Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/02407

 

 

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/02407

Улаанбаатар хот 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо, Сэлбэ 00 дугаар хэсэг гудамж, 0000в тоотод оршин суух, Х овогт Р.Н /РД:ВК00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, А.Б ХХК /РД:0000000/-д холбогдох

Ажлаас халсан тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С, Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд 2002 оноос эхлэн хариуцагч А.Б ХХК-д борлуулалт эрхэлсэн захирал, хэлтсийн удирдлагын газрын захирлын албан тушаалууд дээр тус тус ажиллаж байсан. Энэ хугацаанд банкны удирдлагын зүгээс өгч байсан аливаа үүрэг, даалгавар, банкны үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны уян холбоо, гэрээнүүдийн тодорхойлолт мөн удирдлагын зүгээс хуульд нийцүүлэн өгсөн эрх үүргийг бүрэн гүйцэтгэж ирсэн. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчийн тушаалаар А.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт үүрэг гүйцэтгэгч томилогдсон үеэс халагдах хүртэл хугацаанд мөн адил банкны үйл ажиллагаатай холбоотой гүйцэтгэх удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт нь биелүүлж ирсэн. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил, аливаа сахилга болон эд хөрөнгийн асуудал хүлээж байгаагүй. Гэтэл үүрэг гүйцэтгэгчийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Д.А нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэнэт нэхэмжлэгчид урьдчилан сануулга, шаардлага өгөлгүйгээр ажлаас халах болсныг мэдэгдэж, мөн тухайн өдрөө өөрийнхөө өрөөнд нэхэмжлэгчийг дуудаж уулзсан. Ингэж уулзахдаа нэхэмжлэгчийг та өөрөө хүсэлтээрээ гар эсхүл халагдах хоёр асуудал байна, аль нэгийг нь сонго гэсэн маягаар хэлж, ажлаас халсан. Ингээд 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 000 тоот гүйцэтгэх захирлын тушаалыг гаргасан байдаг. Гүйцэтгэх захирлын тушаалд ямар үндэслэлээр яагаад халах болсон, мөн халах болсон үндэслэлтэй огт танилцуулаагүй. Мөн ноцтой зөрчил гэж үзэж байгаа боловч яагаад ноцтой зөрчил гаргасан гэдгийг огт тайлбарлаж, тодорхойлсон баримт бичиг аливаа баримтыг үзүүлэхгүй, тайлбар авалгүйгээр халсан байдаг. Тийм учраас тушаалыг хүчингүй болгож, ажиллаж байсан албан тушаалд эргүүлэн тогтоож, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч өөрийгөө яагаад халагдсанаа мэдээгүй байгаа боловч нэхэмжлэлдээ таамаглаж намайг энэ үндэслэлээр халсан юм болов уу гэсэн байдлаар нэхэмжлэлийнхээ нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарласан. Тухайлбал нэхэмжлэгчийг зориудаар банкны дүрэм журам зөрчиж 2018 онд зээлийг буруу олгосон, эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлээгүй улмаас 2020 оны эцсээр нийт зээл эзэмшигч, чанаргүй зээлийн харилцаан 51.7 болж өссөн. Банкны үйл ажиллагааны зохистой харилцааны шалгуур, үзүүлэлтийг алдагдуулсан, хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр ямар нэгэн хууль тогтоомж, ёс зүйн шаардлагад нийцэхгүй, хууль бус тушаалыг гаргасан. Мөн нэхэмжлэгчийн ажлыг н.Г-Э гэх хүнд хүлээлгэж өгсөн үйл баримт бий. Нэхэмжлэлд дурдаж байгаагаар бол банкны чанаргүй зээлийн харилцаа өссөн асуудлыг зөвхөн нэхэмжлэгчид холбогдуулж тайлбарласан. Мөн нэхэмжлэгч Р.Н-ыг бусдад зээл олгосон гэж тайлбарлаж байгаа. Тийм учраас эдгээр үндэслэлүүд нь нэгэн хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал 2018, 2019 онуудад их дүнтэй зээлүүдийг тухай үед олгож байсан. Ингээд их дүнтэй зээл дээр А.Бны хувьцаа эзэмшигч болох Улаанбаатар импекс ХХК-ийн зүгээс тухайн үед банкинд шаардлага тавьж, 2018, 2019 онд олгогдож байсан их дүнтэй зээлийн мэдээллүүдийг гаргаж өгөх мэтээр харьцсан байдаг. Энэ асуудал нь сүүлд даамжирч явсаар байгаад тухайн их дүнтэй зээлүүдийг хувьцаа эзэмшигч н.Э нь тодорхой хуулийн этгээдийн нэр дээр зээл авхуулж худлаа ашигласан байна гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн байдаг. Үүн дээр нэхэмжлэгчийн зүгээс очиж тайлбар өгч байсан. Бодит байдалд аваад үзэх юм бол банкнаас зээлийг зөвхөн Р.Н олгохгүй. Зээлийн хороо гэж хуралддаг, зээлийн хороо нь банкны салбаруудаар эрх нь олгогдсоны зүгээс салбар дээрээс зээл олгодог. Мөн төв зээлийн хороо нь их дүнтэй зээлийг олгодог. Зээлийн хороодуудад тодорхой албан тушаалтан орж саналаа хэлж хамтын зарчмаар шийдвэр гаргадаг. Гэтэл үүнийг нэхэмжлэгч зээл олгосон мэтээр тайлбарлаж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. А.Б ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар банкны бүх зээлийн үйл ажиллагааг зогсоосон. Зээл олгохгүй байх, баталгаа гаргахгүй байх гэх мэтчилэн банкны үндсэн үйл ажиллагааг зогсооч Монгол банкнаас хяналт шалгасан. Энэ нь цааш явсаар байгаад 6 сарын дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн Монгол банкнаас бүрэн эрхт төлөөлөгчийг А.Бинд ажиллуулахаар томилж, бүрэн эрхт төлөөлөгч нь жил ажилласан. Энэ хугацаанд банкнаас огт зээл олгогдоогүй, зээл олгох эрхийг хаасан, хориглосон, хязгаарласан тушаал хэвээр үйлчилж байсан, одоо ч гэсэн А.Бны зээл олгох үйл ажиллагаа тодорхой хязгаартайгаар явагдаж байгаа. Тэрнээс бусад банкуудын адил эвийн үйл ажиллагаа байхгүй. Энэ болгоноос үндэстэйгээр тухайн банкны үйл ажиллагаанд тодорхой алдагдал, олох ёстой байсан ашгаа олох боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас чанаргүй зээл болон бусад зохистой харилцааны шалгуур үзүүлэлт хангагдаагүй, биелэгдээгүй бол арга хэмжээ авах зохицуулалтай байдаг. Гэтэл 2019 оны 6 дугаар сараас хойш банкинд үүсч байгаа чанаргүй зээлийн хэмжээ буурсан асуудлыг зөвхөн нэхэмжлэгчид холбогдуулж, ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халж байгаа нь үндэслэлгүй байна. Р.Н-ын хувьд Төв зээлийн хороонд гишүүнээр орж санал хэлэх эрхтэй. Аливаа зээлийг олгохдоо эхлээд эдийн засагч гэх хүн материалуудыг судлаад, эрсдэлийн шинжээч гэх хүнээр хянуулж, салбар зээлийн хороонд хянагдаад хэд хэдэн шат дамжиж төв зээлийн хороогоор орж дахин хэлэлцэгдэж бүх нийтийн саналаар зээл олгох эсэх нь шийдвэрлэгддэг. Гэтэл энэ нь үндэслэлгүйгээр ажлаас халсан байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан. 2019 оны 6 дугаар сард А.Бинд ямар үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон гэхээр нэг харилцагчаас 20.000.000 төгрөгөөс дээш хэмжээний мөнгөн хадгаламж шинээр татахгүй байх, шинээр зээл олгох, зээлтэй адил хэлцэл хийхгүй байх, өөрийн нэрийн өмнөөс баталгаа болон батлан даалт гаргахыг хязгаарласан. Ингээд нэхэмжлэгчийг ямар нэгэн үндэслэлгүйгээр ажлаас халсан. Мөн 2018, 2019 онуудад олгогдсон их дүнтэй зээл гэж хариуцагчийн хариу тайлбар дээр дурдаад байгаа мөн дотоод хяналтын газрын шалгалт хийсэн баримтууд дээр дурдагдаад байгаа эдгээр зээлүүдийн хувьд одоогийн байдлаар тухайн үед бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байхдаа шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлдэгч нартай харилцан тохиролцож шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр банк дээр аливаа зээл чанаргүй болонгуут удирдлага нь хариуцдаг, тэгээд удирдлагыг нь ажлаас халдаг зүйл практикт байхгүй. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд тодорхой зээл олгодог, тухайн зээл нь зээлдэгчийн хувийн нөхцөл байдал, улс орны нийтийг хамарсан нөхцөл байдал, аливаа хорио цээр гээд олон зүйлээс болж чанаргүйжих эрсдэл байнга байдаг. Тийм учраас эрсдэлийн удирдлагын газрын захирлаар нэхэмжлэгч Р.Наранбаатар ажиллаж байсан. Харин олгогдсон гээд байгаа зээлүүдийн хувьд барьцаа хөрөнгө нь хангалттай, мөн хууль дүрэм зөрчсөн эсэх асуудал дээр ярих юм бол зээл олгосон шийдвэр болгон нь А.Бны санхүүгийн тайланд бүгд тусаж явдаг. Уг тайлан, зээл олголтын шийдвэр гээд бүх зүйл нь Монгол банк дээр хянагддаг. Хэрэв чанаргүйдсэн бол Монгол банкны чанаргүй зээлийн мэдээллийн санд бүртгэгддэг, хяналттай үйл ажиллагаа юм. Тэрнээс нэхэмжлэгч дангаар зээл олгосон, Монгол банк ч мэдээгүй, гүйцэтгэх удирдлага нь мэдээгүй байна гэж огт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн З.Н нь банкинд эрсдэлийн удирдлагын захирлаар 2016 оноос томилогдсон. Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байх үедээ буруу материалд үндэслэн зээл олгох шийдвэр гаргасан, удирдлагын үүрэг хэрэгжүүлж байгаа албан тушаалтны хувьд хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс өндөр дүнтэй зээлүүд чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний ажлын байрны тодорхойлолт, үндсэн чиг үүрэгт эрсдэлийг багасгах, хязгаарлах, удирдахтай холбоотой бодлогыг сайжруулах холбогдох арга хэмжээнүүдийг авах гэж заасан байдаг. Ийм учраас хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэх юм бол нэхэмжлэгч нь Хэлтсийн удирдлагын газрын захирлын чиг үүрэг дээр нэмээд зээлийн төв хорооны даргаар ажиллаж байсан. Энэ зээлүүд нь зүгээр нэг чанаргүй зээл биш. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Чанаргүй зээл болгон дээрээ удирдлагын ажлаас хөдөлмөрийн гэрээг цуцлах юм уу гэж тайлбарлаж байна. Гэтэл дотоод хяналтын газрын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлт нь 11 тэрбум төгрөг олгосон 7 зээл нь нэхэмжлэгчтэй хамаарал бүхий этгээд болох н.Э хүү Т Э.Ж гэх хүмүүс рүү шилжсэн байдаг. Жишээ нь хэд хэдэн зээлүүдийг өөр компани болон хүмүүс рүү шилжүүлсэн. Баялаг дулаан, баялаг урт гэх зэрэг компаниа судлуулаад зээл аваад уг данснаас шууд Э.Т гэх хүн рүү 290 000 000 төгрөг, Эрэл гэх компанийн данс руу 586 000 000 төгрөг орсон байдаг. Энэ бүхэн нь хамаарал бүхий этгээдэд зээл олгосон гэдэг баримтаар тогтоогдож байгаа. Чанаргүй зээл нь 2019 онд Монгол банкны дүгнэлтээр гарчихсан гэж ярьж байна. 2019 онд А.Бны үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон үндэслэл нь өөр юм. Арилжааны нийт банкууд дүрмийн сангаа 50 тэрбум төгрөгт хүргэх ёстой. Гэтэл А.Б 50 тэрбум төгрөгт хүргэж чадахгүй байна, хувьцаа эзэмшигч н.Э нь хуралдаа ирэхгүй байна гэдэг шалтгаанаар Монгол банк нь А.Бны үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож, бүрэн эрх төлөөлөгч орж ирсэн. Бүрэн эрхт төлөөлөгч 2019 онд орж ирснээс хойш 2021 онд Монгол банкаас тодорхой хэмжээний шалгалтууд ихээр орсон. Яагаад гэвэл хамаарал бүхий этгээдэд зээл олгосон байх магадлалтай байна гэж үзсэн. Тийм учраас А.Бны дэд захирал н.Б чиглэл өгч дотоод хяналтын газраас шалгалт хийсэн. Тухайн шалгалт нь хийсэн хүн нь зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт өөрийн хариуцаж буй ажлын чиглэлийн холбогдох нотлох баримтыг бүрдүүлээгүй, түүний үнэн зөвийг нягталж, шалгаагүйгээс зээлийн эрсдэлд оруулах үйл ажиллагаа хийх мөн тус журмын 10.10 дахь хэсэгт зээл хүссэн өргөдөл болгон бусад холбогдох баримтыг хуурамчаар буруу бүрдүүлж байгааг мэдсээр байж хүлээн авах, судлах, зээл олгох нь ноцтой зөрчил гэж заасан байдаг. Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмаас гадна, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дахь заалтаар ноцтой зөрчил гэж үзсэн мөн хөдөлмөрийн гэрээний 4.1.4 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ болон банкны дотоодод мөрдөгдөж байгаа журам бусад эрх зүйн актыг 2 ба түүнээс дээш ноцтойгоор зөрчсөн, ноцтойгоор зөрчсөн зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын холбогдох заалтууд болон зээл олгох журмуудыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Мөн 4.1.6 дахь хэсэгт гүйцэтгэж буй ажил үүрэг болон албан тушаал, өөрт ногдсон тусгай эрх хэмжээ болон эд хөрөнгийг өөрийн эсхүл бусдын ашиг сонирхолд урвуулан ашигласан. Дотоод хяналтын газрын дүгнэлтээр нэхэмжлэгч нь зээл олгохдоо хөнгөн хайхрамжгүй хандаагүй, мэдсээр байж эдгээр зээлүүдийг олгосон юм шиг харагдаж байна. Ягаад гэвэл эдгээр өндөр дүнтэй чанаргүй зээл авсан компаниуд нь хувьцаа эзэмшигчдийн хамаарал бүхий этгээдүүдийн дансанд мөнгөө шилжүүлсэн байгаа учраас үүнийг мэдсээр байж гэдгийг дүгнэлтэд тусгагдсан байсан. Ийм учраас гүйцэтгэх удирдлага Б.Ахувьд эрсдэлийн удирдлагын газрын захирал гэдэг хүн цаашид ажил үүргээ үнэн шударгаар гүйцэтгэж явахгүй, удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлж чадах уу гэсэн эргэлзээ үүссэн. Тийм учраас дотоод хяналтын дүгнэлт дээр тулгуурлаж хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг гаргасан. Дотоод хяналт шалгалтын дүгнэлт нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөр гарсан. Харин хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гарсан. Манайх цуцлах тушаалаа хөдөлмөрийн дотоод журам болон ажилтны хөдөлмөрийн гэрээ, дотоод хяналтын газрын шалгасан акт, зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам гэсэн баримт бичгүүд дээр үндэслэж, мөн ноцтой зөрчил гэдгийг тодорхой заасан учраас чөлөөлөх тушаалыг гаргасан. Нэхэмжлэгч урьдчилж танилцуулаагүй яагаад цуцалсан талаар ойлгоогүй гэж тайлбарлаж байна. Гэтэл бид нар тухайн үед танилцуулсан. Нэхэмжлэгч нь тухайн зээлийг гаргаж байхдаа зээлийн төв хорооны дарга байсан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болон зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам, банкны дотоод журмыг зөрчиж өндөр дүнтэй чанаргүй зээл гаргаж шаардлага хангаагүй, буруу материалд үндэслэж шийдвэр гаргасан үйлдэл нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон үүнийг банк ноцтой зөрчил гэж үзсэн. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгч талаас: 2021.05.11-ний өдрийн 112 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай А.Б ХХК-ийн захирлын тушаал, 2015.12.14-ний өдрийн №0000/00 дугаар Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

Хариуцагч талаас улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам, түүний хавсралт, 2021.04.19-ний өдрийн Чанаргүй зээлд хийсэн хэсэгчилсэн шалгалт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

2022.03.02-ны өдрийн 183/ШЗ2022/00000 дугаар шүүгчийн захирамж, 2022.03.15-ны өдрийн 183/ШЗ2022/00000 дугаар шүүгчийн захирамжаар А.Б ХХК-аас, 2022.05.06-ны өдрийн 183/ШЗ2022/00000 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Авлигатай тэмцэх газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, шүүх түүнийг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Р.Н нь А.Б ХХК-д холбогдуулан ажлаас халсан тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2 Хариуцагч А.Б ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, 2021.04.19-ний өдрийн чанаргүй зээлд хийсэн хэсэгчилсэн шалгалтаар Р.Н Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж маргаж байна.

3. А.Б ХХК 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Р.Н-ыг Манлай дэмжигч ажлын байранд 2015/362 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Улмаар 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.9, А.Б ХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6.3, 11.6.4, зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 10 дугаар зүйлийн 10.8, 10.10, 10.25, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.6 дахь заалтуудыг үндэслэн Эрсдлийн удирдлагын газрын захирал /Жолоодлогоор дэмжих жигүүрийн Манлай дэмжигч/ Р овогтой Н нь буруу материалд үндэслэн зээл олгох шийдвэр гаргасан, эрсдлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлээгүйн улмаас 2020 оны эцсээр нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн харьцаа 51.7 хувь болж өссөн, банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг алдагдуулсан, удирдлагын үүрэг хэрэгжүүлж буй албан тушаалтны хувьд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, зориудаар банкны дүрэм, журам зөрчин зээл олгосон нь банкны дотоод хяналт, холбогдох шалгалтаар тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

4. А.Б ХХК 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шалгалтаар Халзан овоо ХХК зээл олгох шийдвэр 2018.1.25-нд гарсан ... зээл хүсэгч 2018.12.21-ний өдөр гаргасан хүсэлтдээ Сүхбаатар дүүрэгт байрлах нэр бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаална гэжээ. Гэтэл эдгээр үл хөдлөх эд хөрөнгө Халзан овоо ХХК-ийн захирал Г.Л нэр дээр 2018.12.26-ны өдөр шилжиж ирсэн, 2018.12.24-ний өдөр барьцаа хөрөнгө хангалттай гэсэн байгаа нь үл хөдлөх хөрөнгө Г.Л нэр дээр шилжиж ирээгүй байхад юуг үндэслэж дүгнэлт гаргасан нь тодорхойгүй, ... зээл олгох шийдвэр гаргасан Хан-Уул тооцооны төвийн зээлийн хорооны гишүүд тооцооны төвийн захирал Ө.О, санхүүгийн зөвлөх Л.Б, Э.Т болон зээлийн төв хорооны дарга Р.Н, гишүүн Э.Т, Э.П, Н.Х нар зөрчсөн. Зээл олгогтын гүйлгээг 2018.12.25-н өдөр хийж, барьцаа хөрөнгүүдийг мөн өдөр тэнцлийн гадуур дансанд бүртгэсэн гүйлгээ хийсэн, гэтэл зээлийн барьцаанд тавьсан гэх хөрөнгө зээлдэгчийн нэр дээр шилжиж ирээгүй байсан тул хуурамч гүйлгээ хийсэн гэж,

Ай си нэт ХХК, Б.А 2019.02.26-ны өдөр 2.000.000.000 төгрөгийн зээл авсан. Зээл хүсэгч 2019.02.01-ний өдөр гаргасан хүсэлтдээ Б.А эзэмшлийн Ү-0000000000, Ү-000000000, Ү-0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавина гэсэн байх боловч зээл олгосны маргааш буюу 2019.02.27-ны өдөр эдгээр хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ Б.А нэр дээр шилжиж ирсэн нь ... зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 3.4.2 өөрийн өмчлөлдөө хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй түүнийгээ эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй байх гэсэн заалтыг Хан-Уул ТТ-ийн захирал Ө.О, санхүүгийн зөвлөх Э.Т, Л.Б, А.Бны ЗТХ-ны дарга Р.Н, гишүүн Э.Т, Э.П, Н.Х нар зөрчсөн,

Тахилгат гурваг сайхан ХХК, Д.Д 2018.10.08-ны өдөр 610.000.000, 2018.10.23-ны өдөр 890.000.000 төгрөг, нийт 1.500.000.000 таграгийн зээл авсан. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамжны 58 тоот хаягт байрлах 1090.99 м.кв талбайтай хувийн сууц нь 2018.10.09-ний өдөр Д.Д нэр дээр шилжиж ирсэн байхад барьцаа хөрөнгөгүй харилцагчид зээл олгох шийдвэр гаргасан нь зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 3.2.4 заалтыг Хан-Уул ТТ-ийн захирал У.Э, санхүүгийн зөвлөх Э.Т, Л.Б, А.Бны ЗТХ-ны дарга Р.Н, гишүүн Э.Т, Э.П, Н.Х нар зөрчсөн гэж тус банкны Дотоод хяналтын газрын захирал Ц.Д гаргажээ. /хх-ийн 75-83 дугаар тал/

5. А.Б ХХК-ийн чанаргүй зээлд хийсэн хэсэгчилсэн шалтгалт нь Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.7.аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаархи төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д банк, банкны нэгдлийн бусад оролцогчийн нь санхүүгийн тайлан, бусад шаардлагатай баримт бичгээ аудитын байгууллага /аудитор/-аар жилд нэгээс доошгүй удаа шалгуулж баталгаажуулна 40.2-т аудитын байгууллага /аудитор/ нь баталгаажуулсан санхүүгийн тайлан, баримт бичгийн талаархи дүгнэлтийг тухайн банкны төлөөлөн удирдах зөвлөл, хянан шалгах зөвлөлд танилцуулна гэсэн заалтуулын А.Б ХХК зөрчсөн.

Өөрөөр хэлбэл А.Б ХХК-ийн дотоод хяналтын газрын шалгалтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч санхүүгийн тайлан биш тул баталгаажуулах шаардлагагүй гэх боловч Банкны тухай хуульд зааснаар аудитын байгууллагаар баталгаажулах шаадлагатай, тухай банкны санхүүгийн зөрчлийн талаарх хяналт шалгалт бөгөөд Р.Н-ыг банкны төлбөрийн чадварыг алдагдуулсан гэх боловч Авилгатай тэмцэх газрын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 183/АБ2022/00000 дугаар албан тоотоор үгүйсгэгдэж байна.

Хуульд заасны дагуу аудитын байгууллага /аудитор/-аар баталгаажуулаагүй хяналт шалгалтыг үндэслэж тухайн банкны Эрсдлийн удирдлагын газрын захирал Р.Н-ын хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

6. Нэхэмжлэгч Р.Н-ыг Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, эх үүсвэрийн төвлөрөл, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журам, шийдвэрийн дагуу биелүүлэх, 17.1.Банкнаас аливаа этгээд, түүнтэй холбогдох этгээд, харилцан хамаарал бүхий этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй, 17.3.Банкнаас холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн таван хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас тус тус хэтэрч болохгүй бөгөөд ийнхүү олгохдоо дараахь шаардлагыг баримтална, 17.9.Банкнаас холбогдох этгээдтэй хийх хэлцэл нь банкны ердийн үйл ажиллагааны хүрээнд бусад этгээдтэй хийх хэлцлээс хөнгөлөлттэй байж болохгүй бөгөөд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхэд холбогдох хуульд заасан шаардлага, журмыг баримтална.

Хөдөлмөрийн дотоод журмын 11.5 Хөдөлмөрийн гэрээг банкны санаачилгаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу цуцалж болно. 11.6.3 Хөдөлмөрийн гэрээ болон банкны дотоодод мөрдөгдөж байгаа журам, заавар, бусад эрх зүйн актыг 2 ба түүнээс дээш удаа эсхүл ноцтойгоор зөрчсөн, 11.6.4 ажилтан өөрийн үндсэн ажил үүрэгт хамаарах банкны дотоод журам, заавар, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгтээ харш үйлдэл, эс үйлдэхүй гаргаж банкинд эрсдэл үүсгэсэн, эрсдэл үүсгэхийг завдсан,

Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 10.8 өөрийн хариуцаж буй ажлын чиглэлээр холбогдох нотлох баримтыг бүрдүүлээгүй, түүний үнэн зөвийг нягталж шалгаагүйгээс зээлийг эрсдэлд оруулах үйл ажиллагаа хийх, 10.10 зээл хүссэн өргөдөл болон бусад холбогдох баримт бичгийг хуурамчаар буюу буруу бүрдүүлж байгааг мэдсээр байж, түүнийг хүлээн авах, судлах, зээл олгох, удирдлагын заавраар зээл олгох

Хөдөлмөрийн гэрээний 4.1.4 хөдөлмөрийн гэрээ болон банкны дотоодод мөрдөгдөж байгаа журам заавар, бусад эрх зүйн актыг 2 ба түүнээс дээш буюу ноцтойгоор зөрчих, 4.1.6 гүйцэтгэж буй ажил үүрэг болон албан тушаал, өөрт олгогдсон тусгай эрх хэмжээ, боломж, эд хөрөнгийг өөрийн эсхүл бусдын ашиг сонирхлыг харгалзан урвуулан ашигласан, банкны үйлчилгээ үзүүлэх урьдчилсан нөхцөл, болзол болгон өөртөө ашигтай байдал бий болгох тохиролцоо хийсэн болон харилцагч, гуравдагч этгээдээс шаардсан, харилцагчид давуу байдал бий болгох замаар үйлчилгээ, хөнгөлөлт, бэлэг, мөнгөн болон мөнгөн бус шагнал урамшуулал авсан гэх үйлдэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

7. Р.Н-ын ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл юм.

Иймд Р.Н-ын хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар А.Б ХХК-ийн Эрсдлийн удирдлагын газрын захирлын /Жолоодлогоор дэмжих жигүүрийн манлай удирдлагч/ албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Р.Наранбаатартай байгуулсан 2015.12.14-ний өдрийн 0000/000 дугаар хөдөлмөрийн гэрээнд нэг сарын цалин хөлс 3.500.000 төгрөг байх бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 15 сар, ажлын 8 хоног байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар А.Б ХХК-иас Р.Н-ын ажилгүй байсан хугацаа буюу 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 15 сар ажлын 8 хоногийн нөхөн олговорт /3.500.000:21.5=162.790/ төгрөг байх бөгөөд /3.500.000х15=52.500.000, 162.790х8=1.302.320, 52.500.000+1.302.320=53.802.320/ 53.802.320 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч А.Б ХХК нэхэмжлэгч Р.Н-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Р.Наранбаатар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд А.Б ХХК-иас 53.802.320 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 426.962 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хонгор овогт Р.Н /РД:ВК00000000-г А.Б ХХК-ийн Эрсдэлийн удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч А.Б ХХК-аас 53.802.320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Н-т олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Р.Н-рын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч А.Б ХХК-д даалгасугай.

4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Р.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А.Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 426.962 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Г.СОЛОНГО