Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2016/0932/з |
Дугаар | 221/MA2017/0273 |
Огноо | 2017-04-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 221/MA2017/0273
Ж.Буянбатын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунням, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцэцэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 106 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Буянбатын нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 106 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Буянбатын “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын талаар зохих тэмдэглэгээ хийхийг даалгах” шаардлага бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, дэд даргын албан тушаал өөрчлөгдөөгүй, харин хэрэгжүүлэх чиг үүрэг, хариуцах асуудал нь өөрчлөгдсөн талаар зөв дүгнэсэн атлаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хууль бус шийдвэр гаргаж байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “....бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заажээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/48 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, дэд даргын хариуцан ажиллаж байсан ажил, үүргийн чиг үүрэг өөрчлөгдсөн байх ба харин албан тушаалын орон тоо хасагдаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, шинэчлэн батлагдсан бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын удирдлагад төлөвлөлт зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн гэх шалтгаанаар нэхэмжлэгч Ж.Буянбатыг ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Дээрх хуульд зааснаас үзвэл бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан тохиолдолд төрийн албанаас чөлөөлөхөөр заасан байх ба харин бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдаагүй тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалын орон тоо хасагдаагүй байгаа, хасагдаагүй байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд нэхэмжлэгч Ж.Буянбатыг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж байгаа нь хууль зөрчиж байна. Энэхүү маргаан бүхий актыг шүүх дүгнэж шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль бус шийдвэр гаргаж байгаад маш их гомдолтой байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Цагдаагийн ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй. Харин Цагдаагийн ерөнхий газрыг жинхэнэ хариуцагч биш гэж үзээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзсан. Дараа нь шүүх хуралдаан дээр энэ талаар ярилцаж байгаад гаргасан хүсэлтээсээ татгалзсан юм. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласан зарим үг, өгүүлбэрийг хасч бичсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, 183 дугаар зүйлийн 3, Цагдаагийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/48 дугаар тушаалыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ж.Буянбатыг албан тушаалаас нь чөлөөлжээ.
Дээрх тушаалыг нэхэмжлэгч Ж.Буянбат эс зөвшөөрч Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын орон тоо хасагдаагүй гэх үндэслэлээр “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах”-ыг хүссэн шаардлага гаргасан байх ба хариуцагчаас “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/48 дугаар тушаалаар Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн тогтоосноор нэхэмжлэгч Ж.Буянбатын ажиллаж байсан дэд даргын албан тушаалын чиг үүрэг Цагдаагийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар тэргүүн дэд даргын хариуцах чиг үүрэгт шилжсэн тул бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн” гэж маргасан.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн зөв үнэлж чадаагүйгээс Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг нэгээс илүүгүй орлогч даргатай байна. Агентлагийн орлогч даргыг төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг харгалзан Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө” гэж, Цагдаагийн албаны тухай хуулийн /2013 оны/ 18 дугаар зүйлийн 18.4-т “…тэргүүн дэд дарга, дэд даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө” гэж заасан нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрх хэмжээг тодорхойлсон зохицуулалт мөн боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох хуулийг мөрдөж ажиллах үүрэгтэй.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай” А/48 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын хариуцаж байсан Гэмт хэрэгтэй тэмцэх алба, Нийтийн хэв журам хамгаалах алба, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын хариуцах зохион байгуулалтын удирдлагад, харин тэргүүн дэд даргын хариуцаж байсан Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэс, Хүний нөөц сургалтын хэлтэс, Хуулийн хэлтэс, Гадаад харилцааны хэлтэс нь Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын хариуцах зохион байгуулалтын удирдлагад шилжсэн, өөрөөр хэлбэл тус тусын хариуцан удирдах алба, хэлтэс нь өөрчлөгдсөн, өөр ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй байна.
Ийнхүү харъяа агентлагийнхаа зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах эрх хэмжээ хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдад хуулиар олгогдсон талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн ч “бүтэц, орон тоо өөрчлөгдсөн” гэх үндэслэлээр төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий акт холбогдох хуульд нийцээгүй болохыг анхаараагүй нь буруу болжээ. Тодруулбал,
Нэхэмжлэгч Ж.Буянбат Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн тусгай албан хаагч бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, чөлөөлөх, сэлгэх, шилжүүлэн томилох, албан тушаал бууруулах, сахилгын хариуцлага хүлээлгэх зэрэг бүхий л харилцаанд дээрхи хуулийг хэрэглэх учиртай.
Гэтэл нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдаагүй, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын хариуцан ажиллаж байсан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн төдийгүй ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөгүй байхад түүнийг ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан..., эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Түүнчлэн хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Хууль зүйн сайдын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар бүтцээ батлахдаа тэргүүн дэд, дэд даргын хариуцах хуульд заасан чиг үүргийг сольж баталсан байсан тул алдаагаа залруулж өөрчилсөн” гэж тайлбарласанд дүгнэлт хийвэл ийнхүү алдаагаа залруулсан нь маргаан бүхий актын “орон тоо хасагдсан” гэх үндэслэлийг үгүйсгэж байх ба захиргааны байгууллага албан тушаалтан урьд гаргасан тушаалаа хуульд нийцүүлж өөрчилсөн нь төрийн албан хаагчийн хуульд заасан баталгааг зөрчих шалтгаан болж чадахгүйн зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэснийг зөрчсөн гэж үзнэ.
Иймд маргаан бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Буянбатыг урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.
Түүнчлэн, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговрыг тооцохдоо хэрэгт авагдсан 2016 оны цалингийн картаар /Хх-41/ нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалин болон удаан жилийн нэмэгдэл, нууцын нэмэгдэл, цолны нэмэгдэл, тусгай албаны нэмэгдэл 1.902.363 төгрөгөөр тогтоож, ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 28-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 4 сар 11 хоногийн цалин хөлстэй тэнцэх 8.608.021 төгрөгийг /4 сар х 1.902.363= 7.609.452, 11 хоног х 1.902.363:21хоног=998569 төгрөг/ нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэв.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “маргаан бүхий актыг шүүх дүгнэж шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1629 дүгээр захирамжаар шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулсан байх тул “шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласан зарим үг, өгүүлбэрийг хасч бичсэн” гэх гомдол үндэслэлгүйг дурьдах нь зүйтэй.
Харин шүүх хуралдааны тэмдэглэл 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөр огноотой, тэмдэглэлийн дугаар шийдвэрийн дугаараас зөрүүтэй зэрэг техникийн шинжтэй алдаа гаргасан байх ба энэ талаар анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Буянбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Буянбатыг Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Буянбатын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8.608.021 /найман сая зургаан зуун найман мянга хорин нэг/ төгрөг олгож, зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Буянбатын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН