Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/шш2022/01547

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/01547

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 129.000.000 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардал 70.200 төгрөг тус тус гаргуулах, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х  ХХК нь хариуцагч П.Д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 129.000.000 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардал 70.200 төгрөг тус тус гаргуулах, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч П.Б, П.Д нар тус компанитай 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ЗГ2016/04 тоот Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ тус тус байгуулж, 83.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан ба зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 00/, Туул гол гудамж, 00 дугаар байрны 00  тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, 52,1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн Тоёота Ланд Крузер Прадо маркийн, аралын JTEBU25J175101437 дугаартай, хар өнгийн, 00000 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй байсан тул байгууллагын зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Зээлдэгч П.Б  2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тус тус өөрийн биеэр ирж, Зээлийн гэрээ-ний хугацааг сунгах, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх талаарх хүсэлтүүдийг өгч байсан боловч хүсэлтдээ дурдсан хугацаандаа төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүртэл байгууллагыг хохироосоор байна. Зээлдэгч П.Б , П.Д  нарын үндсэн зээлийн үлдэгдэл 83.000.000 төгрөг, зээлийн хүү 84.217.332,20 төгрөг, нийт 167.217.332,20 төгрөг болсон байдаг. Байгууллагын зүгээс зээлдэгч нартай харилцан тохиролцоод үндсэн зээл 83.000.000 төгрөг, зээлийг хүүг 56.000.000 төгрөг, нийт 139.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Үүнийгээ баталгаажуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч зээлдэгч нар эрх зүйн туслалцаа аваад дахин уулзахаар тохирсон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирээгүй тул уг ажиллагаа амжилтгүй болж, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 91 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэлээр дуусгавар болсон. Үүний дараа зээлдэгч нарын хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нарын тодорхойлсон хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШЗ2019/10167 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Компанийн зүгээс дээрх шүүгчийн захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн дагуу тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00тоот шийдвэрээр хариуцагч П.Б  эрэн сурвалжилж шийдвэрлэсэн. Зээлдэгч П.Б  2021 оны 9 дүгээр сард өвчний учир нас барсан талаар мэдсэн ба ар гэрийнхэний зүгээс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10.000.000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч П.Д 2018 оны 7 дугаар сард тохиролсон дүн буюу зээл, зээлийн хүүгийн төлбөр 129.000.000 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардал 70.200 төгрөг тус тус гаргуулж өгнө үү. Мөн зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /00000/, Туул гол гудамж, 00 дугаар байрны 00 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2206016944 дугаартай, 52,1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн Тоёота Ланд Крузер Прадо маркийн, аралын JTEBU25J175101437 дугаартай, хар өнгийн, 0000 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч П.Д  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х    ББСБ ХХК-ийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тус компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ П.Б  болон П.Д  нартай 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ЗГ2016/04 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 83.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн гэж дурджээ. Харин уг зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-т Зээлийг зөвхөн гэрээ байгуулсан зээлдэгчид хүлээлгэн өгч, баримтыг үйлдэнэ гэж заасан ба П.Д надад гэрээний үүргээ биелүүлж зээлээ хүлээлгэн өгөөгүй, хүлээлгэн өгснөө нотолсон баримтаа хавсаргаагүй байна. Эхлээд нэхэмжлэгч өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байж үүрэг гүйцэтгүүлэгчээс шаардах эрхтэй. Тэгэхээр нэхэмжлэгч өөрийнхөө үүргээ биелүүлснээ нотолсны дараа дараагийн асуудлыг ярьж эхлэх ёстой. П.Д  миний хувьд ах П.Б  авч байгаа зээлдээ өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхийг олгож, итгэмжлэл олгосон. Тэгэхээр үндсэн үүрэг хэрхэн биелэгдсэнээс шалтгаалж миний үүрэг хэрхэх нь шийдэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцах ёсгүй этгээдэд хандаж, өгөөгүй зээлийнхээ гэрээний үүрэг шаардаж байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би нэхэмжлэгчээс ямар нэгэн зээл аваагүй тул татгалзлын үндэслэлээ нотлох баримт байхгүй болно гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж 943.350 төгрөг төлсөн баримт, Х  ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компаниас Э.Д олгосон итгэмжлэл, Х  ББСБ ХХК-ийн иргэн П.Б , П.Д нартай байгуулсан 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ2016/04 дугаартай Зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн 2016/04 дугаартай Барьцааны гэрээ, П.Д П.Б олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр /17041/, Туул голын гудамж, 00 дугаар байрны 00 тоотод байрлах, 52,1 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 0000 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Х  ББСБ ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2018/51 дугаар мэдэгдэл, иргэн П.Б  2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 330-ны өдөр гаргасан өргөдөл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 91 дүгээр тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШЗ2019/10167 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/03001 дүгээр шийдвэр, 1/330 тоот Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, 1/330 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 83.000.000 төгрөгийг П.Б  шилжүүлсэн тухай кассын зарлагын болон харилцагчийн дансны хуулга гэх баримт /хэргийн 48-49 дүгээр тал/, Х  ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарууд /хэргийн 59-64 дүгээр тал/ зэргийг ирүүлсэн.

4. Хариуцагч П.Д  иргэний үнэмлэхний хуулбар, түүний өмгөөлөгчөөр Б.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт /хэргийн 45 дугаар тал/, П.Д  Б.Э  олгосон итгэмжлэл /хэргийн 53 дугаар тал/, П.Б  нас барсны гэрчилгээний хуулбар /хэргийн 75 дугаар тал/ зэргийг ирүүлсэн.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ2022/06294 дүгээр захирамжийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос ирсэн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3/1537 дугаар албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 44 тоот тогтоолын хуулбар /хэргийн 68-69 дүгээр тал/ хэрэгт авагдсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч П.Д  холбогдох Зээлийн гэрээний үүрэг 129.000.000 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардал 70.200 төгрөг тус тус гаргуулах, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч Х  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Хариуцагч П.Д  болон иргэн П.Б нар нэхэмжлэгч Х  ББСБ ХХК-тай 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ2016/04 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн 2016/04 дугаартай Барьцааны гэрээ тус тус байгуулж, П.Б болон хариуцагч П.Д  нар 83.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан, зээлийн барьцаанд П.Д  өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр /17041/, Туул голын гудамж, 00  дугаар байрны 00 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, 52,1 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууц болон П.Б  эзэмшлийн Тоёота ланд крузер прадо маркийн, 0000 УБП улсын дугаартай, аралын JTEBU25J175101437 дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн суудлын автомашин зэргийг барьцаалсан байна.

 

3. Өөрөөр хэлбэл, Х ББСБ ХХК болон П.Б , П.Д нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 29 дүгээр зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ болон барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэл шаардах эрхтэй байна.

 

4. Хариуцагч П.Д  нь Зээлийг П.Б авсан бөгөөд миний бие зөвхөн барьцааны гэрээнд гарын үсэг зурж, барьцаалуулагчийн үүргийг хүлээсэн, мөн зээлдэгч П.Б  нас барсан тул зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй хэмээн маргасан.

 

5. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалт нь талийгаач П.Б хувийн байдалтай холбоотой байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч П.Д  хамааралгүй, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан байх ба зээлдэгч болон хамтран зээлдэгчээр П.Д  хэмээн зээлийн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан тул тэрээр уг гэрээний үүргийг бүрэн биелүүлэх үүрэг бүхий этгээд мөн бөгөөд үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөхгүй болно.

 

6. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/03001 тоот шийдвэрээр П.Б  болон П.Д  нарыг эрэн сурвалжлуулж, 70.200 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар уг төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

7. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1, 3, 24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч П.Д  үндсэн зээлийн үлдэгдэл 83.000.000 төгрөг, хүү 46.000.000 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардал 70.200 төгрөг, нийт 129.070.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х  ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.

8. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул голын гудамж, 00 дугаар байрны 000тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016944 дугаартай, 52,1 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууц болон Тоёота ланд крузер прадо маркийн, 000 УБП улсын дугаартай, аралын JTEBU25J175101437 дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн суудлын автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 943.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Д  943.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х    ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1, 3, 24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч П.Д  үндсэн зээлийн үлдэгдэл 83.000.000 төгрөг, хүү 46.000.000 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардал 70.200 төгрөг, нийт 129.070.200 /нэг зуун хорин есөн сая далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х  ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул голын гудамж,00 дугаар байрны 00 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016944 дугаартай, 52,1 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууц болон Тоёота ланд крузер прадо маркийн, 00 УБП улсын дугаартай, аралын JTEBU25J175101437 дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн суудлын автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 943.350 /есөн зуун дөчин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Д  943.350 /есөн зуун дөчин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА