Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 202/МА2022/00018

 

 

 

М.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 136/ШШ2022/00317 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *** түр оршин суух, **** тоотод оршин суух, З овогт М-ын С -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** оршин суух, Ш овогт А-ын А-д холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 11,599,120 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...Хариуцагч А.А анх 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 6,400,000 /зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаатай, өдрийн 1 /нэг/ хувь буюу 64,000 /жаран дөрвөн мянга/ төгрөгийн хүүтэй итгэмжлэлээр төлөөлүүлэгч *** оршин суух З овогт М-ын С-ос зээлж, мөн өдөр хариуцагчийн Х банк дахь **** тоот дансанд дээрх мөнгийг шилжүүлсэн болно. А.А нь зээл аваад гэрээний хугацааг хэтрүүлж 2021.12.06-ны өдөр М.Сын Х банкны   тоот дансанд 2,500,000 төгрөг шилжүүлснээс зээлийн хүү 1,920,000 төгрөгийг хасаж, үндсэн зээлээс 580,000 төгрөгийг суутгаж тооцсон. Талууд харилцан тохиролцож гэрээг 2021.12.03-ны өдрөөс 2022.01.03-ны өдөр хүртэл хугацаагаар сунгаж, 2022.01.04-ний өдөр М.Сын Х банкны **** тоот дансанд хариуцагч 3,000,000 төгрөг шилжүүлснээс зээлийн хүү 1,776,000 төгрөгийг хасаж, үндсэн зээлээс 1,224,000 төгрөгийг суутгаж тооцоо хийгээд үндсэн зээл 4,696,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Төлөөлүүлэгч М.С хариуцагчтай 2022.01.04-ний өдөр харилцан тохиролцоод зээлийн нэг сарын 30 хувийн хүүг 20 хувь буюу 939,200, нэг өдрийн 0,6 хувь буюу 28,176 төгрөг болгон багасгасан боловч өнөөдрийг хүртэл 5 сар 17 хоног зээлийн төлөлт огт хийгээгүй тул 2022 оны 06 дугаар сарын 20-ны байдлаар зээлийн хүү 5 сар 16 хоногийн 5с*939.2000=4.696.000, 17х28.176=478.992, нийт хүү 5.174.992 төгрөг, үндсэн зээл 4.696.000 төгрөг, үндсэн зээл 4.696.000 төгрөг, бүгд 9.870.992 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

            2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, үндэслэлийн агуулга: “...Хариуцагч А.Ад холбогдуулан 2022.06.20-ны өдөр зээлийн мөнгө, хүү, нийт 9,870,992 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл танай шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 08 дугаар сарын 17-ны байдлаар зээлийн хүү 1 сар 28 хоногийн 1,728,128 төгрөгөөр нэмэгдүүлж шаардлагын хэмжээг 11,049,120 төгрөг болгон ихэсгэж байгааг хүлээн авч шийдвэрлэнэ үү.” гэжээ.

 

3. Хариуцагч А.Агийн татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: “...Иргэн А.А би хамт ажилладаг багш М.Оээс 2021.11.03-ны өдөр 6,400,000 төгрөгийг зээлсэн. /дансны хуулгаар нотлогдоно/. Гэтэл М.О: “...Би тэр мөнгийг дүүгээсээ зээлж авсан байсан гээд дүү М.С гэх хүний дансанд зээлийн төлбөрөө төлөөрэй” гэсний дагуу нийт 5,500,000 төгрөгийн эргэн төлөлтийг дараах байдлаар төлж барагдуулсан, зээл авах үед зээлийн гэрээ байгуулаагүй болно. Зээлийн төлөлт хоцроосноос болж иргэн М.С болон М.О нар тэгвэл сарын хүү нэмж тооцно чиний хүү замаа алдлаа, өрөө төл... гэх мэтээр утсаар холбогдох болсон. Надад үндсэн зээлээ л төлөхөөс илүү төлнө гэж зөвшөөрсөн тохиролцсон зүйл огт байхгүй. Анх зээлсэн 6,400,000 төгрөгийн 5,500,000 төгрөгийг төлчихсөн байхад зээлдүүлэгч тал өөртөө ашиг олох давуу байдал үүсгэх зорилгоор зөвхөн өөрийн хүсэл сонирхлын үүднээс хүү тооцох нөхцөл тусгасан зээлийн гэрээ, зээлийн гэрээний сунгалт гэх баримт буюу Иргэний хуулийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”-ийг нөхөж байгуулсан тул нотлох баримтын шаардлагаас хасч өгнө үү. Иргэн А.А миний хувьд үндсэн зээлийн үлдэгдэл болох 900,000 төгрөгөөс 2022.06.23-ны өдөр төлсөн 140,000 төгрөгийг хасаад 760,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Зээлийн дүнгээс хүү тооцсон төлбөр гэх нийт 9,980,992 төгрөгийн нэхэмжлэлийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

4. Хариуцагч А.Агийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн тайлбарын агуулга: “...А миний бие нэхэмжлэгч талын нэмэгдүүлсэн шаардлагыг гардан авлаа. Нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүх хуралдаанд амаар гаргах болно. Иймд 14 хоногийн хариу тайлбар өгөх эрхээ эдлэхгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэжээ..

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Агаас 1,965,192 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.С-д олгож, үлдсэн 9,633,928 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Сын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215,600 төгрөгөөс 200,536 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 14,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Агаас 46,393 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Сд тус тус олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эын давж заалдсан гомдлын болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

 

6.1. “...Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын цуглуулж, гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитой үнэлж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй тул шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн хүүг багасгасан шүүхийн шийдвэр хууль зүйн болон бодит үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийн заалтыг хангаагүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хариуцагчийн хүсэлтээр зээлийн хүүг бууруулахаар заасан байхад шүүх “... хариуцагч зээлийн гэрээний хүүг эс зөвшөөрч маргаж байх тул ..." гэсэн үндэслэлээр зээлийн хүү/ багасгасан. Хариуцагч зээлийн хүүг багасгах хүсэлт гаргаагүй.  Харин А.Агийн “С гэдэг хүнтэй огт хүүтэй зээлийн асуудал яригдаагүй, зээл авах үед зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн төлөлт хоцроосноос болж М.С сарын хүү нэмж тооцно гэж утсаар ярьсан, хүү төлнө гэж зөвшөөрсөн тохиролцсон зүйл огт байхгүй, өөртөө ашиг олох давуу байдал үүсгэх зорилгоор, өөрийн хүсэл сонирхлын үүднээс хүү тооцох нөхцөл тусгасан” гэсэн хариу тайлбар нь зээлийн хүүг багасгахтай агуулгын авцалдаагүй, хамааралгүй, үүнийг шүүх зээлийн хүүг багасгах хүсэлт гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй шийдвэр болсон учир нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулах хүсэлт гаргаж байна. Шийдвэрийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гардаж авсан болно.” гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

 Давж заалдах шатны шүүхээс зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эаас хариуцагч А.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 599 120 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...М.С 2021 оны 11 сарын 03-ны өдөр  6 400 000 төгрөгийг, өдрийн 1 хувийн хүүтэй, мөн оны 12 сарын 03-ны өдөр хүртэл А.Ад зээлсэн, хариуцагч А.А зээл аваад гэрээний хугацааг хэтрүүлсэн, 2021-12-06-ны өдөр 2 500 000 төгрөгийг шилжүүлснээс зээлийн хүү 1 920 000 төгрөгийг хасаж, үндсэн зээлээс 580 000 төгрөгийг суутгасан. 2022-01-04-ний өдөр 3 000 000 төгрөг шилжүүлснээс зээлийн хүү 1 776 000 төгрөгийг хасаж, үндсэн зээлээс 1 224 000 төгрөгийг суутгаж, үндсэн зээл 4 696 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Хариуцагчтай харилцан тохиролцоод зээлийн нэг сарын 30 хувийн хүүг 20 хувь буюу 939 200 төгрөг болгон багасгасан боловч өнөөдрийг хүртэл төлөлт огт хийгээгүй учир  2022  оны 8 сарын 17-ны байдлаар 1 728 128 төгрөгөөр нэмэгдүүлж,  зээлийн гэрээний үүрэгт 11 599 120 төгрөгийг нэхэмжилнэ” гэж тодорхойлсон.

 

 Харин хариуцагч А.А нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...би хамт ажилладаг багш М.Оээс 2021.11.03-ны өдөр 6,400,000 төгрөгийг зээлсэн. М.О тэр мөнгийг дүүгээсээ зээлж авсан гээд Сын дансанд зээлийн төлбөрөө төлөөрэй гэсний дагуу 2021.12.06-ны өдөр 2,500,000 төгрөг,  2022.01.04-ний өдөр 3,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 900,000 төгрөгийг төлж барагдуулах боломжгүйн улмаас өдийг хүрсэн нь үнэн боловч анхнаасаа М.С гэдэг хүнтэй огт хүүтэй зээлийн асуудал яригдаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас 760 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу 1,965,192 төгрөгийг хариуцагч А.Агаас гаргуулж, нэхэмжлэгч М.Сд олгож, үлдэх 9,633,928 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч М.С нь эгч М.Оийн дансаар дамжуулан 6 400 000 төгрөгийг  хариуцагч А.Агийн данс руу шилжүүлсэн, хариуцагч энэ мөнгийг М.Оээс өөрийн дансаар хүлээн авч, төлбөрийн 2 удаагийн төлөлтийг М.Сын Х банкны дансаар түүнд шилжүүлсэн  үйл  баримт болж өнгөрсөн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргаж өгсөн Х банкны дансны хуулга /1 хх 6,7,8,33/, шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж буюу 1,965,192 төгрөгийг хариуцагч А.Агаас гаргуулж, нэхэмжлэгч М.Сд олгож, үлдэх 9,633,928 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хууль дахь “Зээлийн гэрээ” гэж зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

 3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...зээлийн хүүг багасгах хүсэлт албан ёсоор гаргаагүй байхад 9.633.928 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү ” гэсэн агуулга бүхий гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болно. 

 

Хэрэгт авагдсан талуудын тайлбар, нэхэмжлэгчээс мөнгө шилжүүлснийг нотолсон дансны хуулга, хариуцагчаас зээл төлөлт гэж 5 500 000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн баримт, 2021 оны 11 сарын 03-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ / 1хх 3/ зэрэг нотлох баримтыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч М.С нь эгч М.Оийн дансаар дамжуулан 6 400 000 төгрөгийг хариуцагч А.Ад зээлсэн, хариуцагч зээлийг хүлээн авсан, хариуцагч нь 2021.12.06-ны өдөр 2500000 төгрөг, 2022.01.04-ний өдөр 3000000 төгрөг, нийт 5500000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй ба харин зохигчид гэрээ байгуулсан хугацааг нэхэмжлэгч тал 2021.11.18 –ны өдөр гэж, хариуцагч 2022.06.23-ны өдөр  гэж тус тус маргаж, улмаар хариуцагч хүүгийн нөхцөлийн талаар анхнаасаа тохиролцоогүй, гэрээг бичгээр байгуулах үед хүүгийн нөхцөлийг гэрээнд заасан гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, мөн тэдний хооронд бичгээр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр  гэж үзсэн нь энэхүү хуульд нийцсэний гадна энэ талаарх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй болно.

 

Зохигчид зээлийн гэрээний хүүгийн нөхцөлийн талаар маргасан байх ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх ба энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах юм.

 

Хэрэгт нэхэмжлэгч талаас ирүүлсэн бичгийн хэлбэртэй “Барьцаагүй зээлийн гэрээ” –г 2021.11.03-ны өдрөөр огноолсон байх боловч гэрээний агуулгаас үзэхэд буюу “...2022 оны 01 сарын 04 өдөр М.С миний *** гэсэн Х банкны дансанд 3000000 /гурван сая төгрөг/-ийг хийсэн. Түүнээс хүү болох 1776000 /нэг сая долоон зуун далан зургаан мянга/-н төгрөгийг хасаж үлдэгдэл 4696000 төгрөгийн нэг сарын хүү 939200 байна. ... 2022 оны 06 дугаар сарын 12 өдрийн байдлаар 6 сар 08 хоногийн хүү 939200*6=5635000 төгрөг хоногийн хүү 8*31300=250400 нийт хүүгийн төлбөр 5885400, нийт 10581400 төгрөг ...” гэж зааснаас үзэхэд гэрээг 2022.06.12-ний өдрийн байдлаар нөхөж хожим бичгийн гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул гэрээг нөхөж хожим бичгийн хэлбэрээр байгуулсан нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй ба гагцхүү ийнхүү бичгээр байгуулсан үеэс эхлэн хүүгийн нөхцөлийн талаар бичгээр тохиролцсон гэж үзэх, улмаар нэхэмжлэгч энэ үеэс л хүү шаардах эрхтэй болно.

 

Тодруулбал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн ... хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар ... хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр байх ба энд зааснаар уг хэлцлийг шинээр хийсэнтэй адилтгаж үзэх тул талууд гэрээг бичгээр байгуулсан үеэсээ л хүүгийн нөхцөлийн талаар бичгээр тохиролцсон гэж үзэх юм.

 

Зохигчдыг 2022.06.12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээ байгуулсан гэж үзвэл нэхэмжлэгч нь энэ хугацаанаас хойш хүү шаардах эрхтэй ба энэ үед хариуцагч 6400000 төгрөгөөс 5500000 төгрөгийг төлж 900000 төгрөгийн үүргийг биелүүлээгүй байсан тул уг дүнд хүү тооцох үндэслэлтэй болно.

 

Мөн хариуцагч зээлийн хүүг багасгах тухай хүсэлт гаргаагүй ч анхан шатны шүүхээс энэхүү зээлийн гэрээнд заасан хүүгийн хэмжээг хэт өндрөөр буюу 30%-20% байхаар тогтоосон нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж дүгнэж, хариуцагчаас нийт 1 965 192 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор  шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмыг үндэслэн анхан шатны шүүхийн энэхүү тооцооллыг өөрчлөх шаардлагагүй гэж үзэв.

 

Хариуцагч А.А нь гэрээг өөрийн хүсэл зоригоор байгуулаагүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан байх боловч энэхүү нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хариуцагч энэхүү татгалзлаа нотлоогүй болно.

 

Улмаар хариуцагч  зээлийн “гэрээ” /1 хх-3/-нд заасан зээл, зээлийн хүү, хугацаа зэрэг гэрээний гол нөхцөлийг зөвшөөрч энэхүү хүсэл зоригийн илэрхийллээ баталгаажуулан гарын үсгээ зурсан байх тул бичгээр байгуулсан энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэлтэй.

 

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Нэгэнт анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон учир давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 169093 /1 хх 56/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 136/ШШ2022/00317 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169093 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход   саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                 ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БОЛОРМАА