Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/01583

 

 

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/01583

Улаанбаатар хот 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1, өөрийн байранд байрлах Т.Б ХХК РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 0 гудамж, 000 тоотод оршин суух, А овогт А.Т/РД:ШБ00000000/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 0 гудамж, 000 тоотод оршин суух, О овогт Н.Ч/РД:УЗ000000000/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 34.184.963,03 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ц, Б.Ө

Хариуцагч А.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч А.Т, Н.Ч нар нь Т.Бны Өргөө тооцооны төвтэй 2017 оны 10-р сарын 13-ны өдөр 00/00 тоот зээлийн гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь Т.Б ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 13-ний өдөр байгуулсан дугаар 00/00 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор 2017.10.13-ний өдөр дугаар 00/00 тоот барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 8 дугаар гудамж З60а тоот хаягт орших 142 м.кв талбайтай, Ү-0000000000 дугаартай амины орон сууц, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 8 дугаар гудамж З60а тоот хаягт орших 354 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай өмчлөх эрхтэй газар зэргийг барьцаалсан. Т.Б нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч А.Тийн Т.Б дах 000000000000 тоот харилцах дансанд 2017 оны 10 дугаар сарын 13-ний өдөр 40.000.000 төгрөгийг шилжүүлэн олгосон. Зээлдэгч А.Т Н.Ч нар нь 2017 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн дугаар 00/00 тоот Зээлийн гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас 2019.06.26-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, нэмэлт хугацаа олгох мэдэгдэл-ийг зээлдэгчид хүргүүлж зээл төлөхийг зээлдэгчийн гар утсаар болон биечлэн уулзаж удаа дараа сануулж тайлбар авч байсан боловч үр дүнд хүрээгүй, зээл төлөх амлалт хугацаа авсан боловч хугацаандаа зээлийн төлбөрийг төлөлгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж өнөөдрийг хүрсэн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 20.588.500,09 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 12.333.573,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.249.995,30 төгрөг нийт 34.172.069,03 төгрөг шүүхэд хүргүүлсэн нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 12.894 төгрөг, нийт 34.184.963,03 төгрөг хуримтлагдаж банкийг хохироож байна. Иймд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 00/00 тоот зээлийн гэрээний үүрэгт А.Т болон Н.Ч нараас зээлийн гэрээний төлбөрт 34.172.069,03 төгрөг, нотариатын зардалд 12.894 төгрөг, нийт 34.184.963,03 нэхэмжилж байна. А.Т болон Н.Ч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэв.

2. Хариуцагч А.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б" ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Т, Н.Ч нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч А.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Т.Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад зарим хэсгийг үл хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. А.Т нь хувиараа оёдлын үйп ажиллагаа эрхэлдэг бизнесийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор Т.Б ХХК-ийн Өргөө тооцооны төвтэй 2017 оны 10-р сарын 17-ны өдөр 40 000.000 төгрөгийг 1 жилийн 28.8 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж, 00/00 тоот зээлийн гэрээ байгуулсан. 2017 оны 10-р сарын 17-ны өдрийн 00/00 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн дундын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Сонсголонгийн 8-р гудамж, З60а тоот хаягт орших 142 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай амины орон сууц, Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Сонсголонгийн 8-р гудамж, З60а тоот хаягт орших 354 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай өмчлөх эрхтэй газрыг барьцаанд тавин 2017 оны 10-р сарын 17-ны өдөр дугаар 00/00 тоот Барьцааны гэрээ байгуулсан. Хариуцагч Тунгалаг нь Т.Бинд хэдэн төгрөг төлсөн талаараа сайн мэдэхгүй байгаа, энэ талаарх баримт байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан зээлийн дансны харилцагчийн хуулгаас үзэхэд Тунгалаг зээлийн төлбөрт 147.020.805 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хариуцагч Н.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Т, Н.Ч нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Н.Чийн итгэмжлэгдсэн төлөлтөөр оролцож байгаа Б.Д би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд Т.Б ХХК-с 2017 оны 10 сарын 13-ны өдөр 40.000.000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй зээл авч Зээлийн гэрээ байгуулсан. Зээлийг зээлдэгч А.Т нь бүхэлд нь захиран зарцуулсан бөгөөд тус зээлийг эргэн төлөлтийг мөн адил төлж байсан. Н.Ч нь тухайн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орсон бөгөөд зээлийн захиран зарцуулалт, эргэн төлөлтийг огт мэдэхгүй ирсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл /ХХ10-15 тал/ Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч А.Т нь 147.020.805 төгрөгийг Зээлдүүлэгчид төлсөн байдаг. Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж үзэх үндэслэлгүй. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.2.1-д Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэхээр зохицуулсан ба нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлтэй этгээд болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамааруулах үндэслэлтэй бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг төлж дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017.10.13-ны өдрийн 00/00 дугаар Зээлийн гэрээ, түүний хавсралт, 2017.10.13-ны өдрийн 00/00 дугаар Барьцааны гэрээ, Зээлийн дансны хуулга, Барьцаа хөрөнгүүдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Барьцаалбарын бүртгэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Иргэн Н.Н, Н.А нараас А.Тт олгосон итгэмжлэл 2 хувь, 2021.06.26-ны өдрийн 17 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, А.Тийн гараар бичсэн тайлбар, хүсэлт, Мемориалын баримт,

Хариуцагч талаас итгэмжлэл, 200.000 төгрөг төлсөн тухай баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Т.Б ХХК зээлийн гэрээний үүрэгт 34.184.963,03 төгрөгийг хариуцагч А.Т, Н.Ч нараас гаргуулахх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 147.020.805 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Т.Б ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 40.000.000 төгрөгийг жилийн 28,8 хувийн, 40 сарын хугацаатайгаар зээлсэн тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 34.184.963,03 төгрөгийг зээлдэгч А.Т, хамтран зээлдэгч Н.Ч нараас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодорхойлсон.

2. Хариуцагч А.Т, Н.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас оёдлын үйл ажиллагаа зогсож, эдийн засгийн хямралд орсон. Энэ хүнд хэцүү цаг үед үндсэн зээл болон зээлийн хүүг төлж барагдуулсаар ирсэн. Үүнтэй холбоотойгоор хариуцагч А.Т нь 147.020.805 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн байдаг. Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж үзэх үндэслэлгүй. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.2.1-д Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэхээр зохицуулсан ба нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлтэй этгээд болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамааруулах үндэслэлтэй бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг төлж дууссан гэж маргаж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Хариуцагч А.Т, Н.Ч нар Т.Б ХХК-иас 2017.10.13-ны өдрийн 00/00 дугаар зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 40.000.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Мөн хуулийн дагуу зээлдүүлэгч зээлийн төлбөрөө шаардах эрхтэй байна.

Хариуцагч А.Т болон Н.Ч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх тайлбараа холбогдох баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шүүхэд нотлох баримт өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нар Т.Бинд зээлийн төлбөрт 147.020.805 төгрөг төлсөн гэх боловч энэ талаар баримтгүй, А.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүх хуралдаанд тайбарлахдаа хариуцагч зээлийн төлбөрт хэдэн төгрөг төлснөө мэдэхгүй байгаа гэжээ.

5. Үүрэг гүйцэтгэгч А.Т, Н.Ч нараас үл хамаарах нөхцөл байдал үүссэн тохиолдолд тэд зээлийн нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч нараас үл хамаарах нөхцөл байдал үүссэн эсэх баримтгүй байна.

Иймд хариуцагч А.Т, Н.Ч нараас зээлийн гэрээний үүрэгт 34.184.963,03 төгрөг гаргуулж, Т.Б ХХК-нд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.

6. Хариуцагч Н.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328.810,35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Т, Н.Ч нараас 328.810,35 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б ХХК-нд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Т, Н.Ч нараас 34.184.963,03 төгрөг гаргуулж, Т.Б ХХК-нд олгосугай.

2. Хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 8 дугаар гудамж З60а тоот хаягт орших 142 м.кв талбайтай, Ү-0000000000 дугаартай амины орон сууц, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 8 дугаар гудамж З60а тоот хаягт орших 354 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай өмчлөх эрхтэй газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Т.Б ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328.810,35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Т, Н.Ч нараас 328.810,35 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Г.СОЛОНГО