Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01522

 

 

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01522

 

 

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/01637 дугаар шийдвэртэй,

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

Б.А-од холбогдох,

11,970,000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.А-, хариуцагчийн өмгөөлөгч С.Өнөрзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Ц.Б- миний бие "Компьютер молл" худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Б.А-оос цахим мөнгө /биткойн/ олборлодог төхөөрөмж худалдаж авахаар тохирч 11,970,000 төгрөг шилжүүлсэн. Б.А- төхөөрөмжийг өгөөгүй тул түүнээс төхөөрөмжид төлсөн үнэ 11,970,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Ц.Б- 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай “Тт” ХХК-аас цахим мөнгө олборлодог төхөөрөмжийг худалдан авсан. Ц.Б- тухайн төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг асааж заалгаж, хянаж үзээд нэмэгдэл программ болон харилцах мэдээллүүдийг суулгуулах хүсэлт гаргаж, төхөөрөмжөө орхиод явсан. Бидний зүгээс захиалагчийн хүсэлтийн дагуу төхөөрөмж дээр 658 плот /файл/ үүсгэн жигд ажиллах боломжийг олгож, төхөөрөмжөө ирж авахыг утсаар мэдэгдсэн ч өөрөө ирээгүй хэд хоног холбогдохгүй байж байснаа дараа нь залгаж төхөөрөмжөө борлуулаад төлбөрийг гаргаад өгч болох уу гэж гуйсан тул бид тохиролцож боломж гарвал борлуулах эсвэл худалдан авах хүн гарвал холбож өгөх тухай ярьсан. Түүнээс хойш худалдан авах болон койныг олборлохтой холбоотой асуудлаар бид байнга утсаар холбогдож зөвлөгөө өгч, ханшийн үнийн зөрүүгээс төхөөрөмжийн үнэ буурч байгаа талаар мэдээлж байсан. Ц.Б- өөрийн хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаасаа болж цахим мөнгө олборлох төхөөрөмжөө ашиглаж чадахгүй байгаагаас үүдэлтэй хохирол гэх 11,970,000 төгрөгийг манай байгууллага болон Б.А- нар төлөх боломжгүй юм. Харин иргэн Ц.Б- манай байгууллагын үйлчилгээний үнэ тарифийн дагуу Чиа койн олборлоход шаардлагатай 658 плот үүсгэсэн үнийн дүн болох 6,580,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээх ёстой.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Б.А-оос 11,970,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар Ц.Б-гийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-оос 206,470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Талууд хард дискийг доголдолтой байсан гэж маргаагүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2 дахь хэсэгт заасныг хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан.

Мөн хариуцагч Б.А-ыг худалдсан эд хөрөнгийг Ц.Б-д шилжүүлэн өгөөгүй тул Б.А- плот үүсгэсэн үнэ 6,580,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн. Ц.Б- худалдан авсан эд хөрөнгөдөө тусгай программ суулгуулахаар үлдээсэн нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байхад Б.А-ыг худалдсан эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй гэж үзэх үндэслэлгүй. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэж эд хөрөнгө худалдаж авсны дараа тусгай программ суулгуулж нэмэлт үйлчилгээ авахаар харилцан тохиролцож хард дискүүдээ үлдээж байгаа дээрх үйл баримт нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж үзэж, шинжээч томилуулах хүсэлтийг хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэж тус тус хүлээн авахаас татгалзсан.

Хард дискүүдэд тусгай программ тухайн цаг хугацаанд суусан эсэх, ажил үйлчилгээг бодитойгоор хийж гүйцэтгэсэн эсэх талаарх баримт хэрэгт ач холбогдолтой байхад шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авахгүй нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Б.А-од холбогдуулан худалдах, худалдах авах гэрээнээс татгалзаж 11,970,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Б.А-той 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр койн олборлодог төхөөрөмж худалдах, худалдан авахаар тохирч, 11,970,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч хүлээн авч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэжээ.

 

4. Хариуцагчийн тайлбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоол, “Тт” ХХК-ийн зарлагын баримт зэрэг баримтуудад А.Бат-Амгалан нь “Тт” ХХК-аас койн олборлодог төхөөрөмж худалдаж авсан  үйл баримтын талаар дурджээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан гэрээний талыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээс уг нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд мөн эсэх нь тодорхой бус болжээ. Хэргийн оролцогчийг зөв тодорхойлсноор сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах эсэх, шинжээч томилох хүсэлт хангах эсэх асуудал тодорхой болох учиртай.

Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэсллээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/01637 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

                                                                                                 

                                                                                                 Э.ЗОЛЗАЯА