Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01642

 

 

 

 

 

 

2022 09 02 210/МА2022/01642

 

 

Д.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/02235 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Т-гийн хариуцагч А групп ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөр 367,350,000 төгрөг, торгууль 73,470,000 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн 30,400,000 төгрөг, олох ёстой байсан орлого 138,320,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д.Т- болон А групп ХХК-ийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр А групп ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ротондо 14 айлын Grow house хотхоны Нүхтийн ам, Нүхтийн зам 26-**** тоот од байрлах орон сууц болон автомшины зогсоолыг барьж, ашиглалтад оруулж, гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөх, Д.Т- нь орон сууцны үнэ 367,350,000 төгрөг, автозогсоолын үнэ 50,000,000 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээсэн. Д.Т- орон сууцны үнийг бүрэн төлснөөр автозогсоолын төлбөрөөс чөлөөлсөн. А групп ХХК нь орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор ашиглалтад оруулах хүлээлгэж өгөх үүрэгтэй боловч тухайн гэрээг байгуулах үед орон сууц болон газар нь гуравдагч этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хангагдаж, гуравдагч этгээд Э.Чинбатын өмчлөлд шилжсэн байна. Гэрээний 6.2-т Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл цаашид биелүүлэх боломжгүй болсон, захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны төлбөрт төлөгдсөн төлбөрийн 20 хувьтэй тэнцэх торгуулийг захиалагчид төлнө гэж заасан. Иймд гэрээг цуцалж, орон сууцны төлбөрт шилжүүлсэн 367,350,000 төгрөг, торгуульд 73,470,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Д.Т-, Н.Дамдинпүрэв нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Дундгол гудамж, Энхтайван хотхоны 46А байрны 1903 тоотод байрлах, 79,98 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар сарын 750,000 төгрөгөөр хөлсөлж, 2018 оноос хойш сар бүр орон сууцны хөлсөд 950,000 төгрөг байхаар тохиролцон 2021 он хүртэл жил бүр гэрээний хугацааг сунгаж, нийт 30,400,000 төгрөгийг төлсөн тул хохиролд тооцож гаргуулж өгнө үү.

Д.Т-гийн хариуцагч талд төлсөн 367,350,000 төгрөгийг банкны хүүтэй хадгаламжид хадгалж байсан бол энэхүү хугацаанд хүүгийн орлогод 682,509,219 төгрөг олох байсан талаар Хас банк ХХК-ийн тодорхойлолтоор тогтоогддог. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж нэмж төлөх боломжгүй тул өмнө төлсөн 3,172,698 төгрөгийн хэмжээнд буюу нийт 602,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээг цуцалж, төлсөн төлбөр болох 367,350,000 төгрөгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй. А групп ХХК гэрээний дагуу захиалсан барилгын ажлыг 95 орчим хувь гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгчид хүндэтгэн үзэх шалтгаан байгааг тайлбарлаж, өөр байр санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй. Барилгын ихэнхи хэсгийг гүйцэтгэсэн тул торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчтэй хугацаа хойшлуулж байгаа талаар харилцан тохиролцож, зөвшөөрсөн ба орон сууц хөлслөх гэрээний төлбөрт төлсөн зардлын талаар тухайлан харилцан тохиролцоогүй.

Хас банк ХХК-иас ирүүлсэн баримтаар уг мөнгөн дүн 2017 онд байршиж байсан тухай тодорхойлсон ба Д.Т- гэрээний төлбөрийн үүргийг 2014 онд гүйцэтгэсэн. Иймд нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Чинбатын шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарын агуулга: А групп ХХК нь маргаан бүхий орон сууцыг 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Чинбаа инвест ББСБ ХХК-д барьцаалсан. Шүүхийн шийдвэрээр хаус нь Э.Чинбатын өмчлөлд шилжсэн гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.5, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч А групп ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 367,350,000 төгрөг, торгууль 73,470,000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 30,400,000 төгрөг, нийт 471,220,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Олох ёстой байсан орлого 131,680,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Т-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,172,698 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А групп ХХК-иас 2,514,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Т-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс Олох ёстой байсан орлого 131,680,000 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэх хэсэгт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүх 2017 оны байдлаар ийм хэмжээний хадгаламж эзэмшигч байсан эсэх нь тодорхойгүй, эргэлзээ үүсгэхүйц байдлыг тайлбарыг тодорхойлолтод тусгасан гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэрээний төлбөрийг Д.Т- нь өөрийн харилцах Хас банкны хадгаламжнаас гаргаж Төрийн банк, Капитрон банкаар дамжуулан хариуцагчид шилжүүлсэн. Түүнчлэн Хас банкнаас гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд 367,350,000 төгрөгийг хугацаагүй хадгаламжинд байршуулсан тохиолдолд бодогдох хүүгийн орлогын тодорхойлолтыг гаргахад Д.Т-гийн дансанд 2017 онд орон сууцны төлбөрт төлсөн мөнгөн дүнгийн хэмжээний орлого байсан эсэх нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй. Нэхэмжлэгч гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрсний дараагаас 367,350,000 төгрөгийг хугацаагүй хадгаламжид байршуулсан тохиолдолд бодогдох хүүгийн орлогыг тооцуулахаар хүсэлт гаргасны дагуу Хас банк ХХК тодорхойлолт гаргаж өгсөн. Мөн шүүх Хас банкны тодорхойлолтыг бусад банкны хадгаламжийн хүүтэй харьцуулах баримтгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь банкны хадгаламжийн хүү нь өөрөө нийтэд илэрхий баримт юм.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх боломжтой байхад банкны мөнгөн хадгаламжийн хүүгийг тооцооллыг Зайлшгүй олох байсан орлого гэдэгт хамааруулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн олох ёстой байсан орлого 131,880,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Цар тахал гарч компани санхүүгийн хүнд нөхцөлөөс шалтгаалан сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа бөгөөд орон сууцыг ашиглалтад оруулж чадаагүй нь олон шалтгаанаас үүдэлтэй. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг хэрэглэж, торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү.

2017 онд байгуулсан орон сууц хөлслөх гэрээг 12 сарын хугацаатай, сарын 750,000 төгрөг гэж байгуулсан боловч төлсөн төлбөр нь 9,750,000 төгрөг буюу 1 сарын төлбөр илүү төлсөнөөс харахад төлбөрийн хувьд эргэлзээтэй, гэрээний дагуу 5 удаагийн нийт 50,000,000 орчим төгрөг төлсөн гэх боловч шүүх 30,400,000 төгрөгөөр хохирсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд шүүхээс баримтад үндэслээгүй, хуулийг буруу хэрэглэсэн.

Шүүх шийдвэрээ танилцуулахдаа олох байсан орлого 138,320,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухай танилцуулсан. Гэвч шийдвэр бичгээр гарахдаа нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжид тааруулсан гэх үндэслэлийг дурьдаж 131,680,000 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо гэж зөрүүтэй тогтоосон нь үндэслэлгүй гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт 367,350,000 төгрөгийг 100 хувь төлж, гэрээнд заасан үүргийг биелүүлсэн боловч хариуцагчийн буруутай үйлдлээс болж гэрээ цуцлагдсан. Хариуцагч нь орон сууцыг ашиглалтад оруулж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх боломж, хүсэл сонирхол байхгүй гэдгийг мэдсэн тул анзын хэмжээг багасгах хууль зүйн үндэслэлгүйгээс гадна нотлох баримт байхгүй тул шүүхээс анзыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. 2016-2019 онд цар тахал гараагүй байсан. Нэхэмжлэгч нь н.Дамдинпүрэвтэй 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулж, төлбөр төлсөн баримт үйлдсэн ба 13 дахь сарын мөнгийг барьцаа хөрөнгө болгож өгсөн. Гэрээг жил бүр сунгасан. Үүнд ямар нэг хууль зөрчсөн зүйл байхгүй. Орон сууц хөлслөх гэрээний дагуу учирсан хохирлыг 30,400,000 төгрөг гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч дахин тэмдэгтийн хураамж төлөх боломжгүй гэдгийг дурдсан. Иймд нөхцөл байдлын улмаас тааруулж нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 138,320,000 төгрөгийн олох ёстой орлогыг нэхэмжилсэн. Шүүхээс нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжид багтаан үнийг дүнг багасгасан нь нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхэд халдаагүй. Нэхэмжлэлийн хэмжээнээс хэтрээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа буюу хуулийг буруу тайлбарласан зүйл байхгүй гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид олох байсан орлогыг хохиролд тооцно гэх байдлаар дүгнэлт хийж, хариуцагчаас 131,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв дүгнэлт болсон. Харин тогтоох хэсгийг сонсгохдоо 138,000,000 төгрөг гэсэн хэдий ч бичгээр гарахдаа 131,000,000 төгрөг гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх хууль хэрэглээг зөв дүгнэсэн тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Хэргийг зохигчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Д.Т- нь хариуцагч А групп ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөр 367,350,000 төгрөг, торгууль 73,470,000 төгрөг, хохиролд 168,720,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчдын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ротондо 14 айлын Grow house хотхоны Нүхтийн ам, Нүхтийн зам 26-**** тоот од байрлах орон сууц болон автомшины зогсоолыг барьж, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 417,350,000 төгрөгийг төлөхөөс 367,350,000 төгрөгийг төлснөөр үлдэх 50,000,000 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхөөр тохиролцсон. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

4.а. Нэхэмжлэгч Д.Т- нь 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 367,350,000 төгрөг төлсөн нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон. /хх 15-17/

 

4.б. Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх шүүхийн шийдвэрийн үндсэн дээр 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Э.Чинбатад шилжсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01353 дугаар захирамж, өмчлөх эрх шилжүүлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/01916 дугаар тогтоолоор тус тус тогтоогджээ. /хх 68-72, 81/

 

Ийнхүү хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй, уг үүрэг биелэгдэх боломжгүй болсон нь тогтоогдож байх бөгөөд орон сууцны төлбөр 367,350,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна. /хх 30-46/ Иймд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон тул нэхэмжлэгч мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлсэн төлбөрөө буцаан шаардах эрхтэй.

 

5. Талууд гэрээний 6.2-т Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс эсхүл цаашид биелүүлэх боломжгүй болсон, эсхүл захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны төлбөрийн 20 хувьтай тэнцэх торгуулийг захиалагчид төлнө гэж тохиролцсон нь 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасантай нийцсэн, тохиролцоо хүчин төгөлдөр байна. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд гэрээ цуцлагдсан бол торгууль төлөх үүрэг үүсэх талаар тодорхой тохиролцсон байна.

 

Иймд шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байхад алдангийг илт их гэх үндэслэлээр хасч тооцох боломжгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6.а. Д.Т- нь иргэн Н.Дамдинпүрэвтэй 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, 3 өрөө орон сууцыг 1 сарын 750,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон, 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн орон сууцыг 1 сарын түрээсийн төлбөрийг 950,000 төгрөгөөр тохиролцож, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жил бүр гэрээний сунгалт хийж, тухай бүрт нь түрээсийн төлбөрийг бэлнээр хүлээлгэн өгч, талууд гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан. /хх 87-92/

 

6.б. Дээрх орон сууц хөлслөх гэрээнүүдийн нийт төлсөн төлбөр нь хохирол 30,400,000 төгрөг гэж тодорхойлсноос илүү байх боловч нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээ өөрөө тодорхойлох эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд 30,400,000 төгрөгийн хохирол учирсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 227.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардах эрхийг тодорхойлсон хуулийг зөв хэрэглэсэн байна. Уг үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

7.а Нэхэмжлэгч Д.Т- нь 367,500,000 төгрөгийг хугацаатай хадгаламж хэлбэрээр банкинд байршуулсан тохиолдолд бодогдох хүүг 284,609,219 төгрөг гэж тооцоолол хийсэн Хас банк ХХК-ийн тодорхойлолтыг баримтаар гарган өгч, олох ёстой байсан орлого 138,320,000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа бичсэн байна. /хх 83-86/

 

7.б. Анхан шатны шүүх шийдвэрээ танилцуулснаас зөрүүтэй шийдвэр гардуулсан гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх олох ёстой байсан орлого 131,680,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохоор тусгагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд алдаатай бичигдсэн бол зохигчид засвар оруулах санал гаргах эрх нь нээлттэй байсан ч энэ талаар ажиллагаа хийсэн баримтгүй байна.

 

7.в. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нийт үнийн дүнг 602,900,000 төгрөгөөр тодорхойлж, зохих улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байх тул уг үнийн дүнгээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөр 367,350,000 төгрөг, торгууль 73,470,000 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний төлбөрт төлсөн 30,400,000 төгрөгийг тус тус хасч тооцвол олох ёстой байсан орлого шаардсан үнийн дүн 131,680,000 төгрөгөөр тодорхойлогдохоор байна. Энэ нь хариуцагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

8.а. Нэхэмжлэгч Д.Т- нь банкин дахь хадгаламжнаасаа мөнгө авч ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй боловч хадгаламжийн хүүг хохиролд тооцон гаргуулах боломжгүй байна.

 

8.б. Талууд гэрээ байгуулахдаа үүрэг биелээгүй тохиолдолд торгууль ногдуулахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээ цуцалсантай холбоотойгоор торгууль, орон сууц хөлсөлснөөс гарсан зардлаар тооцон хохирол гаргуулах шаардлагыг шүүхээс хангасан тохиолдолд орон сууцанд төлсөн мөнгөөр хадгаламжийн хүүгээс орлого олох боломжтой байсан гэж үзэх үндэслэл няцаагдана.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас олох ёстой байсан орлого 131,680,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцсэн.

 

Дээр дурьдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/02235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 816,350 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 677,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ