Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2022/02336

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2022/02336

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: а  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Г холбогдох,

А вилла сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг эх хувиар нь гаргуулах, А  вилла сууц өмчлөгчдийн холбооны 9915753 дугаартай тамгыг гаргуулах, А  сууц өмчлөгчдийн холбооны санхүүгийн болон бусад бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М , хариуцагч Д.Г  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгч А  сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөл нь хариуцагч Д.Г холбогдуулан А  сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг эх хувиар нь гаргуулах, А  сууц өмчлөгчдийн холбооны 9915753 дугаартай тамгыг гаргуулах, А сууц өмчлөгчдийн холбооны санхүүгийн болон бусад бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч А  сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 А сууц өмчлөгчдийн холбоо 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан. Ийнхүү байгуулагдсан цагаас хойш Гүйцэтгэх захирал Д.Г  нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу бүх гишүүдийн хурал зарладаггүй, үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа сууц өмчлөгчдөд танилцуулдаггүй, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байсаар өдийг хүрсэн ба тус сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасны дагуу Удирдах зөвлөл болон Хяналтын Зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2020 онд дууссан. Гүйцэтгэх захирал Д.Г бүх гишүүний хурал зарлаж, зохион байгуулдаггүй ба сууц өмчлөгчид өөрсдөө нэгдэж, хурлаа зохион байгуулах оролдлого хийдэх хэрүүл шуугиан тарьж хурлыг тараадаг байсаар сүүлдээ сууц өмчлөгчдийн эрхийг ноцтой зөрчиж, зорчих эрхийг хязгаарлах, бусдын өмчлөлийн зогсоолыг булааж хэрэглэх, шаардлага тавьсан оршин суугчид хүч хэрэглэх, фэйсбүүк буюу олон нийтийн сүлжээнд доромжлох, А  хотхоны оршин суугчдын фэйсбүүк группээс хасах, Хан-Уул дүүргээс зохион байгуулсан шалгалтад хамрагдахаас татгалзах гэх мэт маш олон хууль зөрчсөн үйлдлийг гаргаж ирсэн. Удирах зөвлөл болон Хяналтын зөвлөлгүй болсны улмаас сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа зогсонги байдалд орж, Гүйцэтгэх захирал Д.Г  дур зоргоороо авирлаж, сууц өмчлөгчийн орон сууцны чанар, амьдрах орчин муудаж байна. Сууц өмчлөх холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8.3-т заасны дагуу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь бүх гишүүдийн хурал зарлан хуралдуулах хүрээнд А  сууц өмчлөгчдийн холбооны гишүүдийн хурал 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж, Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо 7 байсныг 5 болгож шинээр Удирах зөвлөлийн гишүүдийг сонгосон. Манай Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлөөс хариуцагчид хандаж, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Д.Г  үйл ажиллагааны тайлангаа тавихыг шаардсан бичиг хүргүүлэхэд Хариу өгөхгүй гэсэн. Удирдах зөвлөлөөс 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр сануулах сахилгын шийтгэлийг ноогдуулсан. Дараа нь Д.Г  холбогдох сууц өмчлөгчдийн бичгээр гаргасан гомдлууд болон бусад зөрчилтэй холбогдох тайлбараа ирүүлэхийг шаардаж 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр бичгээр мэдэгдэл хүргүүлсэн ба удаа дараа тавьсан шаардлага биелүүлээгүй, гаргасан зөрчлүүд нь тогтоогдсон тул Д.Г  А  сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр чөлөөлсөн ба 3 хоногийн дотор тамга, гэрчилгээ, бичиг баримтуудыг Удирдах зөвлөлийн дарга Ц.М  хүлээлгэн өгөхийг Д.Г  даалгасан юм. Удирдах зөвлөлийн тогтоол гарсныг түүнд шуудангаар болон Д.г  гэсэн нэртэй фэйсбүүк хаягаар нь мэдэгдсэн. Үүний хариуд хариуцагч элдвээр доромжилж, тамга, бичиг баримтыг хүлээлгэн өгөхөөс татгалзсан болон. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9 дэх гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх гэж заасныг хариуцагч зөрчиж байна. Иймд А  сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг эх хувиар нь гаргуулах, А  сууц өмчлөгчдийн холбооны 0000000 дугаартай тамгыг гаргуулах, А сууц өмчлөгчдийн холбооны санхүүгийн болон бусад бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.Г  шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ удирдах зөвлөлийн гишүүд 3 жилээр томилогддог, эрх, үүргийн хугацаа дууссан гэсэн зүйлийг ярьж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд хугацаа заасан зүйл байхгүй, дүрэмд ч бас хугацааны талаар тусгаагүй. 2020 оны 12 сард удирдах зөвлөлийн ээлжит бус хурал хуралдсан. Энэ хурлаар 4 гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүний дагуу ээлжит бус хурал зарлан хуралдуулаад 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит бус хурал тус хотхоны оршин суугчдын групп дээр лайв хэлбэрээр явагдсан. Энэ хурлаар 2020 оны үйл ажиллагааны тайлан бусад асуудлыг хэлэлцсэн. Энэ хурлаар орны 4 гишүүдийг томилж, үйл ажиллагааг зогсоохгүй байх чиглэл өгсөн. Үүний дагуу гүйцэтгэх захиралд үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу санал хураал ажлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу хотхоны фэйсбүүх группэд мэдээлэл тавиад удирдах зөвлөлийн тогтоол гараад энэ тогтоол хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тогтоолын дагуу батлагдсан анкетаар нэр дэвшигчийг бүртгэж, хяналтын зөвлөлөөс санал хураалт зохион байгуулсан тухай тэмдэглэлээ үйлдээд удирдах зөвлөлийн дарга бичиг баримтуудыг групп хуудсан дээрээ тавиад мэдээллээ түгээсэн. Шинээр удирдах зөвлөлийн гишүүдийг санал хураалтын үр дүнг хэлэлцээд удирдах зөвлөлийн 2 гэсэн тогтоол гарсан. Удирдах зөвлөлийн санал, хураалтыг сонгогдсонд тооцсон. 3 тоот тогтоолоор шинээр сонгогдсон удирдах зөвлөл, бүрэлдэхүүнээрээ удирдах зөвлөлийн даргаа сонгосон. Энэ тогтоол шийдвэр, сууц өмчлөгчдийн холбоог бүртгүүлэх тухай тогтоол гарсан. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас эдгээр баримтуудыг би өөрөө хөөцөлдөж байж авсан. Хоёрт тайлан тооцоо өгдөггүй, энэ ажлыг хийдэггүй, хурлыг зохион байгуулдаггүй гэсэн асуудлууд яригддаг. Санхүүгийн тайлан тооцоо байгаа, хяналтын зөвлөлийн дүгнэлт байгаа. Би гүйцэтгэх захирлын хувьд байнга мэдээлэл өгдөг, сууц өмчлөгчдийн холбоонд байр гэж байхгүй, энэ бичиг баримтууд манай гэрт хадгалагддаг. 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш миний бие гүйцэтгэх захирлаар томилогдоод мэргэжлийн хяналтын байгууллагаар хоёр удаа дүгнэлт гаргуулж байсан. Үүн дээр хотын дарга манай хотхонд хоёр удаа ажиллаж, групп хуудсан дээр гарч байсан. Миний хувьд байрандаа өөрөө оршин суугч, өмчлөгч бөгөөд байрныхаа орчны асуудал дээр анхаарал тавьж ажилладаг. Байртай холбоотой техникийн давхрын орон сууцаар зарсан, үрсэн асуудлуудыг шалгуулахаар хандаж байсан. Намайг ажил хийдэггүй гэж ярьж байна. Техникийн давхар, галын аюулгүй байдалтай холбоотой агааржуулалтын системийг авч хаясан асуудлаар Улсын бүртгэлийн газарт гомдол гаргаж, эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой хяналт, шалгалт хийх, зураг төсөл хуурамчаар үйлдсэн асуудал тогтоогдсон байж болзошгүй асуудлаар шалгуулах хүсэлт гаргаад цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарт хандаж, ажлаа хийхийг удаа дараа шаардаж байсан. Энэ мэтчилэн миний сууц өмчлөгчдийн холбооны даргын хувиар үүрэг хүлээж ажиллаж байгаагийн хүрээнд өөрийгөө хангалттай сайн ажиллаж байгаа гэж үзэж байгаа. Манай хотхоны оршин суугчид энэ талаар сайн мэдэж байгаа. Газрын маргаантай холбоотой Захиргааны хэргийн шүүхээс шийдвэр, захирамж гаргуулж байсан. Захиргааны хэргийн шүүхэд ялж байсан. Миний хувьд барилгын компани болон газартай холбоотой эд хөрөнгө зарсан, техникийн давхрыг зориулалтын бусаар зарсан асуудал дээр асуудал үүсгээд холбодох шүүх, хяналтын байгууллагад хандаад явж байсан. Э.Мөнхдэлгэрэх зэрэг гишүүд энэ асуудал дээр ашиг сонирхлын зөвчилтэй, өөрсдөө барилгын компанид материал нийлүүлдэг зэрэг зүйлс байгаа. Тэгээд энэ мэт миний эсрэг асуудал дэвшүүлж, миний эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Сууц өмчлөгчдийн холбоонд өр төлбөртэй айл өрхүүдийн жагсаалтыг гаргаж, төлбөр барагдуулах ажиллагаа явуулж байгаа. Улсын архиваас авсан архитектур төлөвлөлтийн зураг төсөл дээр иргэн О 134 айлын орон сууцны баримтуудыг би өөрөө хөөцөлдөж байгаа авч байсан. Орон сууцны хаалга болгоны цаана нэг өмчлөгч байгаа. Хурал хийсэн гээд гишүүдээр гарын үсэг зурсан баримт нь үнэхээр хуралдаад асуудлаа хэлэлцсэн бол энэ хүмүүсийн гарын үсэг 68 хүний гарын үсгээр хурал хүчин төгөлдөр болох ёстой. Гэтэл гарын үсэг зурсан Д.М  гэх хүн манай оршин суугч биш, манайд амьдардаггүй хүмүүс гарын үсэг зурчихсан. Өөр хоорондоо зөрүүтэй хүмүүс байгаа, зарим нэг нь хүмүүс давхардсан, зарим нэг нь огт байхгүй хүмүүс. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд хурал хэрхэн яаж хүчин төгөлдөр болох талаар заачихсан байгаа. Би бүх гишүүдийн хурал гэж явагдсан энэ хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Хурлын ирцийн асуудал дээр 83 айл буюу 97.11 хувь нь гишүүдийн хурлыг зарлан хуралдуулахаар санал нэгдсэн гэж байгаа боловч 57 хүний гарын үсэг байдаг. Итгэмжлэлүүд хэрэгт авагдсан байгаа боловч итгэмжлэл дээр дурдсан асуудал нь Сууц өмчлөгчдийн эдлэх бүх эрх, үүргийг итгэмжлэн олгоно гэж бичсэн. Төлөөлөгч, төлөөлүүлэгч нь энэхүү итгэмжлэлийн дагуу сууц өмчлөгчдийн холбооны хуралд намайг төлөөлөн санал өгөх, хүсэлт гаргах, нэр дэвшүүлэх, гишүүдийн хурлаас гарсан шийдвэрт гомдол гаргах зэрэг сууц өмчлөгчийн эдлэх бүх эрхийг итгэмжлэлээр олгоно гэсэн байна. Олгосон итгэмжлэлийг нь харахаар барьцаалбартай явж байгаа. О.М  Э.М  гэх хүмүүсийн өмнө шүүхэд өгч байсан тайлбар дээр Э.М нь Би энэ орон сууцны өмчлөгч биш гэсэн тайлбар гаргаж байсан. Манай А  сууц өмчлөгчдийн холбоо нь сууц өмчлөгчдийн гишүүнчлэлтэй, сууц өмчлөгч өөрийн эд хөрөнгийн дангаар захиран зарцуулах эрх бүхий хүн юм. Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд ч мөн адил өмчлөгчийн талаар заасан байдаг. Итгэмжлэлээр оролцож байгаа Ж.Д , Э.М  О.М  нь нэг өмчлөлийн орон сууц дээр удирдах зөвлөл гээд хуурамчаар бичиг баримтууд үйлдэж, гишүүдийн хурлаар сонгогдсон мэтээр ярьж байгаа. О.М  55 тоот нь 2018-2021 он хүртэл 4 сая төгрөгийн төлбөрийг огт төлөөгүй, 2021 оны 3 сараас хойш өнөөдрийг хүртэл 1.300.000 төгрөг төлөөгүй, 1-45 тоотын Ж.Д , Б.О  нар юм. Б.О нэр дээр нэхэмжлэл гаргаад шүүхэд маргаан нь явж байгаа. 46 тоот нь мөн 2018 оноос 2021 он хүртэл Д.М өмгөөлөгчийн оролцож байсан. О.М нэр дээр байгаа. 207 тоотын Ц.М  нь 1.156.000 төгрөгийн өртэй, У.Д  гээд гишүүнээр гарын үсэг зурсан хүн 1.140.000 төгрөгийн өртэй. Энэ хүмүүс сууц өмчлөгчдийн холбооны ажлаа хийхгүй байна гэсэн мөртлөө өөрсдөө үүргээ биелүүлэхгүй байгаа. Төлөөгүй хугацааг нь харахаар орсон цагаасаа эхлээд төлөөгүй, дээрэлхүү хандлага гаргадаг. Би энэ хүмүүсийг сууц өмчлөгчдийн холбооны тамгыг авч, захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээдээр оролцохгүй байх, О  ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийг биелүүлэхгүй байх арга сэдэж, тамга тэмдэг шаардаж нэхэмжлэл гаргаад байна гэж үзэж байгаа. Ү.Б гээд удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон хүн өөрөө барилгын компанийн дутуу ажлуудыг хийлгэх, дүгнэлтээр гарсан зөрчлүүдийг арилгуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, шүүхээр яв гэхээр явахгүй, аргаа ядаад би өөрөө явж байгаа. Д.М гэдэг хүн бол С.Г  О.О  гээд энэ барилгын компаниудтай би үзэлцдэг. Хотын дарга байсан С.А  даргыг хоёр удаа хотхондоо ажиллуулж байсан. П сууц өмчлөгчдийн холбоонд нэг газар, А  сууц өмчлөгчдийн холбоонд 4 газрын маргаантай байна. О.О  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоод, Байгаль орчны сайдад үүрэг болгосон шүүхийн шийдвэр гаргуулж байсан. Энэ мэтчилэн би ажиллаж байгаа. Энэ хүмүүсийн зорилго нь тодорхой, надаас тамга аваад оршин суугчдыг төлөөлөх эрхтэй болж байгаад маргаантай асуудлыг замхруулах хүсэлтэй байгаа. С.Г  манай лифтний өрөөний хажуу талын байрыг орон сууц болгоод зарсан. Энэ асуудал шалгагдаж байгаа. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт нилээн хэл ам хийж байж, сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг сунгах уу үгүй юу гэдэг дээр хариу авахад өмгөөлөгчийн хүсэлтээр тус гэрчилгээг сунгахгүй гэсэн хариу өгсөн. Би ямар журмаар холбооны гэрчилгээг сунгадаг болох талаар тайлбар шаардсан боловч одоо болтол хариу өгөөгүй. Сууц өмчлөгчдийн холбооны үүрэг бол удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал өөрчлөгдөж байгаа асуудлаар мэдээллийг дүүрэгт өгөх үүрэгтэй. Үүний дагуу мэдээллийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байдаг. Өмнөх шүүх хурал болохын өмнө энэ талаар материалуудыг би шүүхийн журмаар гаргуулж авсан. Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр төлбөр гаргуулахаар нэхэмжлэл олон удаа нэхэмжилсэн боловч гэрчилгээний хугацаа дууссан тул Д.Ганбаатар сууц өмчлөгчдийн холбооны төлбөр шаардах эрхгүй гэж маргадаг. Нэг удаа уулзаад сууц өмчлөгчдийн холбооны тайланг үзье гэж ярьдаггүй байж энэ хүн ажил хийдэггүй, тайлан тавьдаггүй гэж ярьдаг. Бид нар 2019, 2020 онд хурлаа зарлаж байсан. Хурал зарлахаар хүмүүс цугладаггүй. Д.М  гэдэг хүн өөрөө байсан, 2020 оны 12 сард болсон ээлжит бус хурал дээр ч сууж байсан. С гээд удирдах зөвлөлийн гишүүн ахын гэрт нь бид нар бүгдээрээ орж сууж байгаад хурлаа хийж байсан. Би цахимаар буюу фэйсбүүк групп дээр тайлан тооцоогоо тавьж байсан гэжээ.

4. Хариуцагч талаас А  сууц өмчлөгчдийн холбооны Төрийн банкинд төлбөр төлдөг оршин суугчдын жагсаалт /хх-45-47/, А  сууц өмчлөгчдийн холбооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-171/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 069-ны өдрийн 183/ШЗ2021/04455 дугаар захирамж /хх-172-173/, мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШЗ2021/04646 дугаар захирамж /хх-174-175/, А  сууц өмчлөгчдийн холбооны 2020 оны үйл ажиллагааны товч тайлан /хх-234/, А  сууц өмчлөгчдийн холбооны 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн Хяналтын зөвлөлийн тайлан /хх-235-236/ зэргийг ирүүлсэн.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2022/12016 дугаар захирамжийн дагуу авагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 11/1255 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн баримтууд /хх-60-165, 199-221/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 41 дүгээр албан бичигт хавсарган ирүүлсэн А  хотхоны оршин суугчдын бүртгэл /хх-166-170/ зэрэг баримт авагдсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч А  сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөл нь хариуцагч Д.Г  холбогдуулан А  сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг эх хувиар нь гаргуулах, А  сууц өмчлөгчдийн холбооны 00000 дугаартай тамгыг гаргуулах, А  сууц өмчлөгчдийн холбооны санхүүгийн болон бусад бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тус сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоол /хх-18/, мөн зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай тогтоол /хх-20-21/-ыг тус тус үндэслэл болгон тайлбарласан.

3. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гээд мөн зүйлийн 7.2.1, 7.2.5-д зааснаар бүх гишүүдийн хурлаар холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, холбоог өөрчлөн байгуулах эрхтэй байна.

А сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурал 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр болсон хэмээн тэмдэглэл үйлдсэн байх боловч тухайн хуралд нийт 60 айлын төлөөлөл ирсэн хэмээн тэмдэглэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 2017/52 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /хх-131-134/-д Иргэн О.О  захиалгатай ... 133 байр сууц бүхий барилга гэж, 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 001/21 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Зайсан, Дүнжингарав гудамжны 000000 болон 00000 байрны А  Сууц өмчлөгчдийн холбоонд шууд хамаарал бүхий нийт оршин суугчдын хурлын тэмдэглэл /хх-85-91/-д Тус байранд нийт 130 айл өрх аж төрж амьдардаг гэж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын ирүүлсэн А хотхоны оршин суугчдын бүртгэл /хх-167-170/-д нийт 134 өмчлөгч бүртгэлтэй гэж, хариуцагчаас ирүүлсэн Төрийн банкны тайланд нийт 133 айл, өрх бүртгэлтэй талаар тус тус дурдсан баримтууд ирсэн.

Өөрөөр хэлбэл, А хотхонд нийт 130-133 айл өрх буюу өмчлөгч амьдардаг байх бөгөөд 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн бүх гишүүдийн хуралд тэдний төлөөлөл болж 60 айлын төлөөлөл ирсэн нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан ирцэд хүрэхгүй байна.

Улмаар мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар хуульд заасан хувь хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд бүх гишүүдийн хурлыг дахин хуралдуулах шаардлагатай юм.

Мөн өмнөх Удирдах зөвлөлийн 7 гишүүний 1 гишүүнийг оролцуулсан байх бөгөөд бусад гишүүд болон гүйцэтгэх захирлыг хуралдаа оролцуулаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймээс А  сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурал хүчин төгөлдөр бус байх бөгөөд гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Удирдах зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоол нь хууль нийцээгүй байх тул хариуцагч Д.Г  холбогдох А  сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг эх хувиар нь гаргуулах, А сууц өмчлөгчдийн холбооны 9915753 дугаартай тамгыг гаргуулах, А сууц өмчлөгчдийн холбооны санхүүгийн болон бусад бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч А сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А  сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.4, 12 дугаар зүйлийн 12.4.9-д заасныг баримтлан хариуцагч Д.Г  холбогдох А  сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг эх хувиар нь гаргуулах, А сууц өмчлөгчдийн холбооны 000000 дугаартай тамгыг гаргуулах, А  сууц өмчлөгчдийн холбооны санхүүгийн болон бусад бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч А  сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А  сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 /хоёр зуун арван мянга зургаан зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА