Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 183/шш2022/02235

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2022/02235

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ХХК-д холбогдох,

Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан R/2016/26-08 дугаартай гэрээний дагуу орон сууцны төлбөрт төлсөн 367.350.000 төгрөг, алданги 73.470.000 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн 30.400.000 төгрөг, олох байсан орлого 138.320.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Д.Н  нь хариуцагч А  ХХК-д холбогдуулан Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан R/2016/26-08 дугаартай гэрээний дагуу орон сууцны төлбөрт төлсөн 367.350.000 төгрөг, алданги 73.470.000 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн 30.400.000 төгрөг, олох байсан орлого 138.320.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Нэхэмжлэгчийн зүгээс анх шүүхэд Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1, 1.2-т заасны дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Rotondo 14 айлын  хотхоны Нүхтийн ам, Н -00 тоотод байрлах орон сууц болон автомшины зогсоолыг нэхэмжлэгчид актаар хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахтай холбоотой баримтыг гаргаж өгөхийг даалгах, мөн гэрээний 6.2, 6.4-т зааснаар 80.465.080 төгрөгийн алданги, 73.470.000 төгрөгийн торгууль, нийт 153.935.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр иргэн Э.Ч  нь гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж, хүсэлтдээ Нүхтийн зам 000 тоот орон сууцтай холбоотой шүүхийн шийдвэр, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1/11269 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Өмчлөх эрх шилжүүлэх тухай, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 316 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол зэргийг хавсарган ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, дээрх баримтаар маргаан бүхий орон сууц нь иргэн Э.Ч  нэр дээр шилжсэн байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс 1 дэх шаардлагаа дараах шаардлагаар өөрчилж байна. 1. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн R/2016/26-08 дугаартай гэрээний дагуу орон сууцны төлбөрт төлсөн 367.350.000 төгрөг гаргуулах тухайд: Талуудын хооронд байгуулсан R/2016/26-08 дугаартай гэрээний 3.1, 3.2-т заасны дагуу орон сууц, автомашины зогсоолын хамт бүрэн барьж ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгч, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор актаар хүлээлгэн өгөхөөр заасан боловч тухайн гэрээг байгуулах үед орон сууц болон түүний газар нь гуравдагч этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хангагдаж, 2019 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 316 дугаартай тогтоолоор гуравдагч этгээд Э.Ч  өмчлөлд албан ёсоор шилжсэн байна. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан нэхэмжлэлийн нэг дэх шаардлага хэрэгжих боломжгүй буюу гэрээний зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй болж байгаа ба Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д зааснаар эрхийн доголдолтой байх тул мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээг цуцалж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэмэлт хугацаа тогтоох шаардлагыг хуулиар тогтоосон боловч Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасны дагуу ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэсэн үндэслэлд маргааны зүйл болох орон сууц нэгэнт гуравдагч этгээдийн хууль ёсны өмчлөлд шилжсэн гэдгээр тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын үр дүнг хүлээн авах боломжгүй болсон тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар орон сууцны төлбөрт шилжүүлсэн 367.350.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. 2. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг дараах шаардлагаар өөрчилж байна. Үүнд: R/2016/26-08 дугаартай гэрээний 6.2-д зааснаар торгууль 73.470.000 төгрөг, хохирол 168.720.000 төгрөгийг А ХХК-иас гаргуулах. Талуудын хооронд байгуулагдсан R/2016/26-08 дугаартай гэрээний 6.2-т Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл цаашид биелүүлэх боломжгүй болсон, эсхүл Захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны төлөгдсөн төлбөрийн 20 хувьтай тэнцэх торгуулийг Захиалагчид төлнө гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон тул гэрээг цуцалж орон сууцны төлөгдсөн төлбөр буюу 367.350.000 төгрөгийн 20 хувь болох 73.470.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн зүйлийн 22.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан. Нэхэмжлэгч Д.Н  иргэн Н.Д  2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 17/01 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Дундгол гудамж, Энхтайван хотхоны 400 байрны 000 тоотод байрлах, 79,98 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар сарын 750.000 төгрөгөөр хөлсөлж байсан ба 2018 оноос 2021 он хүртэл жил бүр гэрээний хугацааг сунгаж, 2018 оноос хойш сар бүр орон сууцны хөлсөд 950.000 төгрөг байхаар тохирлцсон байдаг. Д.Н дээрх орон сууц хөлслөх гэрээний дагуу өнөөдрийн байдлаар нийт 30.400.000 төгрөг төлж, хохирсон байна. Хэрэв хариуцагч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлж, орон сууцыг барьж ашиглалтад оруулж, нэхэмжлэгчид актаар хүлээлгэн өгсөн тохиолдолд нэхэмжлэгч нь бусдын орон сууцыг хөлсөлж 30.400.000 төгрөгөөр хохирохгүй байсан тул хохирлыг гаргах үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч Д.Н  хариуцагч талд төлсөн 367.350.000 төгрөгийг банкны хүүтэй хадгаламжид хадгалж байсан бол энэхүү хугацаанд хүүгийн орлогод 682.509.219 төгрөг олох байсан талаар Х ХХК-ийн гаргасан 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 133/558 дугаартай тодорхойлолтоор тогтоогддог. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж нэмж төлөх боломжгүй тул өмнө төлсөн 3.172.698 төгрөгийн хэмжээнд буюу 602.900.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилж байна. Иймд талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан R/2016/26-08 дугаартай гэрээний дагуу орон сууцны төлбөрт төлсөн 367.350.000 төгрөг, алданги 73.470.000 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн 30.400.000 төгрөг, олох байсан хүүний орлого 138.320.000 төгрөг, нийт 602.900.000 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А  ХХК-ийн захирал У.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн Д.Н  нь А  ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,  00 14 айлын хотхоны Нүхтийн ам, Нүхтийн зам 000 тоотод байрлах орон сууц болон автомашины зогсоолыг актаар хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахтай холбоотой баримтыг гаргаж өгөхийг даалгах, мөн 80.465.080 төгрөгийн алданги болон 73.470.000 төгрөгийн торгууль тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Гэрээний дагуу төлсөн төлбөр 367.350.000 төгрөг, торгууль 73.470.000 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн 30.400.000 төгрөг, олох ёстой байсан орлого 138.320.000 төгрөг гаргуулах тухай гэж тодорхойлсон байна. Талуудын хооронд 2014 онд Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу нэхэмжлэгчээс орон сууцны үндсэн төлбөр 367.350.000 төгрөгийг төлсөн бөгөөд зогсоолын төлбөрийг төлөөгүй. Тодорхой шалтгааны улмаас гэрээнд заасан хугацаанд орон сууц ашиглалтад ороогүй байсан бөгөөд талууд 2016 онд гэрээг шинэчлэн байгуулсан. Д.Н хөрөнгө оруулж, захиалгаар бариулж байсан байрны хувьд 2012 онд Ч  ББСБ ХХК-иас авсан зээлийн барьцаанд /гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдоно/ байсан ба манай зүгээс үүргээ гүйцэтгэхээр хичээн ажиллаж байсан ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. Улмаар шүүх болон шийдвэр гүйцэтгэх байгууллагад удаа дараа гомдол гаргаж явсаар 2019 онд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд дуудлага худалдаанд маргаан бүхий байр орж, Ч ХХК-ийн нэр дээр буюу Э.Ч нэр дээр шилжсэн. Манай компанийн зүгээс гэрээг цуцалж, төлсөн төлбөр болох 367.350.000 төгрөгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. А  ХХК-ийн зүгээс гэрээний дагуу захиалсан барилгын ажлыг 95 орчим хувь гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгчид хүндэтгэн үзэх шалтгаан байгааг тайлбарлаж, өөр байр санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй. Иргэний хуульд заасан торгуулийн зохицуулалт нь гүйцэтгээгүй үүрэгтэй холбоотой зохицуулалт байх бөгөөд барилгын хувьд гүйцэтгэх үүргийн ихэнхи хэсгийг биелүүлсэн тул торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Орон сууц хөлслөх гэрээний төлбөр төлсөн баримт болоод гэрээний хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй хэлбэртэй байгаа, нөгөө талаар, уг зардлыг тухайлан харилцан тохиролцоогүй, мөн нэхэмжлэгчийн зүгээс хугацаа хойшлуулж байгаа талаар харилцан тохиролцож, зөвшөөрсөн гэж үзэх бичгүүдийг нотлох баримтаар өгсөн байгаа. Олох ёстой байсан орлогыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хадгаламжтай байсан Х  ХХК-иас ирүүлсэн баримтаар уг мөнгөн дүн 2017 онд байршиж байсан тухай тодорхойлсон байх ба төлсөн төлбөрийн хувьд 2014 онд гүйцэтгэсэн үүрэг. Нөгөө талаар, тодорхойлж буй дүн нь ойлгомжгүй, нотлогдохгүй байна гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Чинбат шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа: Тус хэрэгт маргаан болсон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам, 000 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь миний бие бөгөөд гэрчилгээ 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах тухай хүсэлтийг хангаж өгөхийг хүсэж байна. Учир нь хариуцагч А ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Ч ББСБ ХХК-ийн зээлийн барьцаанд 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр барьцаалсан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу тус барилга нь гуравдагч этгээд миний өмчлөлд аль хэдий нь шилжсэн. Иймд хариуцагчийн шүүх болон нэхэмжлэгчийг илтэд төөрөгдүүлсэн, нэхэмжлэгчийг хохироох зорилго бүхий үйлдлийг таслан зогсоож, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авч шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, шүүх хэргийг нэг мөр, шуурхай, үнэн зөв, эргэлзээгүй шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд гуравдагч этгээдийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагагүй болно гэжээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж 3.172.698 төгрөг төлсөн баримт /хх-3/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/000 дугаар шийдвэр /хх-4-6/, хариуцагч А  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-7/, нэхэмжлэгч Д.Н Э.С , Э.О нарт олгосон итгэмжлэл /хх-8-9/, шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах тухай хүсэлт /хх-10/, 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн R/2014/14 дугаартай Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-ний хуулбар /хх-11-14/, мөнгөн шилжүүлгийн, орлогын, төлбөрийн даалгаврын баримтууд /хх-15-18/, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн R/2016/26-08 дугаартай Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-ний хуулбар /хх-19-21/, Ж  ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 263 дугаар Тайлбар хүргүүлэх тухай албан бичиг /хх-22/, хариуцагч А  ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19 тоот албан бичиг /хх-23/, төслийн гэрэл зургийн үзүүлэлт 4 ширхэг /хх-24/, Д.Н  2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэл /хх-25/, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тус тус хариуцагчид хүргүүлсэн нэхэмжлэгчийн мэдэгдэлүүд /хх-26-29/, хариуцагч А  ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн АБ-01 тоот Саналд хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-30/, нэхэмжлэгч Д.Н  2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тус тус А ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлүүд /хх-31-40/, М  ХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 09/282 дугаар тодорхойлолт /хх-41/, шууданг гардуулсан тухай мэдээлэл /хх-42/, шуудан хүргэгчийн дэвтрийн хуулбар /хх-43-46/ зэргийг ирүүлсэн ба ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тухай хүсэлт /хх-83-84/, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбоотой шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах тухай хүсэлт /хх-82/, Хас банк ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 133/558 дугаар Тодорхойлолт, хавсралтын хамт /хх-85-86/, иргэн Н.Д  2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ /хх-87-88/, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний хугацаа сунгах тухай гэрээ /хх-89/, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний хугацаа сунгах тухай гэрээ /хх-90/, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний хугацаа сунгах тухай гэрээ /хх-91/, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний хугацаа сунгах тухай гэрээ /хх-92/ зэргийг ирүүлсэн.

5. Хариуцагчаас А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-49/, тус компанийн дүрэм /хх-50-51/, А  ХХК-иас Э.Э  олгосон итгэмжлэл /хх-52/, А ХХК-иас Э.С олгосон итгэмжлэл /хх-80/, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбар /хх-104-105/ зэргийг ирүүлсэн.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Ч  ирүүлсэн хүсэлт /хх-65-66/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1/11269 дүгээр Өмчлөх эрх шилжүүлэх тухай мэдэгдэл /хх-67/, тус газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 3/6 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол /хх-68/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/01916 дугаар тогтоол /хх-69-71/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/000 дугаар захирамж /хх-72/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 000тоотод байрлах, 145,28 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-81/, шүүхэд ирүүлсэн тайлбар /хх-93/ зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч А  ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн R/2014/14 дугаартай Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ /хх-11-14/, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн R/2016/26-08 дугаартай Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ /хх-19-21/-г тус тус байгуулж, хариуцагч нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,  14 айлын  хотхоны Нүхтийн ам, 000000 тоотод байрлах, 145,28 м.кв талбай бүхий, 4 өрөө амины орон сууц болон 2 ширхэг автозогсоолыг барьж 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээний дагуу 417.350.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 20.000.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 80.000.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 100.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 167.350.000 төгрөг, нийт 367.350.000 төгрөгийг хариуцагчид төлсөн талаар талууд маргаагүй ба хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр талууд гэрээний үнэ 417.350.000 төгрөгөөс 367.350.000 төгрөгийг төлсөн, үлдэх 50.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий 2 ширхэг дулаан зогсоолын үнийг чөлөөлөхөөр тохиролцож, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн R/2016/26-08 тоот гэрээний 2.3-т энэ талаар тусгажээ.

Гэвч тухайн орон сууц, автомашины зогсоолын өмчлөлийг шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Э.Ч 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр /хх-81/ шилжүүлэн авсан буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн өмчлөлд бүрэн шилжсэн нь хэрэгт авагдсан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Ч  ирүүлсэн баримтаар тогтоогдлоо.

Улмаар нэхэмжлэгч Д.Н  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Орон сууц захиалах гэрээг цуцалж, орон сууцны үнэд төлсөн 367.350.000 төгрөг, гэрээний 6.2-т зааснаар торгууль 73.470.000 төгрөг, орон сууц хөлслөсний төлбөр 30.400.000 төгрөг, олох ёстой байсан орлого 138.320.000 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын нэг болон хоёр дахь хэсэг буюу орон сууцны төлбөр 367.350.000 төгрөг, торгууль 73.470.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд.

Хариуцагч нь уг орон сууцны төлбөр 367.350.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

Харин торгууль 73.470.000 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч багасгаж өгөхийг хүссэн тайлбар гаргасан боловч талууд 2016 оны R/2016/26-08 тоот гэрээний 6.2-т Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл цаашид биелүүлэх боломжгүй болсон, эсхүл захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны төлбөрийн 20 хувьтай тэнцэх торгуулийг захиалагчид төлнө гэж тохиролцсон байх ба энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.5-д заасантай нийцжээ.

Тэгэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт үндэслэлгүй байх бөгөөд тухайн хэмжээг багасгах Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

4. Нэхэмжлэлийн шаардлагын гурав дахь шаардлага буюу Орон сууц хөлслөх гэрээний дагуу бусдад төлсөн 30.400.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

Хариуцагч нь 2016 оны R/2016/26-08 тоот гэрээний дагуу 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй, гэрээнд заасан үндсэн үүргээ зөрчсөн ба нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан нь хэргийн 27-29, 31-46 дугаар талд авагдсан баримтууд болон хариуцагчийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн АБ-01 тоот мэдэгдэл /хх-30/ зэргээр нотлогддог.

Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгчид хохирол учрахгүй бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгчийн иргэн Н.Д  байгуулсан 2017, 2018, 2019, 2020, 2021 онд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ, Орон сууц хөлслөх гэрээний хугацаа сунгах тухай гэрээ-ний дагуу төлсөн нийт 30.400.000 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзнэ.

Мөн хамгийн сүүлийн орон сууц хөлслөх гэрээнд зааснаар Н.Да  өмчлөлийн орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хөлслөн суухаар тохиролцож, нийт 19.000.000 төгрөг төлсөн байна.

5. Нэхэмжлэлийн шаардлагын дөрөв дэх шаардлага буюу Олох ёстой байсан орлого 138.320.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд

Нэхэмжлэгч нь олох ёстой байсан орлогоо нотлохоор Х  ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 133/558 дугаар тодорхойлолт, түүний хавсралт болох баримт /хх-85-86/-ыг ирүүлсэн. Тухайн баримтын хавсралтад зааснаар 367.500.000 төгрөгт ногдох 2017-2022 оныг хүртэлх хадгаламжийн хүүгийн тооцооллыг гаргаж өгсөн байх бөгөөд тодорхойлолтын 2 дахь хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар харилцагчийн нэр дээр уг хэмжээний мөнгөн дүн бүхий хадгаламж байршиж байсан гэжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2014 онд А  ХХК-д шилжүүлсэн 367.350.000 төгрөг нь 2017 онд Х  байршиж байсан, эсхүл 2017 оны байдлаар ийм хэмжээний хадгаламж эзэмшигч байсан эсэх нь тодорхойгүй, эргэлзээ үүсэхүйц тайлбарыг тодорхойлолтод дурдсан.

Нөгөө талаар, тухайн баримт нь зөвхөн Х  2017-2022 оны хооронд баримталсан мөнгөн хадгаламжийн хүүгийн талаарх мэдээлэл тусгагдсан баримт бөгөөд үүнийг харьцуулах өөр банкны мэдээлэл хэрэгт ирээгүй.

Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т ... үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэжээ.

Дээрх хуулийн агуулгаас үзэхэд хариуцагч А  ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор заасан ба аливаа банкны мөнгөн хадгаламжийн хүүгийн тооцооллыг Зайлшгүй олох байсан орлого гэдэгт хамааруулах үндэслэлгүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Олох ёстой байсан хүүний орлого 138.320.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Гэхдээ бид улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.172.698 төгрөгтөө багтаан 602.900.000 төгрөгийн шаардлага гаргасан хэмээн тайлбарлаж, бичсэн байх боловч нэхэмжлэлд дурдсан үнийн дүнг тооцож үзэхэд 609.540.000 төгрөг байна.

Тэгэхээр нэхэмжлэгч 3.172.698 төгрөгийн тэмдэгтийн хураамжид тохирсон дүн буюу 602.900.000 төгрөг гэвэл олох ёстой байсан хүүний орлого гэх шаардлага 131.680.000 төгрөг байхаар байх ба энэхүү үнийн дүнгийн зөрүүтэй байдлыг дурдаж, шүүхийн шийдвэрт 131.680.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдсан болно.

7. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.5, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хариуцагч А  ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 367.350.000 төгрөг, торгууль 73.470.000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 30.400.000 төгрөг, нийт 471.220.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Н  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Олох ёстой байсан орлого 131.680.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Н  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.172.698 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А  ХХК-иас 471.220.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 2.514.050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Н  олгоно.

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Ч  тус шүүхийн шүүгчийн 2022 оны 183/ШЗ2022/000 тоот захирамжийн Захирамжлах нь хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож шийдэрлэсэн буюу түүний өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхыг хариуцагчид даалгасан шийдвэр хүчингүй болсноор тэрээр цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагагүй болсноо илэрхийлсэн.

Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүрэлцэн ирээгүй, мөн талууд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт илэрхийлсэн тул гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2022/10117 дугаар захирамжаар хариуцагч А  ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 602.900.000 төгрөгийн хэмжээнд зогсоож шийдвэрлэсэн ба энэхүү шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.5, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хариуцагч А  ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 367.350.000 төгрөг, торгууль 73.470.000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 30.400.000 төгрөг, нийт 471.220.000 /дөрвөн зуун далан нэгэн сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Н олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Олох ёстой байсан орлого 131.680.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Н  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.172.698 /гурван сая нэг зуун далан хоёр мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А  ХХК-иас 2.514.050 /хоёр сая таван зуун арван дөрвөн мянга тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Н  олгосугай.

3. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2022/10117 дугаар захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА