Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 210/ма2022/01854

 

 

 

 

 

 

 

 

2022 10 05 210/МА2022/01854

 

 

А

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11ий өдрийн 183/ШШ2022/02336 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А хариуцагч Д.Г т холбогдуулан гаргасан А ны гэрчилгээ, 9 дугаартай тамга гаргуулах, тус холбооны санхүүгийн болон бусад бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагч Д.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: А 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан бөгөөд гүйцэтгэх захирал Д.Г нь хуульд заасны дагуу бүх гишүүдийн хурал зарладаггүй, үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг сууц өмчлөгчдөд танилцуулдаггүй, удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй, фэйсбүүк буюу олон нийтийн сүлжээнд доромжлох, группээс хасах ба сууц өмчлөгчдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийг гаргасан. Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлгүй болсны улмаас сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа зогсож, оршин суугчдын амьдрах орчин муудсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр сууц өмчлөгчдийн холбоо хуралдаж, удирдах зөвлөлийн гишүүдийн тоо 7 байсныг 5 болгож шинээр удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон. Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөл 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Д.Г ыг үйл ажиллагааны тайлангаа тавихыг шаардсан боловч биелүүлээгүй, гаргасан зөрчлүүд нь тогтоогдсон. Иймээс Д.Г ыг А ны гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр чөлөөлж, хариуцагчийг 3 хоногийн дотор тамга, гэрчилгээ, бичиг баримтуудыг удирдах зөвлөлийн дарга Ц.М-т хүлээлгэн өгөхийг даалгасан боловч биелүүлэхээс татгалзсан. Иймд А ны гэрчилгээг эх хувиар нь гаргуулах, А ны 9 дугаартай тамгыг гаргуулах, А ны санхүүгийн болон бусад бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хуульд болон дүрэмд удирдах зөвлөлийн гишүүний хугацааны талаар тусгаагүй. 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит бус хурлаар 2020 оны үйл ажиллагааны тайлан бусад асуудлыг хэлэлцэж, 4 шинэ гишүүн томилж, үйл ажиллагааг зогсоохгүй байх чиглэлийг гүйцэтгэх захиралд өгч, санал хураах ажлыг холбогдох хуульд заасны дагуу хотхоны фэйсбүүк группэд мэдээлсэн. Мөн санхүүгийн тайлан тооцоо болон хяналтын зөвлөлийн дүгнэлт гэж байгаа. Сууц өмчлөгчдийн холбоонд байр гэж байхгүй учраас бичиг баримтууд манай гэрт хадгалагддаг. 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гүйцэтгэх захирлаар ажиллахдаа сууц өмчлөгчдийн холбооны асуудлаар холбогдох байгууллагад шалгуулж, ажлаа хийхийг удаа дараа шаардаж байсан. СӨХ-нд өр төлбөртэй айл өрхүүдийн жагсаалтыг гаргаж, төлбөр барагдуулах ажиллагаа явуулж байгаа. Бүх гишүүдийн хурал гэж явагдсаныг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь 83 айл буюу 97.11 хувь нь гишүүдийн хурлыг зарлан хуралдуулахаар санал нэгдсэн гэж байгаа боловч 57 хүний гарын үсэг зурсан. Хэрэгт авагдсан итгэмжлэл нь барьцаалбартай буюу Э.М нь орон сууцны өмчлөгч биш байдаг. Итгэмжлэлээр оролцсон Ж.Д, Э.М, О.М нь нэг өмчлөлийн орон сууцтай гэж хуурамчаар бичиг баримтууд үйлдэж, гишүүдийн хурлаар сонгогдсон гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь О ХХК К-ийн өмнө хүлээсэн үүргийг биелүүлэхгүй гэж нэхэмжлэл гаргаж байна. Сууц өмчлөгчдийн холбооны үүрэг бол удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал өөрчлөгдөж байгаа асуудлаар мэдээллийг дүүрэгт өгөх үүрэгтэй. Үүний дагуу мэдээллийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн. Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээний хугацаа дууссан гэх үндэслэлээр төлбөр гаргуулахаар нэхэмжлэл удаа дараа гаргасан боловч гэрчилгээний хугацаа дууссан тул Д.Г сууц өмчлөгчдийн холбооны төлбөр шаардах эрхгүй гэж маргадаг. 2019, 2020 онд хурал зарлахаар хүмүүс цугладаггүй. 2020 оны 12 дугаар сард болсон ээлжит бус хуралд Д.М оролцсон ба цахимаар буюу фэйсбүүк группд тайлан тооцоог мэдээлсэн гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.4, 12 дугаар зүйлийн 12.4.9-д заасныг баримтлан хариуцагч Д.Г т холбогдох А ны гэрчилгээг эх хувиар нь гаргуулах, А ны 9 дугаартай тамгыг гаргуулах, А ны санхүүгийн болон бусад бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрт А ны 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн бүх гишүүдийн хурлын ирц хүрээгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 85 өрхийн төлөөлөл оролцсон ба бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэрт 61 нь гарын үсгээ зурсан.

4.б. Түүнчлэн, улсын комиссын актад 133 орон сууцтай гэсэн боловч бодит байдал дээр тухайн хотхон 117 өрхтэй атал шүүх эргэлзээтэй, зөрүүтэй баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хэдэн өмчлөгчтэй эсэхийг эргэлзээгүй нотлох баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах шаардлагатай байсан. Нэхэмжлэгч 117 өрхтэй хэмээн үзэж байхад хариуцагч өөр саналтай байвал нотлох баримтаа өөрөө бүрдүүлэн өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчээс баримт гаргуулах хүсэлтийг гаргаагүй болно.

4 в. 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тогтоолыг Д.Г т баталгаат шуудангаар хүргүүлсэн. Түүнийг чөлөөлсөн асуудал бол хөдөлмөрийн эрх зүйн тусдаа маргаан буюу Д.Г Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт тус тус зааснаар удирдах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг эс зөвшөөрсөн бол 30 хоногийн дотор буюу 2022 оны 05 дугаар сарын 28-ны дотор шүүхэд гомдлоо гаргах ёстой байсан бөгөөд хугацаа өнгөрсөн тул ажлаас чөлөөлсөн удирдах зөвлөлийн тогтоол хүчин төгөлдөр болсон. Иймээс тамга, тэмдэгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Энэ асуудлаар шүүх дүгнэлт хийлгүйгээр агуулга, үр дагаврын хувьд сууц өмчлөгчдийн холбооны тамгыг гаргуулах маргаанд Д.Г сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад ажилд эгүүлэн тогтоосонтой адил үр дагавар бүхий шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

4 г. Д.Г нь гүйцэтгэх захирлын үүргээ биелүүлдэггүй, бүх гишүүдийн хурлыг зарладаггүй, зарцуулалтыг тайлагнадаггүй, дураар авирласны улмаас сууц өмчлөгчдийн үндсэн эрх нь зөрчигдөх, амгалан тайван бус нөхцөл байдалд орсон учраас оршин суугчид өөрсдөө нэгдэж бүх гишүүдийн хурлыг зохион байгуулсан. Удирдах зөвлөл болон түүний гишүүд тус хотхоны сууц өмчлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч хэн аль нь сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаас сууц өмчлөгчдийн холбооны болон санхүүгийн бичиг баримтыг гаргуулах, танилцах бүрэн эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх 3 дахь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаарх хууль зүйн үндэслэлийг бичээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч манай оршин суугчдын айл өрхийн тоог 117 гэж анхан шатны шүүхэд маргасан. Улсын комиссын акт болон банкны төлбөрийн баримтад 133 айлын орон сууц гэж бүртгэсэн. Нэхэмжлэгч 3 айлыг 1 айл болгож тохижуулснаар 3 айлын ордер нэг хүний нэр дээр гарсан гэж маргадаг. Анхнаасаа тухайн орон сууц ашиглалтад орохоос өмнө засвар үйлчилгээ хийгдэж, 1 айл болсон. Нэхэмжлэгч бүх гишүүдийн хурлыг хийх талаар хуульд зааснаар гарын үсэг цуглуулсан боловч зарим айлуудын нэр нь буруу манай оршин суугч биш, хуралд оролцоогүй гэж хэлдэг. Бүх гишүүдийн хурлын ирц 50 хувь дээр нэмэх 1 буюу 133 айлын орон сууц улсын комиссын акт болон Т ХХК -ийн баримтуудаар нотлогддог. Үүнийг шүүх үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлтэй. Хэн нэг хууль бус хүмүүс өөрсдийгөө Удирдах зөвлөл гээд тогтоол шийдвэр гаргаад шуудангаар гэрийн хаягаар ямар нэгэн баримт шаардаад, хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Би эдгээр хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Манай сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хэвийн явагдаж байна. Анхан шатны шүүх хуулийн хүрээнд бүх гишүүдийн хурал хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн. Эдгээр үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А ны удирдах зөвлөл нь хариуцагч Д.Г т холбогдуулан А ны гэрчилгээ, 9 дугаартай тамга гаргуулах, тус холбооны санхүүгийн болон бусад бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Д.Г нь бүх гишүүдийн хурал хийдэггүй, тайлангаа танилцуулаагүйн улмаас хуулийн дагуу гуравны нэгээс доошгүй гишүүдийн зарлан хуралдуулсан хуралдаанаар Д.Г ын гаргасан зөрчлүүд тогтоогдсон учраас ажлаас нь чөлөөлсөн гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын ажлаа хийж, тухай бүрт арга хэмжээ авч ажилласан, бүх гишүүдийн хурлаа хийсэн, тус холбооны удирдах зөвлөл ээлжит бусаар хуралдсан байх ба хурлын ирц хүрээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан байна. /хх1-2, 33/

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ.

4. А нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 17/17 дугаартай сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ авчээ. /хх4, 83, 84/

5. А нд шууд хамаарал бүхий нийт оршин суугчдын хурлын тэмдэглэл, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын ирүүлсэн Астра вилла хотхоны оршин суугчдын бүртгэл, Төрийн банкны тайлан зэрэг баримт, зохигчдын тайлбараас үзэхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, зайсан, дүнжингарав гудамжны 207/1 болон 207/2 байранд 130-134 айл өрх буюу өмчлөгч оршин суудаг байна. /хх45-47, 85-91, 131-134, 167-170/

6.а А ны бүх гишүүд 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж, хурлын тэмдэглэлд ...60 айлын төлөөлөл ирснээр хурлын ирц 70.2 хувиар бүрдэв гэжээ. Энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.4 дэх хэсэгт тус тус заасан бүх гишүүдийн хурлын ирцэд хүрээгүй байна.

6.б. Дээрх хурлын шийдвэрийг үндэслэн А 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор удирдах зөвлөлийн даргаар Ц.М-ийг сонгосон, мөн удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор тус холбооны гүйцэтгэх захирал Д.Г ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн зэрэг үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

6.в. Учир нь А ны бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр бус, удирдах зөвлөлийн дээрх тогтоолууд хуульд нийцээгүй болох нь нотлогдсон тул нэхэмжлэгч шаардлага гаргах эрхгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар, болон давж заалдах гомдлын үндэслэлдээ тухайн Австра вилла хотхонд нийт 117 айл өрх амьдардаг гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд зааснаар өөрийн шаардлага, үндэслэлийг нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь бүх гишүүдийн хурал ирцэнд хүрсэн талаарх үндэслэлээ нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/02336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ЦОГТСАЙХАН