Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00443

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 04 өдөр Дуга 210/МА2024/00443

 

 

Р.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/03654 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Р.Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Аны гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 112 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одзаяа, Г.Лувсандамба, хариуцагчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие 2002 оноос эхлэн тус банкны борлуулалт эрхэлсэн захирал, Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байгаад 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ариунжаргал надад урьдчилан сануулга, шаардлага тавилгүйгээр шууд ажлаас халах болсноо мэдэгдсэн.

1.2. Ажлаас Банкны дүрэм, журмыг зөрчин 2018 онд зээлийг буруу олгосон, эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлээгүйн улмаас 2020 оны эцсээр нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн харьцаа 51,7 хувь болж өссөн, банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг алдагдуулсан, хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хууль бус тушаал гарган ажлаас чөлөөлсөн. Дээр дурдсан чанаргүй зээлүүд нь 2018 онд журмын дагуу судлагдаж банкны зээлийн хороогоор хэлэлцэгдэж, тус зээлийн хорооны нийт гишүүд саналыг үндэслэн хамтын зарчмаар шийдвэр гаргасны үндсэн дээр олгогдож, зээлийн төлөлт хийгддэг.

Зээлийн эргэн төлөлт хангалтгүй байсан тул А ХХК-аас иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа билээ.

1.3. Иймд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ариунжаргалын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 112 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 112 тоот тушаалыг бүхэлд нь хууль бус, хүчин төгөлдөр бусд тооцуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Р.Н нь Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байхдаа шаардлага хангахгүй материалд үндэслэн зээл олгох шийдвэр гаргаж, Удирдлагын үүрэг хэрэгжүүлж буй албан хувьд хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс өндөр дүнтэй зээлүүд чанаргүй зээлийн ангилалд шилжсэн ба Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 10 дугаар зүйлийн 10.8-т Өөрийн хариуцаж буй ажлын чиглэлээр нотлох баримтыг бүрдүүлээгүй түүний үнэн зөвийг нягталж шалгаагүйгээс зээлийг оруулах үйл ажиллагаа хийх, 10 дугаар зүйлийн 10.10-т зээл хүссэн өргөдөл болон бусад холбогдох бичиг баримтыг хуурамчаар буюу буруу бүрдүүлж байгааг мэдсээр байж хүлээн авах, судлах зээл олгох нь ноцтой зөрчил байхаар заасан байдаг.

2.2. Нэхэмжлэгч нь дээрх дүрэм, журмыг зөрчиж зээл олгосноос үүдэн 2020 оны эцсээр банкны нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн харьцаа 51,7 хувь болж өссөн, банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон.

Иймд нэхэмжлэгч Р.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хонгор овогт Раднаагийн Н/РД:ВК76012017/-ыг А ХХК-ийн Эрсдэлийн удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Аны гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 112 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч А ХХК-аас 105,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Нт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Р.Нын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч А ХХК-д даалгаж,

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Р.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 682,950 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх Банкны тухай хууль болон Компанийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж удирдлагаас өгсөн удирдамжийн дагуу банкны дотоод хяналтын газрын чанаргүй зээлд хийсэн хэсэгчилсэн шалгалтыг Санхүүгийн тайланд хамруулан авч үзэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. Санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулах, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн дүгнэлт гаргах, тухайн дүгнэлтийг Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж батлах нь компанийн үйл ажиллагаа, засаглалтай холбоотой зохицуулалт. Харин хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой асуудлыг Гүйцэтгэх захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу шийдвэрлэх бүрэн эрхтэй. Иймд компанийн засаглалтай холбоотой хуулийн зохицуулалтыг хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбон тайлбарлаж хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан болохыг нотолсон Дотоод аудитын газрын хяналт, шалгалтын тайланг үгүйсгэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.3. Р.Н нь Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын холбогдох заалтууд зөрчсөн ба энэ талаар Монгол банкнаас удаа дараа анхааруулж, хууль тогтоомжийн биелэлтийг хангаж ажиллахыг шаардсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. А ХХК-аас Р.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг буруу материалд үндэслэн зээл олгох шийдвэр гаргасан, эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлээгүйн улмаас 2020 оны эцсээр нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн харьцаа 51,7 хувь болж өссөн, банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг алдагдуулсан, удирдлагын үүрэг хэрэгжүүлж буй албан тушаалтны хувьд хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр цуцалсан байхад анхан шатны шүүх банкны төлбөрийн чадвар алдагдуулсан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцласан мэт тайлбарлаж буй нь үндэслэлгүй.

4.4. Мөн ажилтныг Хөдөлмөрийн гэрээ болон Банкны дотоод журмыг зөрчсний улмаас Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа эсэх нь огт хамааралгүй бөгөөд гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн нь тогтоогдвол холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээх ёстой. Гэтэл шүүх гэмт хэргийн шинжтэй үйлдэл болон хөдөлмөрийн ноцтой зөрчлийг холбон тайлбарлаж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаагүй байна гэдэг үндэслэлээр буюу Авлигатай тэмцэх газрын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 183/АБ2022/03895 дугаар албан тоотоор тухайн ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан үйлдлийг үгүйсгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

4.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д шүүгч тушаалын үндэслэл болсон үйлдэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн. Р.Нтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 4.1.6, Хөдөлмөрийн дотоод журмын 11.5, 11.6, 11.6.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн хөдөлмөрийн харилцааг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн буюу ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Аны зүгээс хянан шалгах эрх бүхий Дотоод хяналтын газрын тайлан, удирдамж, хянан шалгах эрх бүхий этгээдийн тодорхойлолт, зөрчсөн гэж үзэж буй дүрэм, журам бүрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нотлох баримтаар нотлох баримтын шаардлагыг хангасан байдлаар гаргаж өгсөн байхад баримтаар тогтоогдохгүй гэж үзэн, хэрэг авагдсан нотлох баримтуудыг үнэлж авч үзээгүй.

4.6. Мөн Аны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдсан буюу Дотоод хяналтын газрын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хяналт, шалгалтын тайлан нь үндэслэл бүхий гарсан гэдэг нь Монгол банкны хяналт шалгалт, албан бичгээр тогтоогдож байхад шүүх энэхүү баримтыг анхаарч үзээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлээгүй.

Иймд бидний гомдлыг хүлээн авч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/03654 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шүүгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн нотлох баримтыг үндэслэж чадаагүй гэх 2 агуулгаар гомдол гаргасан гэж үзэж байна.

5.2. Банкны тухай хуульд заасны дагуу дотоод хяналтын газар нь өөрөө санхүүгийн зөрчлийн шалгалт буюу чанаргүй зээлд шалгалт хийсэн тайланг гүйцэтгэх удирдлагад гаргаж өгсөн. Тухайн гаргаж өгсөн тайлан, мэдээг Банкны тухай хуульд заасны дагуу баталгаажуулж, албажуулаагүй. Мөн баталгаажуулах тухай асуудал нь өөрөө Банкны тухай хуульд зааснаар банкны төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигч нарт танилцуулж, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байна.

Иймд Банкны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэх дүгнэлт нь хууль ёсны байна.

5.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдаагүй боловч Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар банк санхүүгийн тайлан мэдээгээ Монгол банкнаас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсад нэр хүндтэй аудитын байгууллагаар жилд 1-ээс доошгүй баталгаажуулсан байхыг шаарддаг. Уг зохицуулалт нь Банкны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Тухайн үндэслэлээр анхан шатны шүүх дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

5.4. Банк санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор тайланг төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулдаг. Уг үүргээ гүйцэтгээгүй атлаа дотоод хяналтын газарт чиг үүрэг олгож, Р.Ныг ажлаас халах үндэслэл болгосон баримтыг бүрдүүлсэн нь хууль зөрчиж байна.

5.5. Хариуцагчийн зүгээс санхүүгийн тайлан баталгаажуулах, дүгнэлт хийх, ажилтныг ажлаас халах тухай асуудал нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээний асуудал гэж тайлбарладаг. Санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулж, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн дүгнэлт гаргах, тухайн дүгнэлтийг хувьцаа эзэмшигч нарын хурлаар хэлэлцэж батлах нь Компанийн үйл ажиллагаа засаглалтай холбоотой зохицуулалт. Хариуцагчийн зүгээс уг харилцааг хөдөлмөрийн харилцаа гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

5.6. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгээр гэрээ цуцалсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн гэх худал тайлбар гаргаж байна. Уг Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилготой байсан.

5.7. Мөн хамааралгүй этгээдүүдэд зээл олгож, Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж хариуцагчийн зүгээс тайлбарладаг. Гэвч Р.Н өөрөө зээл олгоогүй бөгөөд банкны хороо зээл олгодог. Мөн Р.Н дангаар зээл олгох эрхтэй субъект биш байдаг. Банканд өндөр дүнтэй зээлүүдийг олгосноор хохирол учраагүй. Тухайн банканд хохирол учирсан тохиолдолд ноцтой зөрчил гэж үзнэ.

Улсын Дээд шүүхийн 2012 оны зөвлөмжид ноцтой зөрчилд байгууллагад хохирол учруулсан, байгууллагын эсрэг ямар нэгэн санаатай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцно гэж тайлбарласан. Хариуцагчийн зүгээс уг зөвлөмжийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

5.8. Хариуцагчийн давж заалдах гомдлын 3 дахь үндэслэл нь анхан шатны шүүхийг ямар хуулийг зөрчиж, аль нотлох баримтыг үнэлээгүй талаар тодорхой дурдаагүй. Дотоод хяналт шалгалтын газрын тайланг гаргаж өгсөн гэх үндэслэлийг хариуцагчийн зүгээс тайлбарладаг ба анхан шатны шүүхээс тухайн тайланд дүгнэлт гаргасан. Монгол банкнаас удаа дараа А ХХК-д шаардлага өгсөн нь удирдлагын бүтцийн өөрчлөлтийг хийх шаардлагатай болсныг шаардсан.

Уг нөхцөл байдлын улмаас Р.Ныг удирдлагаас нь чөлөөлсөн гэх тайлбарыг хариуцагч талаас гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

 

2. Нэхэмжлэгч Р.Н нь хариуцагч Аны гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 112 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийг /1999 оны/ буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

4. А ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 112 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын 1 дэх заалтаар ... Эрсдэлийн удирдлагын газрын захирал /Жолоодлогоор дэмжих жигүүрийн Манлай дэмжигч/ Раднаа овогтой Н нь буруу материалд үндэслэн зээл олгох шийдвэр гаргасан, эрсдлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлээгүйн улмаас 2020 оны эцсээр нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн харьцаа 51.7 хувь болж өссөн, банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг алдагдуулсан, удирдлагын үүрэг хэрэгжүүлж буй албан тушаалтны хувьд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, зориудаар банкны дүрэм, журам зөрчин зээл олгосон нь банкны дотоод хяналт, холбогдох шалгалтаар тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай. гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.9 А ХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалт, А ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6.3, 11.6.4, Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 10 дугаар зүйлийн 10.8, 10.10, 10.25, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.6-д заасныг тус тус үндэслэн Р.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /1хх-3/

 

5. Талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.1-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд юуг тооцох талаар тодорхой нэрлэн заасан байх бөгөөд үүнд хөдөлмөрийн гэрээ болон банкны дотоодод мөрдөгдөж байгаа журам, заавар бусад эрх зүйн актыг 2 ба түүнээс дээш буюу ноцтойгоор зөрчсөн тохиолдлыг дурдсан байна.

 

5.1. Нэхэмжлэгч Р.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... зээлийг нь зөвхөн Р.Н олгосон мэтээр тайлбарлаж ажлаас халсан. Зээлийн эргэн төлөлт хангалтгүй байх үед А нь иргэний шүүхэд 2021 онд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан... гэх тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаас гаргасан ... 2020 оны эцсээр нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн харьцаа 51,07 хувьд хүрч өссөнтэй холбоотойгоор банкны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, банк гүйцэтгэх удирдлага болон бусад төлөөлөн удирдах зөвлөл нь эрхээ хэрэгжүүлэх чадваргүй болж, улмаар Монгол банкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон. Зээлийн удирдлагын газрын захирал буюу Р.Н төв хороог хариуцаж, эрсдэлийг удирдаж байсан хүний хувьд ёс зүйгүй үйлдэл гаргаж чанаргүй зээл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан... гэх тайлбараас үзвэл, Р.Н нь зээлийн хорооны даргаар ажиллаж байхдаа чанаргүй зээл гаргаж, улмаар уг зээл нь шүүхээр шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаангүй.

 

5.2. А ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Чанаргүй зээлд хийсэн хэсэгчилсэн шалгалт-аар Р.Н нь зээлийн хорооны даргаар ажиллаж байхдаа Халзан овоо ХХК-д 2,000,000,000 төгрөгийн зээл, О.Мөнхбаярт 1,500,000,000 төгрөгийн зээл, Б.Дашдамбад 605,000,000 төгрөгийн зээл, Ч.Буянжаргалд 1,000,000,000 төгрөгийн зээл, Баялаг орд ХХК-д 2,000,000,000 төгрөгийн зээл, Ай Си Нэт ХХК, Б.Алтантуяа нарт 2,000,000,000 төгрөгийн зээл, Тахилгат гурван сайхан ХХК, Д.Доржпалам нарт 1,500,000,000 төгрөгийн зээлийг тус тус олгосон ба уг зээлүүдийг олгохдоо Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам-ын холбогдох зохицуулалтыг зөрчсөн, мөн эдгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх ноцтой зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

 

5.3. А ХХК нь Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт Банкнаас холбогдох этгээдэд зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн тавах хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас тус тус хэтэрч болохгүй гэж заасан зээлийн төвлөрлийн хязгаарлалтыг зөрчсөн талаар Монгол банкны Хяналт шалгалтын газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-6/717 дугаар албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А-6/1134 дүгээр албан бичигт тус тус мэдэгдсэн байна.

 

5.4. Хүлэгтхүннү аудит ХХК нь А ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтэд ...2018-2019 онд олгосон 12,6 тэрбум төгрөгийн зээлийн судалгааг дутуу хийж, эрсдэлтэй зээл олгосон байна., ...барьцаа хөрөнгийн үнийн дүнг 70 хувиар үнэлж байгаа нь харилцагч зээлээ төлөөгүй 10-аас дээш сар болоход барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийг хангаж чадахааргүй байна гэсэн дүгнэлт хийж, зөвлөмж хүргүүлсэн байна.

 

5.5. Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн А ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 112 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн буюу нэхэмжлэгч Р.Н нь Эрсдэлийн удирдлагын газрын захирал /Жолоодлогоор дэмжих жигүүрийн Манлай дэмжигч/-ын албан тушаалд ажиллаж байхдаа зээлд эзлэх чанаргүй зээлийн харьцаа 51,07 хувьд хүрч өссөн, А ХХК-ийн дотоод хяналт шалгалтаар дээр дурдсан иргэн, хуулийн этгээдэд зээл олгохдоо Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам-ыг зөрчсөн, уг зээлүүдийг төлүүлэх талаар шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлөгдөж байх тул түүнийг Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь хяналт шалгалтаар илрэх боломжтой тул А ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Чанаргүй зээлд хийсэн хэсэгчилсэн шалгалт-аар илрүүлсэн хугацаанаас илэрсэн гэж тооцож, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй гэж үзнэ.

 

7. Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээний харилцаан дахь ноцтой зөрчлийг аудитын байгууллагын дүгнэлт, банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байх ёстой мэтээр дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. 8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Нын хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/03654 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан Аны гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 112 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Р.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 682,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР