Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01365

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01547 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Д ид холбогдох, 129,070,200 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч П.Б , П.Д нар тус компанитай 2016 оны 02 сарын 02-ны өдөр 00000000 тоот Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ тус тус байгуулж, 83,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдэн авч, зээлийн барьцаанд 000 байрлах, улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай, 52.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 00-00 улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер Прадо /Toyota Land Cruiser Prado/ маркийн тээврийн хэрэгслийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй байсан тул зээлийн гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн. Зээлдэгч П.Б 2017 оны 01 сарын 19, 2018 оны 04 сарын 25, 2018 оны 07 сарын 27, 2019 оны 03 сарын 30-ны өдөр тус тус Зээлийн гэрээ-ний хугацааг сунгах, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх талаарх хүсэлтүүдийг өгч байсан боловч хүсэлтдээ дурдсан хугацаандаа төлбөрөө төлөхгүй байгууллагыг хохироосоор байна. Зээлдэгч П.Б , П.Д нарын үндсэн зээлийн үлдэгдэл 83,000,000 төгрөг, зээлийн хүү 84,217,332.20 төгрөг, нийт 167,217,332.20 төгрөг байна. Байгууллагын зүгээс зээлдэгч нартай харилцан тохиролцоод үндсэн зээл 83,000,000 төгрөг, зээлийг хүү 56,000,000 төгрөг, нийт 139,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Үүнийгээ баталгаажуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, зээлдэгч нар эрх зүйн туслалцаа аваад дахин уулзахаар тохирсон боловч 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 91 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэлээр дуусгавар болсон. Үүний дараа зээлдэгч нарын хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар тодорхойлсон хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 09 сарын 17-ны өдрийн 181/ШЗ2019/10167 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Компанийн зүгээс дээрх шүүгчийн захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн дагуу тус шүүхийн 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 101/000000000000 тоот шийдвэрээр хариуцагч П.Б г эрэн сурвалжилж шийдвэрлэсэн. Зээлдэгч П.Б 2021 оны 09 сард өвчний учир нас барсан талаар мэдсэн ба ар гэрийнх нь зүгээс 2021 оны 10 сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч П.Д аас 2018 оны 07 сард тохиролцсон дүн буюу зээл, зээлийн хүүгийн төлбөр 129,000,000 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200 төгрөг тус тус гаргуулж өгнө үү. Мөн зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох ... байрлах, улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай, 52.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 00-00 улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер Прадо /Toyota Land Cruiser Prado/ маркийн, 000000000000000000000 аралын дугаартай тээврийн хэрэгслээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Зээлийн гэрээний 3.2.2-т ...Зээлийг зөвхөн гэрээ байгуулсан зээлдэгчид хүлээлгэн өгч, баримтыг үйлдэнэ гэж заасан ба гэрээний үүргээ биелүүлж зээлээ хүлээлгэн өгөөгүй, хүлээлгэн өгснөө нотолсон баримтыг хавсаргаагүй. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байж үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. П.Д ийн хувьд ах П.Б д авч байгаа зээлдээ өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхийг олгож, итгэмжлэл олгосон. Тэгэхээр үндсэн үүрэг хэрхэн биелэгдсэнээс шалтгаалж П.Д ийн үүрэг хэрхэх нь шийдэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцах ёсгүй этгээдэд хандаж, өгөөгүй зээлийнхээ гэрээний үүрэг шаардаж байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчээс ямар нэгэн зээл аваагүй тул татгалзлын үндэслэлээ нотлох баримт байхгүй болно.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1, 3, 24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч П.Д аас үндсэн зээлийн үлдэгдэл 83,000,000 төгрөг, хүү 46,000,000 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 129,070,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр /17041/, Туул голын гудамж, 57 дугаар байрны 56 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай, 52.1 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууц болон Тоёота Ланд Круйзер Прадо /Toyota Land Cruiser Prado/ маркийн, 00-00 улсын дугаартай, 000000000000000000000 аралын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн суудлын автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 943,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Д аас 943,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүх ...83,000,000 төгрөгийг П.Б д шилжүүлсэн тухай кассын зарлагын болон харилцагчийн дансны хуулга зэрэг баримтыг анхаарч үзэлгүй зөвхөн Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасанд тулгуурлаж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Ингэхдээ ...зээлдэгч болон хамтран зээлдэгчээр П.Д гэж зээлийн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан тул тэрээр уг гэрээний үүргийг бүрэн биелүүлэх үүрэг бүхий этгээд мөн бөгөөд үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөхгүй болно гэж дүгнэж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасныг үндэслэж П.Д ид зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцуулж байгааг гайхаж байна.

4.б. Шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгийг үндэслэж байгаа юм бол 242.11 дэх хэсэгт заасныг хэрэглэж, гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломж байгаа эсэхийг тодруулах, байхгүй бол тэнцүү хуваах, үүний тулд нөгөө үүрэг гүйцэтгэгчийн үүргийг өв залгамжлагчид хариуцуулахын тулд өв залгамжлагчийн асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байгааг тогтоох, үүний тулд хариуцагчийн төлөөлөгчийн гаргаж байгаа үндэслэлд тулгуурлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг үндэслэж эрх залгамжлагчийг тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсны үндсэнд эцсийн дүгнэлтээ гаргасан тохиолдолд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болох байсан.

4.б. Хэрэгт цугларсан баримтаар үүргийн гүйцэтгэл хуваагдах шинж чанартай буюу Д.Батсүрэн нь авсан зээлээ төлөх, хэрэв төлөхгүй бол П.Д үүргийн гүйцэтгэлийг өөрийн барьцаанд бариулсан хөрөнгөөрөө хариуцахаар байхад анхан шатны шүүх 2016 оны 02 сарын 02-ны өдрийн00000000 тоот зээлийн гэрээнд П.Д хамтран зээлдэгч гэх хэсэгт гарын үсэг зураагүй байхад зурсан мэтээр дүгнэж шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч П.Д ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 129,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ... хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй, 52.1 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, 00-00 улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер Прадо /Toyota Land Cruiser Prado/ маркийн, 000000000000000000000 аралын дугаартай тээврийн хэрэгсэл зэргээр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-3, 76-78/

 

3.   Хариуцагч П.Д нь дээрх нэхэмжлэлийг ...зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалах эрх олгож ах П.Б д итгэмжлэл олгосон, зээлийн гэрээний үүргийг хариуцах өв залгамжлагчийн асуудал шийдэгдээгүй байгаа, өөр хүний үүргийг бусдад хариуцуулах үндэслэл байхгүй, хамтран үүрэг гүйцэтгэгчид хариуцуулах үүрэг тодорхойгүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан байна. /хх 46, 76-78/

 

4.   Х ХХК болон П.Б , П.Д нар 2016 оны 02 сарын 02-ны өдөр 00000000 тоот Зээлийн гэрээ, 0000/00 тоот Барьцааны гэрээ-г тус тус байгуулж, 83,000,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор орон сууц, тээврийн хэрэгсэл зэргийг барьцаалах нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 12-15, 16-22/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан Барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

5. Зээлдүүлэгч Х ХХК 2016 оны 02 сарын 04-ний өдөр 83,000,000 төгрөгийг зээлдэгч П.Б д бэлнээр олгож зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан Бэлэн мөнгө олгосон баримт, Харилцагчийн дансны хуулга-р тогтоогдож байна. /хх 48, 49/

 

6. Зээлдэгч П.Б 2021 оны 07 сарын 18-ны өдөр эмнэлэгт өвчнөөр нас барсныг 2021 оны 07 сарын 20-ны өдөр нас барсны бүртгэлийн 4445 дугаарт бүртгэжээ. /хх 75/

 

7. Зээлдэгч П.Д Зээлийн гэрээ болон Зээлийн эргэн төлөх хуваарь-т гарын үсэг зурсан байх тул түүнийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгүүлэгч гэж үзнэ.

Иймд зээлдүүлэгч Х ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч, хамтран зээлдэгчийн хэнд нь шилжүүлэн өгснөөс үл хамааран зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөрийн үзэмжээр хамтран үүрэг гүйцэтгэгч П.Д аас бүхэлд нь шаардах эрхтэй.

2016 оны 02 сарын 02-ны өдөр 00000000 тоот Зээлийн гэрээ-нд зээлдэгч П.Б /талийгаач/, хамтран зээлдэгч П.Д нарын хэн аль нь зээлийн гэрээний үүргийг хариуцахаар заасан, тэдгээрийн хүлээх үүргийг тодорхой зааглаагүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй, энэ талаарх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нарын хүлээх үүрэг 2018 оны 07 сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 83,000,000 төгрөг, зээлийн хүү 84,217,332.20 төгрөг, нийт 167,217,332.20 төгрөг байх боловч нэхэмжлэгч 2019 оны 03 сарын 30-ны өдөр зээлдэгч П.Б гийн бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авч, зээлийн гэрээний хүүг 56,000,000 төгрөг болгон багасгасан дүнгээр шаардлагын үнийн дүнг тодорхойлжээ.

Иймд үндсэн зээл 83,000,000 төгрөг, зээлийн хүү 56,000,000 төгрөг, нийт 139,000,000 төгрөгөөс зээлдэгч П.Б гийн төлсөн гэх 10,000,000 төгрөгийг хасч, үлдэх 129,000,000 төгрөгийг хариуцагч П.Д аас гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгох нь зүйтэй. /хх 23-24, 28/

 

9. Нэхэмжлэгч өмнө нь зээлийн гэрээний үүргийг шаардсан боловч шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, улмаар нэхэмжлэгч нь хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, үүнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлж, зардал гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

10. Өмнө дурдсанчлан Барьцааны гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ тул П.Д ийн өмчлөлд бүртгэлтэй барьцаа хөрөнгө болох 52.1 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх нөгөө барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийн өмчлөгч нь талийгаач П.Б байгааг анхааралгүй тус хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01547 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... хоёр өрөө орон сууц болон Тоёота Ланд Круйзер Прадо маркийн, 00-00 улсын дугаартай, аралын 000000000000000000000 дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн суудлын автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай гэснийг ...хоёр өрөө орон сууцаар хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.10-т зааснаар хариуцагч П.Д ид холбогдох, үүргийн гүйцэтгэлийг 00-00 улсын дугаартай, аралын 000000000000000000000 дугаартай, Тоёота Ланд Круйзер Прадо /Toyota Land Cruiser Prado/ маркийн автомашинаар хангуулах тухай Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...7 дугаар зүйлийн 7.1.1, ... гэсний дараа ...7.1.2, ... гэж нэмж, ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...хариуцагч П.Д аас 943,350 /есөн зуун дөчин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж... гэснийг хариуцагч П.Д аас 873,150 төгрөгийг гаргуулж... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 943,350 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР