Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2022/01637

 

 

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2022/01637

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 0-00 тоотод оршин суух, М овогт Ц. Б-А /РД:ЦЕ00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 00-00 тоотод оршин суух, Б овогт Б. А /РД:ХВ00000005/-д холбогдох

Төхөөрөмжийн үнэ 11.970.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э,

Хариуцагч: Б.А

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Б-А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б-А миний бие "Компьютер молл" худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Б.А-оос цахим мөнгө /биткойн/ олборлодог төхөөрөмж худалдаж авахаар тохирч 11.970.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл төлбөрөө төлчхөөд байхад Б.Ань төхөөрөмжөө өгөхгүй байсан тул залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр цагдаад хандахаас өөр аргагүй болсон. Эрх бүхийн цагдаагийн байгууллагаас Б.А-ыг шалгаад иргэний гэрээ, хэлцэлтэй, мөн мөнгийг буцаан өгнө гэсэн байх тул иргэний шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзээд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2021.10.19-ны өдөр 0000 тоот тогтоол гаргаж, хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан. Ингээд иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Б.А-оос тоног төхөөрөмжид төлсөн үнэ 11.970.000 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч Б.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Б-А 2021 оны 06 сарын 26-ны өдөр манай Төгс Төлбөр ХХК-иас цахим мөнгө олборлодог төхөөрөмжийг захиалан худалдан авсан. Тухайн үед иргэн Ц.Б-А болон түүний найз Л гэх хоёр хүн адил үнэтэй Сhia цахим мөнгө олборлодог төхөөрөмжийг нэг өдөр, нэг цагт худалдан авсан байдаг. Гэтэл Ц.Б-А тухайн төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг асааж заалгаж, хянаж үзээд нэмэгдэл программ болон харилцах мэдээллүүдийг суулгуулах хүсэлт гаргаж, төхөөрөмжөө орхиод явсан. Харин бидний зүгээс захиалагчийн хүсэлтийн дагуу тухайн төхөөрөмжийг ажиллуулах бүрэн нөхцөлийг бүрэлдүүлж тухайн худалдаж авсан төхөөрөмж дээр 658 плот /файл/ үүсгэн өгч жигд ажиллах боломжийг олгосон бөгөөд хүрч ирж төхөөрөмжөө авахыг утсаар мэдэгдсэн ч өөрөө ирээгүй хэд хоног холбогдохгүй байж байснаа дараа нь залгаж би ерөөсөө болилоо, надад цаг зав гарсангүй. Тиймээс та нар наад төхөөрөмжөө борлуулаад миний төлбөрийг гаргаад өгч болох уу гэж гуйсан тул бид нэлээд удаан ярилцсаны эцэст тохиролцож боломж гарвал борлуулах эсвэл худалдан авах хүн гарвал холбож өгөх тухай ярьсан. Түүнээс хойш худалдан авах болон койныг олборлохтой холбоотой асуудлаар бид байнга утсаар холбогдож зөвлөгөө өгч, ханшийн үнийн зөрүүгээс төхөөрөмжийн үнэ буурч байгаа талаар мэдээлж байсан. Энэ бүх зүйлийг өөрөө мэдэж байсан атлаа, Сүхбаатар дүүргийн цагдаад Б.А намайг залилах гэмт хэрэг үйлдсэн мэтээр ташаа мэдээллээр шалгуулах хүсэлт гаргасанд бид гомдолтой байна. Гэтэл 2021 оны 10 сарын 19-ны өдөр Б.Аоос цахим мөнгө олборлодог төхөөрөмжийг 11.970.000 төгрөг шилжүүлэн худалдан авсан боловч одоог хүртэл төхөөрөмжөө өгөхгүй залилсан гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын тогтоолд дурдахдаа иргэн Ц.Б-Агаас гаргасан бүртгэлийн 0000 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэл нээхээс татгалзсан бөгөөд дээрх үйл баримт нь иргэд хоорондын гэрээ хэлцлээс үүсэх үр дагавартай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулбал зохих асуудал байх тул гэж дурдсан байна. Мөн манайхаас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст тухайн барааг нь аваачиж үзүүлэн Ц.Б-А өөрөө бараагаа хүлээж авахгүй байгаа талаар мэдүүлэг өгсөн. Иймд илтэд худал мэдээллээр хэрэг үүсгүүлэх гэж оролдсон, хүний нэр төр алдар хүндэд халдсан, компанийн ашиг орлогыг бууруулах нөхцөлийг бүрэлдүүлсэн бусад үйлчлүүлэгч нарт ташаа буруу ойлголт төрүүлэхүйц нөхцөл үүссэн байна. Ц.Б-А өөрийн хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаасаа болж цахим мөнгө олборлох төхөөрөмжөө ашиглаж чадахгүй байгаагаас үүдэлтэй хохирол гэх 11.970.000 төгрөгийн манай байгууллага болон Б.А нар төлөх боломжгүй юм. Харин иргэн Ц.Б-А манай байгууллагын үйлчилгээний үнэ тарифын дагуу Сhia койны олборлоход шаардлагатай 658 плот үүсгэсэн үнийн дүн болох 6.580.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээх ёстой. 1 плотын үнэ 10.000 төгрөгийн үнэлгээтэй. Худалдан авагч Ц.Б-Агийн цахим мөнгө олборлох төхөөрөмж өнөөг болтол бүртгэлд туссан жагсаалтын дагуу 2021 оны 06 сарын 26-ны өдөр өөрт нь хүлээлгэж өгсөн хайрцагтайгаа байгаа, хэн ч ашиглаагүй бөгөөд төхөөрөмжөө өөр дээрээ авахыг манай талаас удаа дараа санал тавьсан боловч өөрөө авахгүй байгаа болно гэв.

3. Шүүх хуралдаанд Я.Л гэрчээр мэдүүлэхдээ: Би Ц.Б-Аг Б.Атой холбож койн олборлодог төхөөрөмж авах талаар зуучилж өгсөн. Бид хоёр Б.А дээр хамт очиж худалдан авсан бөгөөд бид 2 тухайн худалдан авсан төхөөрөмжидөө нэмэлт программ суулгахаар үлдээсэн. Бат-Амгалан над руу яриад Б.А олдохгүй байна. Утсаа авахгүй байна гэсэн. Тэр нь наадмын дараа байсан санагдаж байна. Б.Аын зарсан гээд байгаа төхөөрөмжийг өөр хүн эзэмшиж, ашиглах боломжтой. Тэр төхөөрөмжийг аваад би ашиг олж чадахгүй болсон, мини компьютерээ олон цаг ажлуулаад ачаалал дийлэхгүй шатсан. Тухайн төхөөрөмжийг Аөгөх ёстой байсан цаг хугацаанаасаа хэтрүүлсэн, плот файл харьцангуй хурдан суудаг байсан. Би А 7 ширхэг хард диск авсан. Мини компьютер 600.000 төгрөгөөр авсан, нийтдээ ойролцоогоор 12.000.000 төгрөг төлсөн санагдаж байна. Миний авсан хард дискэнд файл үүсгэхдээ 7 хоногийн дотор таньд бэлэн болгоод өгнө гэсэн. Тэгсэн чинь бүр сар гаруй болсон. Би их үнэтэй авчихлаа гээд шаналаад амазон сайт руу ороод үзсэн чинь 300 долларын ханштай байсан гэв.

4. Нэхэмжлэгч талаас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0000 дугаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын тогтоол, итгэмжлэл, Я.Л-ын тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн,

Хариуцагч талаас Chia койныг олборлохтой холбоотой үнийн тариф, зарлагын баримт, өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Я.Л-аас шүүх гэрчийн мэдүүлэг авсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ц.Б-А Б.Аод холбогдуулан койн олборлодог төхөөрөмжийн үнэ 11.970.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2021 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ц.Б-А Б.Аоос койн олборлодог төхөөрөмж худалдан авахаас тохирч, 11.970.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн ба хариуцагч 11.970.000 төгрөг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй байна.

Б.А тухайн төхөөрөмжид үнэгүй файл суулгаж өгнө гэж авч үлдсэн, хугацаандаа файлаа суулгаж өгөөгүй тул Ц.Б-А тухайн төхөөрөмжийн үнэ болох 11.970.00 төгрөгийг гаргуулахаар маргажээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч Б.А Ц.Б-А манай байгууллагын үйлчилгээний үнэ тарифын дагуу Сhia койны олборлоход шаардлагатай 658 плот үүсгэсэн үнийн дүн болох 6.580.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээх ёстой. 1 плотын үнэ 10.000 төгрөгийн үнэлгээтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж хуульчилсан ба Б.А худалдсан эд хөрөнгийг Ц.Б-Ад шилжүүлэн өгөөгүй тул Б.А плот үүсгэсэн үнэ 6.580.000 төгрөгийг шаардах эрхгүй юм.

Хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.1-д зааснаар Ц.Б-Агийн эд хөрөнгийг хадгалсан, тэрээр өөрөө эд хөрөнгө авч, худалдан борлуулах үүрэгтэй гэжээ.

Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.1-д худалдан авагч худалдан авсан эд хөрөнгөө хугацаанд нь хүлээж аваагүй бол худалдагч уг эд хөрөнгийг хадгалах үүрэгтэй, 256 дугаар зүйлийн 256.2-т хэд хэдэн эд хөрөнгийг худалдсан тохиолдолд тэдгээрийн зарим хэсэг нь доголдолтой бол гэрээг зөвхөн доголдолтой хэсгээр, хэрэв доголдолтой хэсэг нь бусад хэсэгтэйгээ нэгдмэл зориулалттай ашиглагдах бол гэрээг бүхэлд нь цуцалж болно гэж заасны дагуу хариуцагч Б.А эд хөрөнгийг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэгч Ц.Б-А гэрээнээс татгалзах эрхтэй.

Мөн хуулийн 259 дүгээр зүйлийн 259.1-д Гэрээний нэг тал эд хөрөнгийг хүлээж авахгүй удаасан буюу хадгалахтай холбогдсон зардлыг төлөхгүй бол эд хөрөнгийг хадгалж байгаа тал нь зохих журмын дагуу түүнийг худалдах эрхтэй. Эд хөрөнгийг худалдах тухай нөгөө талдаа долоо хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ц.Б-А гэрээнээс татгалзаж байгаагаа Б.Аод мэдэгдсэн тул тэрээр энэ хуулийн дагуу эд хөрөнгийг худалдан борлуулах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь худалдан авсан эд хөрөнгөд файл суулгаж өгнө гээд хугацаандаа өгөөгүй тул тухайн төхөөрөмжийг авахаа больж, үнийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь хууль зөрчөөгүй, Б.А хугацаандаа төхөөрөмж өгөөгүй талаар гэрч Я.Лутбат мэдүүлсэн болно.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.Аоос 11.970.000 төгрөг гаргуулж, Ц.Б-Ад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ц.Б-Агийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аоос 206.470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-Ад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Б.Аоос 11.970.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-Ад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ц.Б-Агийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аоос 206.470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-Ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Г.СОЛОНГО