж ирээд, О гэх хүний гэрт нь хүртэл аваачаад гэрээс нь гарахгүй, бичиг баримтыг маань авч яваад надаар гарын үсэг зуруулснаар гэрээ хийгдсэн. Тэгэхэд анх М.С гэх хүнийг анх харсан. Тухайн үед А суманд ирээд манай ажил, болон намайг айлын ажил явдалд оролцож байхад ороод гарсан. Тухайн үед өөрөө бэлдсэн гэрээ авчраад гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн үед би аргагүйн эрхэнд айлд байсан болохоор л гарын үсэг зурж өгсөн гэжээ.

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгчээс Э.Эт олгосон итгэмжлэл /хх-2/, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны байгуулагдсан Барьцаагүй зээлийн гэрээ /хх-3, 4/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, М.Огийн 51********** тоот дансны хуулга /хх-6/, М.Сын хаан банкны 50********** тоот дансны хуулга /хх-7, 8/, улсын тэмдэгтийн хураамж 172,886 төгрөг төлсөн тухай баримт /хх-9/, нэхэмжлэлийн шаардлагаа 1,728,128 төгрөгөөр нэмэгдүүлсэн тухай шаардлага, улсын тэмдэгтийн хураамж 42,600 төгрөг төлсөн тухай баримт /хх-28, 29/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас хариу тайлбар /хх-19, 20/, Хаан банкны 53********* тоот дансны хуулга /хх-32/, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /хх-33/ зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.С нь хариуцагч А.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,599,120 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлагаас 760,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргаж байна. Хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг М.Сос зээл аваагүй, хэрэгт авагдсан барьцаагүй зээлийн гэрээг нөхөж байгуулсан нь хүчин төгөлдөр бус болсон гэж гэжээ.

Шүүх нэхэмжлэгч М.Сын нэхэмжлэлээс 1,965,192 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 9,633,928 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

А.А нь өөрийн банкны зээлийг чөлөөлөх зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 6,400,000 төгрөгийг зээлдүүлэгчээс авсан, А.А нь зээлийн төлбөрт 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөгийг М.Сын дансанд шилжүүлсэн талаар талууд мараагүй.

Хариуцагч А.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Барьцаагүй зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж дүгнэсэн бөгөөд гэрээнд өөрийн хүсэл сонирхлын үүднээс хүү тооцох нөхцөл тусгасан, хүү төлөх талаар тохиролцоогүй, гэрээг М.Стой байгуулаагүй, гэрээг М.Сын шахалтаар нөхөж байгуулсан нь хууль бус болсон гэж тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн. Талууд гэрээ байгуулж хүсэл зоригоо тэгш эрхтэйгээр илэрхийлэх, хуульд үндэслэн гэрээний нөхцөл түүнийг хэрэгжүүлэх журмыг чөлөөтэй тохиролцож байгуулсан. Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм, хэмжээнд харшилж хүмүүсийн аж, амьдрал хүмүүжилд тогтсон ахуйн соёлын хэм хэмжээг гажиж, ёс бус, хүний эрхийг хязгаарласан, дордуулсан нөхцөлийг ойлгоно. Барьцаагүй зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281, 282, 283 дугаар зүйлд зохицуулсан зээлийн гэрээний шаардлагыг бүрэн хангасан, хуулийн үндэслэл бүхий хүчин төгөлдөр гэрээ мөн. Талууд хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр гарын үсгээ зурж иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдсан. Хариуцагчийн хүсэлтээр зээлсэн мөнгөний сарын 30 хувийн хүүг 20 хувь болгож бууруулан гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсан. Шахаж шаардан байгуулсан гэдэг нь үндэслэлгүй. гэж маргаж байна.

Талууд зээл, зээлийн хүү, хугацаа зэрэг зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар анх амаар хэлэлцэн тохиролцож хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсний дагуу нэхэмжлэгч М.С нь М.Огийн харилцах банкны дансаар дамжуулан 6,400,00 төгрөгийг хариуцагч А.Ад шилжүүлжээ. Зээлийн гэрээг нөхөж бичгээр байгуулж, хүсэл зоригийн илэрхийллээ хожим баталгаажуулж бичгийн хэлбэрт оруулж зээлийн гэрээ бичгээр хийсэн нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим болох Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцэж байна.

Хэдийгээр хариуцагч нь тухайн зээлийн гэрээг нөхөж хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хэрэв зээлдэгч А.А нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр огноолсон зээлийн гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нөхөж байгуулахдаа өөрийн сайн дурын үндсэн дээр байгуулсан, тухайн зээлийн гэрээнд дурдсан нөхцөлүүд болон зээлийн хүүгийн хэмжээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.С болон хариуцагч А.А нарын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан ба хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, нэхэмжлэгчийн шахалтаар гэрээг байгуулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Талууд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан барьцаагүй зээлийн гэрээнд М.С болон А.А нар зээлийн гэрээг бичгээр нөхөж үйлдэн Барьцаагүй зээлийн гэрээ-г байгуулжээ. Тус барьцаагүй зээлийн гэрээгээр гэрээний хугацааг 2021 оны 11 дүгээр сарны 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 30 өдрөөр сунгаж, А.Агаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр М.Сын 20*********** тоот хаан банкны дансанд хийсэн 2,500,0000 төгрөгөөс 1,920,000 төгрөгийг нэг сарын хүүгийн төлбөрт, үлдэх 580,000 төгрөгийг үндсэн зээлээс тооцон хасаж, үндсэн зээл 5,920,000 төгрөг үлдсэнийг 1 сарын хугацаатай буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл сунгажээ. Мөн А.Агаас 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр М.Сын 50**********дугаар дансанд шилжүүлсэн 3,000,000 төгрөгөөс 1,776,000 төгрөгийг нэг сарын хүүгийн төлбөрт, үлдэх 1,224,000 төгрөгийг үндсэн зээлээс тооцон хасаж үлдэгдэл 4,696,000 төгрөг, сарын хүү 939,200 төгрөг болсон талаар, зээл авагч Атай харилцан тохиролцсоны үндсэн дээр хүүг 20% болгон багасгаж 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс үндсэн зээл болон хүүгийн төлбөр төлөөгүй тул 2022 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн байдлаар 6 сар 08 хоногийн хүү 5,635,000 төгрөг, хоногийн хүү 250,400 төгрөг, нийт 10,581,400 төгрөг болсон талаар, дээрх гэрээний сунгалтын хугацаанаас хэтэрсэн хугацаагаар хүү бодогдох талаар тус тус тусгасан байна.

Хариуцагч А.А дээрх зээлийг тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. гэж заасан байна. Талууд хүүгийн хэмжээг хэт өндрөөр буюу сарын 30%-20% байхаар тогтоосон байх ба хариуцагч зээлийн гэрээний хүүг эс зөвшөөрч маргаж байх тул шүүхээс зээлийн гэрээний хүүг сарын 5 хувь болгож бууруулах нь зүйтэй гэж үзлээ.

Талууд Барьцаагүй зээлийн гэрээний 2 дугаар зүйлд зээлдэгчийн төлсөн төлбөрөөс хүүгийн төлбөрийг эхэнд суутган үлдэх хэсгийг үндсэн зээлээс хасаж, үлдсэн зээлээс дараа сарын хүү бодох байдлаар зээлийн үлдэгдлийг тооцсон байх тул энэхүү талуудын тохиролцсон аргачлалын баримтлав.

Талууд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 6,400,000 төгрөгийг нэг сарын хугацаатай гэрээ байгуулсан ба зээлийн хүүг 5 хувиар тооцоолбол 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хүүгийн төлбөр 320,000 байна.

Хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Уг төлбөрөөс нэг сарын хүүгийн төлбөр 320,000 төгрөгийг хасаад 2,180,000 төгрөг үлдэх ба үндсэн зээл 6,400,000 төгрөгөөс 2,180,000 төгрөгийг хасаад 4,220,000 төгрөг үлдэж байна.

Үлдэгдэл үндсэн зээл 4,220,000 төгрөгийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сар хүртэлх хүүгийн төлбөр 211,000 байна.

Хариуцагч 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Уг төлбөрөөс нэг сарын хүүгийн төлбөр 211,000 төгрөгийг хасаад 2,789,000 төгрөг үлдэх ба үндсэн зээл 4,220,000 төгрөгөөс 2,789,000 төгрөгийг хасаад 1,431,000 төгрөг үлдэж байна.

Үлдэгдэл зээл 1,431,000 төгрөгөөс тооцвол 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сар хүртэл сар бүр 71,550 төгрөг буюу нийт 500,850 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 03-17-ны өдөр хүртэлх 14 хоногийн хүү 33342,3 төгрөг /1,431,000/100*(5/30*14)/ нийт 534,192 төгрөгийн хүү төлөхөөр байна.

Хариуцагч А.Агаас 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр М.Сд төлсөн гэх 140,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулна гэх тайлбар гаргаж байх боловч уг төлбөрийн зориулалт гэрээний үүргийн гүйцэтгэл бус хожим бий болсон замын зардлын зориулалттай байсан, талууд уг зориулалтын талаар маргаагүй тул тус төлбөрийг гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А.А нь хүчин төгөлдөр Барьцаагүй зээлийн гэрээний дагуу нийт 1,965,192 төгрөг төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн шаардлагаас 1,965,192 төгрөгийг хангаж, үлдэх 9,633,925 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215,600 төгрөгөөс 200,536 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 14,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Агаас 46,393 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Сд тус тус олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Агаас 1,965,192 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Сдд олгож, үлдсэн 9,633,925 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215,600 төгрөгөөс 200,536 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 14,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Агаас 46,393 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Сд тус тус олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА